Зүгээр дассан үгнүүдээ л бодоцгооё. Цонх, сав гэдгээс эхлээд муур, байцаа гэснээ авилга, хүчин гээд явна. Энгийн л үгнүүд. “Дондог дарга авилга авсан авчээ” гэдэг өгүүлбэр “Өглөө цайгаа уулаа” гэдэг шиг эгэл. 

“Бор дарга 2005 онд тийм төслийн 700 саяыг хуссан”, “Бат сайд нүүрсний машины зөвшөөрлийг дандаа дамлаж зардаг”, “Галдан хурандаа хувьдаа баартай, тэрэнд нь мөрийтэй тоглодог”... 

Манай улсад энийг сонсоод хэн ч цочдоггүй, гайхдаг ч гүй. Тэгээд яасын болоо гэж дараа нь лавлах ч гүй. Та бид нар ганц нэг сүржин өгүүлбэр бичиж, толгой сэгсрэн шогширч байснаа тэр дороо дараагийн сенсаци, Сараагийн хөх, Нараагийн бөгсийг яриад л яваад өгдөг.

Бурхадын тоглоом

Дарга нарын явдал маньд үнэхээр падгүй болжээ. Нэгнээ нууцаар бичлэгий нь хийнүү, алалцана уу, яануу үнэндээ бид зүгээр л үзэгчид. Кино үзэж байгаад зурагттайгаа ярьдаг хүнийг бид шоолдог. 

Уг нь тэдний тэр шуугианууд чинь бүгдээрээ гэмт хэрэг юм байгаам. Эрүүгийн хуулиар шийтгэгдэх, шоронд орох ёстой явдлууд. Үгүй юм гэхэд шившиг болж, ажлаасаа байтугай эх орноосоо ч нохой мэт хөөгдүүштэй явдлыг хийсэн гэж тэд нэгнээ нотлон хэрэлддэг. Нөгөөх нь үгүй гэж хэрэлдэнэ. Баахан хүмүүс хөлсөлж өмнөөсөө хэрэлдүүлнэ. Тэгээ л гэнэт нэг өдөр эвлэрээд асуудал дуусаа. Энд үүссэн гэмт хэрэг хаачваа? Тэр хулгайлаагүй юм бол тэгж гүтгэсэн нь ядаж гүтгэсэн ял авдгүй юмуу? Бүү мэд. Энэ бол бурхдын л явдал. Хэзээ хүн бурхан хоёр ярьж байлаа. Буддын номлолын “орчлонгийн хүрд” гэдэг зураглал бий. Тэнд зургаан зүйл хамаг амьтан нь өөр өөрийн үйлээ эдлэн оршивч бурхадтай эс хавьтана.

Баастай бурхан

Хүүхэд хүчинддэг гаж донтон цэцэрлэгийн багш байна гэж бод. Жишээ нь хууль зүйн яамыг толгойлж байгаа хүний хийсэн албан тушаалын ичгүүртэй явдлын тухай тоо томшгүй мөр байгаа. Түүнийг хэнд хэлэх вэ, хуулийн газар хэлэх гэхээр өөрөө сайд нь (учиргүй инээд хүрч ганцаараа инээлээ). Жинхэнэ бурхнаас өөр үйлийн үрийг нь эдлүүлж чадах өөр хэн ч энэ улсад байхгүй. 

Хуулийн сайдаар жишээ л авсан юм шүү (Угаасаа түүгээр жишээ авахад хамгийн урамтай, манай төрийн завхрал, дампуурал болон суудалтайгаа зууралдсан өвөө нарын тод ганган жишээ юм даа). Салбар бүрт ийм жишээ бий. Махны хулгайчаар махаа, гутлын хулгайчаар гутлаа мануулсан Монгол орон. Эм хулгайлж амжаагүй байсан ч эм мануулбал маргааш нь л эмний хулгайч болчихдог даргатай миний эх орон.

Дарга дотроо өгүүлрүүн:

  • Хэн ч байсан хусах л байсан
  • Энийг хусаад ард түмний амьдрал ядуурав гэж
  • Бүгдээрээ уралдаж хусч байхад би ганцаараа хоцрох нь зөв үү тэгээд?
  • Ер нь юу хулгайлсан гээд байгаа юм? Зүгээр жоохон дамласан, данс руу хальт оруулаа л гаргасан, гарын үсгээ л зарсан, хүү минь авсан тэндэрийг хэн нэг нь авах л байсан. 
  • Хэн юмаа хулгайд алдаж хохирчоод байгаа юм бэ?

Тэд ийнхүү өөрснийгөө баясгаж, хөдөлмөрлөж олсон баяны дүр эсгэсээр. Үхсэн хойноо ч яс нь сандлаасаа салахгүй юм шиг хоорондоо шүдээ хавируулан тэмцэлдсээр. 

Дарга гэдэг төрөл үүссэн нь

Дарга гэдэг бол хүний тусдаа төрөл гэсэн зөн совин, тэдний цуслаад байгаа мөнгө бол угаасаа л тэднийх гэсэн мэдрэмж хэзээнээс бидэнд үүссэн юм болоо. 

Социализмын буулга, тодруулбал 32, 37 оны хядлагаас эхэлсэн хэлмэгдүүлэлт, цөллөг, амьдралыг нь дуусгадаг байсан янаглал монголчуудыг охин шиг болгосон гэж боддог. Хэрэгт дурлах, даргаас хамаагүй юм асуух нь хүртэл ял зэмтэй. “Улсын ажил саатуулбал уу!!” гэсэн заналхийлэл олон киноноос дуулддаг. Сөрвөл аймшигтай шийтгүүлдэг, аягүй бол алуулдаг байсан бололтой. Нэг хүн дарга болоод бүр том даргыгаа аятайхан шиг тойглоод байвал насаараа дарга. Хэзээний л нэг тийм сайхан дарга. Түүнийг шоорттойгоо дэлгүүр орох, гадаа суугаад пиав ууж байхыг нь хэн ч харахгүй. Мань хүн нь ч өөрийгөө ийм дарга чигээрээ төрлүү гэж бодож эхэлнэ. Загнана, бүр хэнийг ч. Өөртөө ямар ч хамаагүй байсан ч шууд загнаж эхэлнэ. Энгийн хүмүүс мэдээж дотроо хорсдог ч зэрэгцээд үхтлээ айдаг. Даргыг сөрвөл ч сөрчихдөг хүнийг “шийдчихсэн нөхөр” гэж нэрлэдэг байсныг бид бас кино, зохиолоос мэднэ. Шийдсэн хүн ямар байдаг билээ дээ. Амьдрал байхгүй, алдах юм юу ч байхгүй. Ийм л хүн даргыг сөрвөл сөрнө. Дарга гэдэг тийм л аймаар, өндөр, тэнгэрлиг.

Эргэлдэн эргэлдэх сүнс

Тэр даргын сүнс өнөөдөр ч оршиж байна. Жижигхээн жишээ: Явган хүн машин хоёрын нэгэн өвөрмөц харилцаа манайд байдаг. Машин гараад ирэнгүүт, явган нь давуу эрхтэй газар байсан ч хүн нь машиндаа зам тавьдаг, сүрдэж тойрдог. Учир нь дарга нар л машин унадаг, дотор нь дарга л сууж байдаг тэр зөн арилаагүй. Зүй нь хороолол дотор бид тэр машиныг (570 мал ямар ч хамаагүй машиныг шдээ) хамар дээр нь тогшиж, “энд би давуу эрхтэй, чи зогс” гэж хэлэх эрх зүйн мэдрэмжтэй бөгөөд зуршилтай байх учиртай юм. Эндээс бид өөрсдийн эрхээ ер нь ойлгож байгаа билүү гэдэг бодол аяндаа хөврөх ч дараагийн цувралд тусад нь дэлгэрүүлэх тул орхиё.

Одоо таны уран бүтээлийн тухай

Бид сая өөрснөө санаачлагаараа, улаан гараараа урлан бүтээсэн нэг төрлийн амьтныхаа тухай уншлаа. Тэд ба бид корона вирусаас адилхан л айж байгаа нь аргагүй нэг дэлхий дээр нэг агаараар амьсгалж байгаа мэт санагдана. Харин үнэн оршихуй нь үнэг гахай хоёр шиг л тусдаа. Хоорондоо үл эвцэлдэнэ. Хоолоо эс хуваана, нэг нүхэнд эс орно. Бидний тэднийг бүтээсэн түүх:

Дарга үүдэндээ өдөржин хүлээлгэнэ. Бид хүлээнэ. 

Дарга татгалзана. Бид гуйна. 

Дарга дараа ир гэнэ. Бид дараа нь ирнэ. 

Дарга яа гэнэ бид яана. Гуйна, царайчлана, горьдоно, дагаж мөлхөнө. 

Тэд өг гэнэ. Бид өгнө. Бидний уур хүрсэн ч айна. Алмаар санагдсан ч нууна. Ээ бурхан минь, юу ярина вэ! Дарга бүр цаашаа хараад, хэзээ ч авшгийг нь хүртэж чадахаа больчуул яах юм.... Асуудал яг энд л байна даа уншигч минь. Одоо маш урт гарчиг тавих гэж байна.

Хэрэв Монгол хүн, та бид хоёр даргаас айж амьдрах заяатай л юм бол энийг ингээд орхиё. Зарчим, хууль ноёлдог, шударга ёс хаанчилдаг нийгэм бүтээж даргыг байранд нь тавьж зарцалмаар байвал үргэлжлүүлэн бодоцгооё.

Бодоё бодоё. Бид ямар байгаагаа эхлээд ойлгоё. Ганц нэг зураг харая.

“Хашаанаасаа гарч буй хоньд” гэдэг зураг. Энд хашаа байх нь байсаан. Хоньд хашигдан сажилсаар тэр хаалгаар гардаг байж. Харин одоо хаалгыг нь л үлдээгээд хашааг нь авчээ. Тэгсэн ч хоньд хашаагаа байгаа гэж санан дагаж сажилсаар хаалгаараа л гарцгааж байна. За хонь харж шоолох яах вэ манайхаан. 

Энэ туршилтын сармагчин. Торонд буй хэдэн сармагчны голд жимс тавиад нэг нь түүнд хүрэх л юм бол бусдыг нь хүйтэн усаар шүршээд байжээ. Хэдэн өдрийн дараа яагаад шүршүүлээд буйг ойлгосон сармагчид жимсэнд ойртсоныгоо өөрсдөө зоддог болов. Шүршүүрийн хэрэггүй боллоо. Гаднаас солигдон орж ирсэн шинэ сармагчин жимсэнд хүрэх гээд зодууллаа. Тэр хүрэхээ больсноор барахгүй дараагийн шинэ сармагчнаа ч мөн жимсэнд хүрлээ гэж зодов. Зодуулсан нь ч мөн дараагийн шинийгээ.... . Ингэсээр торны хуучин сармагчид дуусч, бүх сармагчин шинэ боллоо. Хүйтэн шүршүүрийг хэн нь ч мэдэхгүй. Гэсэн ч жимсэнд хүрснээ зоддог уламжлал хатуу тогтжээ. Сармагчингуудыг өрөвдөх яах вэ монголчууд минь. 

Цаана чинь манай дарга нар болон бидний дунд нэг муу ёрын хачин харилцаа үүсчихээд байна. Бид өмнө нь яс махандаа авсан айдсаа өнгөрсөн гучин жилд арилгаж чадахгүй үргэлжлүүлэн тэжээжээ. “Тэд” нэрэн дээрээ намуудад хуваагдан би чи гэлцэн хэрэлдэх авч нэдэр дээрээ бүхий л чанараараа адил бирдүүд. Хөгшин бирдүүд нь хамгийн муухай. Амь нь сандалдаа, амьсгаа нь ширээнээ хоргодцон. Залуу бирдүүд нь хамгийн хорон. Дур булаам царайтай баг зүүсэн үзэшгүй шулам мэт. Ах нарынхаа бүх балмад чанарыг өвлөн авахдаа өөрийн авьяасаар тордон гялалзуулсан төгс мангасууд. Дарга нар биднийг “ард түмэн минь” гэж нэрлээд цаанаа “гөлөг” гэж дууддаг байсан нь уржигдар илэрлээ. Хүний эрхийн комиссын дарга хүний хэлсэн үг. Тарантиногийн санаанд ч ийм солиотой парадокс орох болов уу?


Энэ нийтлэлийг энд хүрээд зогсооё. Дараагийн цувралуудад яг энэ сэдвээ үргэлжүүлэх болно. Гэхдээ бидэнд учирсан хохирол, учрах лай ланчиг, мөнгөн хохирол нь зөвхөн дусал төдий болох тухай, мөн бидэнд боломж байгаа эсэх, хэрэгжүүлж болох эсэх талаар хүрнэлдэе. Та санал бодлоо, хуваалцах хүсэлтэй бол artulzii@gmail.com хаягаар. Эсвэл https://www.facebook.com/artgaa/ пэйж, https://twitter.com/artanyan твитрээр хандаарай, баярлалаа. Мөн өөрт тохиолдсон даргын тухай новшийн дурсамжуудаа хуваалцна уу. Тийм дурсамжгүй нэг ч монгол хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна.