Сайд ба саад
Ер нь бол байна аа, өмнөх сайдууд яагаад чаргууцалдаад байна вэ? гэвэл булсан жаахан мөнгөө гүйцээж авах гээд л мачийгаад байгаа юм шүү дээ! Ингээд бодохоор Засгийн газар ойрхон солигдох нь идэж уугчдын мөнгийг тасладаг сайн талтай ч юм шиг...
Ялагдагчид ялладаггүй...
Ер нь бол байна аа, өмнөх сайдууд яагаад чаргууцалдаад байна вэ? гэвэл булсан жаахан мөнгөө гүйцээж авах гээд л мачийгаад байгаа юм шүү дээ! Ингээд бодохоор Засгийн газар ойрхон солигдох нь идэж уугчдын мөнгийг тасладаг сайн талтай ч юм шиг... МАН-ын бүлгийн 28 гишүүн (АН-ын нэг бол ойлгомжтой шалтгаантай) дараагийн Ерөнхий сайдыг АН-ын бүлэгтэй уулзсаных нь төлөө биш тэр булаатай мөнгөнөөс болж чагтлах гэж оролдсон хэрэг. Шалтгаан нь ойлгомжтой л байна шүү дээ, яамдыг нэр зааж байгаад шадар сайдаар эхлүүлэн таллан хуваах санал тавина гэдэг. Сортоотой хүн бол чухам ямар яамдыг авах санал тавьсныг нь сонирхвол яг тэр яамдад төсөв гоождог цоорхой бий гэсэн үг!
“Бидэнтэй уулзахгүй АН-ын бүлэгтэй уулзлаа” гэдэг тулгамдсан үедээ тааж хэлсэн шалтаг. Ерөнхий сайд болох хүн УИХ дахь бүлгүүдтэй л уулзана, нэг нэгээр нь “хүлээн авч уулзах” цаг ч байхгүй, боломж ч байхгүй! Эсвэл МАН-ын “А” бүлэг, “Б” бүлэгтэй тус тусад нь уулзах байсан юм болов уу? Хэрэв тэдэнтэй тохирсон бол Монголд УИХ дахь хагарлаа дагаад “А” ЗГ, “Б” Засгийн газар үүсэх байсан даа! Бидэнтэй зарчмаа тохирсонгүй гэж байгаа нь мөнгө хуваах тохироонд орсонгүй гэдэгтэй эгээ л адил дуулдаад байгаа юм даа. Засгаа хувааж наймаалцдаг, жаран тэрбумынхан биш дээ, энэ чинь. Хэрэв 60-даа горойгоод ийм тулгалт хийж байгаа бол яам бүрт шалгалт оруулах хэрэгтэй болох нь, Ерөнхий сайд, эсвэл АТГ!
М.Энхболд эрхбиш УИХ-ын дарга тул чуулган хаяж түвдсэнгүй юу, эсбөгөөс ерөөсөө нөгөөдүүлээсээ салчихав уу? Тэгээд “сөрөг бүлэг” шинэ толгойлогчоороо Ө.Энхтүвшинг томилж, түүний гараар могой бариулав уу? Ямар боловч увайгүй, эрээ цээргүй үйлдэл болох нь боллоо. Уг нь МАН-ын бага хурлын 101 санал гэдэг Ө.Энхтүвшинд тун дажгүй “капитал” байсан боловч хайран нэр хүндийг хачин утгагүй эсэргүүцлээс болоод алдаж байх юм. Би бол үүнийг санаалчлагыг гартаа баттай авахын тулд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар Ө.Энхтүвшингээр золио хийлээ гэж дүгнэж байна. Басхүү эв зүйгээ олох санаатай байсан У.Хүрэлсүхийн угийн араншинг сэдрээж, хатуу гөжүүдээрээ алдартай өнөөх нь тэднийг хөсөр хаяад орчихно чинээ бодоогүй учраас сандарч тэвдсэндээ шившиг болж орхилоо.
Эцэстээ тэд шинэ Ерөнхий сайдаа 10 хүрэхгүй хүнтэй АН-ын бүлгийн барьцаанд өгчихөв. Лигдэн хаан өөрийгөө 40 түмний их эзэн гээд Нурхачийг усны хөвөөний гурван түмний бага ноён гэж басамжилж байж халх, цахараас бусдыг алдчихдагтай адил алдааг хийлээ. Алдаа хийх шалтгаан нь ч гайхмаар төстэй мэт, Лигдэн Мингийн хойд хилийг Манж нараас халхлаж өгсний төлөө их мөнгө авдаг байснаас ханлигууддаа нэр хүндээ алдсантай агаар нэгэн боллоо.
Одоо тэдэнд сайд биш салаавч өгсөн ч яаж ч чадахгүй юм. Ингээд МАН-ын 28 ба АН-ын нэг гэсэн цөөнх де факто бий болжээ. Тэгээд яах юм? Намын их хурал дээр “У.Хүрэлсүх бидэнд кабинетийнхаа талыг өгч эв нэгдлээ хангасангүй” гэж үсээ үгтээх үү? Тэгэх тусам цаадуул нь дорд үзэх байх. Эрх, хүч нэгэнтээ алдууран оджээ, одоо яг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан тогтсон хүчний харьцаа яг элсэн цаг мэт эсрэгээр эргэчихлээ, гайтай нь салхины чиг өөрчлөгдөөгүй юм.
Давааны цаана даваа...
Дутуу алсан могой аюултай! Ялангуяа ард нь амилуулагч нь Ц.Элбэгдорж сул байгаа үед бүр ч аюултай! У.Хүрэлсүх МАН-ын бага хурал, УИХ дахь саад тотгорыг давж байгаа боловч сүүлийн оргил нь намын даргын суудал юм. Чухамдаа 28-ын бүлэгт сайд өгөхгүй хаях нь өөрөө тэдний нам дахь нэр хүнд ба санхүүгийн боломжийг тас цохисонтой адил алхам болов.
Гэхдээ болоогүй, энэ бүлэглэлийн гол хүч НИТХ-д бий. Намын бага хурлын өмнөхөн НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумаар мулталж, амжсан ч дараагийн хүнийг сонгож амжаагүй завсарлага авсан юм. Завсарлах шалтгаан нь Бага хурлын үр дүнг харах гэснийх. Чухамдаа бага хурлын өмнө М.Энхболд нийслэл болоод өөрийн фракцаас намын бага хуралд байдаг хүмүүстээ гадаад болон дотоод томилолт, амралтаа хойш тавьж, өвчний чөлөө авахгүй хуралд оролцохыг чандлан даалгасан байв.
Дээр нь НИТХ дахь АН-ын бүлгийн “олхиогүй ажил хаялт” эргэлтийг нь саатуулчихсан юм. УИХ дахь АН-ын бүлэг эрэмгий цул нэгдэлтэй маневрлаж, МАН-ын ЗГ-ын хувь заяаг шийдэж, гартаа оруулж байхад нийслэл дэхь АН-ын бүлэг нөгөө талыг нь дэмжсэнээс ялгаагүй алхам хийж, саналаа татсанаар тэнцчихсэн билээ. Хэрэв НИТХ дэх АН-ын бүлэг С.Амарсайханыг дэмжчихсэн бол МАН-ын хуваагдал төгс явагдах байсан юм. Э.Бат-Үүл дахиад л УИХ-д хэдэнтээ давтсан арчаагүй тоглоомоо тоглов. Эсвэл өөр шалтгаан байна уу? Тодорхой хэлбэл Ц.Элбэгдоржийн захиалга!
Тэнд М.Энхболдын эцсийн тулгуур бий юм. Хэрэв нарийн ажиглавал МАН-д ч, АН-д яг адилхан хуваагдал ажиглагдаж байна. АН-ын УИХ ба НИТХ дахь бүлгүүд нэгдмэл санаагаар ажиллахгүй байгаа биз? Үнэндээ Э.Бат-Үүл алддаг, алдаа нь давтагдах тусам улам их уршиг тарьсаар байгаа. Хамгийн сүүлийн алдаа нь 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн тойргийг жижигсгээд, хотын сонгуулийг хамт явуулаад золтой л бүгдээрээ хөөгдчихөөгүй билээ. Чухамдаа тэгэхэд АН-ын хотынхон дан ганц өөрийн гавъяагаар намаа ялуулж, бүх эрх мэдлийг гартаа авах гэж хэт улайрснаас сууриараа ховх цохиулангаа алдсан юм. УИХ ба НИТХ-д нэр дэвшигчид нь зөрчилдөөд томсгосон тойргоос ялгаагүй хагарал, будлиан үүсгэж, зохицуулж чадалгүй унасан шүү дээ! Одоо ч УИХ дахь бүлэг нь үхэн үзэлцэж байхад хотын бүлэг нь биеэ оторлоод сууж байж болох уу? Тэр тусмаа МАН-д удирдлагын өөрчлөлт буюу АН-д ашигтай эргэлт хийх боломжийг алдаж байх ч гэж. МАН-ын удирдлага солигдох нь л ард түмэнд маш хүчтэй нөлөө, дохио өгнө. Хэрэв МАН-ын бага хурлын өмнө Ц.Сандуйг С.Амарсайханаар сольчихсон бол, Ерөнхийлөгч нь мөн л шийдүүлэх гэж үхэн зүтгэж байгаа 60 тэрбумынхныг хашаад өгсөн бол...
Одоо шийдвэрлэх тулаан НИТХ-д болно. Хэрэв С.Амарсайхан НИТХ-ыг авч чадвал М.Энхболдод хүчтэй цохилт өгөх ба намын их хуралд оролцох төлөөлөгчдийн тэн хагасыг бүрдүүлэх хотын намын эрх мэдлийг шилжүүлэн авснаар У.Хүрэлсүхийн ялалт улам баталгаатай болно. Хэрэв М.Энхболд намын даргаа өгвөл УИХ-ын даргын ажлаа өгөх болно, учир нь М.Энхболд намын даргын хувьд УИХ-ын даргын албыг хашиж байгааг бүгд мэднэ! Харин Ерөнхий сайд намын дарга болбол УИХ-ын даргыг намаас томилох болно... Ингэж байж Монголчуудад төгс ялалт ирж, олон нийтийн хүсэн хүлээж буй авилга, шударга бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалт, хууль хүчнийхэнтэй хийх тэмцлийг ямарваа тайлбаргүй шаардах эрхтэй, төрийн өндөрлөгүүд ч түүнийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болох юм.
Улсын сан бол эрх мэдэл
Монгол дахь өөрчлөлтийг өмнөд хөрш нааштай, Япон анхааралтай ажиглаж, харин барууныхан дурамжхан хүлээн авч байгааг “Синхуа”, “Никкей”, “Ройтерс”-ийн мэдээний хандлагаас ажиглаж болохоор байна. Өмнөд хөршийн зөөлрөл нь М.Энхболдын чуулганы нээлт дээр хаяглаж хэлсэн талархлаас нь шалтгаалаагүй нь ойлгомжтой.
Барууныхны энэ байдал нь шинэ ЗГ-т үзүүлэх дарамт шахалттай нь холбоотой! “Рио Тинто” ба “Ройтерс”-ийн дотно харилцааг өнөөдөр Монголчууд нийтээрээ биш гэхэд энэ асуудлыг анхаардаг, ажигладаг хүмүүс мэддэг болсон. Дарамт баруунаас үргэлжилнэ.
Уу, Харилцааг тэнцвэржүүлж, нэг талд буй хэт давуу байдлыг арилгахад энэ өөрчлөлтийг ашиглах вий гэхээс “Рио Тинто” болон түүний хөлсний этгээдүүд болгоомжлон айж, гадаадад ч, дотоодод ч үймж бужигнаж байна. Тиймээс энэ ЗГ-т ЗГХЭГ ба Сангийн яамыг яаж ийгээд мэдэлдээ авахыг хичээж, үүндээ шинэ хуучин ЗГ-ын зөрчлийг ашиглахыг чармайн оролдож байна.
Хэрэв шинэ ЗГ “Дубайн гэрээ” гэгчийг ил тод болгон зарлаж, улс орондоо ашиггүй заалтуудыг өөрчлөхийг эрмэлзэж, өөрийн санаачлагыг гарган тулгаж эхэлбэл “Оюу толгой”-д түшиглэсэн “Рио Тинто”-гийн санхүүгийн булхай илэрч, олон улсад нэр хүндээ алдах ч аюул бийн дээр Монголд ч нэр хүндээ алдан баларч мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн алтны олборлолтод улсаас хатуу хяналт тогтоох, монголоос олборлосон алтыг зөвхөн Монгол банкинд тушааж байх санаалчлага нь зэс-алтны дэлхийн анхааралд өртсөн том орд “Оюу толгой”-д ч шууд хамааралтай юм.
Тиймээс Ерөнхий сайд гадаад дотоодын дарамтыг саармагжуулахын тулд Сангийн яам ба өөрт үйлчлэх ЗГХЭГ-ыг аль нэгэн бүлэглэлд хамрагддаггүй, зөвхөн өөрт үнэнч хүмүүсээр бүрдүүлэх эсэхээс ойрын жилүүдийн эдийн засгийн тогтвортой байдал шууд хамаарна. Улс орныг өөрийн үндэсний эрх ашгаар засаглахыг эрмэлзэх тэр мөчөөс Монголд улстөрийн болоод эдийн засгийн тогтвортой байдлын суурь тавигдах нь дамжиггүй.
Үүнээс өмнө улсын бүхий л хүч нөөц, хөрөнгө мөнгө гадаадын хөрөнгө оруулагч ба дотоодын олигархиудын бизнесийг дэмжихэд зориулагдсанаас улс орон сөхөрч, ёстой тэнгэр харж, энэ цагийг эхлүүлсэн билээ. Монголчууд хэзээ хэзээнээс илүүтэй өөртөө итгэлтэй, үндэсний ухамсар, урам зориг илт сэргээд байна. Бүхнийг худалдан авдаг, хуурч мэхэлж болдог, хулгай луйврыг ил цагаан хийх боломжоо элдэв лозунгаар чимдэг хоосон чалчигчдын эрин төгсөж байна.
Тэдний үзэн яддаг, харанхуй масс, боловсролгүй бүдүүлэг гэж нулимдаг эх орончид, үндэсний үзэлтнүүд М.Энхболдоос бусад нэр дэвшигчдийг хэрхэн дэмжсэнийг мартахад арай л эрт байна. Тиймээс Ерөнхий сайд Та Сангийн сайдыг томилохдоо олон нийтийн захиалгыг харгалзан үзэж, үндэсний эрх ашгийг голлож, өөрийн үгэндээ хэлсэнчлэн “аль нэг компанийн оффиссоос тодруулаагүй хүнийг” томилох нь цаашид тогтвортой засаглахад хэрэгтэйг зүрхлэн зөвлөж байна. Хэрэв ийм сонголт хийвэл чухам яг тэр цагаас хуучин МАНАН хэвээр засаглаж эхэллээ гэж олон нийт ойлгож, олон нийтийн дэмжлэг сулрах болно. Бүх эрх мэдэл хуулиас гадна, улсын сан хөмрөгт бий.
Урсгал зардлыг хатуу хянаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг царцааж, ард түмний төлөө гэгддэг ч үнэндээ ард түмэнд шимгүй санхүүжилтүүдийг зогсоож, аван идэх хулгайч худалчуудыг ам мөчийг барьж чадвал улс орон богино хугацаанд тэнхэрнэ. 150 уурхай ажиллаж байгаа улс орон үгүйрэн ядуурч байгаа нь эх орон ядуугынх бус, улстөрчидийн ухаан сэтгэл дутаж, харьшсаных.
Үнэндээ ард түмэн 60 тэрбумынхан, оффшорчид, Дубайчдын хийсэн гай, бузар булайг Таны ЗГ-ын үед мэдэж авна, тэдгээд тэднийг улстөрөөс бүрмөсөн арчин хаяна гэж ихээхэн найдлага тавин харж байна. Үүнд шударга, зарчимч, Тантай ямарваа далд дарамт шахалтгүй ажиллаж чадах хүн л хэрэгтэй байна. Хэдий урвагчид, тавдугаар цувааныхан гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг хэмээн мушгин гуйвуулдаг боловч тэдэнтэй эрх ашгаа тэнцүүлэх зорилгоор тэмцэгчид АН-д ч, МАН-д ч, гуравдагч хүчинд ч байсан. АН ба гуравдагч хүчнийхэн хэдий өнгөрсөн сонгуулиар шахагдан гарсан авч МАН-ын эх орончид хангалттай олон үлдсэн. Хууль ёсоор бүхий л томилгоо, сонголт зөвхөн МАН-аас болох нь тодорхой, тиймээс нам дахь эх орончдоо дэмжихийг уриалж байна! Бид ч хариу дэмжих болно, ингэж байж бид хамтдаа авилга доройтол ичгүүрийн гав дөнгийг тасчин хаях болно.