Роалл Дал: Хүүхдийн зохиолын хаан

Өнгөрсөн зууны шилдэг хүүхдийн зохиолч хэн бэ гэвэл таны санаанд Ж.К.Роулинг орох болов уу. Ж.К.Роулинг багачуудад зориулсан сургамжит үлгэр бичээгүй, тэгээд ч уншигчид нь өсвөр насныхан. Зарим хүн Астрид Линдгренийг гэж магадгүй, байж болно. Манайхан киног нь үзсэн ч номыг нь хараахан уншаагүй Роал Далд “Хүүхдийн шилдэг зохиолч” гэдэг алдар зүй ёсоор оногдоно гэж уран зохиолын ертөнц үздэг билээ.

Их Британи, АНУ зэрэг англи хэлт улс орнууд Роал Далын зохиолыг багачуудын уншвал зохих номын жагсаалтад багтаадаг. Томчууд жадлан эсэргүүцдэг ч Роал Дал багачуудад жигтэйхэн таалагдана. Түүний зохиолын баатруудад тохиолддог муу юм, харгис явдалд томчууд эгдүүцдэг нь үнэндээ утгагүй. Роал Далын зохиолд ёс юм шиг зөв явдалтай том хүн гарч ирдэг билээ. Роал Дал нас биед хүрч, бүр 1.98 см өндөр эр болсон ч сэтгэлгээ нь хүүхэд хэвээрээ үлджээ.

Роал Далыг хүүхдийн зохиолын хувьсгалч гэвэл зохилтой. Хүүхдийн зохиолыг сайн сайханд сургасан, ёс суртахуун номлосон байх ёстой гэж үздэг хэвшмэл ойлголт бий. Ер нь бол томчуудын өөрсдийн тогтоочихсон зөв зүйтэй ертөнцийн үнэт зүйлсийг хүүхдүүдэд багаас нь маани шиг цээжлүүлэх гэж зүтгэдэг. Роал Далын зохиолууд чанх эсрэг, хүүхдийн ертөнцийг томчуудад ойлгуулна. Зохиолчийн намтрыг сөхвөл энэ ч нэг их гайхмаар зүйл биш.

Товч намтар

Роал Дал 1916.09.13-нд Английн Өмнөд Уэльсийн Ллэндаф хотноо Норвеги цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Дунд сургуулийн он жилүүд зохиолчид ой гутмаар дурсамж үлдээсэн аж. Дөрвийн дөрвөн сургууль сольсон ч аль алинд нь багш нарын доромжлол, зодуурыг хангалттай амссан гэдэг. Томчуудын харгис, бялдууч зан бяцхан Роал Далын сэтгэлийг гүн шархлуулж, насан туршид нь эдгээгүй ажээ.

Роал Дал коллежоо төгсөөд нефтийн Шелл компанийн оффист хоёр жил ажиллаад Танзанид ажилласан байна. Дэлхийн II дайнаар нисгэгч болж Грек, Египет, Палестины тэнгэрт тулалдав. Гэвч осолдон тархи нь хүнд гэмтэж удаан эмчлүүлээд Их Британийн АНУ дахь Элчинд цэргийн атташегийн туслахаар очжээ. Америкт танилцсан зохиолч С.С.Форестор цэрэг дайны явдлаа бичиж хэвлүүл гэж зөвлөсөн гэнэ. Роал Дал 1953 онд хэвлүүлсэн эгзэгтэй тавилан, гашуун хошигнолоор дүүрэн өгүүллэгийн нь түүврээрээ нэр олж, Холливүүдэд олон зохиол бичиж өгчээ. Хорь орчим нь кино болсноос Шон Коннэри тоглодог You Only Live Twice (1967), Дик Ван Вайк тоглосон Chitty Chitty Bang Bang (1968) хоёр бусдаасаа илүү амжилтад хүрсэн.

Ингээд Роал Дал адал явдал, айдас, далдын явдлын элемент агуулсан гашуун хошигнолт зохиолч гэдэг гоёхон алдар хүртэж ном зохиол нь дэлхий дахинаа хэвлэгдэн мандав. Санааных нь мухарт үргэлж явсан хүүхдийн зохиол ч бичлээ. Жэймс ба аварга тоор (1961), Чарли ба шоколадын үйлдвэр (1964) гарав. Чарли ба шоколадын үйлдвэр-ийг нь шүүмжлэгчид бут авсан ч хүүхдүүд бахдан биширч бэстсэллэрээр шалгарч, “Хүүхдийн шилдэг зохиолч”-ийн титмийг тэргүүндээ залсан байна. Зохиолч 1990.11.23-нд Английн Оксфордод насан эцэслэсэн бөгөөд төрсөн өдрийг нь олон оронд тухайлан тэмдэглэдэг.


Бичлэгийн онцлог

Роал Далын өвөрмөц бичлэг зохиолын эхний өгүүлбэрээс нь л харагдана. Дал амьдралын гашуун үнэнийг хүүхдүүдээс нуудаггүй. Тиймээс эхэндээ хар бараан, гэрэл гэгээгүй гэдэг шүүмжийн бай болж байлаа. Яагаад гэвэл зохиолууд нь хөнгөн зугаа бус харин эмгэнэл, инээдмээр хачирласан сайн сайхан. Роал Дал хэлээ зажилж хүүхэд мангартуулдаг хүн биш. Томчуудын бүтээсэн ертөнц хүүхдэд ямар бурангуй санагддагийг өгүүлэх учир эцэг эхчүүд Далыг балай тэнэгээр нь цоллож бүр шидэт бишгүүрээр хүүхдүүдийг урхидан аваад явчихдаг муу санаатантай зүйрлэсэн явдал ч бий. Улигт үлгэр жишээ ёс суртахуун, ядмагхан бялдуучлал, чинхүү тэнэглэл, чавдаг зангаар бялангадаагүй учир хүүхдүүд Далыг даган хошуурсан юм. Зохиолын баатар багачууд нь балмад дарангуй томчуудыг сөрөн босно. Тэмцэл нь хурц ширүүн ч гэлээ хүний ёсноос гажаагүй, эдлэх ёстой эрх дархаа нэхсэн агуулгатай. Үндсэн зэвсэг нь хүүхдийн уран төсөөлөл бөгөөд томчуудын өмнө сөхрөлгүй шударга, үнэний төлөө тэмцэн зорилгодоо хүрэх итгэл төрүүлнэ.

Монгол багачууддаа

Дэлхийн сая сая хүүхэд багачуудын сэтгэлийг татдаг Роал Далын зохиолоос Нэпко хэвлэлийн газар дараах номыг орчуулан гаргалаа:

Жэймс ба аварга тоор

Нагацдаа зүсэн зүйлээр басамжлуулдаг өнчин хүү Жэймсэд нэгэн өвгөн усанд уусгавал шид бүтээдэг ногоон үрэл өгнө. Жэймс нөгөөх уусмалаараа тоорын модыг усалтал аварга тоор ургаж хүү дотор нь унаж тэнд амьдардаг шавжуудтай танилцана. Ингээд Атлантын далай гатлан Америкт хүрч зол жаргал олно. Хэнри Сэлик 1996 онд энэ зохиолоор Дисней студид хийсэн хүүхэлдэйн кино үйл явдлыг нь багахан өөрчилсөн ч үзэгчдийг татжээ.

Матилда

Номонд дуртай, хурц ухаантай Матилда охин далдын хүчтэй. Эцэг, эх тэргүүтэн эргэн тойрны томчууд охиноос ихэд жийрхэнэ. Охин сургуулийнхаа харгис захирлыг шидээр шийтгэж, сайн багш Ханидаа тусална. Засрашгүй гэмт хэрэгтэн эцэг эх нь цагдаас зугатан одоход охин Хани багшийнхаа өргөмөл хүүхэд болж шинэ амьдрал нь эхэлнэ. Хүүхдээ хогшил мэт үздэг эцэг эхийнхээ эсрэг эрслэн боссон охины түүхийг хошин жүжигчин Дэнни дэ Вито эцэгт нь тоглодог уран сайхны кино болгож 1996 онд дэлгэцэд гаргасан ч 2010 онд тайзнаа тавигдсан мюзиклыг гүйцээгүй юм.

Жоржийн гайхамшигт бэлдмэл

Жоржийг эцэг эх нь энэ дэлхийн хахир, бузар, адын, яншаа эмээгийнд нь орхиод явна. Яншаа занг засахад жирийн эм тан нэмэргүй. Харин гайхамшигтай онцгой жор хэрэгтэй. Харин тэр жоронд юу юу ордгийг Жорж хүү л мэднэ. Жорыг хэрэглэсэн эмээ нь өөрөө гайхсаныг хэлээд яах билээ.

Аварга матар

Цусанд дуртай Аварга матар жаахан хүүхдүүдийг зажлахгүй залгихыг хүсэмжилнэ. Гэвч хэрэг явдал хүссэнээр нь болохгүй.

Шидэт хуруу

Крэгийнхэн ан хийж зугаагаа гаргадаг. Хөрш айлынх нь найман настай охин тэдний хийдэг анд сэтгэлээсээ дургүй. Крэгийнхэн холын анд явахад нь охин Шидэт хуруугаараа шийтгэнэ. Охин ихэд уурлавал баруун гарын долоовор хуруу нь цэнэглэгдэн цахилгаан лугаа адил ниргэнэ.