РАХИТТАЙ ДАНХАР ТӨР



“Сайн уу, хаана ажиллаж байна?”

“Хаана ч үгүй ээ”

“Юу хийж байна?”

“Юу ч хийсэн юмгүй”

“Юугаар амьдарч байна?”

“Эх орны хишиг, хүүхдийн мөнгө, ажилгүйн тэтгэмж гээд юу мундах билээ”

“Чи тэгвэл сайхан албатай хүн юмаа”

“Сайхан нь сайхан л даа. Гэхдээ өрсөлдөөн ихтэй юм”


Рахит бол Д витамин дутагдсанаас үүдэн кальци, фосфор дутагдан яс зөөлөрдөг, нярай хүүхдэд тусдаг өвчин. Энэ өвчин туссан хүүхдийн гавлын яс зөөлөрч толгойн хэлбэр алдагдан дөрвөлжин болж, зулай битүүрч өгдөггүй. Өөр маш олон төрлийн хам шинжүүд илрэнэ. Өвчинд Д витамин эмчийн заавраар уулгадаг. Гэхдээ хамгийн гол эмчилгээ нар. Витамин гэж нэрлэдэг болохоос үнэндээ нарны туяа арьсан дээр тусан үүсгэдэг даавар юм. Хүүхдийг наранд гаргахгүй удаахаар ялангуяа өвөл төрсөн хүүхэд рахиттай болох нь ховор бус. Хоёр нас хүрээдэхвэл хүүхэд ерөнхийдөө рахитнаас айлтгүй болдог. Том хүн барагтай бол Д витамины дутагдалд ордоггүй. Хүмүүс олон мянган жилийн өмнө Африкаас нүүдэллэхдээ бүгд хар арьстай байжээ. Туйл руу ойр оршин суугчдад нарны туяа хангалттай хүрэлцэхгүйгээс болж хувьслын явцад аяндаа арьс нь цайрч эхэлсэн байна. Ингэснээр Д витамин хангалттай урвалжих нөхцөл бүрдэв. Д витамин биед дутагдвал юун түрүүн яс зөөлрөн, хүндрэхээрээ баримлын шавар шиг нунжгай болно. Анагаах ухаан Д витаминыг цэврээр ялган авч эм болгожээ. Энэ нь ялангуяа нярай хүүхдэд тун хэрэг болж байгаа. Гэвч Британий биохимичдийн тогтоосноор насанд хүрсэн хүнд Д витамины бэлдмэл төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Иймээс нарны туяанаас энэ дааврыг олж авахаас өөр аргагүй. Энэ оношоос болоод нэгэнт үйлдвэрлэгдсэн Д витамины илүүдэл буй болсон.

Гадаадаас эм оруулж ирэх бизнис хийдэг нэгэн Америкт сургуульд явжээ. Тэндээ цол хэргэмтэй ч болсон бололтой. Амралтаараа ч юмуу, Монгол гэнэт ирж экспресс “судалгаа” улс “даяар” үйлдээд монголчуудын 98% нь Д витамины онц ноцтой дутагдалд орсон гэсэн онош тавьж орхив. Сонин юм, үнэхээр тийм бол бид бүгдээрээ тэргэнцэр дээр хүлээтэй суух ба ядахнаа түрээд явах хүн олдмооргүй. Оношны учир тун удалгүй олдлоо, нэг дивтаат энэ асуудалд үнэхээр санаа зовон Монгол дахь хүнсний бүтээгдэхүүнүүдэд Д витамин хольж байх хууль санаачлах нь тэр. Кинонд гардаг шиг “наадах чинь битмийн зитмийн огт ойлгохгүй ээ” дивтаатууд санаачлагыг дор нь заавал мөрдөх хууль болголоо. Хууль санаачлагч харин эмийнхээ учрыг олоогүй бололтой “Манайхан сүүлийн үед их ууртай болж байгаа, тиймээс энэ битмийн стресс тайлна” гэж тайлбарлаж өгсөн. Хэрэв зарим нь санаж байгаа бол тээ-ээр жил монголчууд йодын онц ноцтой дутагдалд орсон нь нотлогдож баахан “хуульчлагдсан йод” идэж билээ. Авчирсан йод нь дууссан бололтой тэгэс хийгээд чимээгүй болсон. Энэ бол төсвөөр дамжуулан хуульчилдаг үй олон дээрмийн ганцхан жишээ нь төдийгүй харин ч гайгүй “хүмүүнлэг” маягийнх нь. 

Монголд өнөөдөр үнэхээр Д витамины онц ноцтой дутагдал үүсчихээд байна. 98 байтугай 108 хувь дутагдал буй болжээ. Гэхдээ арай ч хүмүүс нь бишээ. Төр маш ноцтой рахит тусаад толгой нь биенээсээ хэд дахин томорсныг заавал оношлох шаардлагагүй, хэдэн мянган бээрийн цаанаас ч илэрхий харагдаж буй. Зарим нэгний нотолж буйгаар хоёр мянга гаруй настай, Монгол нэр авснаас нь тоолбол найман зуу гаруй настай, орчин үеийн нээлттэй засаглалтай болсноор гучаад настай төрийг нярай хүүхэдтэй зүйрлэмгүй. Ийм өндөр настай бие гүйцсэн нэгнийг витамин, амин дэмийн бэлдмэлээр биш, зөвхөн гэрэлд гаргаж байж эмчилж болно гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан.

Монгол улсын хүн ам 3 сая, төрөөс цалинждаг 200 мянга, эндээс улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй 30 мянган албан хаагчтай. Төрөөс цалинждаг 30 мянган багш, 10 мянган эмч нийгэмд зайлшгүй хэрэгтэй нь мэдээж. Гэтэл төрд нийт хамаарагсад сүүлийн 10 жилд 70 мянгаар нэмэгдсэний дотор улс төрийн албаныхан 2500 байснаа 3500 болсон ба төрийн захиргааны алба хашигчид хоёр дахин нэмэгдэж 20 мянгуулаа болжээ. Тэтгэвэр халамжид хамаарагсад 400 мянга, үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хэмээн групп тогтоолгосон 80 мянга байна. Гадаадад 160 мянга, үүний 50 мянга орчим нь давхар иргэний харъяалалтайгаар Казакстанд суудаг. Оюутан 180 мянга, үүнээс гадна гадаадад сурч буй оюутнууд 25 мянга. Ажил хийх сонирхолгүй 200 мянган хүн байдаг нь 2010 оны хүн ам орон сууцны тооллогоор ил болсон. Үүнээс ажилгүй гэж албан ёсоор бүртгэгдсэн нь 100 мянга. Хоригдол 10 мянга, цэрэг 10 мянга. Төрийн болон хувийн хэвшилд хамаарах цэрэг, цагдаа, хамгаалалтын албанынхан, манаач харуулын нийлбэр тоо бараг 90 мянга хүрч байгаа, гэхдээ бүгд идэр насны эрүүл саруул эрчүүд. Өрх толгойлсон бүсгүйчүүд 80 мянга гэж бүртгэгдсэн, Монголд жэндэр тэнцүү байдаг учир мөн тийм тооны харчуул голдуу сум орон нутагт хийх ажилгүй хөлчүү яваа. 2010 оны тандан судалгаагаар 25 мянган бөө тоологдсон. Шарын шашны 136 сүм хийдэд 15 мянган лам хурж байгаа. Бусад шашны 200 орчим сүм бий. 18 хүртэл насны хүүхэд 1,3 сая, үүнээс бага дунд сургуульд суралцагсад 600 мянга. Энд тоочсон бүх тоог ойлгоход хялбарыг бодон дугуйлав. Тухайлбал төрөөс тэтгэвэр, халамж хүртэгсэдийн нарийвчилсан тоо нь 393 мянга 500 юм байна. 

Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 12 тэрбум доллар байгаа нь 2000 онтой харьцуулахад даруй 12 дахин өссөн. Гэвч үүний гуравны нэгээс илүүг улсын нэгдсэн төсөвт зарцуулдаг. 2000 онд улсын нэгдсэн төсөв 300 сая доллар байсан байсан бол өдгөө энэ нь 4 тэрбум доллар болон өсчээ. Улсын нэгдсэн төсөв ДНБ-ий 10 хувьтай байхад хөгжлийн хурдац хамгийн сайн үзүүлэлттэй байдгийг эдийн засгийн судалгаа нотолдог. Хөнгөлөлттэй зээл, халамж зэргийн тусгай сангууд 27 байгаа нь улсын нэгдсэн төсвийн гуравны нэгийг хэрэглэдэг. Нийт ДНБ-ийн 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Зарим тооцоогоор ДНБ-ийн нийт хэмжээний хагастай тэнцэх баялаг далд эдийн засагт байдаг гэх. Хувийн хэвшлийн 110 мянга орчим компани, аж ахуйн нэгж бүртгэлтэй боловч тэдний дөнгөж 10 хүрэхгүй хувь нь татвар төлдөг. Хувийн хэвшилд ажиллагсадын 70 хувь нь үйлчилгээний салбарт хамрагддаг. Түүнээс гадна 25 мянган төрийн бус байгууллага бүртгэгдсэн байна. Хамгийн том аж ахуйн нэгж болох Оюутолгойд 20 мянган хүн ажиллаж байна, Эрдэнэтийн ГОК-т 6 мянган хүн ажиллахын зэрэгцээ 2 мянган хүн үйлдвэрээсээ сул тэтгэмж авдаг. Монгол улсын Засгийн газар аж ахуйн бизнис эрхэлдэг, түүнд нь 120 орчим компани аж ахуйн нэгж буй, гэхдээ 90 хувь нь алдагдалтай ажилладаг. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг авч эрүүл мэнд, боловсрол, соёлын зардлын ихэнх нь 330 сумдад ноогдож буй. УИХ-ын гишүүдэд тойрогтоо өөрийн дураар хэрэглэ гэж 2004 онд 10 сая төгрөг тарааж байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 1,5 тэрбум төгрөг хуваарилсан нь бүтэн жилээр тооцоолоход 3 тэрбум төгрөг буюу тус болгонд нь 2 сая доллар болж байна. 2004-2012 оны хооронд төрөөс 4 тэрбум долларыг иргэддээ бэлнээр тараажээ, энэ нь хүүхдийн, хуримын, эх орны хишиг, насны гэх мэт нэрээр цацагдсан. Нэн хөнгөлттэй зориулалтын олон сангийн зээллэг тэтгэмжийн 90 хувь нь ар өврийн хаалгаар улс төрийн мэдэл бүхий хүмүүст очдог. Тэрбайтугай бүх нийтэд хамаатай Нийгмийн даатгалын сан руу улайран гар дүрж олон тэрбумаар шамшигдууах нь хэвийн явдал болсон. Хуримтлагдсан мөнгийг нь арилжааны банкуудад тохиролцоогоор тавьж тэндээс асар их мөнгө завших явдал олон жил үргэлжилсэн ч хэн ч ямар ч зэмлэл сонсоогүй. Үүнээс гадна ямааны, сүүний, үр тарианы, үнэ тогтворжуулахын гэх мэтээр зорилтот гэх нэрээр маш их хөрөнгийг сүйтгэсэн.

Монгол улсын экспорт нь зэс, алт, нүүрс гэсэн байгалийн түүхий эд дээр тогтдог бол 60 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаднаас импортолдог. Экспорт 6 тэрбум доллар, импорт 5 тэрбум доллар. Худалдааны гол түнш нь хөрш Орос, Хятад хоёр юм. Оросоос шатахууны хувьд 100 хувь, эрчим хүчний хувьд 30 хувь хамааралтай. Тэндээс 2 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, харин ердөө 100 сая долларын бүтээгдэхүүн экспортолдог учир худалдааны тэнцэл 20 дахин алдагдалтай. Түүхий эдийг зөвхөн Хятадад зардаг учир худалдааны тэнцэл зөвхөн тэндээс нөхөгдөнө. Монгол улсын иргэд сүүлийн 20 жилд автомашинд 7 тэрбум доллар, гар утсанд 2 тэрбум доллар, цахилгаан хэрэгслэлд нэг тэрбум доллар зарцуулжээ.Монгол улс нь газар нутгийн хувьд 1сая 564 мянган ам километр газартайгаараа дэлхийд 18 дугаар байр эзэлдэг боловч нийт нутгийн ердөө 1 хувь нь ашиглагдаж байгаад тосгон суурин, уул уурхай багтана. Уул уурхай, геологийн хайгуульд хамрагдаж байгаа талбай өнөөгийн зөвшөөрөгдсөн лицензээр нийт нутгийн 3 хувийг эзлэнэ. Ер нь геологийн хайгуулийн заримдаг судалгаа нийт нутгийн 20 хувийг хамарсан боловч ихэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн. Харьцуулахад Өмнөд Солонгос газар нутгийн хувьд Өмнөговь аймгаас бараг хоёр дахин бага боловч газрын ашиглалт нь 95 хувь байна. 

Улсын валютийн нөөц 1996 онд ердөө 6 сая доллар байсан, 2012 онд 4 тэрбум доллар болсноо 2016 онд 500 сая, өнөөдөр 2,5 тэрбум болжээ. Валютийн нөөц уул уурхайгаас шууд хамааралтай. Америк доллартай харьцуулсан ханш 1996 оноос хойш дундачаар 1300 төгрөг тогтмол байсан нь шууд уул уурхайтай холбоотой байсан, харин 2016 оноос гэнэт савлан өдгөө 2600 төгрөгтэй тэнцэж байна. Монгол улсын гадаад өрийн хэмжээ 22 тэрбум долларт хүрсний 10 шахам тэрбум нь Засгийн газар, Төв банкинд хамаатай. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 7 тэрбум доллар хүрч байсан бол өдгөө бараг байхгүй болж байгаа. 

Монгол улсын нийгэм-эдийн засгийн өнөөгийн ерөнхий төлөв байдал ийм байна. Үндсэн хуулиа сольчихвол жаргана, тогтолцоогоо өөрчилбөл босоод ирнэ, эдийн засгаа солонгоруулбал болоод явчихана, уул уурхайн бизнисийг хааж гадаадын хөрөнгө оруулалтын зогсоовол хөгжинө гэх мэтийн маш олон онош гарц тавьдаг. Нийгмийн ерөнхий тогтолцоо, Үндсэн хуулийн зарчим бидний сэтгэлгээнд ахдана уу гэхээс муудаад байгаа юм үгүй. Зөвхөн Хууль тогтоох инстүүц өнгөрсөн хугацаанд 130 орчим удаа Үндсэн хуулийг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөн. Байгаа хуулиа биелүүлэхгүй байхаар хуулиар ч яах юм билээ. Тогтолцоогоо өөрчлөнө гэхээр ардчилсан төрийн байгуулал, нээлттэй нийгмээс татгалзана гэсэн үг үү? Тэгвэл ямар тогтолцоо руу орох гээд байгаа хэрэг вэ? Цэргийн диктатур тогтоож чадах хэн байгаа юм бэ? Ерөнхийлөгч-хаан болж дөнгөх ямар амьтан байгаа юм бэ? Сайн байтугай олигтой муу юм хийчиж чадах хүн байгаа юм уу? Алтан улиас хуга мөргөх эвэр ч үгүй, алсаас довтлох туурай ч үгүй, амаараа хорвоо төвштгөгчид.

Мянга мянган жилийн нүүдэлчин сэтгэлгээ, социализмын үеийн бэлэнчлэх араншин, монгол хүний биеийн хөдөлмөрт (хар ажил) дургүй зан зэрэг нөлөөллөөсөө салаагүй ард иргэдэд буруу их бий. Албан бус тоогоор 200 мянга орчим ажлын байр сул байна. Зарлагдаж буй сул ажлын байрны 10 тутмын нэгэнд нь л ажил сураглагч ирж байна. Барилга дээр ажиллаж байсан хойд солонгосчууд хөөгдөөд явсан, Хятадад амьдралын төвшин эрс дээшилсэн болохоор Монголд ирж ажиллах барилгачин олдохоо больсон. Цаад хятад компани нь тэндэрт шалгарсан бол тэндэхийн харъяалалтай ажилчид л ирж ажиллаж байгаа. Барилгын компаниуд цалингаа нэмж амалсаар авч ажиллах хүчнээр дутсаар. Туслах ажилчиндөдрийн 70 мянган төгрөг амлаад байхад хүн олдохгүй байна гэж ажил олгогчид гомдоллоно. 

Төрөө өөрөө сонгоодох гэхээр шил архиар өгчихдөг. Гэвч өнөөгийн тогтолцооны гол гажиг нь ард түмэн төрөө залах хүнээ сайн дураараа сонгон шалгаруулж байж бүтээсэн Төрд байна гэдгийг хэн хүнгүй ойлгож эхэлж буй нь сайшаалтай. Төр бол үйлдвэрлэгч биш, тэр дундаа бизнис эрхлэгч биш. Төр бол нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Болох болохгүйгийн заагийг хуулиар тогтоодог газар. Хуулийг хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг нь хянадаг, хууль хэрэгжүүлэхийг албаддаг, үүндээ хүчирхийлэл ч хэрэглэх эрхтэй инстүүц. 

Төрд хамаарах мөнгө төгрөг баялаг нь олон нийтийн хяналтгүй байх аваас хэн дуртай нь хулгайлж идэж уух шамшигдуулж болдог нийтийн хоолны газар болно. Төр бизнис эрхлэх хэмжээгээр хулгайч нарт илүү бололцоо олгодог. Төрийн мөнгө хэзээ ч ёо ёо гэдэггүйг бүгд мэднэ. Монголд болж буй дампуурал гол нь хэнд ч үл хамаарах болсон Төрийн мөнгөнөөс болж буй. Хувийн хэвшилд байгаа мөнгө хяналттай учраас хэн дуртай нь өдөр бүр хулгайлаад байх бололцоо хомс. Иймээс л ихэнх хүмүүс ямар нэг аргаар төрд шургалж хэний ч биш баялагаас сорох сониролтой байдаг нь төрийн албаны шалгалтанд орж тэнцэх гэсэн залуусын урт оочир бэлээхнээ харуулна.

Монголын төр хэтэрхий данхар учир дээр өгүүлсэн рахиттай хүүхэд шиг харагдана. Рахиттай хүүхдийн биеийн пропорц толгой нь биеэсээ том. Үүнийг эмчлэх арга бол наранд гаргах. Рахиттай Монголын төрийг наранд гаргаж биеийг нь ил харуулах хэрэгтэй. Авилга, хулгай, шамшигдууллыг багасгая гэвэл нэгдүгээрт төрийн мэдэлд очих мөнгө баялагийн хэмжээ аль болох бага, хоёрдугаарт юунд хэрхэн зарцуулж буй нь ил наранд байх ёстой юм. Мөнгө нь багасаад ирэхээр тонуулчдад хулгайлах юм олдохгүй болно, түүнээ дагаад төр рүү шургах оочир богинсоно, ингэхээр албин мангас ч юмуу гэмээр данхар том толгой нь хэвийн болно.


2018.11.20