“Хотят ли русские войны - Оросууд дайныг хүсээ гэж үү” гэдэг нэгэн орос дуу байдаг даа. Энэ дуунд:

Хотят ли русские войны?
Спросите вы у тишины,
Над ширью пашен и полей,
И у берез, и тополей,
Спросите вы у тех солдат,
Что под березами лежат,
И вам ответят их сыны

Да, мы умеем воевать,
Но не хотим, чтобы опять
Солдаты падали в бою
На землю горькую свою.
Спросите вы у матерей,
Спросите у жены моей,
И вы тогда понять должны...” хэмээн өгүүлдэг юм.

Оросын ард түмэн олон зууны турш хааны зарлигаар дайнд татагдан орж олон сая орос хөвгүүд цус нулимсандаа живж үрэгдэж байлаа. Хорьдугаар зуунд 1941-1945 оны эх орны дайнд зөвлөлтийн28 сая иргэн үхэж үрэгджээ.Түүнээс хойш элдэв дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн бараг тасарсангүй. Оросын ард түмэнд тохиосон аймшигт дайн, хагацал, үхэл, өнчрөлэнэ дууг зохиоход хүргэсэн биз. Саяхан хэдхэн сарын өмнө 2022 оны оросын цэргийн намрындайчилгаанаас зугтаж Монголд ирсэн оросуудыг харлаа. Нялх хүүхдээ нуруундаа үүрээд эхнэр, бяцхан үрсээ дагуулаад Монголд ирсэн оросын залуус эх оронд нь ямар их дарамт, дарангуйлал, айдас байдгийг хэлээд өгч байлаа. Оросын ард түмэн дайн хийхийг хэзээ ч хүсээгүй. Харин оросын Петр хаанаас эхлээд Сталин, Путин хүртэлхи бүх эрх баригчид нь дайн хийдэг байсан, их гүрний дээрэнгүй үзэлд автаж оросын газар нутгийг тэлэх ёстой,оросоос бусад нь дайсан хэмээн үздэг байсан. Орчин үеийн Оросын эрх баригчид өөрсдөө дайн өдөөчихөөд одоо АНУ, Өрнө дахиныг буруутгажатомын бөмбөгөөр сүрдүүлж дэлхий дахиныг хараан зүхэж байна. Оросын эрх баригчид ард түмнээ олон зууны туршид дайнд хөөдөг байсан. Тэрхүү дайнд нь оросын үндэстний цөөнх халимаг, буриад, тува, башкир, татар, дагестан, чеченчүүд хамгийн түрүүнд олноороо өртдөг байсан, одоо ч хэвээрээ. Манай экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Freedom” телевизийн сувгаар хэлдэг шиг “Украины дайнд Москва орчмын мужаас цэрэгт татагдсан нэг орос цэрэг үхэж байхад 625 буриад цэрэг үхэж үрэгдэж байгаа нь геноцид юм”.

Хүн төрөлхтөн олон зууны туршид дайн хийж байсан түүхтэй. Гэхдээ Орос орон шиг сүүлийн таван зуун жилд тасралтгүй дайн хийсэн улс алга. Оросын Эзэнт улсын үед буюу 1500-1900 оны хооронд оросын цэргүүд европын Альпийн нуруу,Балтийн тэнгисээс азийн алс дорнодын Манжуур хүртэл , дундад азийн Памир, Тянь шаны уулс хүртэл, өмнө зүг Афганистан, Турк хүртэл тасралтгүй дайн хийж байлаа. Оросууд швед, герман, турк үндэстэнтэйолон зууны туршид байлдаж байлаа. Хорьдугаар зуунд хаант Оросын хөрсөн дээр үүссэн дэлхийн коммунизмын төв Зөвлөлт Холбоот улс нь хойд зүгт Финлянд, өрнө зүгт зүүн Герман хүртэл, төв азид Казкахстан,Монгол, өмнө зүгт Кавказ, дундад азид Тажикхүртэл дайн хийж нөлөөгөө тогтоож байв. Зөвлөлтийн цэрэг 1940 онд Балтийн орнууд болон Польшийг эзэлж байлаа. Олзлогдсон 22 000 польш офицеруудыг оросууд бүгдийг нь Смоленскийн ойд Хатынд буудаж газар дор нүх ухаад булж байлаа. Орос цэргүүд Молдов, Днестрийг эзлэв. Хорьдугаар зууны тавь, жараад онуудад Чех, Унгарт зөвлөлтийн танкууд мянга мянгаараа орж жагсагчдыг буудав . Зөвлөлтийн арми Иран, Хятадтай хүртэл байлдаж байлаа. Зөвлөлт улс 1939 онд Японтой монголын Халх голд байлдаж дараа нь 1945 оны 8-р сард Манжуурт Квантуны армийг бут цохиж японы Курилын арлуудыг эзлэв. Зөвлөлтийн арми Хойд Солонгос, Манжуурыг эзэлж Порт Артурыг буцаан авав. Тавиад онд Солонгосын дайнд Зөвлөлт улс Хойд Солонгост зэр зэвсгийн тусламж үзүүлж нисгэгчид нь байлдааны нисэх онгоцоороо байлдаж байлаа. Жараад онд Вьетнамын дайны үедЗөвлөлт улс хойд вьетнамчуудад зэр зэвсгийн тусламж үзүүлж цэргийн зөвлөхүүд нь тэнд ажиллав. АфрикийнАнголын дайнд зөвлөлтийн зөвлөхүүд ажиллав. 1979 онд Зөвлөлтийн арми Афганистанд довтлон орж 10 жил байлдав. Зөвлөлт улс хиллэж байсан улсуудтайгаа дайн хийгээгүй орон бараг алга байлаа. 

Хамгийн эмгэнэлтэй хачирхалтай нь дэлхийд хамгийн том 22.4 сая квадрат км газар нутагтай Зөвлөлт Холбоот улс 1958 онд жижигхэн Монгол улсын хойд нутгаас алт, мөнгө, уран, гянт зэрэг байгалийн баялаг ихтэй 2446квадрат км газар нутгийг нь булаан авч байлаа. Зөвлөлтийн цэрэг 1969 онд хятадын Уссури мөрний голд оршдогЖэньбао хэмээн 1.2квадрат км маш өчүүхэн жижигарлыг хүртэл булаан авч байлаа. Энэ зэвсэгт мөргөлдөөнд 56 зөвлөлт цэрэг алагдаж, 800 хятад цэрэг амь үрэгдэж байв. Зөвлөлт Холбоот улс тэр үед дэлхийд хамгийн том газар нутагтай, дэлхийн хуурай газрын зургааны нэгийг эзэлсэн улс байж бусдын газар нутгийг цэргийн хүчээр түрэмгийлэн булаадаг байсан нь их гүрний дээрэнгүй үзэл, шунал хоёртой нь л холбоотой байсан биз. 

1990 онд дэлхийд коммунизм булшлагдаж түүхийн хог дээр хаягдав. Зөвлөлт Холбоот улс 15 республик болон задарч улмаар Оросын Холбооны улс дахин задрах дөхөв. Чеченчүүд Орос улсаас тусгаар улс болохоо зарлаж Орос Чечений дайн 6 жил үргэлжлэв. Хорин нэгдүгээр зуунд дэлхий даяар энх тайван тогтвортой байдал тогтож өрнө дорны бүх улсууд найрсаг харилцаа тогтоож хөгжил цэцэглэлийн замдаа оров. Гэтэл гэнэт нартай өдөр аянга цахилгаан буух мэт дэлхийд дайн дэгдэв. Дайн дэгдээсэн этгээд бол өнөөх лдайны хэнээтэн улигт Орос орон. Оросын арми Украиныг довтолсон мэдээг анх сонсоод Зөвлөлт Холбоот Улсын анхны ерөнхийлөгч, “Перестройка”-гийн эцэг Михайл Горбачёв маш их дургүйцэж байсан гэдэг.

1999 онд мафид баригдсан, авилгал цэцэглэсэн, Орос Чечений дайн дэгдсэн, эмх журамгүй замбараагүй болж эдийн засаг нь сүйрч байсан Орос орныг КГБ-ын офицер Владимир Путин олигархийн мэдэлд очсон Ельцинээс хүлээж аваад эмх замбараагүй байдал, авилгал, олигархийг дарж хууль цааз, дэг журмыг тогтоож, гадаадын хөрөнгө оруулалт хийж, өрнө дорнотой харилцаагаа сайжруулж , сүйрч байсан эдийн засгаа өөд татаж GDP буюу оросын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам. долларт хүргэсэн хүн бол Путин мөн л дөө. Өрнө дахин ч Орос орныг тогтвортой болгож чадсан түүнийг үнэлж “G 7” буюу” их Долоо” дээрээ Орос орныг нэмж их наймын уулзалт хийж дэлхий дахиныг төвхнүүлэх бодлогыгхамтран тодорхойлдог байв. Тэр үед Путин дэлхийд нэр хүнтэй улс төрч байв. Гэтэл Путин 2014 онд Крымийг эзэлж, 2008 онд Грузинд цэргээ оруулж,2014 онд Украины Донецк,Луганскт нөлөөгөө тогтоож байхад өрнө дахин юү ч хэлээгүй юм. Путиныг ингээд зогсох биз хэмээн өөдрөгөөр бодсон юм. Гэтэл “амташсан хэрээ арван гурав дахина” гэдэг шиг Путин 2022.02.24 ны өглөөний 04 цагт оросын армийг хөдөлгөж, Орос, Беларусь, Крымийн талаас Украин руу гэнэтийн дайралт хийж Украины бүх ПВО,нисэх онгоцуудыг нь сөнөөв. Энгийн хотуудыг пуужингаар харваж таван мянган энгийн иргэд, 455 хүүхэдийг хөнөөв. Өнөөх агуу Путин маань ганцхан хоромын дотор алан хядагч, дайны гэмт хэрэгтэн болов. 22 жил Оросыг удирдсан 70 настай Путин төлөвшөөгүй л удирдагч байж дээ. Путиныг ийм харгис дарангуйлагч, дайны хэнээтэн болно гэж хэн санахав дээ. Хүн төрөлхтөн дэлхий даяараа энэхүү оросын түрэмгий дайныг эсэргүүцэв . Орос орны ард түмэн дайныг эсэргүүцэж жагсаал цуглаан хийв. Гэтэл Путин дайн гэж хэлсэн хүнийг 10 жил шоронд хорино гэсэн хууль гаргаж ард түмнээ шоронд хийв. Оросын олон сэхээтнүүд, дуучид, жүжигчид, зохиолчид, сэтгүүлчид дайныг эсэргүүцэж хэлмэгдэв. 

Украины дайн эхэлмэгц оросын суртэл ухуулга өрнөдийн эсрэг, ардчиллын эсрэг,үнэний эсрэг, шударга ёсны эсрэг элдэв гүтгэлэг худал хуурмаг мэдээлэлээр телевиз хэвлэл мэдээлээр өдөр шөнөгүй бөмбөгдөж эхлэв. Оросын тусгай албадын нууц ажиллагаа улам идэвхжив. Улаан Оросын тусгай алба анх 1917 оны 11-р сарын 20-ны өдөр Феликс Дзержинскийн удирдлага дор ВЧК / Онцгой Комисс/гэсэн нэртэйгээр байгуулагдсан. Чекистууд 1918-1922 онуудад ямар ч шүүхгүй, ямар ч нотолгоо баримтгүйгээр хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл, германий тагнуул , гадаадын тагнуул гэсэн гүтгэлгээр зөвлөлтийн 500 000 хүнийг буудан хөнөөж байжээ. ЧК нь удалгүй НКВД нэртэй болж энэ байгууллагын дарга Ягода, Ежов, Бериягийн үед хамгийн харгис гэдгээрээ алдаршиж гучаад онуудад зөвлөлтийн 2.0 сая гэмгүй хүмүүсийг баривчилж бараг тал хувийг нь буудан хөнөөжээ. Жар, далаад оны үед КГБ гэдэг нэртэй байхдаа дотоодын энгийн иргэдийн эсрэг, гадаадын бүхэл бүтэн улсын эсрэг элдэв олон хорт ажиллагаа явуулдаг байв.Тэд урт гартай байсан юм. Улаан оросын чекист Яков Блюмкин 1920 онд Иранд зөвлөлт маягийн улс байгуулахын оролдож Ираны төрийн эсрэг зэвсэгт бослого гаргаж , 1923-1928 онуудад оросын эрдэмтэн Рерихийн азийн орнуудаар явсан экспедицэд нууцаар ажиллаж монголын Богд хааныг хөнөөж, Түвдийн Далай ламыг устгах даалгавартай ажиллаж байлаа. Улаан Оросын чекистууд 1930 -аад онд Францын Париж хотод амьдарч байсан оросын цагаан гвардийн генералуудыг гэгээн цагаан өдрөөр хулгайлж хөнөөдөг байв. Зөвлөлтийн чекистууд 1940 онд Мексикт оросын хувьсгалын удирдагч Троцкийг хөнөөж, тавиад онд Баруун Германд украины үндэсний хөдөлгөөний удирдагч Бандераг хортой сумаар буудан хөнөөж, Испанид 1936- 1937 онуудад нууцааражиллагаа явуулж байлаа. Улаан оросын чекистуудМонгол, Афганистанд төрийн эргэлт хийж, Хятадад улаан хувьсгалыг өдөөж иргэний дайныг зохион байгуулж байв. Монгол улсад 70 жилийн турш төрийн тэргүүн хэн байхыг Монголд бус, Зөвлөлт Холбоот улсад Кремлийн удирдагчид шийддэг байв.Зөвлөлтүүд 1956 онд Унгар, 1968 онд Чехословакд олон мянган танк оруулж эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг нухчин дарж байлаа. Наяад онд Польшийн “Солидарност”-ийг танкаар дарах гэж оролдов. Алс холын Куба, Никарагуа болон африкийн Анголд хүртэл нууц ажиллагаа явуулжбайлаа. Азийн Хойд Солонгос, Вьетнам, Камбож, Лаост улаан хувьсгалчдыг зэр зэвсгээр хангаж байлаа. 1979 оны 11-р сарын 27- ны өдөр зөвлөлтийн Спецназ /тусгайнхан/ Афганистаны нийслэл Кабулд десант буулгаж афганы төрийн ордныг дайрч Афганистан улсын хууль ёсны ерөнхийлөгч Аминыг буудан хөнөөж, оронд нь Зөвлөлт улсад орогнож байсанзөвлөлтийн талыг баримтлагч Бабрак Кармалийг авчирч Афганистан улсын ерөнхийлөгчөөр тавив.Энэ өдрөөс хойш Афганистаны төрийн тэргүүн хэн байхыг афганы ард түмэн шийдэх биш, Зөвлөлт Холбоот улс шийддэг болов.Оросын тусгай албад тухайн гадаад орны төрийн удирдагчид, албан хаагчдад мөнгө, албан тушаал амлаж, улс төрийнбохир ажиллагаандаа маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг байв. 

Монголд явуулсан улаан оросын НКВД, КГБ зэрэг тусгай албадын хорт ажиллагааг монголчууд юү ч мэддэггүй юм л даа. Улаан Оросын НКВД нь монголын удирдагч Чойбалсанг, Зөвлөлтийн КГБ нь монголын удирдагч Цэдэнбалыг өөртөө элсүүлчихсэн байлаа. Учир нь оросууд монголчуудын толгойд “зөвлөлт хүн бол бурхан, хятад хүн бол дайсан” гэсэн кодыг зуун жилийн турш суулгачихсан байдаг юм. Зөвлөлтийн коммунистууд монголын уламжлалт соёл, шашин, түүх, үндэсний бичиг үсэг, ёс заншлыг нь устгав. Оросын большевикууданх 1922 – 1925 онуудад большевик тагнуулч, чекист, алан хядагч Яков Блюмкиныг Монгол руу илгээж Богд хаан, Богд хатан, Бодоо, Данзан, Сүхбаатараас эхлээд монголын Богд хаант төрийн бүх зүтгэлтнүүд болон ардын намын удирдагч нарыг нууцаар хөнөөсөн байдаг юм. Монголын ерөнхий сайд Д.Чагдаржав, ерөнхий сайд Ц.Жигжиджав,ерөнхий сайд Жалханц хутагт Ц.Дамдинбазар нарыг буудан хөнөөж байлаа. Улаан Оросын НКВДгучаад онуудад Дугараар / Чойбалсан/дамжуулж монголын бүх сэхээтэн, эх орончид, лам хувраг, Богд хаант төрийн бүх зүтгэлтнүүдийг толгой дараалан хөнөөсөн юм. Манлай ван Дамдинсүрэнгийн хүүболон өвөр монголын эх оронч Дэмчигдонров вангийн хүүг хүртэл буудан хөнөөж байлаа. Оросын НКВД монголын цэргийн маршал Дэмидийг 1937 онд Москва явах замд нь сибирийн “Тайга” өртөөнд галт тэргэндээ байхад нь хордуулж амь насыг нь хөнөөж байлаа.Монголын сэхээтэн бүсгүй Дунгаржид, Навчаа нарын 10 гаруй жирэмсэн хөл хүндтэй бүсгүйчүүдийг хувьсгалын эсэргүү хэмээн гүтгэж буудан хөнөөж байлаа. Монголын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнггэр бүлийнх нь хамт Оросын Хар далайд амарч сувилуулна хэмээн хуурч Москвад аваачин 1937 оны 11-р сарын 26-ны өдөр буудан хөнөөв. Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1939 онд Москвад дуудан авчирч буудан хөнөөж байлаа. Монголын 35 000 гэм зэмгүй ардыг улаан оросын заавраар Чойбалсангийн тушаалаар ямар ч шүүхийн ажиллагаагүй, нотлох баримтгүйгээр буудан хөнөөж байлаа. 

Зөвлөлтийн КГБ монголын коммунист Цэдэнпил /Цэдэнбал/-ээр дамжуулан монголын олон сэхээтэн, эх орончдыг шоронд хийж хөдөө цөлдөг байв.1957 онд бүх албан тушаалаасаа мултарсан Сталины баруун гар,большевик, Зөвлөлтийн ГЯЯ-ны сайд асан В. Молотов БНМАУ-д элчин сайдаар томилогдож ирээд ямар ч аргаар хамаагүй зөвлөлт засгийн өмнө гавьяа байгуулж албан тушаал ахих зорилго тавьж хойд монголын алт, мөнгө, уран, гянтаар баялаг 2500 квадрат км газар нутгийг ямар ч буун дуу гаргалгүй Монголоос булаан авч Зөвлөлт улсын нутагт нийлүүлжбайлаа. Үүнийхээ төлөө Вячеслав Молотов албан тушаал ахиж шагнал авч НҮБ-ын Женев дэхь Зөвлөлтийн төлөөлөгчдийн газрын даргаар дэвшин томилогдож байв. Энэ нарийн учрыг мэдэхгүйЦэдэнпил монголын газар нутгаа харийн гүрэнд өгөхгүй хамгаалсан ГЯЯ-ын эх оронч сайд С.Аварзэдийг “зөвлөлт монголын найрамдалд сэв суулгалаа” хэмээн буруутгаж албан тушаалаас нь халж хөдөө нутаг руу цөлж байлаа. Өвөг дээдсийнхэ ариун газар нутгийг харийн большевик элчин сайдад бэлэглэсэн хүнийг хэн гэхэв. Агуу удирдагч гэх үү? Адгийн урвагч гэх үү? 

Зөвлөлтийн коммунистууд монголын түүхийг гуйвуулж Чингис хааныг хамгийн харгис феодал, Богд гэгээн, лам хутагтуудыг хамгийн хортой шарын шашны феодал хэмээн гүтгэж сургуулийн бүх сурах бичгүүдэд бичиж байв. Монголын түүхийг зөвлөлт хүн Москвад бичдэг байв. Тэд монголын үндэстэн ястангуудын хооронд яс хаяж муудалцуулж байв. Ойрдуудыг манжийн эсрэг тулалдсан баатарууд хэмээн дөвийлгөжхалхчуудыг Өндөр гэгээнээсээ эхлээд монголыналтан ургийн бүх тайж язгууртан нарыг манжид урвасан урвагч хар феодалууд хэмээн хооронд нь яс хаяж талцуулж байв. Тэд монголчууд 200 жилийн турш манжийн дарлалын дор ихэд зовж байсан, одоо зөвлөлт засгийн үед жаргаж байна хэмээн алтан урагтай ураг барилдсан монголын холбоотон улс Манжийг газар дор ортол нь муулж байв. Түүхийн үнэнийг үзвэл манж нар хэзээ ч Монголд ирж цэргээ суулгаж байгаагүй, ямар ч татвар монголын ард түмнээс нь авч байгаагүй, ямар ч дарлал байгаагүй, харин монголын ван, гүн, бэйл ноёдыг өндөр цалин пүнлүү, лан мөнгөөр цалинжуулж байсан, гадаадын шахалт/ орос, хятадын түрэмгийлэл/ -аас хамгаалж байсан юм. Зөвлөлтийн коммунистууд социализмын үедказах, узбекчүүд Доголон Төмөр хааныг манай хаан хэмээн булаацалдаж маргалдаж байгааг анзаарч казахуудад “Та нар доголон Төмөр хааныг узбектэй булаалдахын оронд тал нутгийнэзэн Чингис хааныг өөрсдийн хаан гэх нь зүйтэй” хэмээн зөвлөж ятгаж байсан гэдэг. Үүнээс хойш казахууд монголын Чингис хааныг манай хаан хэмээн ярьдаг болжээ. 

Хорин нэгдүгээр зуунд оросын тусгай албад Оросын сөрөг хүчний удирдагч Борис Невцовыг хөнөөж түүнийг залгамжилсан оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныг хордуулав. Саяхан Шведийн Стокгольм хотод жагсагчид Туркийн Элчин сайдын яамны гадаа Коран судар шатаажээ. Үүний дараа “Швед улс НАТО-д элсэх хүсэлтийнхээ талаар биднээс ямар ч сайн санааны  тусламж хүлээх хэрэггүй" гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган мэдэгджээ. Шведэд Коран шатаасан ньОросынгадаад тагнуулын газрын ажил, НАТО-тай хөгжүүлж буй түншлэлийг тасалдуулах, тогтворгүй байдлыг өдөөх зорилготой хэмээн зарим мэдээллийн эх сурвалжид бичжээ. Оросууд НАТО-г эдүгээ ихэд үзэн ядаж харааж байна. НАТО бол улс төр, эдийн засаг, цэргийн эвсэл бөгөөд ардчилсан орон бол ямар ч орон элсэж болно. Эдүгээ 30 орон НАТО-д элсээдэдийн засгийн хувьд улам хөгжиж байна, аюулгүй байдал нь улам сайн хангагдаж байна. НАТО бол хадны мангаа биш. НАТО бол ардчилал, эрх чөлөөг хамгаалдаг байгууллага.

Харин зөвлөлтийн коммунистууд хоёр зүйл дээр зөв бодлого барьж байсан юм шүү. Нэг зүйл нь Кубын коммунист намын удирдагч Фидель Кастро зөвлөлтийн удирдагч Хрущевыг шахаж “АНУ-ын эсрэг цөмийн пуужингуудаа Кубын нутгаас харваж америкийг бүхэлд нь устгаач” гэсэн хүсэлтийг нь биелүүлээгүй юм. Энэ нь хүн төрөлхтөнийг аварсан явдал болсон. Нөгөө нэг асуудал нь жараад онд монголын удирдагч Цэдэнбал болон МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Цэнднар “БНМАУ-ыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 16 дахь бүгд найрамдах улс болгож оруулна уу” хэмээн өргөдөл бичиж гурван удаагийн хүсэлт тавихад зөвлөлтийн коммунист удирдагч нар “Энэ бол тун буруу зүйл. Дэлхий нийт Монгол улсыг өнөөх түрэмгийлэгч Зөвлөлт улс өөртөө хүчээр нэгтгэчихлээ гэж дургүйцнэ” хэмээн үзээд зөвшөөрөөгүй нь монголчуудын хувьд авралын алхам болсон юм. 

Эдүгээ Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Путин Орос Чечений дайнд ялсан. Путин Крымийг эзэлж Орост нэгтгэсэн. Путин Украины Донецк, Луганскд оросын нөлөөг тогтоож Орост нэгтгэсэн. Путин Казахстанд цэргээ оруулж казахын сөрөг хүчнийг дарсан. Путин хуучин Зөвлөл Холбоот улсыг сэргээхийг боддог болсон. Путинд өрнөдийг баримтлагч Зеленский огт таалагдаагүй, өрнөдийг баримжаалсан украины тусгаар улс огт таалагдаагүй. Путинд украины ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч Зеленсксийг унагаж оронд нь беларусийн Лукашенко шиг Кремлийн дуулгавартай тавиул хэрэгтэй байлаа. Путин 72 цагийн дотор Украиныг эзэлнэ хэмээн тооцоолсон. Энэ бүх шалтгаанаар Путин Украинд дайн хийсэн. Гэвч Путины төлөвлөгөө нурсан. Дэлхий дахин Путины өдөөсөн дайны эсэргүүцсэн. АНУ болон Өрнө дахин Орос улсыг түрэмгийлэгч улс хэмээн үзэж эдийн засгийн хориг тавьсан. Орос улс эдүгээИран, Хойд Солонгос, Сири улсын зиндаанд шидэггдээд байна. Иранаас байлдааны дрон, Хойд Солонгосоос пуужин, сумавч байна.

Украинчууд оросын армийг анх довтолсон газарт нь буцаан аваачвал дайн зогсож болох юм. Үүний тулд одоо Украинд орчин үеийн “Leopard”, “Abrams” маягийн 500танк, орчин үеийн “F-16” сөнөөгч нисэх онгоцны 2 эскадриль /1 эскадриль 12 сөнөөгч онгоцтой байдаг/ шаардлагатай байгаа ажээ. Германий канцлер Шольц Украинд танк нийлүүлэхээсээ саяхан татгалзжээ. Украины цэргийн ур чадвар өдрөөс өдөрт өсөж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр оросын армийн Украины энгийн хотууд руу харвасан 55 пуужингийн 47 пуужинг угтуулж угсгажээ. Устгасан пуужингийн дотор оросын дуунаас хурдан хамгийн сүүлийн үеийн “Х-17 Кинжал” пуужин байсан аж. Одоо украины офицеруудыг “Патриот” системд сургахаар болсон байна. 

Путинд дайныг эхлүүлэх ямар ч бодит шаардлага байгаагүй. Путинд дайныг зогсоох бүрэн боломж байсан. Гэвч тэр дайныг зогсоохын оронд дайныг эцэст нь хүртэл үргэлжлүүлнэ, дайнд бид ялна хэмээн зүтгэж байгаа.” Ичсэн хүн хүн ална” гэгчээр хэрэв тэр энэ дайнд ялахгүй бол дараагийн сонгуулиар Оросын ерөнхийлөгч болж чадахгүй гэдгээ тун сайн ухамсарлаж байгаа. Иймд тэр эцсээ хүртэл дайн хийнэ хэмээн мугуйдалж байгаа. Путин сүүлийн арван сард Москва дахь нууц бункертээ ард түмнээсээ нуугдажүнэн мэдээлэл гаднаас авч чадахгүй болжээ. Тэр зөвхөн оросын цэргийн Украин дахь ялалтын тухай хуурамч мэдээлэлийг өөрийнхөө тойрон хүрээлэгч генерал нараасаа авч байна. 70 настай Путин шинэ жилээр оросын үнэн алдартны шашны сүмд ганцаараа ирж залбираад сүмээс гараад л Украиныг пуужингаар харвах тушаал өгч байв. Христийн шашинтан юм бол ядаж “Око за око, зуб за зуб”- “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг “Ветхий завет”-ийн библийн сургаалийг мэдмээр юм, Христийн хайр энэрэлийн сургаалийг “Новай завет” библээс сурмаар юм. Путин байсан цагт энэ дайн зогсохгүй. Путины тойрон хүрээлэгч генерал Шойгу, Герасимов,Пригожин, Кадыров нар байсан цагт энэ дайн зогсохгүй.”Муу эр дайнд хөөрнө” гэгчээр Рамзан Кадыров “Польштой байлдана” гээд л баярлаад байна лээ.

Мэдээж өрнө дахин Украиныг дэмжинэ. Америк Украиныг дэмжинэ. Зэр зэвсгээр туслах болно. Энэ дайн бол зөвхөн Орос Украины дайн биш. Энэ дайн бол эцэстээ ардчилал, эрх чөлөө ялах уу, ганц хүний дарангуйллын харгис дэглэм ялах уу гэсэн асуудал болж хувираад байна.Энэ дайн Орос орныг хөмөрч мэднэ. Учир нь дэлхийн нэгдүгээр дайнд Оросын Эзэнт улс ороод дотоодын хямрал болж ард түмэн үймээн самуун дэгдээж оросын 300 жилийн түүхтэй хаант засаглалалыг устгасан. Одооны энэ дайн Орос орныг дахин задалж Орос орон 25 хуваагдан задарч болох юм. Учир нь олон зуун жил Кремлийн эрх баригчдад дарлагдсан оросын олон жижиг үндэстэн т сэрж байна. Ойрд халмагийн ард түмний Конгресс байгуулагдажХалимаг улс Оросоос тусгаар улс болох ёстой хэмээн үзэж байна. “Чөлөөт Буриад” гэсэн хөдөлгөөн үүсч Буриад Монгол улс тусгаар улс болох ёстой гэсэн хөдөлгөөн өрнөж байна. Энэ мэтээр оросын татар, башкир, дагестан гэх мэтийн 25 улс сэрж байна.Оросын Буриад улсад эдүгээ250 000 буриад монгол үндэстэн амьдарч байна. Украины энэ дайнд цэрэгт татагдсан буриад залуус олноор үхэж үрэгдвэлбуриад монгол үндэстэн мөхөх аюултай. Ер нь хаант Оросын үед халимагууд Орост гарсан Пугачёвагийн бослого, Башкирт гарсан бослогыг дарж туркийн дайнд явж швед, францын эсрэг дайнд явж олноороо үхэж үрэгдэж байв. 20-р зуунд эх орны дайнд германий эсрэг дайтажолон халилмаг, буриадууд үхэж үрэгдэж байлаа. Афганистан Чечений дайнд олон халимаг, буриадууд үхэж үрэгдэж байлаа. Буриад, халимаг, дагестан, чеченүүд нохойд барьдаг мод биш шүү дээ. Ер нь Оросын эзэнт гүрний үеийн Петр хаан, Екатерина хатан хаан, зөвлөлт засгийнүеийн Сталиний үеийн бодлого өнөөгийн Путины бодлогын хооронд ямар ч ялгаа байгүй. Учир нь их гүрний дээрэнгүй үзэл хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Петр хаан Оросын төлөө дайнд оролцсон халимагуудад жаахан дарь, буу сум бэлэглэдэг байсан. Сталин халимаг буриадад юун бэлэг өгөх, тэднийг шууд буудчихдаг эсхүл сибирт шоронд цөлчихдөг байсан. Тэдний ихэнхи нь шоронд өвчнөөр эсхүл өлсгөлөнгөөр үхдэг байсан. Өнөө үед Путин дайнд оролцсон халимаг, буриад, дагестан, чечен залууст жаахан рубли өгч байна.Үхэж үрэгдвэл ар гэрт нь жаахан тэтгэмж өгч байна. Хүний алтан амийг мөнгөөр үнэлж болохгүй л дээ. Зүгээр л дайнаа зогсоочих хэрэгтэй юм л даа. Өнөөгийн Оросынард түмэн дайнаас зугатааж байна. 2022 оны 2-р сарын 22 ноос хойшхи хугацаанд 2022 онд нийт 500 000 орос иргэн гадаадад зугтаан гарч тэндээ үлджээ. Оросын нэрт дуучид жүжигчид сэтгүүлч зэрэг олон сэхээтнүүд гадаадад дүрвэн гарчээ. 

Оросын Хууль зүйн яам алдарт жүжчигчин Максим Галкинаас эхлээд олон алдартай соёл, урлагийн хүмүүсийг “гадаадын агент” хэмээн зарлаж хар жагсаалтад бүртгэжээ. Хамгийн сүүлд тэрхүү хар жагсаалтад Оросын Халимаг улсын Бурханы шашны тэргүүн Диолов хутагтыг “гадаадын агент” хэмээн бүртгэсэн аж. Дилов хутагт 2022 оны 10 дугаар сард Украин дахь дайныг эсэргүүцэж “Украины талд шударга ёс байна, дайн бол том зовлон юм, дайн бол огт хэрэггүй зүйл юм” хэмээн үг хэлжээ. СаяханДилов хутагт 2023 оны эхээр Орос улсын дарамт шахалт дор буяны ажлаа хийх боломжгүй болсон тул Халимаг дахь шашны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч Монгол орны зүг явжээ. Дилов хутагт бол Халимагт 1990 оноос эхлэн Бурханы шашныг сэргээн дэлгэрүүлэх буян номын ажил хийж байсан юм. Орост шударга хүн амьдрах ямар ч боломжгүй болжээ. Орост дайныг эсэргүүцсэн жирийн иргэн, оюутан, багш, инженер, сэхээтэн, сэтгүүлчдийг барьж шоронд хоридог болжээ. Оросын “Мемориал” болон Москва дахь “Сахаровын төв”-ийг хаав. 

Эдүгээ Орос оронд дайныг сурталчилдаг, Орос орны түрэмгийллийг зөвтгөдөг суртал ухуулга улам газар авч оросууд дайны хэнээтэн гэдгээ бүх талаар харуулж байна. Оросын телевизийн нэвтрүүлэгчээс эхлээд төрийн том албан тушаалтан Дмитрий Медведев хүртэлхи өчнөөн төрийн албан тушаалтан, хэвлэл мэдэлийн ажилтнууд “Украиныг газрын хөрснөөс арчих хэрэгтэй, тэднийг бөмбөгдөж пуужиндах хэрэгтэй, атомын бөмбөгөөр хуйхлах хэрэгтэй” хэмээн хашгирцгааж байна. Сүүлдээ бүр “НАТО-гийн бүх орнуудтай байлдах хэрэгтэй, Польш, Герман, Их Британи, АНУ-гатомын бөмбөгөөр бөмбөгдөж газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн орилолдох болжээ.Оросын дайны хэнээтнүүдэд ичих булчирхай алга.

Оросын Холбооны улсын Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрхийг заасан байдаг. Брежневийн үед Хүний эрхийн үйл ажиллагааг Зөвлөлт Холбоот улсад явуулж болдог байв. Горбачёвийн үед Ил тод байдлыг зарлаж оросын иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх,хэвлэн нийтлэх эрхтэй болж байсан юм. Гэтэл эдүгээ Путины үед Орост хүний эрхийн талаар ямар ч ажиллагаа явуулах аргагүй болов. Оросын “Роскомнадзор” хэмээх байгууллага оросын бүх чөлөөт мэдээлэл, телевиз, радио, интернет, сайтыг бүрмөсөн хаав.Путин Оросын Дум- парламентийг чөлөөт үгээ хэлэх эрхгүй болгож,Оросын Үндсэн хуулийг хоосон цаас болгожээ. Оросын Холбооны Улсын Эрүүгийн хуулинд хэрэв хэн нэгэн этгээд өөр улсын эсрэг дайн дэгдээж хилийг нь зөрчиж зэвсэгт хүчин оруулсан бол тухайн этгээдийг 10-20 жил хорих ялтай хэмээн заасан байдаг. Путин өөрөө энэ хуулийн заалтыг зөрчиж дайны гэмт хэрэгтэн болоод байна. Өнөөдөр Украинд оросын цэргийн халдлагад өртөж 4500 энгийн иргэн, 455 хүүхэд алуулаад байна. Дайн дэгдээгч Орос орон өөрсдөө нэг хоногт дунджаар 500 орос цэргээ алдаж байна. Хэн энэ бүх хариуцлагыг хүлээх вэ. Ерөнхийлөгч Путин хүлээнэ. Путины тушаалыг биелүүлсэн оросын офицер, цэргүүдхүлээнэ. 

Эдүгээ Путины өдөөсөн дайныг дэлхий даяараа эсэргүүцэж байна. АНУ болон Өрнөдийн улсууд Оросын эсрэг нэгдэн нягтарч Украиныг тусалж дэмжиж байна. Украины цэргийнхүчин дотор “Оросын эрх чөлөө” хэмээх легион байгуулагдаж эрх чөлөөг эрхэмлэдэг орос хүмүүс түүнд орж Украины төлөө тулалдаж байна.Энэ легионы зорилго бол Украины Орост эзлэгдсэн газар нутгийг чөлөөлж, цаашид дарангуйлагч Путинтай тэмцэж, Орос орныг эрх чөлөөтэй болгох юм. Энэ Легионынэгэн орос цэрэг ярихдаа: “Би Орост төрсөн орос хүн. Би энэ жил 50 настай, барилгачин мэргэжилтэй. Путин Орос орны эдийн засгийг устгаж, Орос орныг хөгжүүлэх боломжгүй болгосон. Оросын иргэдэрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй болсон. Би нэг зүйлийг аль эрт ойлгосон. Орост хууль ёсоор ил тод бахйдлаар засгийн эрхийг сольж өөрчлөх ямар ч боломжгүй. Учир нь Орост Кремлийн ганц дарангуйлагч бүх эрхийг гартаа атгасан байдаг. Орост ганц хүний дарангуйллын засгийг сольж өөрчлөхийн тулд зөвхөн зэвсэгт бослого л хийх хэрэгтэй “ гэв.

Европын Холбооны цэргийн удирдагч асан Эрве Блежан 2022 оны сүүлчээр Францын Үндэсний Ассамблейн хуралдаан дээр тавьсан илтгэлдээ: Манай хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Оросын арми 2022.02.24-нөөс хойш нийт 60 000 цэргээ алдаж үүнээс 3 дахин олон цэргээ шархдуулж нийтдээ 250 000 орос цэрэг байлдах чадваргүй болоод байна.Оросын арми бүх танкныхаа 60.0 хувь, “Газар – газар” ангиллын бүх пуужингынхаа 70.0 хувь, бүх хуягт машиныхаа 40.0 хувь, бүх их бууныхаа 20.0 хувийг устгуулаад байна. Одоо Орос улс Иранаас байлдааны дрон авч, Хойд Солонгосоос пуужин сум авахаар төлөвлөж байна.Украин ч гэсэн нилээд их хохирол амссан.Украин 2023 оны хавар давшилт хийхээр төлөвлөж байна. Үүний тулд Украин тус бүр 75 000 хүнтэй гурван корпус шинээр байгуулах хэрэгтэй болж байна.2023 онд Оросын арми ч хаврын давшилтад бэлтгэж байгаа хэмээн мэдэгдэв.

Украины цэргийн Жанжин штабын мэдээлснээр 2023.01.16 -ны байдлаар оросын 116080 цэрэг алагдаж, 3118 танк, 6204 хуягт машин, 286 нисэх онгоц, 276 нисдэг тэрэг, 1872 тактикийн пуужин, 749 далавчит пуужин , 17 хөлөг онгоц, 4870 автомобиль цистерн устгагдаад байна. 

АНУ-ын дайны шинжээчид дараах дүгнэлт гаргав.” Украин дахь дайны эхний шатан дахь Оросын армийн ялагдлын гол шалтгаан нь: 1. Путин Украиныг тусгаар тогтносон улс гэж үзээгүй,Украиныг 72 цагийн дотор ялна гэж үзсэн.Украины ерөнхийлөгч Зеленскийг санамсаргүй ерөнхийлөгч болсон зүгээр нэг хошин шогийн жүжигчин, дайны эхний өдөр гадаад руу зугатаана хэмээн үзсэн. 2.Оросын арми Украин руу довтлоход Өрнөдийнхөн яаж ч чадахгүй. Оросын арми 2008 онд Грузин руу довтолсон, 2014 онд Украины Крымийг эзэлж, Донбасст иргэний дайн дэгдээсэн.Оросын арми Сирид орсон.Ингэхэд өрнөдийнхөн яаж ч чадаагүй, өрнөдийнхөн бол сул дорой улсууд, Өрнөд дахь АНУ-ын нөлөө дууссанхэмээн Путин үзсэн. 3.Путин 2014 онд Крымийг ямар ч эсэрэгүүцэлгүй алдсан Украиныг хараад Украин бол ямар ч зэвсэгт хүчингүй юм байна хэмээн эндүүрсэн.Украин улс сүүлийн арваад жилд эрс сайжирч орчин үеийн армитай болсон гэдгийг огт мэдээгүй. 4. Оросын армийн генералууд Украин улсын цэргийнхүчин чадал дорой , оросын арми гурав хоногийн дотор бүх Украиныг эзэлнэ хэмээн хуурмаг дүгнэлт гаргасан байсан. Гэтэл дайн эхэлсэн эхний өдрөөс эхлээд АНУ болон Өрнө дахин, тэр дотроо Польш, Герман улс хамгийн түрүүнд хамгийн ихээр Украиныг дэмжиж тусалсан. Оросын арми байлдааны техник, хүн хүчээр хамаагүй илүүрхэж байсан боловч орчин үеийн дайн хийх арга тактик, технологи нь хоцрогдсон байсан. Украины ард түмэн нэг хүн шиг босож эх орноо хамгаалж тулалдсан. Украины зэвсэгт хүчин орчин үеийн арми болсон байсан” гэсэн дүгнэлт гаргажээ..

АНУ-ын Стэнфордын ихсургуулийн эрх зүй, ардчиллын төвийн захирал Кэтрин Стоунер: “Оросын ерөнхийлөгч Путин удаан хугацаанд Украин улс Орос улсад аюул занал учруулж байна гэсэн хуурамч бодолдоо улам итгэх болсон. Путин “Украин бол Орос улсын ирээдүйд орших, эс орших,үхэл амьдралын асуудал болсон, Украин улс бол Орос улсын эрх ашиг, тусгаар тогнолын бодит аюул” хэмээн үзэх болсон.Тэр бээр “Киев бол оросуудын эх”хэмээн ярих болсон. Путин дараах хуурамч дүгнэлтэд хүрсэн. Тэр бээр “Ардчилсан Украин улсыг Орос улс алдах юм бол Орос улсын эрх ашиг, түүний дэглэмд ноцтой аюул учрах болно. Иймд Орос улс Украиныг өрнөдөөс аврах хэрэгтэй хэмээн үзсэн. Гэвч бодит байдал дээр украинчууд оросуудаар авруулахыг огт хүсээгүй. Орос орны дотоодод гарсан элитүүдийн төрийн эргэлтээс болж Путин засгийн эрхээс зайлуулагдаж болзошгүй. Орос оронд ард түмний хувьсгал болж магадгүй. Эсхүл Путин нас барж, Оросын дайн дуусах болно.Төрийн эргэлт хийж магадгүй 3 групп Орост оршиж байна. Нэгд, Хатуу бодлого баримтлагчид. Энэ группд КГБ-ийн Нарышкин, Бортников мэтийн хүмүүс төрийн тогойд гарвал Орос орон улам харгис болж Беларусь,Украин, Молдовыг эзэлж улам түрэмгийлэгч улс болно. Хоёрт, Цэргийнхэн. Оросын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бусад генералууд төрийн эргэлт хийж болзошгүй. Гэвч Орост генералуудын нэр хүнд унасан. Дунд , доод шатны чадварлаг офицерууд нь дайнд үхэж үрэгдсэн. Гуравт. Оросын баячууд хөрөнгөтнүүд төрийн эргэлт хийж болзошгүй. Гэвч тэд айчихсан. Путин дотоодын сөрөг хүчнийг дарчихсан. Путиныг эсэргүүцэх хүчин байхгүй. Гэвч оросын залуу үе Путины дэглэмийг эсэргүүцэж магадгүй.” хэмээн дүгнэлт хийв.

АНУ-аас Украинд сууж байсан Элчин сайд асан Стивен Пайфер: “Оросуудын Украинынутгийн тал хувийг эзэлж, нийслэл Киев хотыг эзлэх зорилт нь биелэх боломжгүй юм. Дайн гараад 11 сарын хугацаа болсны дараа дүгнэхэд Оросын арми Украиныг эзэлж чадахгүй гэдэг нь харагдлаа. Дэлхийн газрын зураг дээр Украин улс үлдэх болно. Украин улс хүчирхэг улс болно. Украинчууд оросуудыг 2-р сарын 23 ны өдөрбайсан хил рүүгээ хөөж явуулаад эх орноо чөлөөлөх болно.Үүний тулд Украин улс их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хоёр талаас их хүч гаргаж хоёр талын тулалдаан удаан үргэлжилнэ. Харин хоёр талаасаа харилцан буулт хийжхэлэлцээр хийж чадвал дайн дуусна. Оросын арми Украинд өнгөрсөн оны 2-р сарын 24-ний өдөр довтолтогц НАТО маш шуурхай хөдөлж дорнод хилээ бэхжүүлсэн. Украинд зэвсэгээр тусалсан. АНУ болон Европын Холбоо Оросын эрсэг маш хурдан эдийн засгийн хориг тавихад Кремль ихэд гайхаж цочсон. Өрнө дахинОросын төв банкны активыг царцааж, өндөр технологийн экспортыг Орост гаргахыг хориглосон. Энэ бол Путинд үзүүлж байгаа том шахалт, том дарамт юм. АНУ болон Европын Холбоо Укранид нийлүүлж байгаа зэр зэвсгийн хурд нь удаан байна. АНУ орчин үеийн зэр зэвсгээ хурдан шуурхай нийлүүлэх хэрэгтэй. Украинд “Леопард” танк, “М1 Абрамс” танк болон “HIMARS” дунд тусгалын пуужингуудаа хурдан шуурхай нийлүүлэх хэрэгтэй. Украинчууд оросын цэргийн удирдлагынштаб, цэргийн агуулах, тээврийн системийг нь маш сайн устгаж чадаж байсан нь өрнөдийнхний гайхшралыг төрүүлсэн. АНУ украинчуудад тусламжаа улам өргөжүүлж украины тэнгэрийг хаах хэрэгтэй. АНУ болон өрнөдийнхөн Украинд байлдааны нисэх онгоц, хамгийн сүүлийн үещийн ПВО, радиолокацийн тоног төхрөөмж өгөх хэрэгтэй. “F-16” байлдааны нисэх онгоц дээрукраины нисэгчдийг сургах хэрэгтэй” гэжээ.

Орос оронд төрийн эргэлт гарах уу? Оросын улс төр судлаач 2008-2010 онд ОХУ-ын Ерөнхий сайд Путины албанд ажиллаж байсан Аббас Галлямов: “ Орост төрийн эргэлт болох нөхцөл бүрдлээ” хэмээн мэдэгджээ. Гадаадын шинжээчид Оросын өнөөгийн байдлыг дүгнэж үзээд дайн ямар ч утагаүй болж Орост төрийн эргэлт гарч болзошгүй болсон байна. Цэргийн эргэлт гарч магадгүй хэмээн үзэх болсон. 

Ер нь гадаадад цэргийн эргэлт хэрхэн гардаг вэ? Латин америк болон африкийн орнуудад цэргийн эргэлт дараах тавилтаар өрнөдөгаж. Эхлээд цэргийн эргэлт хийсэн тухайн орны цэргийн генерал эсхүл хурандаа, дунд тушаалын офицерууд цэргийн удирдлагыг гартаа авч армийнхаа танкуудыг нийслэл хотод оруулж засгийн ордныг бүсэлжхотын гудамж талбайг танкаар эзлүүлж цэргүүдийг чухал обьект газруудад тавьж хамгаалалтад авдаг. Дараа нь төрийн ордон, телевизийн төв, банк, төрийн бусад чухал байгууллагуудыг эзэлдэг. Өмнөх засгийн газрын тэргүүнийг бууддаг эсхүл шоронд хийдэг. Дараа нь эрх мэдлийг гартаа авсан генерал төв ТВ-ээр ард түмэндээ хандаж “Авилгалд идэгдсэн өмнөх засаг уналаа. Эрх чөлөөгөө олсон ард түмэнтэйгээ хамт жаргалтай ирээдүй өөд хамтдаа урагшаа” гэх мэтийн мэдэгдэл хийдэг аж.Арабын орнуудад хийсэн цэргийн офицер Гамаль Насер, Хафез Асад, Маумер Каддафи нарын цэргийнэргэлт яг ийм тавилтаар өрнөж ялж байсан юм. Туркийн алдарт цэргийн жанжин Мустафа Кемал султаны эсрэг цэргийн эргэлт хийж,эх орныг ньтүрэмгийлж байсан гадаадын улсын армийн эсрэг 6 фронт дээр зэрэг байлдаж ялж байсан баатар эр юм. Ийм түүх дэлхийд байна аа.

Орост ийм явдал болох уу? Түүхийн хуудсыг сөхөж үзвэл Орос оронд ердөө хоёрхон удаа төрийн эргэлт гарч байжээ. Бусад тохиолдолд зөвхөн Эзэн хааны ордны юм уу Кремлийн эрх баригчдын дунд хуйвалдаан гарч засгийн эрхийг тухайн хүрээний нэг хэсэг хүмүүс авч Орос орныг удирддаг байж. 1825 онд хаант засгийн эсрэг дунд болон бага тушаалын офицерууд буюу декабристууд анх удаа төрийн эргэлт хийхийг оролджээ. Гэвч тэдний оролдлого бүтэлгүй болж маш түргэн хугацаанд дарагджээ. Тэднийг заримыг нь цаазаар авч, ихэнхийг нь сибирт цөлсөн байдаг. Хоёр дахь төрийн эргэлт бол 1991 оны 8-р сард Зөвлөлт улсын Батлан хамгаалахын сайд Язов, КГБ-ын дарга Крючков,Төв Хорооны нарийн бичгийн дарга Шейнин нар удирдаж ГКЧП төрийн эргэлт хийхийг оролдсон боловч чадаагүй юм.Тэд олон танкуудыг нийслэл Москвад оруулж чадсан боловч ард түмэн Ельцины талд орсон байлаа.Танкууд парламентийн ордонг буудсан боловч Кремлийг буудаж чадаагүй юм.Сталины үед төрийн эргэлт хийх ямар ч боломжгүй байсан юм. Сталин 1936-1937 онуудад өөрийн өрсөлдөгч цэргийн комиссар Троцкийг Мексикд амьдарч байхад нь хөнөөж, авьяаслаг цэргийн жанжин Тухачевский, Блюхер нарыг шууд л буудчихдаг байсан.

Миний бодлоор одооны оросын генерал Шойгу, Герасимов, Нарышкин, Кадыров, Суровикин,Пригожин нар цэргийн эргэлт хийх нь юү л бол. Тэд цэргийн эргэлт хийж чадахгүй. Оросын сөрөг хүчнийг Путин болон түүний нууц албадынхан аль эрт устгаж дууссан. 2015 онд оросын сөрөг хүчний удирдагч Борис Невцов алуулсан. Эдүгээ оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн амь насанд оросын тусгай албад хэд хэдэн удаа халдсан, хамгийн сүүлд түүнийг маш аюултай хороор хордуулж золтой л үхээгүй. А.Навальный арайхийж Германд эмчлүүлж амьд гараад эх орондоо буцаж ирэхэд нь оросын тусгай албаныхан түүнийг онгоцны буудал дээр баривчилж шууд шоронд хийсэн. Эдүгээ АНУ-ын Нью –Йорк хотод амьдарч байгаа “Солидарность”-ийн удирдагч, дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаров,Британий Лондон хотод амьдарч байгаа тэрбумтан Михайл Ходорковский хоёрыгл сөрөг хүчин гэхгүй юм бол өөр ямар ч сөрөг хүчин Орост байхгүй. Орост сонгууль болсон ч сөрөг хүчнийг огт оролцуулдаггүй. Ямар нэгэн зохиомол юмаар шалтаглаж тэднийг хасдаг юм. Оросын Холбооны улсад зэвсэгт хүчин, тагнуулын тусгай албад, парламент, шүүх засаглал, хэвлэл мэдээлэл зэрэг бүх зүйл ганц дарангуйлагчийн гарт байдаг.Тэхлээр өнөөгийн Орос оронд төрийн эргэлт гарах нь эргэлзээтэй асуудал юм. Ганц хүний дарангуйлалтай Орос орон дахин хэдэн жил оршин тогтнохыг хэн ч үл мэднэ. Сүүлийн 30 жилд Оросын Холбооны Улсад өнөөгийн Польш, Чех шиг өрнөдийн баримжаатай ардчилсан эрх чөлөөтэй улс болж эдийн засгийн өндөр хөгжилд хүрэх боломж байсан. Гэвч Орос улс дарангуйллын дэглэмтэй, харгис дайнч улс хэвээрээ хорин нэгдүгээр зуунд оршиж байна. Оросууд дайныг хүссэн гэж үү.

2023.02.1