1939 оны 7-р сард VIII морьт дивиз үүргийн дагуу цуваагаар явж байтал газар шүргэм доогуур долоо найман онгоц гарч иржээ. Манайхан япончууд гээд таралт хийх гэснээ доогуур ниссэн онгоц бүгд том улаан таван хошуутай байсанд цэргүүд баярлан орос ах нар байна “ура аа” гэж гар даллан хөөрцөглөтөл нөгөө таван хошуутай онгоцууд маань цувааг сүйртэл бөмбөгдөж, тарж бутарсныг хөөж пулёматаар шүршээд алга болжээ. 90 цэрэг алагдаж, цаана нь хичнээн ч шархадсан юм, 230 орчим агт морь, 80 гаруй үхэр тэмээ үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учруулжээ. Оросын онгоцууд монгол дүү нараа бут ниргэсэн нь Баргын морин цэрэгтэй андуурсан алдаа байв. Оросууд алдаагаа нууж, манай Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг японы онгоцуудыг зориуд дуудан бөмбөгдүүлсэн гэх гүтгэлэг зохиож, түүнийг тэр дор нь фронтын шугам дээр баривчилж, Чита хотоор дамжуулан Москвад аваачиж Бутырийн шоронд эрүүдэн тамласаар 1941 оны 7-р сард буюу манай наадмын өдрөөр цаазалсан байдаг.

VIII дивизийнхэн Японы бус Оросын том таван хошуутай онгоцууд биднийг бөмбөгдсөн гэж зориглон хэлсэн бол бүгд өнгөрөх байв. Тэд амиа орлогч жанжныхаа амиар сольсон аж. Хөөрхий Лувсандоной гэгч тэр залуу тамлуулж байхдаа, цаазлуулж зогсохдоо яасан их гомдоо бол. Андуурч бөмбөгдсөн орос нисэгчид ч Ц.Лувсандонойг зольж амиа мөн тэгж хоохойлохоос өөр гарцгүйдэж, (харгис муйхар цаг тул) Жуковыг ятгаж дэмжүүлсэн гэх түүхч байдаг юм билээ. Жуковын үг бурхны зарлиг байсан нь мэдээж. Том хүний алдрыг ашиглах ов аль ч нийгэмд тасрахгүй биз. Амиа аврах гэсэн орос нисэгчдийг буруутгах хэцүү. Тэд санаатай бөмбөгдөөгүй. Тэнгэрээс хорхой шавьж шиг үзэгдэх Халх Барга адилхан монгол морин цэргүүдийг орос нисэгчид эндүүрсэн. Аль талын цуваа дайны мөчид хаана явахыг нягтлаагүй оросуудын алдаа байв. Алдаагаа дарангуйлагч нарт тайлбарлахаас монголчуудын даргыг эсэргүү болгох хялбар байсан цаг. Донгио дорой биднийг хэрхэн элэг барьж байсны нэг жишээ. 

До яам VIII дивизийн дарга цэрэг нарыг баривчлан байцааж, Ц.Лувсандоной Японы тагнуул мөн гэх худал мэдүүлгийг хүчээр гаргуулан авчээ. Зохиомол мэдүүлэгт юу гэж гүжирдсэн байна уншъя: “Гадна талд Япон, дотоодоос бид нар өөрийн цэргийн хүчийг хоёр талаас хамтруулан Орос цэргийн ангитай байлдаж, тэднийг өөрийн нутаг дэвсгэрийн дотроос хөөн гаргана гэж Лувсандоной хэлсэн. Долдугаар сарын 11-нд улсын их баяр наадмаар Чойбалсанг алахаар даалгасан нь үнэн болно” гэх мэдүүлэг бүрдүүлжээ. Үүнийг До яам санаачлаагүй, дээрээс, алсаас сэдсэн биз. Товчдоо доод талаас ноцтой буруутан мэдрэгдсэнгүй.

Ц.Лувсандонойг 1956 оны ХII сарын 8-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 44\022695 дугаар магадлалаар цагаатгасныг манай удирдагчид 6 жил хав дарсны эцэст БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1962 оны ХII сарын 14-ний өдрийн 23-р тогтоолоор түүнийг хилсээр хэлмэгдсэнийг арга буюу хүлээжээ. Гэвч энэ цагаатгал нийтэд мэдэгдэлгүй дээгүүр явцуу хүрээнд нууцлаг өнгөрсөн нь нэг талаас орос нисэгчдийн алдааг Монголын ард түмэнд дэлгэхгүй хэмээсэн бялдуучлал, нөгөө талаас ямар ч гэмгүй Ц.Лувсандонойн ариун нэрийг сэргээх эх оронч хайр дутсан гэлтэй. Үүнд монголчууд өөрсдөө өөдгүй зан гаргаснаас бус оросууд ингэ гэж тулгаагүйг дээрх ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1956 оны магадлал харуулж буй. 

“Монголчуудыг толгой дараалан устгаж газар нутгийг эзэмших зорилготой япончуудыг орос ахынхаа ачаар дийлсэн нь агуу ялалт мөн” гэх омогшлоор бид бахархдаг. Хоёул аврах гэж булаацалдсан уу, хоёул цөлмөх гэж булаацалдсан уу, миний хувьд бүрхэг. Юутай ч Монголыг нөлөөллийнхөө бүс болгохоор олзны хойноос тэмцэлдсэн хоёр их гүрний тулалдаанд үрэгдсэн орос япон цэргүүд хөөрхий ч тэднээс илүү бидэнд огт хамаагүй дайнд албан шаалтаар алтан амиа алдсан монгол цэргүүд минь даанч хөөрхий. Байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз. Энэ дайн бидэнд огт хамаагүй гэж согтуудаа бухимдсан ерөнхий сайд П.Гэндэнгийн үг бий. Түүнийг цаазласан ялын нэг гол заалт энэ үг. Халх голд эх орныхоо төлөө хэдэн монгол алтан амиа зольсон тоо бий билүү? Харин хэдэн жилийн өмнө Халх голын дайнд оролцсон дайчдаас үлдсэн хөгшдийг байр мөнгөөр урамшуулсан нь эх орныхоо төлөө амь биеэ зориулахын үнэ цэнийг өргөсөн дөө.

Халх голын дайн эхлэхийн яг өмнө “Японы талд орж мэдэх найдваргүй этгээдүүд” гэх маш нууц нэрсийн жагсаалт Москвагаас ирсэн. 1508 найдваргүй монгол дарга цэрэг армиас хөөгдсөн ба Японы тагнуул гэж буудуулсан. Энэ тоо дайнд үрэгдсэн 237-гоос 6,3 дахин олон ажээ. Дайнд амь үрэгдсэн 237 эрэлхэг эх орончоо нам засаг тэгтлээ сурталчлаагүй. Зарчмын хоёр лоозон шиг хүн бүрт цээжлүүлдэггүй юм гэхэд Халх голд хэдэн монгол алагдсаныг мэдэх пионер байгаа юм уу. Илүү зантай тэтгэврийн уйдсан өвгөн ном сонин ухаж байж 237 гэх тоог Бааварын нийтлэлээс олов. Хужаа Бааварт бүү итгэ гэж ятгах хүн надтай олон таардаг. Энэ тооноос өөр нам засгийн албан ёсны тоо би хүүхэд наснаас олж мэдээгүй. Халх голын дайны сурталчилгаа гэвэл алаг морьтой Дандар баатар мөндөр мэт исгэрэн буусан японы сумнуудыг сэлмээрээ хоёр тийш хага ярж ялсан тухай нэгдүгээр ангиасаа одоог хүртэл сэнхэрч явна. Одоо бас кино хийж буй юм байх. Магтавч дундардаггүй гавъяа байдаг. Ленин Цэдэнбал гээд. Зайсан толгой дээр ашиг сонирхлоо тэлсэн эзлэн түрэмгийлэгч Оросын хөшөөг сүндэрлүүлснээс Халх голд үрэгдсэн 237-н хайран үрсийнхээ буяныг шүншгэлсэн мөнхийн зултай суварга бүтээгээд хааяа очиж мөргөж байдаг байж гэж харамслаа. Халх голын ойг тэмдэглэх гэж ирсэн Путин Медведев нар Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөс Зайсан толгой дээрх хөшөөг тоож хараа ч үгүй. Энэ хөшөө хэний хэдэн цаасаар бүтсэн юм бол? 

Хамгийн муухай нь Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг ЗХУ цагаатгаад 13 жил, БНМАУ цагаатгаад 7-н жил өнгөрсний дараа буюу 1969 онд манай энгэр дүүрэн одон медальт хэсэг шар алаг ахмад дайчин юу гэж донгоссон гээч. “Лувсандоной эх орноосоо урван тэрсэлж, харийн дайсанд биеэ худалдан, өөрийнхөө эх оронч үй олон хөвгүүнийг дайсны бөмбөгдөлтөд зохион байгуулалттайгаар аваачиж өгсөн” хэмээн хилс цаазлагдсан хөөрхий даргынхаа шударга цагаатгалыг эсэргүүцэж ясыг нь тоншин гуагалжээ. Арай ч дээ. Эсвэл “Ц.Лувсандонойг дайсан гээгүй хүнийг шууд буудна” гэсэн 1939 оны сүрдүүлэг-эрүү шүүлтэд цочирдсон айдсаа 1969 он хүртэл 30 жил тээсэн хөөрхийс юм уу. Ц.Лувсандонойг ЗХУ яагаад цагаатгав? VIII морьт дивизийн цувааг андуурч бөмбөгдсөн нь нотлогдсон учир совестьтой оросууд гэмшиж түүнийг 1956 онд цагаатгаад байхад 13 жилийн дараа манайхан 1969 онд ингэж зүхээд байдаг. Хэлмэгдэж буй орлогч жанжнаа хазайсан тал руу нь түлхэж, Маршалыг алах гэж байсан гэх зохиол орос хүнийх бус монгол хүнийх. Бидэнд бузар их бий. Одоо ч зөндөөн байна. Харийн харгислалд долдгонож, монгол нь монголоо булшилдаг ийм нуралт дотроосоо үүсэж байсныг санах бүр монгол хүн болж төрсөндөө гутарнам. Түүх бол сургамж, түүх бол багш. Болоод өнгөрсөн энэ гашуун түүхийн чухам хэнээс нь хойч үе минь үлгэр дууриал өвлөдөг бол? Гүтгэгдсэн Ц.Лувсандонойдоо орь дуу тавьж гашуудсан төрөл төрөгсөд, нутаг усныхан байж л таарна. Цэл залуугаар тийм өндөр албанд хүрснийг бодоход тухайн үедээ шилдгийн шилдэг л байгаа. Хөөрхийг ард түмэнд нь Дандар баатрын зиндаанд биш юм гэхэд ямар нэг хэмжээгээр таниулах сан гэж зохиолч хүний хувьд догдлов. Гэвч даанч дэндүү зөнөжээ.

Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн гараагүй нь гашуун. Эх орноо ард түмнээ гэх мөсгүй ч юм шиг. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. Хүч хүрэлгүй гэмгүй хүүгээ алдсаныг уучилъя гэхэд үрэгдсэн хөөрхий хүүгийнхээ хойноос нулимс унагадаггүй нь хаанахын ёс, ямар хүмүүсийн яс вэ. Ц.Лувсандонойг хилс цаазалснаа зөвтгөж, түүнийг урвагчаар түүхэнд үлдээх сонирхол арилаагүй ч юм шиг. Яагаад тэр вэ? Цаана нь орос нисэгчид буй учраас тэр үү? Японы онгоцуудыг зориуд дуудаж, 90 нөхрөө хөнөөж, олон зуун агт морь үхэр тэмээ эд зүйлсээ сүйтгээгүй ч давшгүй хар гүжирдлэгт өртөж буудуулсан Ц.Лувсандонойг бүх монгол хүнээр өрөвдүүлэх сэн. Ц.Лувсандонойг ЗХУ цагаатгаагүй бол монголчууд түүнийг урвагч гэж ам өрсөлдөн хараасаар байгаа гэдгийг итгэлтэй хэлэх байна. Бид ийм л хэмжээний хүмүүс. Оросууд уг нь ойлголцож болох ухаантай хүмүүс. Манайд бүтэн ухаантай лидерүүд дээшээ гарвал Эгийн УЦС, Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам, ДЦС5 гэх мэт мега төслүүд 10-аад жил гацахгүй л байсан.

2019