“Орано Майнинг Сас”-тай хийх Хөрөнгө оруулалтын гэрээнд АМНАТ-ийг нийт 19 хүртэл хувиар тогтоох Протоколд гарын үсэг зурлаа
- Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын 2 дахь том төсөл Монгол Улсад илүү ашигтай нөхцлөөр хэрэгжих чухал алхам хийгдэж, “Эрдэнэс Монгол” ХК-ийн томоохон төслүүд хөдөлж эхэллээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФранц Улсад хийж буй Төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд анхны айлчлал бөгөөд учир нь үүний өмнөх Төрийн тэргүүнүүдийн тус улсад хийсэн айлчлалын зэрэглэл нь албан ёсны айлчлал учраас “анхны” гэж онцолж буй аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй Төрийн айлчлал нь БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш таван сарын дараа болж буй төрийн хариу айлчлал гэдгээрээ онцлогтой юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макротой албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд талууд харилцааг шинэ шатанд гаргах бөгөөд үүнийг тодруулбал, манай хоёр улсын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Онцгой эрхт түншлэлийн харилцаатай байгаа билээ.
Мөн айлчлалын хүрээнд хоёр улс харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлаар санал солилцох юм. Энэ үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, геологи, холбооны хиймэл дагуул, онцгой байдал, соёл зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгджээ.
Үүний эхлэл болж өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын “Орано Майнинг САС” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээ хийж урьдчилан зөвшилцсөн Протоколыг амжилттай үйлдлээ. Үүнд баярлахын учир нь энэхүү зөвшилцөлд хүрч, Протокол үйлдэхийн тулд Монголын тал Хөрөнгө оруулагч талаас нэлээд хүндхэн шаардлагуудын өмнө буулт хийхгүйгээр байр суурин дээрээ хатуу зогсох ёстой сорилтой тулгарч даван туулсан юм. Энэ талаар хойно өгүүлье.
Хамгийн гол нь “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын 2 дахь том төсөл” Монгол Улсад илүү ашигтай нөхцлөөр хэрэгжих урьдач нөхцөл болох маш чухал алхмыг хийж чадлаа. Үүний төлөө Ажлын хэсгийг ахалж өнөөдрийг хүртэл маш үр бүтээлтэй, хурдацтай ажиллаж чадсан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан, өнөөдөр Улаанбаатар хотын даргын албыг хүлээн авч шинэ ажлаа эхэлж буй Х.Нямбаатар, энэхүү торгон мөчид хүнд сорилтуудын өмнө ухаалаг тоглолтуудыг хийж Монгол Улсын эрх ашгийг хамгийн өндөрт тавьж зорьсон шаардлагууддаа хүрч чадсан одоогийн Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Ажлын хэсгийн дэд дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар болон өнөөдөр уг Протоколд Монгол Улсаа төлөөлж Франц улсын Төрийн өмчит “Орано групп”-ийн охин компани болон “Орано Майнинг САС” компанийн Ерөнхий захирал Клод Имовэнтэй гарын үсэг зурж Хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн эхний шанг татаж, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн томоохон төслүүд хөдөлж эхлэх торгон мөчийн хамгийн хариуцлагатай гэрч болсон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт талархал илэрхийлье.
Ингээд нэгэнт зөвшилцөж, зөвшөөрүүлж чадсан учраас баяртай мэдээ дуулгахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн хувь хэмжээг 11-19 хувьд хүргэх саналаа хөрөнгө оруулагч талаар хүлээн зөвшөөрүүлж Протоколд гарын үсэг зуралцаж чадлаа. Үүн дээр гол бэрхшээлтэй асуудал нь хөрөнгө оруулагч тал инфляцийн хувь хэмжээг АМНАТ-ын хувь хэмжээнд хамааралтай байхаар тусгахыг шаардаж байсан явдал юм. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээгээр ам.долларын ханшийн хуваарийн дагуу 30 жилээр тогтоох тул инфляцийг харгалзан үзэх ёстой гээд байсан. Энэ нь инфляци шингэсэн дүнгээс АМНАТ дээр дахин давхар хөнгөлөлт үзүүлэх болоход хүргэж байсан бөгөөд 30 жилийн үнэ ханшийн хэлбэлзлээр хэмжиж энэ гэрээг байгуулах нь ирээдүйд ашигтай гэхээсээ эрсдэлд хүргэвэл яах вэ гэдэг асуудал хамгийн чухал байсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй хамгийн хатуу шаардлага нь энэ байв.
Ингээд ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр товчхондоо Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10%-ийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр болсон. Үүнд юуны өмнө, “Ашигт ажиллагаанаас үл хамааран төслийн хугацаанд урьдчилан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдол ашиг авах”, цаашилбал, “Төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм, хувь эзэмшилд өөрчлөлт орох зэрэг асуудлаар хориг тавих онцгой эрхтэй байх” боломжтой боллоо.
Ийнхүү “Давуу эрхийн хувьцаа”-г эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5%, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар нэмж орлуулах, түүнчлэн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор зөвшилцөөд байна. Энэхүү АМНАТ-ын нөхцлийг жишээ болгож Оюутолгой төсөлтэй харьцуулбал уг төслөөр жилд 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалтаас 100 орчим сая ам.долларыг төсөвт төвлөрүүлдэг бол “Орано”-той хийж буй төслөөс жилд 400 орчим сая ам.долларын борлуулалтаас 50 сая орчим ам.долларын АМНАТ төлөх тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, нэгж борлуулалтаас хүртэх үр ашиг нь Оюутолгой төслийнхөөс 2.75 дахин илүү байхаар байна. Урьдчилж зөвшилцсөн АМНАТ-ийн хувь хэмжээг бусад улсуудтай харьцуулахад боломжит өндөр байдлаар тогтоосон гэж үзэж байгаа аж. Тухайлбал, Казакстан Улс дээрх бүтээгдэхүүнд 6 хувиар, Канад Улс 5 хувиар, Австрали Улс 3.5 хувиар, Узбекстан Улс 8 хувиар тус тус тогтоосон байдаг юм байна. Түүнчлэн хөрөнгө оруулагч талд Монгол Улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй юм.
Мөн Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкаар болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, эсхүл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх талаар урьдчилан тохиролцжээ. Энэ бол одоо хүртэл Оюутолгой төсөл дээр маргаантай хэвээр байгаа сэдэв. Үүнийг хашир суусан манай тал онцгой анхаарч шаардлагаа зөвшөөрүүлж чадсан нь маш сайн хэрэг мөн биз?
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймагт ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих зэргээр бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, Дорноговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд жилд 1 сая ам.долларын хөрөнгө оруулахаар байна. Мөн “Бадрах Энержи” ХХК-ийн нийт ажилтнуудын 96 хувь нь Монгол Улсын иргэн байх ба 30 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдэх бөгөөд төслийн хүрээнд шинээр 700 гаруй ажлын байр бий болно.
Ингээд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгагдах бусад нөхцлүүдээ талууд зөвшилцөж, гэрээний төслөө холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналын хамтаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.
Дашрамд дурдахад, дэлхийн зах зээл дээр шар нунтагийн үнэ сүүлийн гурван жилд тасралтгүй өсч байгаа бөгөөд цаашид ч энэ өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр /2023 оны 9 сарын байдлаар/ 1 фунт ураны исэл /U308/ 71.6 ам.доллар/фунт байна. Одоогийн байдлаар дэлхийн 30 улсад 441 реактор (391.7 GW) ажиллаж байгаагийн 178 нь Европ тивд, 143 нь Ази тивд ажиллаж байна. Цаашид дэлхийн хэмжээнд 482 реактор (517.3 GW) барихаар төлөвлөсөн ба үүнээс Ази тивд 315 реактор (БНХАУ-д 223) байгуулагдах ажээ.
Таатай мэдээгээ үргэлжлүүлж, төслийн эдийн засгийн үр өгөөжийн талаарх нэмэлт мэдээлэл өгөхөд төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гарсан байна.
Төслийн ашиглалтын хугацаанд улсад жилд 95.5 сая ам.доллар буюу нийт дүнгээр 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх тооцоололтой. Тухайлбал, АМНАТ-д жилд 47 сая ам.доллар буюу нийт 1,550 сая ам.долларыг төвлөрүүлнэ. Түүнчлэн, Монголын талын хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшилд урьдчилан тохирсон нөхцөлөөр жилд дунджаар 10 сая ам.доллароос багагүй хэмжээгээр буюу нийт 330 гаруй сая ам.долларын ногдол ашиг авах урьдчилсан тооцоололтой байна.
Ийнхүү Монгол Улс “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын 2 дахь том төсөл” “Орано Майнинг Сас”-тай нийт монголчуудынхаа эрх ашигт өнөөдөр болон ирэх 30 жилийн хугацаанд маш ашигтай, давуу нөхцлөөр хэрэгжих Хөрөнгө оруулалтын гэрээнд амин чухал асуудлуудыг хөндсөн Протколыг хөрөнгө оруулагч талд соёлтойгоор тулган хүлэн зөвшөөрүүлж чадлаа. Нөгөө талаар, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн томоохон төслүүд амжилттай бөгөөд “том” хэлцлээр хөдөлж эхэллээ гэдгийг энэ орой олон нийтдээ мэдээлэхэд таатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФранц Улсад хийж буй Төрийн анхны айлчлалд амжилт хүсье!