Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийг сайдад томилж буйгаа УИХ-д танилцуулахаар өнгөрөгч лхагва гаригт хүргүүлсэн. Гэвч, пүрэвт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ уг асуудлыг хэлэлцсэнгүй. Сураг сонсохнээ, "хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй" гэсэн юм байх. Уг томилгооноос болоод баасан гаригт нэгдсэн чуулган хуралдсангүй. 

Харин ч эсрэгээрээ, Ерөнхий сайд УИХ-д албан бичиг хүргүүлсний орой нь МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэдэг байгууллага хуралдаад Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргажээ. "Хяналтын ерөнхий хороо" гэдэг нь намын бүтцийн байгууллага болоод гишүүдэд намын дүрэм сахиулдаг байгууллага юм шиг байна. Намын дүрэмд зааснаар "Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол гишүүнийг намаас хөөх" үндэслэл болдог ч Б.Энхбаярыг чухам ямар үндэслэлээр хөөсөн талаар мэдээлэл алга. Хөөх шийдвэр гаргахдаа үндэслэлээ дурьдаагүй, зүгээр л хорооны гишүүдийн олонхийн /21-ээс 11 нь дэмжсэн/ саналаар хөөсөн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлсан. Б.Энхбаярыг намаас хөөвөл МАН-ын бүлэг болон МАН-ын намаас гарна гэдгээ нэр бүхий долоон гишүүн зарласан. М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар.

Гэтэл нөгөө талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар өөрийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн, УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан, 65 гишүүн кноп дарахад бэлэн байгаа тухай сүрдүүлэг маягийн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарав. 65 гишүүн гэдэг бол үндсэндээ УИХ дахь МАН-ын бүлэг бараг тэр чигээрээ гэсэн үг. Г.Занданшатарын Засгийн газарт хамтарсан ИЗНН, ХҮН-ууд арай ч нэг Засгийн газраа огцруулж эргүүтэхгүй байх. АН-ын бүлэг анхнаасаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шалгуулахыг шаардсан Улс төрийн зөвлөлийнхөө шийдвэрийг дагна гэдгээ мэдэгдсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн "Хамгийн том хулгайч нар чинь УИХ дотор байна" гэдэг үг яалт ч үгүй үнэн юм байна. УИХ-ын Д.Амарбаясгаланг шалгана гэнгүүт Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ.

Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүлэлдэхүүнээрээ огцрох хуультай. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар "Хамтарсан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлнэ" гээд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан есөн сайдыг улираан томилсон. Энэ удаа Засгийн газар огцорвол эдгээр сайд нар гурав дахиа томилогдох нь юу л бол. Ямар гуутай бурхад байгаа биш. Тэгэхээр "кноп дарахад бэлэн" гэгдээд байгаа 65 гишүүн дотор дараачийн Засгийн газрын сайд нар яваа гэдэг нь баталгаатай. Товчхондоо МАН-ын гуравдугаар ээлжийнхэн "хоолондоо" орох гээд дугаарлаж эхэлсэн бололтой. 

Гэхдээ, энд нэг чухал зүйл орхигдоод байна. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж буй П.Сайнзориг гишүүнийн бланк дээр бичигдсэн үндэслэл. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүй үндэслэлээр ойчсон, УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхээс татгалзсан. Гэтэл Г.Занданшатарыг унагах энэ дайны үндэслэл, шалтгаан бий юу? гэдэг асуулт. Хэрэв тийм зүйл байхгүй бол УИХ энэ асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй. Гэвч 64 гишүүн кнопдоход л парламентын олонхи болж Засгийн газар огцроход хүрнэ. 

Эсвэл, Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн бариад түүнийг нь гишүүдийн 2/3 дэмжсэнээр УИХ хугацаанаасаа өмнө тарж, ээлжит сонгууль явуулах өөр нэг арга зам байна. Бараг тэр нь ч дээр байх. 

Үндсэндээ парламентын олонхи болсон МАН засаглах чадамжгүй гэдгээ өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бүрэн нотоллоо. "Эрчимтай хөгжил" ярьж байгуулсан эхний Засгийн газар нь орлогоо нотолж чадаагүй Ерөнхий сайдаасаа болж огцорсон. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь "Нүүрсний хулгайг шалгана" гэж хэлээд огцрох болзлоо хангачихлаа. Одоо цаашид энэ намд, парламентын олонхид иргэд, сонгогчдын өмнө хэлэх үг, тавих тайлан үлдсэнгүй. Намын даргынхаа сонгуулийг ч дүрмийн дагуу, маргаан гаргалгүй хийж чадсангүй. Намын даргынхаа сонгуулиас болоод намаараа хагарч, тэр нь парламентын, институцийн хагарал болж хувирлаа.

Энэ тохиолдолд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцүүлээд шинээр сонгууль явуулахаас өөр гарц, гаргалгаа алга. Парламентын институцийг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн хийж чадах ганц зүйл энэ л байна. Үүн дээр нэг намын эрх ашиг яригдах ёсгүй.

inews.mn