НУРАЛТ
1921 оны 2-р сард, өөрөөр хэлбэл, ардын хувьсгалаас 5 сарын өмнө Барон Унгернтэй хамжилцан нийслэл Хүрээг гамингаас чөлөөлсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант автономит Монгол улсын сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 80-аад хүнийг “цагаантантай нөхөрлөсөн” гэж 1921 оны 7-р сард, өөрөөр хэлбэл наадмын өдрүүдэд, хөнөөснөөр ар Монголд аллага нүүрлэжээ. (Миний авга Дамдин гүн энэ дайрлагад өртсөн юм гэнэ лээ. Тэр бээр тусгай зарын дагуу орон нутгаасаа цэрэг дайчлан Хүрээг чөлөөлөхөд оролцсон гүн). 1921 оны 12-р сард, өөрөөр хэлбэл, хувьсгал мандсан гэх 1921 оны 7-р сарын 11-нээс хойш дөнгөж 5 сарын дараа “Богдын сэм дэмжлэгтэйгээр ардын засгийг эсэргүүцэн босохоор бэлтгэсэн” гэх зохиомол ялаар Богдын торгон цэргийн дарга саж лам Жамъянданзан нарын 48 гэмгүй хүнийг буудан хороосноор-монгол цус ус мэт урсав. Болъщевикууд бурхны хүлцэнгүй шашинт ХХ зууны хамгийн ядуу буурай оронд яргаллаа ийнхүү бадрангуй нээжээ.
Нээлтээсээ 8 сарын дараа буюу 1922 оны 8-р сард ерөнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд да лам Пунцагдорж, Түр засгийн газрын ерөнхий сайд Шагдаржав нар буюу манай удирдагчдыг цаазлав. Яргалал гаарсан нь оросууд их яарсан болтой. Яргалал биш хэлмэгдэл гэж бичих ёстойг би мартах гээд л байна. 7 сарын дараа 1923 оны 2-р сард Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатар сэжигтэй нас барав. Хүрээнд орж ирсэн улаан цэргийн буцах хугацаа хэлэлцээ ёсоор өнгөрчөөд байхад зайлахгүй аллага, дээрэм, хүчирхийлэл хэрээс хэтэрсэнд Богд түгшиж, тэдний гарах хугацаа аль эрт хэтэрснийг Сүхбаатараар хэлүүлжээ. Богдын зовнилыг дамжуулсан Сүхбаатар улаантны хараанд өртөж, түүнийг цэргийн яамны тэргүүн сайдаас орон тооны цомхотголоор албан байгууллагын манаач шиг хасаж, гудманд сулдаа ганхах жанжнаар хаяжээ. Ажилгүй болсон цаг мөчдөө хорин хэдхэн настай эрүүл чийргээрээ гайхагдсан Жанжин хамрын шуухинаагаар үхсэн нь эргэлзээ төрүүлдэг. Эхлээд албан тушаалыг нь, дараа нь амийг нь авсан ч юм шиг. Түүний үхэлтэй зэрэгцээд 1924 оны 4-р сард Бээжинд Караханы гэрээ гэгч Зөвлөлт-Хятадын хэлэлцээр “Монголыг Хятадын салшгүй хэсэг” гэж хоёр тал үзэглэв. Сарын дараа 1924 оны 5-р сард Богд учир битүүлэг үхсэн. Үүнээс 3-хан сарын дараа 1924 оны 8-р сард Солийн Данзанг буудав. Залгаад гурван улсын Хиагтын гэрээнд томилогдож, Орос Хятадын ихэмсэг дээрэнгүй түшмэдтэй хүч тэнцвэргүй нөхцөлд эх орон ард олныхоо хувь заяаг хамгаалсан Ширнэндамдин, егзөр хутагт Галсандаш, манзушир хутагт Цэрэндорж, баатар гүн Гомбо-Идшин зэрэг нөлөө бүхий язгууртныг цаазалж, “ноёд”-ын гэх намыг устгажээ.
Энэ нь коммунизмыг тэлэх Лениний геноцит байлаа. Англи, Швецари гэх мэт орны үндсэн хуулийг хэр хэмжээндээ судалж асан Бодоо, Данзан нарыг цуут алуурч Я.Блюмкин хөнөөж, бүгд найрамдах засаглал сонирхсон санааг бут цохив. Дараа нь амьд бурхан гэж шүтэгдсэн Богдыг хорлосноор “Хаангүй болсон учир одоо та муусайнд хаант засаг хэрэггүй” гэж шүтлэгтэн олныг мохоох гэжээ. Гэвч энэ ов мэхэнд хэн ч хууртаагүй. Цуст хүчирхийлэлд дийлдээд хүлцэв. Ар Монголд тааруулсан хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгох үндсэн хуулийг Оросын 1918 оны харгис хуулийн загвараар Всесвятский, Рыскулов, Элбэгдорж-Ренчино нар, (Б.Цэрэндоржийг хэлбэр төдий оруулан) боловсруулж, 1924 оны 11-р сарын 26-нд цус урсган байж баталсныг МАН баярын өдрөөр тунхаглав.
Улаан оросын айлдвараар аравнайлсан Үндсэн хуулийнхаа заалтуудаар 50-60 жил “хөрөнгөтний бус замаар-хувьсгалыг гүнзгийрүүлж” хар шар феодал, ардын дайсан, нударган эсэргүүг толгой дараалан буудаж, төөрсөн сэхээтэн, намын эсрэг бүлгийн олон зуун гишүүнийг насаар нь цөлж, монгол соёл, шашин, бичиг үсэг, ер үндэсний гэх үнэт зүйлсийг устгав. Эцэст нь айлуудаас малыг нь булааж авлаа. Энэ бүгд анхдугаар үндсэн хуулийнхаа заалтуудыг ширхэгчлэн хэрэгжүүлж буй хувьсгал шүү дээ. Ийм гамшиг Зөвлөлтийн бүх үндэстэнийг дайрсан. Ленин багш хэдэн сая, эцэг Сталин хэдэн саяыг хөнөөсөн гэдэг болоо вэ? Аймаар тоо орос түүхчид сөхсөн байна лээ. Хоёр тивийг түйвээсэн цунами мэт аймшигт дайрлагын хаялга буурай Монголын сая хүрэхгүй хүнээс 40-50 мянгыг шүргэх юу ч биш гэх үү.
Анхдугаар үндсэн хуулиар эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрх эдэлсэн нь Азийн улс орнуудад эхлээ ч үгүй олзуурхам дэвшил болсон ч харамсалтай нь хүүхнүүд өөрсдөө толгой мэдэж санал өгөх бус дээрээс тушаасан хүнийг сонгодог “эрх”-тэй болов. Ер нь эртний монгол бүсгүйчүүд сонгуульд санал өгөх эрхгүй байсан гэж шүүмжлэх утгагүй. Учир нь тэр цагт сонгууль ерөөс байгаагүй. Тиймээс сонгуульд оролцох эрхгүй байсан хүүхнүүдийг анхдугаар үндсэн хууль эрхтэй болгосон гэж онгирох инээдтэй. Харин алтан ургийн удам-ван гүн, хохь тайж мөн лам хуврагуудын сонгох эрхийг хасчээ.
100 гаруй мянган хувраг, ардын дайснаа устага гэсэн командыг Гэндэн Амар нар эсэргүүцсээр Москвад олныхоо төлөө цаазлуулсан бол Чойбалсан өөрөө л амь мултарвал түм буман эх оронч үрэгдэхийг тоосонгүй. Ардын дайсныг алаад бай, гүйцэтгэе. Японы тагнуулыг буудаад бай, гүйцэтгэе. Алаад байлаа, буудаад байлаа. Зүв зүгээр мөрөөрөө хязгааргүй нутагтаа тархай бутархай аж төрж явсан, гэм нь олон малтай малчид өөр лүүгээ чиглэсэн бууны онгойх хар амыг гайхсан нүдээр нэг их том хараад л буудуулж байв. Хуврагууд “бид даанч тамтаггүй явж сахил санваараа дэндүү бузарласан нүгэлтэй улс. Өөрсдийнхөө үйлийн үрээр буудуулж байна” гээд алуулж байсан гэдэг юм.
Харин дарга нарын хувьд тэд малчид лам нараас арай өөрөөр хэлмэгдэв. Баривчлагдсан дарга нар амь гарахын тулд өөрийгөө барьсан дарга, байцааж тамласан мөрдөгч нараа “орос сургагчийг алах”, “Чойбалсанг хөнөөх” даалгавар өгч байсан гэж сөргүүлэн гүжирдэж, нөгөөдүүл нь баривчлагдаж эхэлжээ. Ийм нуралтад өөрсдөө орсон нь лоймол агаад гутамшигтай. Хэцүү үед нөхрийн чанар танигдана гэдэг. Ямар ч гэсэн Чечень хүүхнүүд шиг өөрийгөө дэлбэлээд хэдэн сургагч нухчих эх оронч гараагүй юм даг. Хүйтэн санаатай хэл буруутны идшинд, шившигтэй хулчгар монголчууд бие биеэ барьж өгч байжээ.
Монгол дарга нар өөрсдийгөө хэрхэн хөнөөсний тод жишээ бол Бүргэдийн Лосол. Алтайн ядуу зүдүү хүү орос худалдаачны ноос угааж, түлш түүж, гал тогоо барьж, мөн баян айлд зарцлагдаж яваад цэргийн албаар дамжин хувьсгалт нам засагт цалинтай ажилд ороод хөөрсөндөө маш зүтгэлтэй ажиллажээ. Ядуугийн талхинд нялхаас нухлагдсан Лосол гойд идэвхтэй хэнхэглэснээр дэвшээд эхлэв. Өгсөх шат олсондоо туйлаас баярласан Лосол хүү махраад байж. Гарыг ганзганд хөлийг дөрөөнд хүргэсэн аугаа СССР, ачит Намзасагт үнэнч гэж хязгааргүйн хэрээр ардын дайсныг үзэн ядахдаа гаргууд хүмүүжиж, Дотоод яамны орлогч сайдаар залрав. (Анхны 7-гийн нэг эх оронч лам Лосол биш Бүргэдийн Лосол).
Гачлантай нь Б.Лосолын жаргал охор байж. Шоронд тамлагдсан хүмүүсийн хариугаа авах-матаасаар том дарга нар өдөр бүр баривчлагдсаар Лосолд тулж ирэв. Лосол аюулаас бултахын тулд эсэргүү гэснээ хайр найргүй яргаллаа. Өвөрхангайн зэвсэгт бослого, Ж.Лхүмбийн Дорнод аймаг дахь бүлэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн лам нар гэх зохиомол хэрэг үүсгэн гэмгүй олныг хөнөөснөөр итгэл олж, амь гарах гэсэн өөдгүй шаар. Онцгой бүрэн эрхэт комиссын хуралд найман удаа Чойбалсанг орлож 4510 хүний хэргийг тасалж, 3926 хүнд цааз өгч, 584 хүнийг олон жил шоронд хатаахаар шийтгэсэн. Өчнөөн сүм хийд бурхан тахил судар ном шатааж, үнэнчээ онцгой харуулахаар улангассан ч түүнийг баривчлав.
Тэр “Ал гэснийг нь алаад, шатаа гэснийг нь шатаагаад байхад баривчилдаг юм бол бүгдийг чинь сүйтэгнэ дээ” гэж занаад тухайн үеийн удирдагчдыг, мөн Дотоод яамны ногоон малгайт журмын нөхдөө эсэргүү бүлгийн гишүүд гэж гүтгэн цаазлуулаад, өөрөө амь мултрах гэтэл харамсалтай нь түүнд цаазын ял өгчээ. Цаазын ял сонсоод өч төчнөөн гэмгүй хүн өрөвдөх сэтгэлгүй хөнөөсөн түүний үнхэлцэг хагарчих дөхсөн нь бараг инээдтэй. Айсандаа эсэргүүн бүлгийн гишүүд гэж дарга нарын нэрийг зарлаж гарчээ. Орос сургагч нар түүнийг тусгай тохилог өрөөнд ганцаар оруулж сайн чанарын хоол тамхи зэргээр хангаж алах ял гүйцэтгэх өдрийг хойшлуулж, цааш олон эсэргүү нэрлэхийг шаардсанаар хүний мөсгүй Лосол амь гарах нь гэж горьдоод Холбоот улсаас салж Японтой нийлэх зорилго бүхий эсэргүү бүлгийн 300 гишүүн нэрлэж бариулсан аж. Би үхэхээр чи үх гэжээ.
Лосол шоронд байхдаа хэн нь амьд яваад хэн нь үхэх ёстой юм бэ, бүгдийг чинь нэрлэнэ дээ гээд наранд яваа анд нөхдөө занаж, шинээр сайд, орлогч сайдад томилогдсон хүмүүсийг матахаар шоронгоос чих тавин сураглаж байсан гэдэг юм. Харийн харгислалд монгол хүн ингэж зүтгэж, монгол нөхдөө устгасан нь юутай шившиг. Лосол баригдсандаа өширхөж, ДЯЯ-ныхан, нам төрийн удирдлагуудтай хамт унахыг эцсийн зорилгоо болгожээ.
Орос сургагч нар зорилгоо бүтээсэн учир Лосолыг буудчихсан. Тэр бээр гомдол хорсолдоо багтарсан байж таарна. Харин хэнд хорсоо бол? Монголд уу, оросод уу? Эсвэл өөрийгөө үзэн ядсан бол уу. Лосолын санаачилгаар хөнөөсөн Өвөрхангайн хуврагууд, Дорнод дахь Лхүмбийн бүлэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн эсэргүү 1990 оны шалгалтаар бүгд гүжир гүтгэлэг байсан нь тогтоогдсон. Үй олон хүн хилсээр тоохгүй хөнөөсөн атлаа өөрөө гэмгүй нөхөдтэйгөө хамт алуулахыг хичээсэн муухай зан монгол хүнээс гарсанд зүрх хөндүүрлэв. Өөдгүй хүмүүс хэлмэгдлийг дэврээдэг агаад нөхөддөө, эх орондоо гай тарьдаг. Олуулаа алуулах ганцаараа алуулахаас хөнгөн гэж үү? Ганц Лосол байгаагүй олон Лосол байсан. Хэлмэгдсэн дарга нарын дунд буудуулахынхаа өмнө гэмгүй нөхдийнхөө амийг авч одсон үхээр цөөнгүй. Харин эсэргүүн хэмээх лам нар, нударган хэмээх чинээлэг малчид өчиггүй буудуулахдаа нэг ч хүн гүтгэж хөнөөгөөгүй. Гол ялгаа нь энэ. Улаан оросын өршөөлгүй геноцитийн түйрэнд төөрч барьц алдсан Бүргэдийн Лосол гэгч ухвар мөчиг залуугаас энэ бичвэрийнхээ өмнөөс бурханд залбиръя. Хойд насандаа сайн хүн болж төрсөн буй зээ. Түүнийг цагаатгаагүй юм билээ.
Монголчуудыг хөнөөсөн оросууд өөрсдийнхөө нүглийг зөвтгөж, тэдэнд буудуулсан монголчууд ардын дайсан, японы тагнуул байсан гэж хойч үед рапортлах нь зүй. Харин тэдний энэ хорон санааг “Монгол түүхийн жинхэнэ үнэн” гэж тархи угаасан үе үеийн нам засгийн толгойлогчдыг олон нийтэд жигшүүлэх ёстой. Өнгөрсөн зууны алдаа энэ зууны сургамж билээ.
Нэг өдөр улаантан нөгөө өдөр цагаантан омгорхсон, заримдаа хэн нь ч үл мэдэгдэх атаман довтлон дайрч, буриад зоны адуу мал хүнс хоолыг хураана. Буриад нарыг алж талах, тонон дээрэмдэх гаарчээ. Буриадууд ой хөвчид бүгж, чимээ гаргахгүйн тулд хүүхдээ уйлуулахгүй, нохойгоо хуцуулахгүйг хичээж байв. Тэд хядалгаас дүрвэж, элэг нэгт Халх руу хил давж нүүсэн ч араас нь мөшгиж, Ерөөд гэхэд л бүх эрчүүд, том биетэй эрэгтэй хүүхдийг хүртэл баривчилж, хөгжлийн бэрхшээлтэй гурван эр хүйстэн үлдсэний хэлгүйг тоогоо ахиулахын тулд баривчлаад явжээ.
Хөөрхий монголчуудын АРГАГҮЙДЭЛ. Яах ч арга тэдэнд минь байсангүй. Дундад ази, Казах, ар өвөр Кавказ, Балти орчмын улс цөм нухчин дарагдав. Тиймээс Чойбалсан нарын хулчгар зан оносон ч юм шиг. “Хичнээн аавын хүүгийн алтан амиар тусгаар тогтнолоо авч үлдэх юм бол” гээд уйлсан нь үнэн ч баймаар. Хилс хэрэгт тулгагдаж, аймшигт эрүү шүүлтэд тэсэхүй еэ тамлагдавч гол нь тасарч өгөхгүйд шантарч, гомдож хорссондоо Оросын бууны нохой болж, монголчуудаа тамлаж, ад хөдлөм хийрхсэн галзуу хувьсгалчдаас хонзонгоо авахаар тэднийг Японы тагнуул гэж баривчлуулж, ингэснээр орвонгоороо нурж асныг сануулахын ялдамд наранд яваа монгол, монголоо гүтгэн баривчлуулж байгаагүйг хэлье. Лхүмбийг гэхэд л Зөвлөлтийн “Улс төрийн нэгдсэн удирдах газрын гадаад хэлтэс” Улаанбаатараас Сталинд матаж, баривчлуулсан болохоос санаачлага манайхаас гараагүй. Ер нь бүгд энэ замаар баривчлагдаж байв. Москва ч юм уу, Оросын элчин ч юм уу, хэн нэг орос сургагч ч юм уу, Монголын удирдлагад үүнийгээ барь, түүнийгээ бууд гэхэд л өөдөөс нь ганхийх эрх байсангүй. Ганхийвэл орос бууны суманд нэгмөсөн ганхийдэг хатуу жишиг тогтжээ.
Нэг голд төрж өссөн Лхүмбийгээ хилсдүүлэхгүй гэх мэдэл Гэндэнд байсангүй. Түүний гавалд орос буу тулгаастай. Москвад хоригдсон Цэдэнбалыгаа нутаг нэгт Батмөнх эх орондоо авчрах эрхгүйдээ шаналсаар өнгөрсөн. Лхүмбийг баригдахад тэднийх ядаж Гэндэнгийнтэй айл зусаж байсан нь бүр ч халгаатай. Хэн хэндээ ямар хэцүү байсан бол. Лхүмбийн гэргий Норжмаа,
-Гэндэн гэрээсээ гараад манайх руу хазганаад ирсэн. Гэрт ороод Гэндэн хоймор суусан. Би цай аягалж өгөөд,
-Яаж байгаа юм бэ? гэсэнд,
-Энэ үг гадагш гарсан байвал чи мэдэх болно. Чи бол багш хүн, учир мэдэх хүн. Лхүмбэ хойшоо явсан биш одоо Дотоодыг хамгаалахын мэдэлд байгаа гэж хэлсэнд би учиргүй чангаар хашгирч уйлсан. Гэндэн,
-Чи уйлж болохгүй. Хээ чи,.. эм хүн гэж хэрэгт ордоггүй юм биш шүү дээ Норжмаа минь гэж хэлчээд гараад явчихсан.
Тэгээд 1934 онд улсын наадмын үеэр сонинд Лхүмбэ, Содном-Иш нарын зэрэг хүмүүсийг цаазаар авсан тухай бичсэн байсан. Лхүмбэ эсэргүү болсонд би их гайхдаг байлаа. Гэтэл дараа нь Гэндэн Дэмид зэрэг тэр үеийн томчууд баригдсан. Лхүмбийг тэд барьж шийтгээд дараа нь өөрсдөө Лхүмбэтэй адил болсон доо” гэжээ. Өөр нэг баримтад тамлагдаж зовсон Лхүмбэ Дэмидэд,
-Та нар бүр арчаагаа алдаа юу гэж уурлан хэлэхэд Дэмид,
-Аргагүй болоод л ингэж байна шүү дээ. Аргатай бол чамайг яах гэж ингэж суулгахав дээ гэсэн байдаг. Энэ бол нуралт бус аргагүйдэл.
Улсын бага хурлын дарга А.Амар Лхүмбийг цаазаар авах тогтоолд гарын үсэг зуруулах гэхэд зуралгүй гүрийсэн нь өршөөлгүй харгислалын үед мөн ч лут зориг шүү. Монгол хүний ийм чанараар үр хүүхдээ хүмүүжүүлэх сэн. Лхүмбийн хэрэгт 53 хүнийг буудаж, 136 хүнийг 10 хүртэлх жилээр хорьж, 126 хүнийг ЗХУ-д цөлжээ. Колымын хөлдүү хойгт хүний ёсноос анги тамлал туулсан тэд эргэж ирэхчээ болоход 1936 онд Амар Догсом нарын чармайлтаар хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Улсын бага хурлаас өршөөл үзүүлж сулласан юм. Гэвч 1937 онд (Чойбалсанд эрх мэдэл шилжсэн үед) дахин баривчилж, ямар ч гэмгүй хөөрхий тэр олон буриадыг буудан хороожээ.
Лхүмбэ хатуу ширүүн эрүү шүүлтэд тарчилж ухаан алдаж байхдаа ч өөрт тулгасан нэг ч хилс хэрэг хүлээгээгүй бөгөөд “Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яахав. Ганц толгойгоороо дуусъя” гэсээр амиа өгчээ. Ижилхэн монгол эцэг эхээс төрж, адилхан монгол ах дүүсийн дунд өсч бойжсон Ж.Лхүмбэ Б.Лосол хоёр ийм ондоо эрс байж. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг энэ вий дээ. Нөхдийнхөө амиар өөрийн амийг авч гарах гэсэн урвагчдыг улаан оросууд өршөөгөөгүй нь хохь гэлтэй. Устгах баахан гэмгүй хүний нэр хэлүүлж аваад, дараа нь өөрсдийг нь мөн л цааш харуулдаг байжээ. Монголд даналзсан орос сургагчид нутагтаа очоод буудуулж байсан нь улаантны арга. (Эдүгээ хаалгыг нь цөм өшиглөж ороод украйнчуудыг гэрт нь алж буй оросуудыг өмөөрөөд, алуулж буй украйнчуудыг зүхэгч монгол сүрэг сошиалаар дүүрэн. Тэдний өвгө эмгэ улаантанд буудуулсан ч орос ахаа цээжээрээ хаахад бэлэн гэх байх даа).
Зочин
Еврэй
Зочин
irgen
Оноч
Зочин
Оноч
Оноч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Цаг хугацаа хэзээ вэ?
Ц. Эрдэнэбат
Зочин