“Ноцтой” албан даалгаврыг тань биелүүлэх үү, Монгол Улсын хуулийг биелүүлэх үү, Б.Энхбаяр сайд аа?
-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй шийдвэрийг шалгаж өгөхийг УЕП, АТГ-аас хүсэж байна-
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр одоогоос арав гаруй хоногийн өмнө нэгэн Албан даалгавар үйлджээ. Нууцын дардасгүй учраас энэ талаар бичих нь гэм зэм гэж үзэхгүй байна. Тиймээс анхаарал татсан хэсгээс эш татъя.
Уг албан даалгаварт “Улсын бүртгэлийн Y-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийг хасаж “Аюуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд даалгажээ.
Хууль тогтоомжид нийцсэн бүртгэлийг “хууль тогтоомжид нийцүүлж залруул” хэмээн даалгасан Б.Энхбаяр сайдын энэхүү Албан даалгавар нь хуулийг яаж зөрчсөн бэ? Юуны өмнө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын хувийн хэрэгтэй улсын байцаагч, улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээр бусад этгээд танилцах, улсын байцаагч, улсын бүртгэгчээс бусад этгээд өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно гэж заасан байдаг. Б.Энхбаяр сайд та эдгээрийн аль нь вэ? Улсын байцаагч, эсвэл улсын бүртгэгч биш учраас та танилцаж ч болохгүй байтал “Залруул” гээд даалгачихсан байгаа биз?
Цаашилбал, энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсэн байна. Гэтэл та энэхүү Албан даалагавартаа өөрийнхөө гаргасан тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил болгон үзэж “ажлын хариуцлага, сахилга дэг журам чангатгах зорилгоор” ийм албан даалгавар гаргаж байгаагаа дурджээ.
Уучлаарай, бас л таны эрх мэдэлд хамаарахгүй нь. “Хуашинконстракнш Монгол” ХХК гомдлоо хуулийн дагуу Улсын ерөнхий байцаагч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд гаргасан. Хариуд нь Улсын ерөнхий байцаагч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын байцаагчийнхаа шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна. Энэ тохиолдолд “Хуашинконстракнш Монгол” компанид үлдсэн хуулийн гарц нь шүүхэд хандах явдал байгаа биз? Гэтэл яагаад шүүхэд биш ХЗДХ-ийн сайд хятадын компанийн эрх ашигт нийцүүлж Монгол Улсын бүртгэлийн байгууллагын удаа дараагийн, шат дараалсан шийдвэрийг “залруул” гээд Албан даалгавар өгөөд явж байдаг билээ? ХЗДХ-ийн сайдад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, улсын байцаагчийн шийдвэр өөрчлөх, хүчингүй болгох ямар ч эрхийг хуулиар олгоогүй, зөвхөн шүүх эрх хэмжээний асуудал байтал ийнхүү Үндсэн хуулийн 47.2-т заасан “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж нэг компанийн гаргасан гомдлоор асуудалд хандаж, эрх мэдлээ ашиглаж давуу байдал олгосон байдал харагдаж байна.
Тэр ч байтугай яг энэ өнцгөөсөө албан даалгавар үйлдэж Улсын бүртгэлийн газрын уг бичигт нэр дурдагдсан 13 хүнд хариуцлага ногдуулахыг даалгасан байна шүү дээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашинконстракшн Монгол” компанид ингэж айхавтар “үйлчилж” болж байгаа юм уу, Монгол Улсын ХЗДХ-ийн сайд аа!
Тиймээс энэ асуудлыг АТГ болон Улсын Ерөнхий Прокурорт бичгээр танилцуулж хариуг нь олон нийттэй хуваалцаж хэлэлцэх болно.
Энэ дөнгөж эхлэл нь. Цааш нь яаж хууль зөрчсөн бэ гэхээр ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнд уг Албан даалгавраар өгөгдсөн даалгавар их сонин. УБЕГ-аас ХХЕГ-т 2023 оны 5 дугаар сарын 05-нд албан бичгээр нэгэн тодруулга хүргүүлсэн. Үүнд “Хуашинконстракшн Монгол” /ГХО/ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Hang Feilong, Гүйцэтгэх захирал Zhang Dong нарын Монгол Улсын хилээр орж ирсэн болон гарсан талаарх мэдээллийг тус газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсье гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс нэг сарын дараа дахиад бичиг илгээхдээ “Хуашинконстракшн Монгол” /ГХО/ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Hang Feilong-ийн паспортын хуулбарт 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн тэмдэглэгээ, дардас байгаа нь ямар учиртай юм бэ, энэ хүнийг 2020 оноос хойш Монгол Улсын хилээр орсон, гарсан эсэх талаарх мэдээллийг тодруулж ирүүлэхийг хүсье гэсэн байдаг.
Гэтэл “Хуашинконстракшн Монгол” /ГХО/ ХХК-ийн 100 хувийн хувьцаа худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан Гүйцэтгэх захирал Zhang Dong нь 2019.11.30-нд хилээр гараад 2022 оны 09 дүгээр сарын 25-нд Монгол Улсад буцаж орж ирсэн бол тус компанийн хувьцааг худалдсан БНХАУ-ын иргэн Hang Feilong нь 2018 оны 1 дүгээр сарын 21-нд хилээр гараад дахин орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын хэн, хэн нь 2021 онд Монгол Улсад байгаагүй. Иймд БНХАУ-ын иргэн Zhang Dong нь бусдаар дамжуулж бүртгэл хийлгэхдээ Монгол Улсад орж ирсэн гэх MNG3182829 дугаартай виз, 2020.01.02-ны өдөр хил нэвтэрсэн тэмдэглэгээтэй гадаад паспортын хуулбарыг бүртгэлийн байгууллагад өгсөн байдаг. Гэтэл ийм виз Монгол Улсын визийн мэдээллийн санд байхгүй, түүнчлэн гадаад паспорт дээрх улсын хил нэвтэрсэн гэх өдөр БНХАУ-ын иргэн Zhang Dong Монгол Улсад ирээгүй болохыг ХХЕГ-ын лавлагаа нотолж байна. Энэ нөхцөлд Монгол Улсын визийг дуурайлгасан байж болзошгүй байдал үүсчихээд байхад үүнийг цагдаагийн байгууллагад шалгуулж буй Монгол Улсынхаа хил хамгаалах газрын ажилтанд хариуцлага ногдуулахыг Албан даалгавартаа даалгаж яаж чадаж байна аа, Б.Энхбаяр сайд аа! Таны Албан даалгаварт дурдсанаар бол Монгол Улсын визийн мэдээллийн санд байхгүй, гадаад паспорт дээрх улсын хил нэвтэрсэн өдөр Монгол Улсын хилээр орж ирээгүй БНХАУ-ын иргэн Zhang Dong гэгчийг тухайн өдөр хилээр нэвтэрч орж ирсэн болгож, мэдээллийн санд байхгүй ч гэсэн нэрийг нь “байлгаж” залруулах болох нь ээ дээ?
Энэ бүхэн нь даанч дэндүү эмзэг нандин асуудлуудаараа Хятадын “Хуашинконстракшн Монгол”-д үйлчилж байгаа ил цагаандаа гарсан үйлдэл биш гэж үү? Цаашид ХЗДХ-ийн сайдын удирдлага дор захирагддаг ХХЕГ, УБЕГ-ын ажилтнууд Монгол Улсын хуулийг мөрдөж ажиллах уу, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын албан даалгаврыг мөрдөж ажиллах уу гэдгийг олон нийтийн өмнө хариу мэдэгдэнэ үү.
Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашинконстракшн Монгол” компани, түүний захирал БНХАУ-ын иргэн Zhang Dong нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт, эд хөрөнгө, эсхүл мөнгөн хөрөнгөтэй холбоотой маргаанаа Иргэний шүүх, эсвэл Арбитрын шүүх, түүнчлэн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхээр тус тус шийдэврлүүлэхээр заасан байтал ямар хуульд зааснаар ХЗДХ-ийн сайдад хандаж, улмаар сайд нь дотоод хяналт шалгалт гэх нэрээр бусдын хөрөнгийн улсын бүртгэлийг залруулахаар Албан даалгавар гаргаж буй нь “Хуашинконстракшн Монгол” компанид хуулиар олгоогүй давуу байдлыг бий болгож буй эсэхийг, тийм бол авлигын шинжтэй эсэхийг тогтоолгохоор Улсын Ерөнхий Прокурор болон АТГ-т хандлаа. Уг нөхцөл байдалтай албан ёсны хариу тайлбар, баримт бичгүүдийг мөн дээрх байгууллагуудад хүлээлгэн өгч хариуг олон нийттэй хамтдаа ил тодоор хүлээж байна.
/Үргэлжлэл бий…/