XV –р зуун эхлэх үед европ тив бохир заваандаа дарагдсан, шинжлэх ухаанаар дорно дахин, муслимын ертөнцөөс хэтэрхий хоцрогдсон, зуун жилийн дараа “зэрлэгүүд” хэмээн түриймгийлэх Ацтек, Маяагаас ч бүдүүлэг ертөнц байлаа. Европын төв, хамгийн том, хамгийн хөгжсөн Парис хот гэхэд тухайн үед ердөө 80 мянган хүнтэй, бохирын шугамгүй хот байхад Ацтекийн Теночтитлан 300 мянган хүнтэй, бохирын системтэй хот байв. Энэтхэг, хятадын том хотуудын хүн ам саяар тоологдоно. Харин ердөө 100 жилийн дотор энэ бүх харьцаа өөрчлөгдсөн юм. Энд нэг л том шалтгаан байсан. Анхны банк 1472 онд Флоренцэд, харин анхны хөрөнгийн бирж 1602 онд Холландад байгуулагджээ. Банк, санхүүгийн зах зээл хөгжсөнөөр илүү олон хүнд шинэ боломж нээгдэж, компанийн бизнес цэцэглэсэн нь европын сэргэлтийн гол шалтгаан юм. Угтаа “компани” гэдэг нь “нөхөрлөл”, “бизнес” гэдэг нь “ажил хэрэг” гэсэн утгатай үг. Өрнийнхөн гайхалтай нээлт хийчихсэн хэрэг биш, “нөхөрлөл ажил хэрэг” нь л хөгжчихсөн хэрэг. Хажууд нь “нөхөрлөл ажил хэрэг” хөгжөөгүй бусад ертөнц өнгөрсөн зуундаа үлдэж, бүдүүлгээрээ дуудуулах тавилантай үлдэв. Эрт цагт ч гэлтгүй өнөө цагт санхүүгийн зах зээлийг бодитой ашигласан Норвеги байгалийн баялгаар их наяд долларын хөрөнгө төвлөрүүлсэн байхад ашиглаж чадаагүй Монгол байгалийн баялгаас хэдэн тэрбум долларын өртэй үлдэж байх жишээний. Эрдэс бүтээгдэхүүн урсаж байж мөнгө болно, эргэлдэж байж баялаг болно. Нэг үеэ бодоход урсгахыг нь бол чадаад байна, одоо харин эргэлдүүлж баялаг болгох цаг нь иржээ.

2010 онд Эрдэнэс Таван толгой компани байгуулагдан, иргэн бүрт 1072 хувьцаа хуваарилж, баялгийн сан бүрдүүлэх анхны оролдлого эхлүүлсэн. Гэхдээ сонгуулийн амлалт хэрэгжүүлэх бүртээ өнөөх 1072 хувьцаатай зууралдаж байлаа. Жишээ нь оюутны сургалтын төлбөр нэг удаа авсан бол 1072 хувьцаанаас тал нь хасагдана, 2016 оны сонгуульд гэхэд засгаас 300 мянган төгрөг бэлнээр авч, хариуд нь 322 ширхэг хувьцаагаа хасуулсан хүн олон. Хүмүүсийн дийлэнхи нь мөнгө өгсөн дээр нь авъя гэснээс биш үнэндээ ойлгоогүй, 1072 хувьцаа амилна гэдэгт итгэсэн нь цөөн. Хамгийн гол нь өмнө тараасан мөнгө ямар нэг бодит орлого дээр үндэслээгүй, өр тавьж эсвэл мөнгө хэвлэж тараасан төдий. Харин энэ удаа 2020 онд монголчууд Эрдэнэс Таван Толгойн 1072 –оосоо ширхэгийг ч хасуулахгүй цэвэр ногдол ашиг авахаар болжээ. Энэ бол ямар нэг сонгуулийн мөнгө тараах ажил биш, яг л хувьцаа гэж юу байдаг, ногдол ашгаа хэрхэн хуваарилдаг үндсэн зарчмынхаа дагуу хийгдэж байгаа анхны алхам юм. Ашигтай ажилласан хувьцаат компани л ногдол ашиг хуваарилдаг зарчимтай. Эрдэнэс ТТ 2019 онд их наядын ашигтай ажилласанаар ширхэг хувьцаанд 90 төгрөгний ногдол ашиг тараах шийдвэрийг ТУЗ дээр гаргажээ. Тэгэхээр хувьцаа нь бүрэн 1072 үлдсэн хүмүүс ногдол ашигт 96 мянган төгрөг авна, харин өмнө нь хувьцаагаа Засгийн газарт бэлэн мөнгөөр зарсан, хасуулчихсан хүмүүст энэ тоо жаахан буурна. 

Б.Ганхуяг гэж оюутны холбооны нөхөр ийм том газар гүйцэтгэх захирлаар очоод бас л баллаж өгөх нь дээ гэж яс хавтайж байсныг нуух юун. Улс төрийн нөхцөл ийм будилаантай, хэрүүл шуугиан тасардаггүй өнөө үед төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулж, ногдол ашиг тараана гэдэг маш амаргүй ажил. 1072 хувьцаа ойролцоогоор 1 сая төгрөгний үнэтэй байгаа нь 2010 оноос хойш өсөө ч үгүй, буураа ч үгүй хэвээрээ. Харин Эрдэнэс Таван Толгойн хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж чадвал 1072 хувьцааны үнэ жинхнээсээ хөдлөх бололтой юм. Төмөр зам тавигдахад, нүүрс угаах үйлдвэр баригдахад л Эрдэнэс ТТ хувьцаа хэд дахин өснө. Харин нэг популист улс төрч нүүрс тээвэр гацаахад хувьцааны үнэ буурна. Тиймээс ч олон нийт хар популизмыг дэмжихгүй, сонгодог бизнесийн загвараар үргэлж ашигтай ажиллахыг шаардах болно. Манай улс төрийн тэр их хэрүүл үнэндээ яг хөөгөөд үзэхэд нүүрсний төлөөх тэмцэл л байдаг билээ. Тэр ч утгаараа сонгогчид нүүрсний бизнэсийн талаар хэн нэг дөвчин тэмцэгчийн сэвэлтийг биш эрүүл зөв талаас нь харахыг хичээнэ. Товчхондоо Эрдэнэс ТТ ногдол ашиг тараана гэдэг өнгөц сонсоход бас л нэг мөнгө тарааж байгаа юм шиг санагдавч нарийндаа бол уул уурхай, хөрөнгийн зах зээл, сонгогчийн боловсрол, улс төрийн орчин бүгдэд нь эрүүлээр нөлөөлөх нэг том ажлын эхлэл юм.