Нисванислог
Монголчууд бид гурван зууны өмнө ард түмнээрээ Бурханы шашинтан болж арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буян үйлддэг Номт орны бурханлиг ард түмэн байснаа санаж, эдүгээ нисваанисийг дарж, сахил сахидаг ариун ард түмэн дахин болж чадваас монголын эвдэрсэн нийгэм сайжран өөрчлөгдөж, гэмт хэрэг үгүй болж, ариун номын амар амгалан орон болохсон болов уу.
Би анх хорь гаруйхан насандаа Бурханы шашиныг ихэд сонирхож байхдаа юуны түрүүнд нисваанисийг судалж эхэлсэн юм.Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч нисваанис судлалаа зогсоогоогүй. Эдүгээ би нэг ёсондоо нисваанис судлаач буюу нисванислог болжээ. Эмч нарын дунд вирус судалдаг хүнийг вируслог гэдэг. Би бол хүний сэтгэлийн гэмийг судалдаг нисванислог хүн. Нисваанис гэдэг бол “сэтгэлийн гэм” гэсэн утгатай санскрит үг. Нисваанис бол уур, шунал, мунхаг гэсэн үндсэн гурваннисваанис дээр суурилсан 84 000 нисваанисийг хэлдэг. Уур бол омог сэтгэл. Шунал бол авах сэтгэл. Мунхаг бол миниймхийлэх сэтгэл. Уур ихэдвэлгалзуурдаг. Шунал ихэдвэл шулам болдог. Мунхаг ихэдвэл мал болдог.
Би хуульч хүн тул хууль эрх зүйн талаар зөвлөлгөө өгч чадна, нисванислог хүн тул сэтгэлийн гэмийг засах талаар ч зөвлөлгөө өгч чадна. Энэ ертөнц дээр нисванислог гэдэг мэргэжил байдаггүй л дээ. Гэхдээ би өөртөө ийм мэргэжил олгочихсон. Уур, шунал, мунхаг, атаа, харам гэсэнсэтгэлийн таван хор дээр суурилсан 84 000 нисваанис байдгийг анх Бурхан багш хоёр мянганы тэртээ нээсэн. Энэхүү нисваанисийг бясалгал хийж сэтгэлийн гүнээсээ илрүүлэн олж дардаг ёстой. Илрүүлэхэд их хэцүү байдаг. Яагаад гэвэл хүн анх төрөхдөө л нисваанисаар хүлэгдчихсэн, яваандаа цаг үе, нийгмийнхээ ядмагхан бүтээгдэхүүн болчихдог тул “би бусдын л адил эд хөрөнгө, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө явах ёстой, би бусдаас түрүүлэх ёстой, амьдрал ганц удаа л олдоно шүү дээ” гэсэн үхширмэл үзлээсээ салж чаддаггүй. Хүн бусдын адил ийнхүү өнгө мөнгө хөөөцөлдсөөр нэг мэдэхэд нисваанисынхаа боол нь болчихсон, найз нь болчихсон тууж явдаг. Хүн үргэлж өөрийгөө хуурч явдаг. Хүн үргэлж өөрийгөө зөвтгөдөг.Буруу юм хийсэн ч, нүгэл үйлдсэн ч өөрийгөө зөвтгөдөг.Миний нүгэл үйлдсэнийг хүн хараагүй бол болоо гэж боддог.
Социализмын үед ихэнхи хүмүүс дарга нарыг далбаганан дагаж зусардаж бусдыг матаж гүтгэж, нэгнийгээ шоронд хийж амьдралыг нь үрэн таран хийсэндээ ер санаа нь зовдоггүй байсан. Тэр үеийн дарга нар нь бусдыг дарамталжби дарга гэдгээ бусдад мэдрүүлэх дуртай байсан. Социализмын үеийн монгол дарга нар архидаж, амьтан алах донтой байсан даа. Аймгийн хэн нэгэн дарга шинэхэн “УАЗ” машин хөлөглөөд сумын төвд давхиж очно.Тэнд очоод маргааш анд явна гээд сумынхныг хөл дээр нь босгоно.Урд орой нь баахан архидаад маргааш өглөө нь арайхийж эрт босож буу сумаа агсаад чонын авд мордоно. Буга, гөрөөс алаад цусыг нь амандаа савируулан ууна.Тарваганы боолтыг амаа олохгүй иднэ. Дарга нар чоныг ч юм уу, гөрөөс буудаад цусаа урсган амь тавьж буй амьтныг хараад ихэд таашаал авна. Амьтан алсны баяраа тэмдэглэж дахиад архидна. Тэр бүгдийгээ ядаргаа тайлагдаад сайхан байна хэмээн хөөрцөглөнө. Дарга нар албан тушаалын төлөө амиа тавин зүтгэдэг байлаа. Зах зээлийн үед эдүгээ хүмүүс хөрөнгө мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан.Би нэг зүйлийг их гайхсан. Ёс зүй ингэж унах ч гэж дээ гэж.Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллаж байхад нэгэн удаа аав хүү хоёр мөнгөнөөс болж хоорондоо муудалцаад над дээр ирж хуулийн зөвлөлгөө авах гэж байж билээ.Хүү нь ааваасаа таван сая төгрөг зээлээд идчихжээ. Аав хүү хоёр нэг нэгнээ шүүхэд өгөх гэж байсан. Би тэдэнд шууд л: “Та хоёр наад хэрүүлээ болиоч. Та хоёр чинь эцэг, хүү хоёр юм байгаа биз дээ” гэсэн. Хэрүүл дарагдсан. Монголд аль нэг албан байгууллагад ажиллахад тэнд нэг тийм бусдад хор хүргэдэг, дарга нарт матаас хүргэдэг, наанаа худал инээгээд цаагуураа бусдыг муучилдаг, өөдгүй хүн заавал байдаг байв. Дарга нар нь матааст дуртай гэж жигтэйхэн.Энэ бол инээдэм биш, эмгэнэл юм. Энэ бол нисваанист баригдсан жишээ юм л даа.
Бурхан багш энэхүү 84 000 нисваанисийг урвуулан ном болгоод гэгээрчихсэн хүн.Нисваанисийг дарах ямар арга байна вэ? Бурхан багшийн зааснаар хэд хэдэн арга байна.Нэгд, Бясалгалын аргаар сэтгэлийн гүнд нуугдсан нисваансийг илрүүлж шууд дарах. Нисваанисаа илрүүлсэн хүн түүний хорыг мэддэг. Хоёрт, Сахил сахих. Сахил сахисан хүн нүглээс хамгаалагддаг. Гуравт, Боди сэтгэлийг олох.Боди сэтгэлийг олсон хүн гэгээрдэг. Боди сэтгэлд нүгэл шатдаг.
Сахилын талаар өгүүлье. Будда анх винайн ёсыг номлосон. Винай гэдэг нь сахил юм. Бурхан багш наян насыг зооглож нирваанд одохын өмнөхөн нь түүний итгэлт шавь Ананд ихэд гашуудаж “Багш Та яваад өгөхлөөр энэ Санхга болон шавь бид нар чинь яах болж байна аа” хэмээн нулимс унагаж асуусан. Будда инээмсэглэж: Би та нарт эрдмээ нууж үлдээсэн юм байхгүй. Бүх эрдэмээ би та нарт заасан.Намайг үгүй боллоо хэмээн та нар бүү гашууд.Та бүхэн миний үлдээсэн винайн ёс буюу сахилыг сайтар чандлан сахь. Тэгж чадвал би хажууд чинь байгаатай адил гэсэн үг ”хэмээсэн гэдэг.Үнэхээр хар хүн / эгэл хүн / бүр Бурхан багшийн заасан 10 хар нүглийг тэвчээд 10 цагаан буяныг үйлдвэл хамгийн зөв зам болох юм. Шар хүн /лам, хувраг / бүр гэцэл ламын 37 сахил, гэлэн ламын 257 сахилыг насан туршид сахидаг юм.Сүсэгтэн хүн тав эсхүл найман сахил сахидаг. Сахил бол нүглээс хамгаалах хуяг мөн. Сахил сахивал Бурханы ном сурах үйлсэд түргэн ахиц гарч, нүгэл бүхнээс салж, буян бүхний үүд нээгддэг. Сахилтай хүншөнө унтаж байхад түүний буян нь нэмэгдэж байдаг гэдэг. Сахилтай хүн, сахилгүй хүн хоёрын ялгаа бурхан чөтгөр мэт, өдөр шөнө мэт, тэнгэр газар мэт, гэрэл харанхуй хоёр мэт бөлгөө.
Энд нэг зүйлийг сануулахад Бурхан багш Шагжаамуни замбуутивд заларч дээдийн номоо айлдаад эдүгээ 2500 жил болоод байна. Бурханы шашин оршиход дахин 2500 жил үлдэж байна. 5000 жил болоод Бурханы шашныг хүмүүс мартаж нүглийн далайд живнэ.”Тэр үед хүмүүсийн нас охор болж муухай царайтай болж, туулайн чинээ морьтой, тохойн чинээ өндөр хүмүүс болно” хэмээн сударт гардаг.”Яг тэр үед өндөр сайхан биетэй, бурхны эрдэмд боловсорсон Майдар бурхан Замбуутивд заларч ариун номоо айлдана.Хүмүүс Майдар бурханыг хараад гайхан биширч яаж ийм сайхан өндөр гоолиг биетэй болох вэ гэхэд Майдар бурхан: “Нүглийг цээрлэж сахил сахивал ийм болно” хэмээн хүмүүст айлдаж номоо гүнзгийрүүлэн заана” гэсэн байдаг.
Хүмүүс яагаад Монголд гэмт хэрэгөсөөд байна вэ хэмээн гайхдаг. Монголд нэг жилд 1500 орчим хүн гэмт хэргээс / автын гэмт хэрэг ороод / болж амь насаа алдаж байна. Яг л иргэний дайн болж байгаа мэт. Монголд хулгай, дээрэм, хүчингийн гэмт хэрэг жил бүр өмнөх оноосоо хоёр дахин өсдөг. Гэвч хуулиа чангалаад ямар ч үр дүн гардаггүй.Учир нь ард түмэн өмнөх гурван зууных шигээ ард түмнээрээ Бурханы шашинтан болоогүй бол, хүн бүр нисваанисыг танин барьж чадаагүй бол мянган хууль гаргаад ч нэмэргүй юм. Тухайн ард түмний сэтгэл нь сайжраагүй бол нийгэм нь сайжрахгүй юм. Монголчууд бид гурван зууны өмнө ард түмнээрээ Бурханы шашинтан болж арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буян үйлддэг Номт орны бурханлиг ард түмэн байснаа санаж, эдүгээ нисваанисийг дарж, сахил сахидаг ариун ард түмэн дахин болж чадваас монголын эвдэрсэн нийгэм сайжран өөрчлөгдөж, гэмт хэрэг үгүй болж, ариун номын амар амгалан орон болохсон болов уу. Монголд нисваанис бүхэн дарагдаж, буян бүхэн дэлгэрэх болтугай.
Доржийн СҮХБААТАР
2020.06.20 Багануур хот
Байды
Зочин