1.

Сайд Н.Учралыг чиглэсэн эгдүүцэл, эсэргүүцэл, хардлагын сиймхийгээр улстөрч Н.Энхбаяр бас нэгэн төслөө гэрэл цохиуллаа. Цохиуллаа ч гэж ном болгож, хэвлэмэл хувилбараар Ерөнхий сайдад хүргүүлсэн талаарх мэдээллийг зориуд ил болгосон нь нийгэмд дахин хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэв. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг саналын түвшинд боловсруулсан нь энэ. Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч, МА/Х/Н-ын дарга асан Н.Энхбаяр өнөөдрийн статусаараа хууль боловсруулж, өргөн барих хэмжээний албан тушаалтан мэдээж биш. Жирийн иргэн, намын гишүүн. Харин Ерөнхий сайдын захирамжийн хүрээнд ИЗНН, МУНН, МҮАН, ШИНЭН гэсэн дөрвөн намын төлөөллийг багтаасан Ажлын хэсгийн ахлагчийн хувьд боловсруулсан төслөө танилцуулах эрх нь түүнд нээлттэй. Тэр дагуу зургаан сар "нухсан" гэх Үндсэн хуулийн төслийг Засгийн газрын тэргүүнд сая гардууллаа. Анзаарсан бол Н.Энхбаяр болон дөрвөн намын даргын гарын үсэгтэй төсөлд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын төлөөлөл багтаагүйг энд тодотгох хэрэгтэй. Нэг талаараа Ерөнхий сайдын захирамжид үндэслэсэн нь үнэн ч нөгөө талаар эрх баригч хүчнээс эхлээд өнөөгийн улс төрийн голлох оролцоотой улс төрийн хүчнүүдийн оролцоо байхгүй, санал нь шинэчилсэн найруулгад тусаагүй гэсэн үг. Үндсэндээ Н.Энхбаяр нарын боловсруулсан хувилбар улс төрийн ялангуяа парламентаас дэмжлэг хүлээх эсэх нь бүрхэг, магадлал нь тун бага. Бараг боломжгүй. Нийгэм нь ч хүлээж авахгүй.

1997 оноос хойш Монголын улс төрийн өрөг дээр ноён, бэрсийг, хүүтэй нь хоршуулан нүүж ирсэн Н.Энхбаяр үүнийг мэдэхгүй гэвэл худлаа, хамгийн сайн мэдэх улстөрч. Эсрэгээрээ эртнээс ярьж, байр сууриа илэрхийлж ирсэн шинэ буюу тавдугаар Үндсэн хуулийн төсөлд ямар хариу үйлдэл үзүүлэх эсэх нийгэм, улс төрийн уур амьсгалыг "Ерөнхий сайдад хүргүүллээ" гэсэн ганцхан өгүүлбэрээр бүхэлд нь тандаж, мөн тольдож орхилоо. Н.Энхбаяраас л гарах улс төр. Н.Энхбаяр л хийх хоржоонтой нүүдэл.

Анхнаасаа МАХН-аа МАН-д тушаагаагүй байхдаа л тэр орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болгохын тулд "Шинэ Дээд Үндсэн хууль"-ийн төслийг боловсруулж, батлах ёстой гэж ярьдаг, түүнийгээ тугаа болгож ирсэн атлаа өглөө сэрэнгүүтэй төрөл арилжсан мэт өөр юм сэтгэдэг улстөрч Н.Энхбаяр биш. Тийм учраас Бүгд Найрамдах Улсыг дахин цогцлоох, 75, 165 гишүүнтэй хоёр танхимтай парламент байгуулах, тэгэхдээ 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд томилно гэх анхаарал татах заалтыг төсөлдөө шургуулсан хэрэг. "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг ард түмнээс бус шууд томилно" гэсэн нь төслөө илүү сонирхол татахуйц хэмжээнд аваачих хавчуурга төдий заалт юм. Бүрэн зураглалаараа төрд нүүрлэсэн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хариуцлага тооцдог тогтолцоог эрэлхийлсэн нийгмийн давалгаанд нийтээрээ нэгдэж, хүсч, тэмүүлж эхэлсэн энэ цаг үед Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар дамжуулан улс төрийн орон зай нь хараахан дуусгавар болоогүйг "сануулах" Н.Энхбаярын уран нүүдэл байх магадлал нь хамгийн өндөр. Үүнийг хэнээр ч хэлүүлэхгүйгээр, хэнээс ч заавар, зөвлөгөө авахгүйгээр мэдэх цорын ганц улстөрч нь Н.Энхбаяр өөрөө.

2.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хуулийн төсөлтэй холбогдуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгөв. Араас нь улсын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга явуулах, уулзалт зохион байгуулах талаар Зөвлөлдөх зөвлөлөөс нэмж мэдээлэл хийлээ. Аль альных нь байр суурь маш тодорхой. Ерөөсөө л Үндсэн хуулийг шинээр бичиж, найруулах талаар УИХ, Засгийн газрын түвшинд яриагүй тухай үгүйсгэл. Харин Н.Энхбаяр нарын тавьсан хүсэлтэд үндэслэж Ерөнхий сайд Ажлын хэсэг байгуулсан, тэр дагуу төслөө танилцуулсан гэдгийг. Онцлох нь гэвэл "Эцэг хууль"-д гар хүрэхээр бол ард нийтийн санал асуулгаар шийдэхээ сайд Д.Амарбаясгалан дахин сануулав. Энэ хүрээнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд МАН-ын байр суурь чиглэхийг онцлоно лээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульдаа холимог тогтолцоог тусгах, парламентын гишүүдийн тоог нэмэх сонирхол эрх баригч намынханд бий гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлсэн нь энэ.

Магадгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байр суурь ч ийм чиг баримжаатай явааг үгүйсгэхгүй. Учир нь, Д.Амарбаясгалан бол Засгийн газрын ч, МАН-ын ч "гал тогоо"-г зангидаж, залуурдаж яваа нь "эзэгтэй" нь. 2016 оноос хойш МАН-ын генсекийн албыг хашсан түүний хувьд М.Энхболдыг оруулж тооцвол гурав дахь намын дарга буюу Л.Оюун-Эрдэнийн үед л сая хөшигний араас албан ёсоор гарсан нэгэн. Гарах, гарахдаа Монголын улс төрийн 32 жилийн түүхийг он, сар, өдөр, цагтай нь хэлдэг Ц.Нямдоржийг "тэтгэвэрт" нь гаргаж, Хэрэг эрхлэх газрын даргаар ирсэн хүн.

Үргэлж хоёрдугаар хүний эрэмбэтэй явахыг хүсээгүйдээ биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хоршиж, хэрэгжүүлэх зүйл байсан учраас Засгийн газрын түвшинд албан тушаалд очсон хэрэг. Түүнийх нь нэг илрэл тогтолцооны өөрчлөлт буюу сонгуулийн холимог тогтолцоогоор явуулахыг хаа хаанаа, хэн хэн нь хүлээн зөвшөөрч буй. Харин гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар давжаа парламентаа томсгох, илүү олон намын төлөөллийг оруулж ирэх зорилго нь үнэн л юм бол Үндсэн хуульд гар хүрэхээс өөр сонголт үгүй. Тэгэхийн тулд эхлээд парламентад суудалтай, суудалгүй намуудын зөвшилцөл, тэндээс гарах санал, хамгийн гол нь нийгмээс дэмжлэг авах нь чухал. Ганц үнэн гэвэл улстөрчид, албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөл бүхий Төрийн дээр хурж, бугшсан хулгайг таслан зогсоох, түүнтэй тэмцэх, үргэлжлүүлэн хариуцлага тооцох нэн тэргүүний зорилгынхоо ард гарах нь энэ Засгийн ЗОЛ юм.  

UZEG.INFO