Нэгэн бүсгүйн яриа
Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс
Хаа сайгүй...
Хэнд ч бай муу үг олж наахын төлөө л
амьдарч яваа мэт хүмүүс
Хаа сайгүй...
Тэр бүхний дээгүүр
Хиргүй ариухан цас –
Тэнгэрийн чимээгүй үгс...
Г.Аюурзана
-Монголын шинэ үеийн залуус яаж орхио вэ? Энэ үзээд байдаг Солонгос киноноос болж байна уу…гаднаа ч, дотроо ч нэг л эм шинжтэй … эр хүний сүнс ч байхгүй…хэмээн намайг хэлэхэд тэр бүсгүй зөвшөөрөнгүй толгой дохисон ч хариу хэллээ.
- Солонгос кино ч нөлөөлдөг нь мэдээж л дээ гэхдээ гадна талаасаа л болов уу …ер нь гэхдээ энэ бүхэн биднээс л болж байгаа хэрэг юм шүү дээ. Энэ улс орон эмэгтэйчүүдийн л бодол, үзэмжээр явдаг болоод удсан гэлээ.
-Юу гэсэн үгэв?
-Эрчүүд та нар гэр орноо тэжээх үүрэгтэй учир өглөө гараад л шөнө ирнэ. Өнөөх удам залгах хүү чинь бидэнтэй л бүхэл өдрийг өнгөрүүлнэ. Одоо тэгээд гэр оронд эр хүн хийчихмээр ажил гэж хананд хадаас хадахаас өөр юм байдаг юм уу? Ээжийгээ дуурайж хоол унд хийнэ, гэр орон цэвэрлэхээс өөр зүйл сурахгүй. Тэгээд эмэгтэйчүүдийн л үздэгийг үзэж, эм хүний л яриа сонсож, ээжийнхээ үгээр, үл үзэгдэх аавыгаабус ил үзэгддэг эхээ дуурайж хүн болно …
-Би өмнө нь огт бодож байгаагүй юм байна. Нээрээ тийм дээ. Юу уншихыг, юу үзэхийг ч хамт буй ээж л хэлж өгнө. Ээж өөрийнхөө дуртайг л хүүдээ заасаар ээж шигээ болоод нэг юм сургуульд орно. Тэнд нь мөн л эмэгтэй голдуу багш нар тосоод авна…
-Эцэг эхийн хурал, тэр хүүтэй хамаатай бүхэнд зөвхөн ээж л очдог бишүү…тэхээр ээжийн л зан чанар эмэгтэйлэг шинж эрэгтэй хүүхэд болгонд суудаг болчхоод байна.
-Уг нь цэргийн алба гэж нэг зүйл байнаа даа...
-Эх болгон шахуу хүүгээ цэрэгт явуулахгүйг л хичээнэ. Тэгээд ч тэр цэрэгт явахгүй үлдэх маш амархан. Харин тэр Солонгост чинь эр хүн болгон заавал цэрэгт явдаг юм гэсэн шүү…за тэгээдганц жилдээжийн гар дээр өссөн нялцгай хүүхдүүд өөр болох уу даа… Эр хүн та нарын нөлөө гэж одоо бараг байхгүй болсон болохоор л ийм эм шинжтэй нялцгай эрчүүд бий болоод байгаа юм даа.
-Гунигтай ч гэсэн үнэн л юм даа. Эрчүүд нь олсон хэдээ эхнэртээ л тушаадаг. Тэгээд ээж л өнөөх хүүг хувцаслана. Мөн л эм хүний сонголтоор гадна төрхөө олно гэсэн үг.
-Тэгээд ихэнх эмэгтэйчүүд нөхрөө мөнгө олдог л хүн гэж бодно. Хар гэртээ хаан гэдэг үгүй болсон байх шүү. Дотроо өнөөх эхнэр бас өөрийнхөөрөө нөхрөө хүмүүжүүлэх санаатай. Нөхөр нь хаяа архи уугаад ирвэл хөөнө. Үүрэндээ мөлхөөд шахуу ирэхэд хөөгөөд явуулчихлаар өнөөх эр хаашаа явах билээ?
-Наашаа гэдэг хүүхэн байдаг бол тийшээ л явж таарах биз. Гэрийн эзэн гэх сүртэй нэртэй ч эр хүнд архи уух, өөр хүүхэнтэй ойртохоос өөр “эрх чөлөө” байгаа ч юм уу даа. Гэртээ өнгөрөөх өчүүхэн цагтаа ч эрх чөлөө үгүй шүү дээ. Эхнэрт таалагдахгүй бол гэрт болдог юм гэж нэг үгүй.
-Тиймээ. Ер нь энэ улс чинь эмэгтэйчүүдийн хүслээр л явдаг улс орон болчихсон юм бишүү…Хүү бас энэ бүгдийг харж л байгаа.
-Уг нь эрчүүд ховордсон цагт азаар олдсон эрээ дээдлэх ёстой ч тэгдэггүй л юм шиг. Эрүүгийн хууль чанга байх ёстой гэхээсээ илүү гэр бүлийн хууль л чанга баймаар ч юм шиг. Одоо хараарай даа бараг л бүх албан газрын наян хувь нь эмэгтэйчүүд, тэдний ерэн хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тэхээр эр хүн шиг эр хүн яаж гарах билээ дээ нээрээ…гэснээр бүсгүй бид хоёрын яриа өндөрлөсөн юм.
Хэдэн жилийн өмнө би загварын нэг тэмцээнд шүүгчээр сууж билээ. Ерээд оноос хойш буй болсон тэр сайхан охид, залуусын анкетыг харахад 90 хувь ээжтэйгээ хоёулаа амьдардаг байж билээ.
Ардчилалаас хойш ийм л сондгой гэр бүлд өсөж бойжсон шинэ үе“эр”-ийн цээнд хүрчхээд “Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс хаа сайгүй...” гэгчээр фэйсбүүкээр эмэгтэйчүүдээсээ хавьгүй илүү хэрүүл, хараал бичээд л бүгдийг үзэн ядаад өмнө чинь зогсож байна даа эрчүүд минь…