“НЭГ ХЯТАД” БОДЛОГЫН НААНА ЦААНА

Далай ламыг Германы канцлер хүлээн авч уулзлаа. Бээжин даруй хариу өгч үүнд эмзэглэж байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Үүнээс хэд хоногийн өмнө тайваньчууд НҮБ-д элсэх өргөдлөө өгч тэднийг нэлээд бухимдуулсан юм. Тайваний хүсэлтийг Бээжин төдийгүй Вашингтон нэлээд хүйтнээр хүлээн авч тэр тухай яриа байж болохгүй гэж мэдэгджээ. Уул нь цагтаа Тайвань энэ байгууллагыг хаяж явсан, эргээд орж болохгүйгээр хаалгаа савснаа тэр үед мэдээгүй юм.

Тайвань нь Полонезийн арлуудын нэг, уугуул оршин суугчид нь ч полонезууд. Энэ арлыг анх португалчууд нээж Формоза гэж нэрлэж байсан байх юм. Хожим 1686 онд арлыг Манжийн их хаан Канси буюу монголоор Энх-Амгалан хаан эзлэн авч Чин улсад нэгтгэсэн. Үүнээс хэдхэн жилийн дараа Халхыг Канси Чингийн эрхшээлд авсан билээ. Гэхдээ энд ялгаа бий. Тайвань нь Хятадын нэг хэсэг болсон бол Монгол нь хараат вассал болжээ. 1895 онд Тайвань нь Хятад-Японы дайнаар Японы мэдэлд шилжлээ. Харин Монгол 1911 онд өөрийн тусгаар тогтнолыг зарласан юм. 1945 онд Тайвань Хятадад буцаж нэгдсэн бол Монгол хүлээн зөвшөөрөгдсөн үндэстэн-улс боллоо. Улмаар Хятадын иргэний дайнаар ялагдсан Гоминданы эрх баригчид 1949 оноос Тайванийг эх газраас бүрэн тусгаарлажээ. 1961 онд Монгол улс НҮБ-д элссэн бол 1971 онд Тайвань энэ байгууллагаас гарав. 1990 онд Тайваньд Гоминдан буюу Ардын хувьсгалт намын олон жилийн дангаар ноёлол устаж, цэргийн дэглэмийг түлхэн унагаснаар ардчилсан тогтоцод шилжив. Мөн 1990 онд Монголд Ардын хувьсгалт намын олон жилийн дангаар ноёлол устаж, коммунист дэглэмийг унагаснаар ардчилсан тогтоцод шилжив. Хоёр орны түүхэнд тохиосон цагийн ийм давхацлууд байдаг.

1945 онд Гоминданы Засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол 1954 онд Ялтын гэрээнээс ухарснаа зарлаж Монголыг Хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг гээд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах “Монгол Төвдийн хороо” гэгчид “хариуцуулжээ”. 1961 он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд байнга хориг тавин саатуулж байв. 1945 онд Хятад нь НҮБ-ын байнгын хорооны таван гишүүний нэг болсон ба 1949 онд Тайваний аралд шилжин ирснээсээ хойш ч энэ суудлаа хадгалж дэлхийн улс төрийн бодлого тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсээр байсан юм. Харин 1971 онд түүний Байнгын хороон дахь суудлыг БНХАУ-д шилжүүлэхэд уурандаа тэр чигээрээ НҮБ-аас гарчээ. Уг нь тухайн үедээ эх газрын хятадууд Тайванийг НҮБ-д үлдэхэд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байсан аж. Харин саяынхтай нийлээд нийтдээ 16 удаа НҮБ-д эргэж элсэх санал гаргасан боловч Байнгын хорооны гишүүн Хятадаас байнга эсэргүүцэл үзэж байлаа. Сая дээр нь нэмэгдээд АНУ саналыг эрс няцаажээ.

1978 онд АНУ Тайваниас дипломат харилцаагаа тасалснаар энэ орон олон улсын тавцан дээр ганцаардаж эхэлсэн юм. Өдгөө голдуу Номхон далайн хэсэг жижиг арлын улсуудтай л дипломат харилцаатай. Тайваньд хамгийн үнэнч байсан Коста Рика саяхан дипломат албаа Бээжинд шилжүүллээ. 

1949 онд коммунистуудад төрийн эрхээ булаалгасан Гоминданы Засгийн газар энд шилжин ирж эх газраасаа бүрэн тусгаарлагдсан. Бээжин Тайваний арлыг тун удахгүй эзэлж эх орноо нэгтгэнэ гэж бодож байсан бол Гоминданчууд тун удахгүй Маогийн дэглэмийг унагаж эх орноо чөлөөлнө гэж бодож байлаа. Харин 1949 онд тогтсон статус кво огт хөндөгдөлгүйгээр даруй 60 шахам жил үргэлжилжээ.

Жараад жил гэдэг бол хүний хоёр гаруй үеэр хэмжигдэх хугацаа. Энэ хооронд Хятадын коммунизмд зарчмын үндсэн өөрчлөлт гарч зах зээлийн эдийн засагт шилжсэн хүчирхэг Хятад улс босож ирж байна. Харин тайваньчуудын хувьд эх газраасаа бүрэн тусгаарлах хүсэлтэй шинэ үе өндийн хэдийнээ төрөө барих болжээ. Тайвань дөнгөж ардчилалд шилжингүүт нууц байдалд байсан Үндэсний дэвшлийн намынхан арлыг тусгаар улс болгох саналаа ил тавьж сонгуульд оржээ. Тэгэхэд тайваньчуудын 16 хувь нь энэ саналыг дэмжиж байв. Харин энэ жилийн судалгаагаар дал гаруй хувь нь тусгаар тогтносон Тайвань улсын төлөө байгаа юм байна. Гоминданаар удирдуулсан нэгдсэн нэг Хятадын бодлого хөдөлбөргүй баримталдаг байсан Ардын хувьсгалт намынхан ч сүүлийн үед ихэд хэлбийж зарим талаар салан тусгаарлагчдыг ил далд дэмжиж, санал нийлэх болжээ. Тайваний өнөөгийн эрх баригчид Ардын хувьсгалт намынхны хуучин бодлогоос их хэмжээгээр татгалзаж, өөрсдийгөө соёл, уламжлал, улс төрийн хувьд Хятадтай холбоогүй байсан талаасаа харуулах гэж мэрийж байна. Албан ёсоор Хятадын бүгд найрамдах улс нэртэй энэ орон саяхнаас паспорт дээрээ Тайвань гэж нэмж тавьжээ. Чан Кайшигийн дурсгалын цогцолборыг өөрчилж Ардчиллын талбай болгож. Хятадын соёл урлагтай холбоотой чимэглэл, албан ёсны гоёлыг Полонезийн соёлын хэлбэрээр өргөнөөр сольж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Монгол Төвдийн хороог ихэд доош нь оруулжээ. Парламентад Ардын хувьсгалт намынхан зөвшөөрдөггүй учир арай татан буулгаж дөнгөөгүй байна. Юутай ч Монголчуудыг гадаадын иргэн гэж хүлээн зөвшөөрөөд визээр оруулж, хил дээр паспортыг нь тамгалдаг болжээ. 

Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтолно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй аж. Дипломат харилцаа тогтоож байгаа аль ч орноос хатуу шаарддаг ганц болзол нь “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөх. Бүс нутагт төдийгүй дэлхий даяар Хятадын нөлөө эрс өсөж байгаа ба дэлхийн зах зээл өөрөө Хятадаас улам их хамааралтай болж байгаа өнөө үед энэхүү “нэг Хятад” бодлогыг аль ч орон үг дуугүй хүлээн зөвшөөрч байгаа юм. 

Өдгөө тайваньчуудын илэрхий дийлэнх нь тусгаар тогтнолын төлөө аж. Жил өнгөрөх тутам энэ тоо улам өснө, учир нь жараад жилийн өмнө энд эх газраас ирсэн ардын хувьсгалт намынхан байгалийн жамаар эрчимтэй цөөрч шинэ үеийнхэн зайг нь эзэлж байна. Гэвч тусгаар тогтнолын төлөөх санал асуулга ч явуулж чадахгүй, Бээжингийн заналхийллээс болгоомжилж байгаа юм. Учир нь энд санал асуулга явуулбал Хятадын ганц мужид явуулсан асуулга болох учир үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч бололцоогүй гэдгээ Бээжин мэдэгдсэн. Юутай ч Бээжин Тайпэйгийн хоорондын зөвшил гэхээсээ зөрчил цаг өнгөрөх тутам улам гүнзгийрэх биз.

Өнөөгийн үеийнхэн Тайваний тусгаар тогтнолын асуудлыг шийдэж чадахгүй гэсэн үзэл ч нэлээд байна. Одоогийн статус квог жишээ нь 2049 он хүртэл хэвээр хадгалах мараториум тавьж болох юм. Англи улс түүхийн явцад Ирландыг тусгаарласан төдийгүй өөрийн колони асан англо саксончуудын АНУ, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк улсыг төрүүлний нэгэн адил Хятадаас Тайвань улс төрж болох тухай ч ярьж байна. Европын холбооны жишгээр Өмнөд Азийн, эсвэл хятад үндэстнүүдийг нэгтгэсэн Хятадын Холбоо (China Union), магадгүй Хятадын нэгдсэн улс (United States of China) байгуулах хувилбар ч яригддаг. Бүх юмыг шийдэх хамгийн тохиромжтой хэрэгсэл бол цаг хугацаа. Тайвань үнэндээ дэ фактотусгаар тогтносон улс. Тэд дэ юри тусгаар тогтнолыг хүсэж байгаа юм. Монгол улс 1911 онд дэ фактоХятадаас бүрэн тусгаарласан. Харин дэ юри тусгаар тогтнолоо олж авахад даруй гуч гаруй жилийн тэмцэл, драм, шургуу бодлого, чамгүй цус нулимс шаардагдсан юм. 

                                                                                               2007.9.28