Эрх чөлөөт, ардчилсан улс орнууд Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 75 жилийн ойг тэмдэглэж байна. НАТО-гийн саммит Вашингтон хотноо энэ 2024 оны 7 дугаар сарын 9-11-нд тохионо. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн 75 жилийн түүхийг тайлбар хүснэгтийн хамт сонирхуулъя.

Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцож байв. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нухчин дарах гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ.

НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО 75 жилийнхээ түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй. НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.

Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн. 

ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болж 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол өнөөг хүртэл тохиогоогүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл төрөөгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.

ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн нь алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.

НАТО-г сөргүүлэн ШХАБ-ыг буй болгосон гэх албан бус дүгнэлт түгээмэл. Олон туйлт дэлхийг тунхагласан “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 23 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо өдий байна. Европын Холбоо, НАТО-г сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, Беларусь уриалдаг. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл лав Орост бий, харагдаж ч байна. Гэтэл өөр нэг хурц өнцөг ШХАБ дотроос харагддаг. ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нь стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай, “Дорнод НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаархи 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарлачихсан байгаа. 

НАТО-гийн түүх-хүснэгтээр

Он сар өдөр
Гишүүн улс



12 гишүүн улс Умард Атлантын гэрээ байгуулав
1949.04.04
АНУ, Канад, Их Британи, Франц, Итали, Бельги,   Нидерланд, Люксембург, Норвег, Дани, Исланд, Португал
1 дэх тэлэлт
1952.02.18
Грек
Грек нь 1974-1980 онд   НАТО-гийн цэргийн бүтцэд нэгдээгүй, тэр нь НАТО-гийн гишүүн Турктэй харилцаа   таагүй байснаас шалтгаалсан
Турк
Анх удаа лалын   шашинт улс НАТО-д нэгдэв
2 дахь тэлэлт
1955.05.09
ХБНГУ
Дэлхийн II дайн Европт дууссаны 10 жилийн ойн өдөр
3 дахь тэлэлт
1982.05.30
Испани
Испани нь 1982-1997 онд   НАТО-гийн зөвхөн улс төрийн бүтцэд нэгдэж, цэргийн үйл ажиллагаанд оролцоогүй.
“Хүйтэн дайн”   дуусахад НАТО 16 гишүүнтэй байв
1990.10.03
ХБНГУ-д БНАГУ нэгдэв
Де-факто 4 дэх тэлэлт гэж нэрлэж болно.   НАТО нь Зүүн Германаар хилээ дорно зүгт тэлж ВГБ-ын Польштoй хиллэв
1997.07.09
Мадридын саммит


НАТО-г өргөжүүлэн тэлэх асуудал анх удаа хэлэцэв. НАТО-г нээлттэй эвсэл болгов. Эхний ээлжинд   экс-коммунист гурван улсыг НАТО-д урив. 1997 оны саммитын шийдвэрийг цуцлахыг   Украины эсрэг дайн өдөөхгүй байх нэг шалтаг гэж ОХУ үзсэн. НАТО-гийн 1997   оноос хойшхи тэлэлтийн бүх шийдвэрийг Кремльд буруу гэж үздэг
4 дэх тэлэлт
1999.03.12
Польш
1955-1991 оны   Варшавын Гэрээний байгууллагын гишүүн, 1991-1999 онд де-факто Төвийг сахисан
Унгар
Мөн адил
Чех
Мөн адил,   Словакийн элсэлтийг түр хойшлуулсан
5 дахь тэлэлт
2004.03.29
Болгар
1955-1991 оны   Варшавын Гэрээний байгууллагын гишүүн,
1991-2004 онд   де-факто Төвийг сахисан
Румын
Мөн адил
Латви
СССР-ийн нэг БНУ,   анх удаа НАТО-д элсэв
 Литва
Мөн адил
Эстон
Мөн адил
Словак
Чехтэй хамт элсэх   ёстой атал 5 жилээр ухарч элсэв
Словен
Хуучны социалист   Югославаас анх удаа НАТО-д элссэн Балканы улс
6 дахь тэлэлт
2009.04.01
Албани
Европын хамгийн   түгжигдмэл, сталинч тоталитари дэглэмтэй явсан улс анх удаа НАТО-д элсэв
Хорват
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн хоёр дахь Балканы улс
7 дахь тэлэлт
2017.06.05
Монтенегро
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн гурав дахь Балканы улс
8 дахь тэлэлт
2020.03.07
Умард Македон
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн дөрөв дэх Балканы улс
9 дэх тэлэлт
2023.04.04
Финланд
2023.04.04-нд Финланд НАТО-д албан ёоор гишүүнчлэгдлээ
10 дахь тэлэлт
2024.03.11
 Швед
Унгарын парламент албан   ёсоор дэмжсэнээр Шведийн Вант Улс албан ёсоор 32 дахь гишүүн нь болох зам нээгдлээ. “Хүйтэн дайн” дуусахад НАТО   16 гишүүнтэй байсан НАТО 2024 онд 32-уулаа болов

Украинд одоо хийж буй Оросын бүтэлгүй дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрсөн. Украин НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн ЕНБД-ын хэлснээр Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэжээ. Дараагийн гишүүн нь Украин гэж нэрлэв. Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархав. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой болно. Белорусст дэглэм солигдвол маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал (сөрөг хүчнийхэн нь шууд тэгж амладаг, уриалдаг) буй. Дэглэм мөнхөөрөө байна гэж үгүй. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм.

Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.

Ингэхэд Монгол Улсын тухайд НАТО-тай ямар холбоотой вэ? Монгол Улс Умард Атлантын Гэрээний байгууллага-НАТО-тай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх, тухайлбал байгальорчин, шинжлэх ухаан, иргэний хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах чиглэл баримталж ирсэн. Энэ үүднээс манай Гадаад харилцааны сайдхатагтай Н.Туяа 2000 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2000 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 онд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 2002, 200З онд НАТО-д айлчилж, цэргийн эвслийн энэ байгууллагатай харилцаа хөгжүүлэх үндсийг тавьжээ. НАТО-той “Энхийн төлөө түншлэл+Монгол Улс” гэсэн томъёоллоор хамтран ажиллахыг манай зүгээс санал болгосны хариуд “Энхийн төлөө Түншлэл”-ийн үзэл санааны дагуу Монгол Улстай хамтран ажиллах тухай НАТО-гийн гишүүн орнуудын шийдвэр 2000 оны 4 дүгээр сард гарч, энэ томъёоллын хүрээнд иргэний хамгаалалт, онцгой байдал, шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна. 2001 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Робертсон Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзахдаа тодорхой төслийн хүрээнд “ad hoc” зарчмаар хамтран ажиллаж болохыг тэмдэглэсэн байдаг.

Монгол Улсаас НАТО-тай харилцах асуудлыг зохицуулах үүднээс Гадаад хэргийн сайдын тушаалаар “НАТО-тай харилцах асуудлыг эрхлэн зохицуулах хэсэг” байгуулан ажиллуулж байхад миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож байсан. 

2002 онд Бишкект “Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг сэргээх, дахин ашиглах” сэдэвт уулзалт семинарт манай төлөөлөгчид анх удаа оролцжээ.2004 онд манай Засгийн газраас НАТО-той хамтран “Цэргийн зорилулалтаар ашиглаж байсан газруудыг нөхөн сэргээх ” сэдвээрсеминар зохиож байв. Уг семинараар манай улсын нутагт цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын байгаль экологи, аюулгүй байдал, сэргээн ашиглахтай холбогдсон асуудлыг (газрын хөрсний эвдрэл, хөрс усны бохирдол, цэргийн болон байгальд халтай химийн хорт бодис) Европын орнуудын туршлагатай холбон авч үзэж, манай холбогдох байгууллагууд үндэснийхээ хэмжээнд болон зарим оронтой хамтран хэрэгжүүлэх асуудлыг дүнгийн баримт бичигт тусгасныг сайн санаж байна.

Хамгийн чухал нь манай зэвсэгт хүчин НАТО-гийн цэрэгтэй хамтран Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд олон жил оролцож туршлага хуримтлуулсан, тэр хэрээр манай улсын олон улсын нэр хүнд бэхжсэн. 

НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийн дэлхий даяархи түнш (Монгол тийм статустай) орнуудын тэргүүлэх судлаачдын айлчлалд миний бие оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэл бишгүй нэг сонсож, хуучилж явснаа дурсан санахад таатай байна.