“Үлдэгсэд ба үрэгдэгсэд”

АН-ын ҮБХ-ноос “нэр бүхий” хүмүүсийг хассанд харамсах хүн төдийлөн олонгүй байх шиг. Угаасаа тэдэнтэй тэдэнгүй сүйрчихсэн. Ер нь бол сүйрүүлэгчид нь цэвэрлэгдэж байгаа ч юм бил үү! Тэд үнэхээр олдошгүй намын тулгуур юм бол АН юу гэж л 2016 онд үнсээр хийсэх шахах вэ дээ? Тэд л хуйвалдаагүй бол МАНАН юунд үүсэх вэ? Оронд нь нэр цэвэр ёжилж хэлбэл “нэрд гараагүй” хүмүүс орж ирнэ.

Үйлийн лайгаа дарга нь үүрдэг ёсоор С.Эрдэнийг жаахан баалж байна. Тэгээд яав л гэж. АН-ын “хотын фракц”-ын дарга “Шонхор фракцын нам болохыг зөвшөөрөхгүй” гэж байгаа нь үнэн, чухам одоо л тус фракц намд голлох хүчин болж байна. 170 гаруй дуулгавартай хүмүүс оруулж байж шүү! Үүнээс өмнө “Алтан гадас” олонх байсан. Үндсэндээ “хөөгдсөн” лидер нэртэй тэр хүмүүс намын дотоод эв нэгдлийг үзэл бодол, нэр нөлөөгөөрөө сулруулдаг гол хүчин зүйл байсан юм. Ялангуяа клуб маягаар зохион байгуулагдсан залуучуудын “мини” фракцууд энэ шийдвэрээр цэвэрлэгдсэнээр АН “Шонхор”, “Алтан гадас”, “МоАХ” гэсэн цул нэгдэлтэй гурван фракцаас бүрдэх болжээ. Одоо бол АН “Туулайгаар удирдуулсан туулайнуудын арми... “ Хорвоогийн цорын ганц узурпатор “Арслангаар удирдуулсан туулайнуудын арми, туулайгаар удирдуулсан арслангуудын армийг ялдаг” гэж хэлсэн гэдэг.

Асуудал гээндээ ч, гоондоо ч бий. Том нам ба түүний гишүүд сонгуулиар мөнгөнд хамгийн ойр хүмүүс гэжбодоцгоодог. Гэвч сонгуулийн бус үед ялагдсан намыг чирч явах ёстой нэг лай байхгүй юу... ҮБХ-ны гишүүн гэгч лайтай “цол” их өндөр төлбөртэй л дээ. Яг парламентын гишүүнтэй адил, намынхаа тойрог, үүрүүдийг тэжээж тэтгэх үүрэг хүлээдэг юм. Тэднийгээ бордож байгаад сонгуульд өрсөлдөх ёстой. Бодлогын бус зохион байгуулалтын энэ шинжээрээ яг сүүдрийн парламент мөн. 

Гэвч яг сонгуулийн үед намын гишүүд нь улам ихийг нэхэж ажилд тус болохоосоо гай болдог. Ганцхан АН биш л дээ, МАН ч ялгаагүй. ҮБХ-ны гишүүд ялангуяа гудамжинд байхдаа намын анхан шатны үүрийнхний мөнгөний шаардлагаас болоод улайм цайм зугтдаг. Өөр яах ч юм билээ! Тэгээд мөнгөө өгөлгүй “дүрэм зөрчсөн”, дээр нь мөнгөө төлөлгүй агсам тавьж байгаад дуу захиалах гээд байдаг нөхдийг “хөөжээ”. Сонгууль 2020 онд болно, бүтэн хоёр жилийн зай байна. Мөнгөө хэмнээд л хэвтэж бай л даа! Жилийн дараа ороод л ирнэ биз...

Үнэндээ “улстөрчид” бүгд л мөнгө хайж байна. Ялангуяа ЭЗ-ийн хямралын сэтгэл зүй үүнийг өдөөсөн. Монголын ЭЗ-т сэтгэлзүйн нөлөөллийг хэмжих “Доу жонс” байх биш. Гэхдээ л НИТХ-ыг хуралдсан дээр нь МАН-ынхан ч, АН-ынхан ч даргаасаа ганцхан зүйлийг бүр ичиж зоволгүй нэхэж байгаа нь “мөнгө” л байна даг.

Гэвч энэ бол МАН-ын 2012 оны сонгуулийн дараа хийсэн алдааг давтаж яг давтаж байгаа хэрэг. Ёстой л тогтолцоо нь “түүхийн давтамж” үүсгэж байна. МАН ба АН дотоод зохион байгуулалтын хувьд ямар ч ялгаагүй нь илэрч байна. 2012 онд МАН-ынхан гудамжинд гараад мөнгөтэйгээр нь хотын фракцид эрх мэдлээ найр тавьж өгсөн. Харин 2016 онд ямар гишүүд орж ирчихээд юу яагаад байгааг бүгд харж л байна. Ядаж байхад сая АН-ын ҮБХ-оос “хөөгдсөн” (үлдсэн ч бий) нөхдийн “хүчин чармайлтаар” савалгаа 65 суудал болж хувирахад бүр алийгаа алдаж байна.

Хэрэв АН-ын ротаци энэ хэвээр үргэлжилээд, 2020 онд АН эрх барихдаа тулбал яг өнөөгийн МАН-ын олонх болсонтой яг адилхан парламент үүсэхээр л байна. Гэвч АН-ын бүлэг “сөрөг хүчин” шиг байж чадахгүй байгаа тул савалгаа үүсэх нь юу л бол... Түүнээс хүн нэг бүрийн сайн мууг хэн мэдлээ, систем л төсөөтэй юмсаа төрүүлж байгааг хэлж чадна.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа хоёр хуваагдсан МАН-ын бүлэг гурав хуваагдлаа. МАН-ын Дэвшилтэт Холбоо хэмээх залуучуудын албан ёсны фракц байгуулагджээ. Ингээд 65-ын бүлэг дотроо цоо шинэ “сөрөг хүчин”-тэй болчихов. Сөрөг нам нь сөрөг хүчнээ хийж чадахгүй бол том бүлгээс сөрөг хүчин төрдөг нь жам юм даа! Энэ холбооны гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход голлох үүргийг гүйцэтгэсэн ч “дээдчүүлийн” хуйвалдаанаар хоосон хоцорсон, тэр хэрээрээ “нэр цэвэр” яваа залуусын бүлэглэл болно. 

Оновчтой товчилбол “МАНДАХ” холбоо гэж болох энэ фракц цаашид улстөрийн томоохон шийдвэрт хүссэн ч, эс хүссэн ч нөлөөтэй оролцох болно. Яагаад..?

“2:1 үү?”, “1:2 уу?”

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш МАН-ын дотоод хагарал гагнагдсангүй. Тиймээс У.Хүрэлсүх ЗГ-аа М.Энхболдын фракцыг сөрөхүйц хүчтэй бүрдүүлэхийн тулд Сү.Батболдын болоод С.Баяр-Н.Багабандийн фракцийг өөртөө татахаас өөр аргагүй шахаанд орсон юм. 

М.Энхболдыг намын даргаас нь шахан буулгасан ч Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг тойрсон МАН-ын бүлэглэл М.Энхболдын хотын фракц дээр хүч нэмснээр нөлөөний хүрээгээ улам тэлчихээд байгаа юм. Тиймээс М.Энхболд намын даргаа алдсан ч хүч нөлөөгөө хадгалсаар байна. Харин У.Хүрэлсүх ЗГ-аа бэхжүүлэхдээ парламент дахь өөрийн дэмжигчдээ гомдоосон тал бий юм. Тэд нь одоо МАНДАХ холбоо болж хувираад байна. 

У.Хүрэлсүх намын бүлгээ авахын тулд Хаянхярваад Шадар сайдын суудал санал болгосон нь бүтсэнгүй. Хэрэв бүлгээ гартаа авсан бол өдийд ингэж дороо дэвхцэж байх учиргүй юм. У.Хүрэлсүхийн шахаанд байгааг далимдуулж “утаагүй зуухны үлдэгдлээ шахах”, ашиггүй үрэлгэн хөрөнгө оруулалтын зардлаар “жижиг, нутгийн” бүлэглэлээ тэжээх зэрэг зохисгүй үйлдлүүд тасрахгүй байна. ЗГ-ын гишүүд нь наанаа дуулгавартай ч цаагуураа мөнгөөр дамжсан эрх мэдлийн цалмаар Ч.Хүрэлбаатарт оосорлуулчихаад байна. Дээр нь бүлгээ алдсан тул ЗГ парламентын “албан ёсны” дэмжлэггүй тул ажил нь явахгүй олон нийтэд шүүмжлүүлж эхэлжээ. Чухам үүнийг М.Энхболд хүсэж байсан ба У.Хүрэлсүхийн эсрэг дайралтыг 132 сайтаар дамжуулан эрчимжүүлэхээр бэлтгэж байжээ. 

Чухам энэ сул талыг мэдсэн М.Энхболдын фракц энэ гуравдугаар сард У.Хүрэлсүхийг унагах нүх ухахыг оролджээ. Өнгөрсөн оны 11 сард хугацаа нь дууссан АТГ-ын дарга Энхжаргал ба Ерөнхий прокурор Энх-Амгалан нарыг М.Энхболд дуудаж уулзаад “Байж бай” гэсэн аман даалгавар өгсний эхний зорилго энэ байжээ. Улс орныг туйлдуулсан гадаад өрийн дарамтыг аргацаахаас өөр ажилгүй болсон ЗГ-ийн гишүүдийг АТГ-т хомроглон шалгахыг оролдсон нь АТГ-аас нууцаар өгсөн мэдээллээр гэнэт илэрснээр МАН-ын дотоод дайн сэргэжээ. 

У.Хүрэлсүх яаравчлан мэдэгдэл хийж, “Авилгын хэрэгт орооцолдсон хэнийг боловч намаасаа хөөнө” гэсэн хатуу мэдэгдэл хийж амжжээ. Хэрэв ЗГ-ийг хомрогловол зөрөөд М.Энхболдын фракцын идэвхтнүүдийг шалгуулахаар бэлтгэж эхэлжээ. Энэ бол МАН-д цэвэрлэгээ хийгдэхийн дохио юм. Аль тал нь илүү хохирол үзэхийг таашгүй.

М.Энхболд У.Хүрэлсүхийг унагавал ҮАБЗ-ийн харьцаа өөрт ашиггүй “1:2” байгааг өөрчилж, өөрийн хүнийг Ерөнхий сайдаар томилсноор харьцааг “1:2” гэсэн өөрт ашигтай нөхцлөөр өөрчлөхийг эрмэлзэж байгаа юм. 

Нөхөөс ба сэлгээ

МАН-ын дотоод зөрчилдөөний явцад УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон Гантулга золио болох янзтай болоод явчихжээ. Хэрэв Гантулгыг явуулбал нөхөн сонгууль МАН дахь хүчний харьцааг өөрчилж мэдэх эгзэгтэй байдалд орж байна.

МАН-д 1 суудал илүү байх, дутуу байх ямар ч ялгаагүй юм. Гэхдээ...

Хэрэв МАН нөхөн сонгуульд ялагдвал хариуцлагыг ялагдлаар төгссөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эрх мэдлийг “гартаа төвлөрүүлсэн” мэт харагдах У.Хүрэлсүхэд үүрүүлэх аятай боломж юм. Нөгөө талд АН нөхөн сонгуульд ялж гэмээ нь С.Эрдэнэ “ротациар сольсон” ҮБХ-ны гишүүдийн шүүмжлэлээс зайлсхийж, амсхийх чөлөө олж авах юм. 

Ийм үед У.Хүрэлсүх үндсэндээ дан өөрийн хүчээр ялахаас өөр замгүй хавчигдмал байдалд орчихоод байна. Өөрөө дэвшээд унасан ч, өөр хүн дэвшүүлээд унасан ч хариуцлага үүрнэ, харин ялбал байр сууриа бэхжүүлнэ. Гэвч аюултай нь ар талаас нь АТГ хомроголовол тэсч чадахгүй юм. Үүнд л аюул нь байна. 

Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН гурвын ялах магадлал (ингэхдээ МАХН-аасН.Энхбаяр дэвшсэн тохиолдолд) бараг тэнцүү байна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийслэлд АН 14, МАН 11, МАХН 3 гаруй хувийн дэмжлэгтэй байна. Орон нутагт энэ дүн бага зэрэг өсөх магадлалтай. МАХН Н.Энхбаярыг дэвшүүлбэл рейтингээ өсгөнө, харин АН, МАН хоёрт тийм нэр дэвшигч байхгүй. Гэлээ гээд задгай сонгогчийн тоо 60 хувиас багасахгүй. Өөрөөр хэлбэл хамгийн бага ирц дээр намуудаас гадуурх сонгогчийн дэмжлэгийг авч чадсан нь ялах нь бага газрын тулаан болох магадлалтай байна. 

Ц.Элбэгдорж дэвших сонирхолтой байсан ч түүнийг “Дэвших л юм бол оймсыг чинь гозойлгоно” гэж сүрдүүлсэн тулд гадаадад байсан нь аюулгүй гээд зугаалж яваа бололтой юм. Н.Энхбаярт ч ийм сануулга очсон байж болзошгүй. Тиймээс нөхөн сонгуульд нэр дэвшигч МАНДАХ холбооноос тодорч тун болзошгүй байна. Хэрэв МАН ялбал У.Хүрэлсүх ямар боловч 1919 оны 10 дугаар сарыг хүртэл нэг урт амьсгаа авах зай байна. 

Ахиад л Хурц...

Энэ бол огт өөр өрөг юм. Хэрэв Ч.Хурц АН-аас дэвшвэл яах вэ? Өмнө нь өнөөх элчин сайдын томилгооны хэрүүлийн үед маньхүн нэг дэвших гэж оролдсон бололтой байна. Ингэхдээ УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлантай тохирч нэрийг нь татуулаад нөхөн сонгуулиар дэвшихийг оролджээ. Түүнд саад болох хүн ганцхан Н.Энхбаяр байсан юм. Тиймээс Ж.Батзандангийн хэлдгээр “хонины хонхорт” нь явдаг С.Баасанхүүг цэнэглэж, намыг нь сүйтгэх ажиллагааг зохион байгуулж дөнгөжээ. 

Гэвч эцсийн мөчид С.Эрдэнэ намаасаа дэвшүүлэхийг зөвшөөрөөгүй тул тэр бужигнаан тэгсгээд намжсан байна. 

Одоогийн нөхцөлд нөхөн сонгууль явуулах нь аль аль талд нь хэтэрхий эрсдэлтэй байна. Тиймээс харзнах төлөвт орчихлоо. Шийдвэр гаргахад нөлөөтэй гол хүмүүс гадаадад айлчилж байна. 3 дугаар сарын 18-ны наана бүгд цуглаж, өөр өөрийн цэрэг эрстээ баярын мэнд дэвшүүлээд тулаанд орж явчих магадлал харин бий шүү!

Өөр хувилбар...

Үнэндээ парламент ард олны итгэлийг бүрэн алдаад байгаа энэ үед нөхөн сонгууль хийх нь парламентад өөрт нь илүү халтай байх төлөвтэй байна. Бас л судалгаа харахад олон нийтийн итгэлийг хүлээх үзүүлэлтээрээ парламент шалдаа буусан шүүх прокурорын байгууллагаас ч дор орсон байна. Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 жилд муу парламент байсан л биз, ер нь л сайн нэртэй байгаагүй, гэвч өнөөгийнх шиг ийм арчаагаа алдсан байдалд орж байсныг санахгүй байна.

Улстөрийн дээд эрэмбийнхний хямрал хурцадвал хохирлын голыг парламент л хүлээх төлөвтэй юм. Аль ч улстөрийн хүчин, субьект амжилт олохоо байлаа гэхэд бүхий л муу муухайгаа чихэх бэлэн зэхээний, багтаамж ихтэй муухай үнэртэй хогийн сав байгаа юм.

Парламентад үзүүлэх тэр дарамт нь М.Энхболдыг солих, эсвэл парламентыг тараах хувилбараар өргөжих төлөв ажиглагдаж байна. Ингэсэн тохиолдолд М.Энхболд бүлгийнхээ гуравны нэгтэй үлдээд хамгаалах гэж оролдох нь утгагүй хэрэг болох юм. 

Хавар тэсч үлдэе гэвэл М.Энхболдыг зольж байж мултрах шахаанд орчихож болзошгүй юм. Ялангуяа АТГ-ын даргын будлиантай орооцолдвол бараг өөрөө уначих байх аа даа! УИХ-М.Энхболд-Х.Энхжаргал гэсэн цуваа нэгнээ татаж унагахад бэлэн болчихоод байгаа юм.

Хүчнүүдийн ашиг сонирхлыг тооцъё! АН парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах туйлын сонирхолтой байна. Тиймээс ҮБХ-нд яаралтай сэлгээ хийж, нэр дэвших хүмүүсээ шигшиж эхэлжээ.

МАХН мөн ийм сонирхол дээр нэгдэхэд бэлэн байгааг АН-ын зохион байгуулсан жагсаалд нэгдсэнээрээ харуулсан. Үнэндээ МАХН бол Н.Энхбаяр л юм.

Иргэний улстөрийн хөдөлгөөнүүд мөн ээлжит бус сонгуулийг хүлээж байна.

Олон нийт түүхэндээ анх удаа парламентын сонгуулийг ээлжит бусаар явуулахыг сонирхож байна.

ЗГ мөн л үүрэг гүйцэтгэгч, сонгуулийг зохион байгуулагчаар үлдэхийг сонирхож байгаа бөгөөд тэртэй тэргүй ЗГ-ийг ээлжит сонгуулиас өмнө огцруулах сонирхол дээр МАН дахь ЗГ-ын эсрэг бүлэглэл нэгдчихсэн нь нууц биш болсон байна.

Ц.Элбэгдорж ба АН-ын ҮБХ-оос хөөгдсөн хэсэг ч ээлжит бус сонгуулийн үр дүнд ашиг сонирхлоо хангах боломжоо олж авах юм. Э.Бат-Үүл нар нийтийг хамарсан жагсаал зохион байгуулах оролдлогыг эхлүүллээ.

Үнэндээ нийгэм халалттай байгаа ба “оч” өгөхөд “дөл” бадрах хэмжээнд хүрсэн нь үнэн. Магадгүй “оч” өөр газраас маналзаж магадгүй, наад зах нь ЗГ шатахууны үнийг зохицуулах санхүү-эдийн засгийн бүр арга хэрэгслээ ашиглаж дууссан тул гэнэт л шатахуун нэмэгдэхэд л нийгмийг хамарсан бухимдал өдөөлт үүсчихэж магадгүй юм.

Үндсэндээ цагаан сар, эмэгтэйчүүдийн ба цэргийн баяр л аливаа хөдөлгөөнийг түр хорьчихоод байгаа билээ. Ийм нөхцөлд эрх баригч намын дотоод хямралыг өдөөх нь нийгмийг томоохон өөрчлөлт рүү турхирснаас юуны ялгаа!!!