Наадам 21: Цахим бөхийг тогонд залгана
Сониноос, Батэрдэн аварга зодоглохгүй гэсэн сурагтай. Гэвч залуу бөхчүүд “Цагийг эзэлсэн их аваргыгаа 380в-д залгаж хүндэтгэл илэрхийлнэ” хэмээн шаргуу шаардсан дуулдав
Наадам 21:Цахим бөхийг тогонд залгана.
Энэ жилийн наадам цахим болох нь тодорхой болов. Гэвч хэрхэн морь бөхөө “цахих” нь тодорхойгүй байгааг жаахан тодрууллаа.
Бөхчүүдээс асуухад хоёр янзын байр суурьтай байна. Тэд цахим наадмыг тог цахилгаанаас салгаж ойлгохгүй байна. Ухаандаа, “Цахилгаан Мөнхөө” гэж байсан шиг л барилдах юм гэсэн нэг хэсэг хэсэг байхад, нөгөөдүүл бөхчүүдээ тогонд залгаад барилдуулах юм гэсэн ийм хоёр янзаар цахим наадмыг ойлгосон байна.
Тэд бас тус бүрдээ дэд ойлголттой байна. Жишээлэхэд, цахилгаан Мөнхөө шиг хурдан барилдана гэж үздэг хэсэг дотор “Заавал хурдан барилдах албагүй, барилдааны бичлэгийг хурдан дээр нь тавиад жирэлзүүлж үзүүлнэ” гэсэн зарчмын байр суурьтай фракци ч бас байна.
Бөхчүүдээ тогонд залгадаг хэсэг бол нөгөөдүүлээсээ арай дэлгэрэнгүй тайлбар өгч байх юм. Бөхчүүдийг тогонд залгахдаа цолны эрэмбийг харгалзах гэнэ. Нэгийн давааны аманд гарч байгаа цэргийн хүүхдүүдэд хоёр ширхэг хуруун зай залгаад л болчих бол аймаг цэргийн цолтнуудад машины аккумлятор холбох ажээ. Орон нутагт бол цагны баттарей хаваасаг гэх хүн ч байна.
Чимэггүй начингуудад 110 вольт өгөхөд хаваасаг гэж байгаа бол арслан заанууд 220в-д холбуулаад зодоглоно. Харин чимэгт нь тааруулаад амперийг нэмж, хасна.
-Түрүүлсэн бөхийг цахилгаан сандлаар байлна(суулгана?!) ч гэх шиг... Юм юм л ярьцгааж байна.
Ямар ч байсан, Допингийн комиссынхон сэргээш илрүүлэгчийн оронд вольтметр, амперметрээр зэвсэглээд ажилдаа орох гэнэ. Аа тийм, цахим наадам хийх учраас “бөхийн гал” гэж байсныг “бөхийн пэлээтэг” гэх болсон байна. Засуулуудыг асуултгүй, “Монгол бөхийн арзээтаг” хэмээнэ.
Харин, хэн нь яаж шургуулсныг бүү мэд, бөхчүүдийн цахилгаан тоноглолд карт уншдаг поос машин орчихсон байх аж.
Сониноос, Батэрдэн аварга зодоглохгүй гэсэн сурагтай. Гэвч залуу бөхчүүд “Цагийг эзэлсэн их аваргыгаа 380в-д залгаж хүндэтгэл илэрхийлнэ” хэмээн шаргуу шаардсан дуулдав.
Цахим наадмын сургаар манай бөхчүүд боловсролоороо их гайхуулж байна. Ялангуяа, Доктор, Магистрын Дипломоор Шагнуулсан Бөхчүүдийн Эвсэл буюу ДМДШБЭ -ээс “Цахим наадам” гэдэг хөдөө маягийн үгээс татгалзаж “ Тхэ Электрон Наадамшн” хэмээн боловсронгуйгаар нэрлэх саналаа Үндсэн хуулийн цэцэд гаргажээ. Зөвлөлтийн үеийн нэгэн ахмад бөхчин “Үндэсний цахим бөхийг “Крепкий гамэ” хэмээн нэрлэсүгэй” гэсэн байр сууриа хамгаалж байна. Түүнчлэн, ДМДШБЭ-ийнхэн улсын наадам нь “электрон” юм чинь, аймгийн наадам “протон” байгууштай гэж үзсэн ажгуу.
Бөхчүүд электрон барилдах нь тодорхой болсон ч цахим наадмын ажил зуун задгай, жаран хагархай хэвээрээ. Наад зах нь, тог хүчдлээ бөхийн юу руу залгахаас эхлээд шийдээгүй асуудал цаана нь зөндөө.
Хурдан морины уралдаан жаахан асуудалтай байна. Морио тогонд залгах асуудал хамгийн түрүүнд яригдсан боловч цахилгааны эх үүсвэрээ хэрхэн цуг давхиулах тал дээр бэрхшээл гарчээ. Чинээлэг уяачдын Лиги болохлоор Биртлүүзнээс (Вертолет??) морины тоогоор хумлятор зүүгээд морин дээгүүрээ цуг нисгэх санал гаргажээ. Гэтэл морь нь гэнэт бусгаад залгуураа салгачихвал яах вэ гэдэг асуудлаас болоод гацсан байна.
Эцсийн эцэст тус бүртээ спидометртэй гүйлтийн зам дээр морио гүйлгээд, бүгдийг нь наадмын комиссын монитортой холбох шийдэлд хүрчээ. Гэтэл, сорилгын үеэр гүйлтийн замынхаа хурдыг нэмээд морио өргөсөн бульхай гарсан нь энэ арга тийм ч төгс биш болохыг харуулж байна.
Уг нь бүх мориндоо “ЖиПиЭс” зүгээд ганцааранг нь 30 км давхиулж, нэгдсэн монитороор хянах хувилбар яригдсан боловч туршилтын сунгаан дээр газрын уруу тавих, заримыг нь жипэндээ суулгаад давхих зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул болиулжээ.
Эрлийз морины асуудал ёстой маапаантай болжээ. Эхэндээ ч яахав, эрлийз царайтай, акценттай янцгаадаг, ялангуяа хятадын эрлийз баймаар морьдыг хасаад болоод байсан аж. Гэтэл нэг солиотой шаар нь “бүх адуу азарга, гүү хоёрын эрлийз” болохыг нотлоод хамаг юмыг завааруулаад хаяжээ.
Харин, сурын харваа шиг цахим хувилбар нь амархан шийдэгдсэн юм алга. Та бидний сайн мэдэх “онгоц буудах” тоглоомын дүрмээр сур харвах ажээ. Наадмын комисс дөрвөлжин шоонуудад хуваасан байны аль нэгтэй хасаагаа нууцаар зурна. Харваачид утсаар “Би төдийн төд-д харвалаа” хэмээн мессеж бичнэ. Комиссынхон уг солбилцолыг самбартаа буулгаад оносон, оноогүйг хэлж өгнө.
Ингээд л болоо. Сайхан цахилаарай...гэх ёстой юу, одоо ?
2021.06.22