Мөрөөдөж сурцгаая!
Энэ жилийн “Дэлхийн шилдэг сурагч”-аар 18 настай энэтхэг хүү Adarsh Kumar 148 орны 11 мянган сурагч дундаас шалгарч, 100 мянган ам.доллараар шагнууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж буйг хүлээн авна уу!

Чи дөнгөж 14 настай байхдаа ердөө 1,000 рупи (40 мянган төгрөг) халааслаад нэгэн мөрөөдөл тээгээд гэрээсээ гарчээ. Тэр алхмыг хийх зориг хэрхэн төрсөн бэ? Хүнд хэцүү үед юу чамайг урагш алхуулсан бэ?
Би Энэтхэгийн Бихар мужийн Чампаран хэмээх байнга цахилгаан тасардаг, боловсрол эзэмших нөхцөл муу, таатай амьдрах боломж тааруу газар өссөн. Ээж маань хуримтлуулсан мөнгөөрөө хуучин зөөврийн компьютер авч өгсөн нь надад шинэ боломж нээх цонх болсон. 14 насандаа би 1,000 рупи, тэр компьютертэйгээ Кота хот руу сурч, ажиллахаар явсан. Яагаад гэвэл боловсрол миний амьдралыг өөрчилнө гэж итгэсэн. Үнэндээ энэ үйлдэл маань яг зориг байсан гэхээсээ илүү зайлшгүй хийх ёстой алхам мэт санагдсан. Сургалтын төвд суралцах мөнгөгүй үедээ би үнэгүй Wi-Fi-тай газар хайн зөөврийн компьютер дээрээ онлайн хичээл үзэж, өөрийн бизнес санаагаа хаа сайгүй танилцуулж эхэлсэн. Удалгүй нэгэн ментор миний итгэл үнэмшлийг олж хараад надад цаашаа алхах боломж олгосон. Энэ хүнд хэцүү үед намайг ямагт урагш алхуулж байсан зүйл бол миний ээж. Ээжийнхээ миний төлөө гаргасан золиосыг хүндэтгэх сэтгэл, менторуудын маань заавар зөвлөгөө, мөн над шиг хүнд, тэгш боломжгүй нөхцөлд өссөн хүүхдүүд илүү сайхан ирээдүйд очих ёстой гэдэг итгэл намайг нэг газраа зогсоогоогүй.
Боловсрол яагаад чухал гэж?
Боловсрол бол ирээдүйгээ өөрчлөх, амьдран буй орчноо шинэчлэн сайжруулах хамгийн хүчирхэг зам. Сайн бас зөв багш, үнэгүй интернет, нэг долоо хоногийн богинохон сургалт хүртэл хэзээ ч нээгдэхээргүй хаалттай мэт байсан хаалгыг нээж, чиний өмнө төсөөлж ч чадахгүй боломжийг үүсгэдэг. Чанартай боловсрол зөвхөн онц, сайн дүнгийн хуудас биш.
Чанартай боловсрол гэр бүлийн орлого, эрүүл мэнд, ирээдүйг өөрчилдөг.
Боловсрол залуусыг бусдаас боломж гуйх биш өөрөө шинэ боломжийг бүтээх чадвартай болгож, өөрийгөө хөгжүүлэхээс гадна нийгэмдээ илүү их хувь нэмэр оруулах хүчийг өгдөг.
Хэдэн жилийн өмнө Netflix-ээр “The White Tiger” киног үзээд нийгмийн оролцоо, боломжийн ялгааны талаар гүн гүнзгий ойлгосон. Та энэ киног үзсэн үү?
Үзээгүй ээ.
Төв, суурин газраас хол, алс хязгаарт амьдардаг олон залуус нөхцөл байдалдаа дасаад, байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, хүсэл мөрөөдөлгүй болчих гээд байдаг. Монголын өсвөр насны хүүхдүүдэд чи юу гэж хэлмээр байна?
Бүх зүйлийг нэг дор хийх албагүй. Нэг ур чадвар, нэг жижиг төсөл, тусалж чадах нэг хүнээс л мөрөөдлөө эхлүүлээрэй гэж хэлмээр байна. Мөрөөдлийн биелэлт чинь ямар ч эмх замбараагүй байсан ч ахиц дэвшлээ тэмдэглэж, бусадтай хуваалц. Би ингэж л ур чадвар, танилын хүрээ, бүтээлч байдлаа хөгжүүлж, амьдралыг минь өөрчилсөн менторууд, найзуудтайгаа учирсан. Мөн мөрөөдлийг чинь биелүүлэх хүсэлтэй хамт олныг эрэлхийлээрэй. Миний ихэнх амжилтын нууц хамтдаа алхаж, багаараа ажиллаж чиглүүлж өгсөн хүмүүсээс үүдэлтэй.
Таны гарал үүсэл, хаана, ямар хүнд нөхцөлд төрж өссөн чинь саад эсвэл сул тал биш харин ч дэлхийн бусад хүмүүсийн харж мэдрээгүй асуудлуудыг шийдэхэд туслах гүүр болох ёстой юм шүү.
Таны түүх хувь хүнээс давж олон нийтийн хамарсан хөдөлгөөн болж чадна гэдгийг хэзээ ойлгосон бэ? Мөн багшийн үүрэг, оролцоог хэрхэн үнэлдэг вэ?
Миний Mission Badlao-ийн анхны судалгаа 1,000 гаруй өрхийг хамрах үед айл өрхүүд, хөршүүд маань улсын сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарын төлөө надтай нэгдэж, намайг дэмжиж эхэлсэн. Хүмүүс өөрсдийгөө өөрчлөх хүчтэй гэдгийг мэдрэх үеэс эхлээд нийгмийн том өөрчлөлт, реформ явагдаж эхэлдэг юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон. Багш нар бол залуусын амин сүнс шүү дээ. Багш бол зөвхөн багш биш дасгалжуулагч, холбогч, итгэлтэй анд нөхөр, бидний хичээл зүтгэлийг бодит нөлөө болгон хувиргагчид юм. Багшийн эрдэм шавьд гэдэг шиг бидний мэдлэгийн суурь баганыг босгосон эдгээр баатруудад үргэлж өртэй явна.
Чиний хийсэн Skillzo дэд бүтэц 20,000 гаруй сурагчдад хүрсэн. Ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ? Технологи шийдэл байж чадна гэдгийг яаж мэдэв?
Жижиг хотууд, суурин газраас хол байдаг сурагчид хүсэл тэмүүлэлгүй биш харин тэдэнд ментор, тэгш боломж, практик ур чадвар дутагддаг юм.
Skillzo дэд бүтэц маань тэднийг менторууд, хамтран суралцагчид, карьерын боломжуудтай холбодог. Мөн санаа, мөрөөдлийг нь дэмжих боломжтой түншүүдтэй холбож, хамтран зохион байгуулдаг семинар сургалтуудад хамрагдах боломжийг сурагчдад олгодог. Энэ бүх ажлыг технологи хямд өртгөөр, тэдний ярьдаг хэлээр нь, оролцоог нь бий болгох байдлаар хүргэх боломжийг олгодог. Ингэснээр сурагчид бие биенээсээ болон алс газар, өөр хот, улсад буй мэргэжилтнүүдээс суралцаж чаддаг болсон.
Чи мөрөөдлөө биелүүлэхийн тулд энтрепренершип, олон нийтийн харилцаа, ирээдүйдээ бэлдэх ур чадварууд дээр төвлөрч ажиллажээ. Яагаад эдгээр чиглэлүүдийг сонгосон бэ? Энэ бүхэн та бидний амьдралыг хэрхэн өөрчлөх хүчтэй вэ?
Эдгээр нь миний мөрөөдлийг томруулах хамгийн үр дүнтэй арга гэж санагдсан. Энтрепренершип нь асуудал шийдэх, өөртөө итгэх чадварыг бий болгодог. Олон нийтийн харилцааг сайн хийж чадвал таны түүх, туршлага, амжилтыг бусадтай хуваалцахад тусалдаг. Харин цахим ур чадварыг эзэмшиж чадвал хөдөөний сурагчийг дэлхийн дэвжээн дээр гаргаж чаддаг. Энэ бүгдийг ашиглаад ичимхий даруухан сурагчид хэдхэн сарын дараа баг, хамт олноо удирдан, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, өөрийгөө болон бусдыг өөрчлөхийг би нүдээрээ харсан. Үүний тулд мэдээж зөв бүтэцтэй хөтөлбөр болон аргачлал, менторшипийн бүтэц, менторын зөвлөгөө хэрэг болдог.
Чиний эхлүүлсэн Mission Badlao төсөл боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны өөрчлөлтийн асууудлыг шийдэхийг уриалсан. Хүмүүсийг өөрчлөлтөд итгүүлж, үйлдэлд хүргэх нууц нь юу вэ?
Та өөрөө төсөлдөө итгэж байвал бусад хүмүүс итгэж эхэлнэ. Иймээс өөрийн амьдрал, ойр орчны хүмүүст шууд нөлөөлж буй хамгийн ойрын асуудлаас ажлаа эхлэх ёстой юм билээ. Тэгвэл хүмүүс таны санаа, зүтгэлийг ойроос мэдэрч харах төдийгүй бодит дэмжлэг үзүүлнэ. Бид эхлээд өрх, гэр бүлийн судалгаанаас эхэлж байсан бол дараа нь вакцины аян, ариун цэврийн хэрэгслийн хуваарилалт, мод тарих зэрэг бодит үйлдлүүд рүү нөөцөө шилжсэн. Жижигхэн ч болов хамтын амжилт хүн хооронд итгэлцлийг бий болгодог. Энэхүү итгэлцэл нь дараагийн том амжилтын суурь хурдасгуур болдог. Энэ түвшинд гарч чадвал бусдаас хандив гуйх биш үнэ цэнийг бусадтай хамтран бүтээлцэж эхэлдэг. Иймээс би үргэлж “Бид хамтдаа юу бүтээж чадах вэ?” гэж асуудаг.
“Дэлхийн шилдэг сурагч” шагналыг хүртсэнээр чи дэлхийн тавцанд гарч ирлээ. Энэ нэр хүнд, хариуцлага танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Хэрхэн даруу байж, хөөсөн дунд орохгүй байж чадна гэж бодож байна? Шагналын 100,000 ам.доллараа хэрхэн зарцуулах вэ?
Юуны өмнө энэхүү гайхалтай шагнал, боломжийг олгосон ноён Санни Варки, Варки сан, мөн ноён Натан Шульц, Chegg-д гүн талархал илэрхийлье. Энэ бол надад болон боломж тааруу, тэгш боломжоор хангагдаж чадаагүй, нөөц хомс орчинд өссөн бүх сурагчдад өгч буй шагнал юм. Иймээс бид илүү гэрэлтэй, илүү бие биетэйгээ холбоотой, хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээх ёстой. Би ирээдүйд хийх ажлууд дээрээ төвлөрөхөөс гадна ээж, найзууд, менторуудын минь хичээл зүтгэлийг санаж өөрийгөө даруу байлгаж, амжилтын хөөсөн дунд орохгүй байж чадна. Энэ шагналын мөнгийг Skillzo дэд бүтэц хэрэглэж буй сурагчдын тоог мянгаас сая руу хүргэх, үйлчилгээний чанар, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сайжруулахад ашиглана. Бид хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, Skillzo-г олон улсын оюутан, ментор, хүний нөөцийн сүлжээ болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ шагналын талаар анх хэрхэн мэдсэн бэ? Яаж нэр дэвшсэн бэ? Сонгон шалгаруулалтын үйл явц, шалгуур юу байсан бэ? Бусад сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
Найз маань ийм шагнал байдаг тухай надад анх хэлсэн. Би өөрийн гарал үүсэл, хийсэн ажил, хамт олон болон нийгэмд үзүүлсэн нөлөөллийнхөө талаар бичиж нэрээ дэвшүүлсэн. Бусад найзууддаа өгөх зөвлөгөө гэвэл хийсэн ажлаа баримтжуул, чухал зүйлсийг хэмжиж занш, өөртөө болон бусдад үнэнч бас нээлттэй бай гэж захимаар байна. Үнэт зүйлс бол тоон үзүүлэлттэй адилхан чухал. Энэ шагнал бол таны эргэн тойрны орчин, нийгэм, сургууль, хот тосгон зэрэг хүрээлэн буй хүмүүст үзүүлж буй нөлөөллийн хэмжүүр юм. Танд тусалсан хүмүүс, таны замналыг чиглүүлж харсан хүмүүстэй тухтай ярилцах цаг заавал гаргаж байгаарай. Тэдний зөвлөгөө, дэмжлэгээр та амжилтаа улам батжуулан өргөжүүлж, бусдын сайн сайхны төлөө үнэ цэн бүтээж, мөрөөдлөө биелүүлэх чин сэтгэлээ баталж чадвал чи ч гэсэн энэ шагналыг авах боломжтой шүү.
Таны түүх дэлхий даяар үнэлэгдэж буй энэ үед хүсэл тэмүүлэл ба даруу байдлыг хэрхэн тэнцвэржүүлж байна вэ?
Энэ бүхэн миний ганцаараа хийсэн зүйл биш бүгд хамтын ажиллагаа байсан гэдгийг би өөртөө байнга сануулдаг. Бүх зүйлд би одоо ч гэсэн итгэж чадахгүй байна. Миний анхны гадаад улс руу явсан түүх маань энэ шагналыг авахаар Лондонд ирсэн аялал боллоо. Гэсэн хэдий ч Энэтхэг дэх бодит амьдралтайгаа гүн гүнзгий холбогдсон хэвээрээ байна. Энэ том шагналыг би гэр бүл, менторууд, сурагчидтайгаа тогтмол ярилцаж, амжилт, алдаа бүрийг илүү анхааралтай сонсох эрх гэж хүлээн авсан. Хэлбэр биш агуулга чухал гэдгийг маш сайн мэдэрч байгаа.
Боломж хязгаарлагдмал орчинд өссөн сурагч хүүхдүүдийн талаар хүмүүсийн хамгийн түгээмэл ташаа ойлголт юу вэ? Та үүнийг хэрхэн няцаадаг вэ?
Тэгш бус, хүртээмжгүй орчинд өссөн хүүхдүүд авьяас, тэмүүлэлгүй эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлыг өөрсдөө бий болгосон мэт ойлголт байдаг. Гэвч бидэнд дутагдаж буй зүйл бол боломжийн тэгш эрх, мэдээ, мэдээлэл жигд хүртэх боломж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдал юм.
Манай хөтөлбөрүүд эдгээр ташаа ойлголтыг няцаах зорилготой ажилладаг. Зөв дэмжлэг, ментор, бичил тэтгэлэг, сайн үлгэр дуурайлал, тэгш хүртээмжтэй мэдээлэл байвал амьдралын боломж тааруу, ялгаатай хөгжилтэй, хөдөөгийн сурагчид ч гэсэн сургуулийнхаа тэмцээн уралдаанаас эхлээд дэлхийн тэтгэлэгт хөтөлбөрт хүртэл өрсөлдөн ялж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн манлайлагч болж чадна.
Чи менторшип болон залуусын хүртээмжтэй оролцооны платформуудыг байгуулсан. Ментор гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Залуус оролцоогоо бодит болгохын тулд хэрхэн манлайлах ёстой вэ?
Менторшип гэдэг нь хамтын итгэлцэл, нэмэх нь үнэнч шударга, нээлттэй харилцаа юм. Үүнийг зөв ашиглаж чадвал төсөөлж ч байгаагүй ирээдүйг бий болгодог. Залуусын оролцооны хувьд оролцогч талуудын ойлгох хэл, форматаараар харилцах, уламжлалт бус олон төрлийн суралцах арга барилыг хүлээн зөвшөөрөх, сурагч хүүхдүүдийн ахуй амьдрал, мөрөөдөл, тэмүүллийг ойлгож мэдэрдэг менторуудтай ажиллаж элсүүлэхээс эхэлдэг. Залуус бид бие биенээ бүтээх ёстой. Нэг алхам урагш алхахдаа нэг гар ардаа сунгаж бие биенээ дэмжих ёстой. “Бид бүгд чадна, хэрвээ хамтдаа байж бие биенээ дэмжиж чадвал” гэсэн итгэлээр хамт олноо манлайлах ёстой.
Хэрвээ та Монгол сурагчидтай хамтран ажиллах боломжтой байсан бол ямар төслийг хэрэгжүүлэх байсан бэ?
Монгол, Энэтхэгийн хөдөө, орон нутгийн залуусын солилцооны хөтөлбөр маш сонирхолтой байх байсан. Бид хамтдаа орон нутгийн нийгэмд чиглэсэн бизнес эрхлэлт, малчдын өмнө тулгамдаад буй уур амьсгалын сорилтуудыг шийдэх арга замуудыг загварчилж болох байсан. Бид бие биетэйгээ маш ихийг хуваалцаж, суралцаж, магадгүй хамтарсан төсөл, дэлхийд жишиг болох үнэ цэнтэй бизнес эхлүүлэх бүрэн боломжтой санагдаж байна.
Skillzo болон Mission Badlao-ийн ирэх таван жилийн алсын хараа юу вэ? Цаашид Энэтхэгтээ суурин байх уу, эсвэл өөр газар руу нүүх төлөвлөгөө бий юу?
Бид алхам алхмаар урагшилна. Skillzo гурван зүйлд төвлөрдөг: нээлт, туршлага, сүлжээ. Тиймээс эдгээр сууриа өргөжүүлэх нь чухал байна. Илүү сонирхолтой, өндөр өгөөжтэй семинар, үйл ажиллагаа зохион байгуулах, өөрийн түүх, ярих чадвараа хөгжүүлэх, шинэ зах зээлд хүрэх, дэлхийн бусад орны сурагч, менторуудтай холбогдох сүлжээг өргөжүүлэх нь миний зорилго. Хөдөөгийн болон боломж хязгаарлагдмал нийгмийн бүлэг дэлхийн бүх улсад бий. Бид туршиж баталсан аргачлалаа улам төгс болгож нийгмийн зорилтот бүлгүүдийг дэмжиж, хамтын ажиллагаа, туршлагаа хуваалцсан суралцах замаар бүгдэд хүртээмжтэй үнэ цэнийг үүсгэхийг зорьж байна. Mission Badlao нь Бихар хотод бодлого, лабораторийн үйл ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Сүүлийн хоёр жил бид маш их хөдөлмөрлөсөн. Энэ шагналыг авахаар анх удаа хилийн дээс алхаж, анхны олон улсын нислэгээр Лондон хотод ирлээ. Ирэх жилийг Энэтхэгийн Жайпур хотод ахлах сургуулиа амжилттайтөгсөхөд зарцуулна. Цаашид юу болохыг харъя. Ирээдүйд миний очих газрыг Skillzo төсөл, хамт олон маань, дэлхийг илүү сайхан болгох эрхэм зорилго минь тодорхойлно.
Надаас асуугаарай гэж хүсдэг ч хүмүүс таниас асуудаггүй тийм асуулт гэж байна уу?
“Чамтай адилхан дараагийн сурагчдад бид хэрхэн тусалж чадах вэ?” гэдэг асуултыг надаас асуугаасай гэж боддог. Хэрвээ та миний энэхүү ярилцлагыг уншиж байгаа бол боломж хязгаарлагдмал, алс хязгаарт сурч хөгжиж буй нэг залуу хүүхдийг менторло, сургуульд нь ном эсвэл тоног төхөөрөмж хандивла, эсвэл анх удаа тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргаж буй сурагчид зөвлөгөө өгч, өөрийнхөө сүлжээг нээж өгөөрэй гэж хүсмээр байдаг. Миний замнал ингэж л урагшилсан. Миний эргэн тойронд маш их авьяас байна. Ийм асуултыг биднээс асууснаар бид мөрөөдөл, ур чадвар, хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөрт суурилсан, залуусыг бодитой дэмжих ирээдүйг хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэдэг.
Энэ ярилцлагыг уншиж буй монголын хүүхэд залууст өгөх чиний зөвлөгөө гэвэл?
Төгс нөхцөл байдлыг хүлээх хэрэггүй. Шууд эхлэ! Ижил зорилготой хүмүүсийг ол, өөрт тань итгэдэг хүмүүстэй санаагаа хуваалц, ахиц дэвшлээ олон нийттэй хуваалц. Бусдаас тусламж хүсэхээс хэзээ ч бүү ай, битгий нэрэлхэ! Чиний өнөөдрийг хүртэл хуримтлуулсан амьдралын туршлага чинь бодит мэдлэг мөн. Чиний өөрөөсөө болон бусдаас асуудаг асуултууд чинь ирээдүйн төлөвлөгөө чинь гэсэн үг шүү. Мөрөөдөж сураарай! Энэхүү мөрөөдлөө бүтээж, өөрийнхөө хүсэл тэмүүллийг хуваалцдаг хүмүүст зориулж үнэт зүйлсээ бүтээгээрэй.