Монголын хөлбөмбөгийн шигшээ баг маань 4-р сард Куала Лумпурт болсон 2022 оны Дэлхийн аваргад оролцох сугалаанд оролцож Брунейн шигшээ багтай тоглохоор болсон юм. Эхний тоглолт 6-р сарын 6-д Улаанбаатар хотноо болох бол хариу тоглолт үүнээс тав хоногийн дараа 11-д Брунейд болно.

Манай шигшээ багийн хувьд 2002 оны Дэлхийн аваргаас хойш урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байгаа бөгөөд зургаа дахь Дэлхийн аваргадаа тоглох гэж буй нь энэ юм.

Өмнөх Дэлхийн аваргын тоглолтуудыг харвал:

2002 он – Саудын Араб, Вьетнам, Бангладеш
2006 он – Мальдив
2010 он – БНАСАУ
2014 он – Мьянмар
2018 он Зүүн Тимор
2022 он Бруней 

Эндээс харахад манай шигшээ хамгийн сул өрсөлдөгчтэй тоглох гэж буй нь энэ юм. Өмнөх өрсөлдөгчдийг жишиж харвал бидэнд дараагийн шатанд цааш шалгарах боломж бага байсан бөгөөд 2002, 2010 он хамгийн хүнд буюу дараа нь Дэлхийн аваргад оролцсон багуудтай тоглосон байлаа. Жижигхэн арлын Мальдив ч манайд ахадсан учраа байж талбайдаа 12-0-ээр бут ниргэж байв. Харин Мьянмар, Зүүн Тимор бол тун боломжийн учраа байж манайх цааш шалгарах хувь багагүй байсан юм. 

ОУХБХ-ы чансааны хувьд 160-иас хойш бичигдэж буй багууд тоглолтын чанар гэхээсээ илүү олон тоглолт хийсэн нь чансаа ахих гол нөлөө үзүүлдэг юм. Манай шигшээ багийн хувьд сүүлийн 2018 онд түүхэндээ баймгүй олон тоглолтонд оролцож бараг өмнөх бүх хожлынхоо талд бичигдэхүйц хожил байгуулсан учраас чансааны хувьд тун ашигтай нөхцөл байдалд байлаа. Олон тоглолт хийсэн нь гэнэт мөнгөтэй болох эсвэл гэнэт монголын хөлбөмбөгөө хөгжүүлье гэж бодсонтой холбоотой гэхээсээ илүү энэ жил болох МХБХ-ы сонгуультай холбоотой гэж харж байна. Яахав Ерөнхийлөгч маань гүйцэтгэх зөвлөлийнхний ажлыг гацаахгүй, улс төржих нь багассан учраас гэнэт монголын хөлбөмбөг маань гайгүй хөгжөөд ч байгаа юм шиг харагдаж буй. Жам ёсоороо хөгжих хөгжлийг нь саатуулахгүй бол манай хөлбөмбөгч дороо босоод ирнэ дээ. Саяхан л бүгдийг нь Зөвлөлдөх зөвлөл болгон өөрчилж, дүрэм зөрчсөн хурал хийж, өөрийн хүмүүсээ оруулах ажил зохион байгуулаад тэр нь асуудал үүсгэж ОУХБХ-оос сануулга ирснээр дураараа дургих нь багасчихаад байгаа юм. За тэгээд ажил, чансаа урагшилж буй олон шалтгаанаас үндсэн гол шалтгаан энэ л байна даа.

Сугалаа болж манай шигшээ баг Бруней, Шри Ланк, Пакистан, Бангладеш, Гуам, Зүүн Тимороос хамгийн боломжийн сугалаа Брунейг сугалсан юм. Анх сугалаа харчихаад “За тэгмээр дээ, манайх ингэж нэг сугалаанд азтай байх” гэж бодсноо нуух юун. Энэ удаагийн Дэлхийн аваргын тоглолт үнэхээр их догдлуулж цааш шалгарч болох олон зүйл давхцаж байгааг харж болно.

Манай талаас хөлбөмбөгт хөрөнгө оруулж буй дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөө сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн юм. Үүний улмаас тамирчдын цалин нэмэгдэж, гадаад дасгалжуулагчид лигийн нийт багийн талд нь шахуу ажиллах болж, гадаад тоглогчдын тоо эрс өссөн. Серб дасгалжуулагч Войкан Бралушичийн тавьсан тактикийн дэвшилүүд дээр тоглолтын өөр өнгөнүүд нэмэгдэж лигийн тоглолт чанаржиж, тактикийн хөгжил илт нэмэгдсэн. Эрчим клуб сүүлийн жилүүдэд ганцаар шахуу тэргүүлж байсан давамгайлалын цаад шалтгаан бол энэ. Монгол хүүхдүүд гадаад дасгалжуулагчаар сүүлийн 5-6 жил илүү тактикийн багийн тоглолтыг заалгах болсноор хөлбөмбөгийг системээр тоглох нь нэмэгдсэн. Сүүлд Монгол – Макаогийн 23 насны тоглолт Монголын хөлбөмбөгийн системийн тоглолтын оргил болж манай тоглогчид шугамаа алдахгүй яг л хувинтай ус цалгих мэт нэгэн хэмнэлээр тоглож байв. Гарааны ихэнх тоглогч Войканы доор олон жил тоглосон болохоор ийм тоглолт гарсан боловч бусад тоглогчид мөн системийн хөлбөмбөг тоглох дуртай байгааг эндээс харж болохоор байв. Энэ бол маш том давуу тал бас ирээдүй. Бид хөлбөмбөгийг системээр, багаар, бүлгээр тоглож сурч байна. Сайн юмны сул талыг засаад явах уу, эсвэл муу юмны сайн талыг тордоод явах уу гэдэг асуултанд бид ихэнхдээ бүдэрч байсан бол энэ удаа тэгэхээргүй болжээ. Дасгалжуулагчид ч, тоглогчид ч сайн юмны сул талыг засаад хол явахаа мэддэг болж. 

Ямар ч байсан бид Дэлхийн аваргын анхны системийн хөлбөмбөг, анхны гадаад дасгалжуулагчтайгаар тоглоно. Дээр нь манайх эхний тоглолтыг талбай дээрээ. Доогуур чансааны багуудын чансаа өндөртэй нь эхний тоглолтыг талбай дээрээ авч байгаа та бүхэн харж байгаа байх. Дэлхийн том тэмцээнд бол эсрэгээр байдаг. Манайх өмнөх Дэлхийн аваргад Зүүн Тиморт 4-1-ээр хожигдоод ирээд 3 гоол оруулах даалгавартай байсан бол тэрний өмнө Мьянмарыг талбай дээрээ 1-0-ээр хожоод улмаар хариу тоглолтонд 2-0-ээр хожигдож байв. Хоёр дахь гоолыг 88 дээр хийсэн гэхээр манай боломж өндөр байсныг харж болох юм. Тэгэхээр бид 0-0-ээс тоглолтоо эхлүүлнэ. 

Хамгийн том гадны хүчин зүйл вэ гэдгийг энд дурьдахгүй бол болохгүй нь. Манай давуу тал цаг агаар боловч хүйтэнд давуу тал гаргадаг нь хөлбөмбөгт тийм ч ашигтай биш. Хэзээ ч цас үзээгүй Мальдивчууд 11-р сарын 29-д ирээд ид хүйтнээр манайхыг хожоод явж байхад бид өөрсдөд дээрээ мэдэрсэн бол Оросын багууд 12 сард талбай дээрээ Аваргуудын лигийн талбайн давуу талаа тийм ч сайн мэдэрдэггүй. Бид нар хүүхэд байхад Эрдэнэтэд өвөлжингөө цасан дээр хөлбөмбөг тоглоход даараад сүйд болдоггүй байсныг бас сайн санаж байна. Битүү цасгүй бол нөлөө бага даа. Харин хамгийн чухал асуудал бол талбайн усалгаа. Манай шигшээ баг өмнө нь халуун орны багуудтай тоглоход талбайгаа услаад шалбааг шиг болгоод тоглож байсан жишээ олон. Нэгд бид дасаагүйгээс гадна хоёрт, манай тоглогчид бүгд хангалттай хэмжээнд ямар нөхцөлд ямар пүүз өмсөхөө сайн мэддэггүй. Мэддэг байлаа ч пүүз нь байхгүй байх нь бий. Манайх хиймэл зүлгэн дээр байнга тоглодог бол халуун орны тоглогчид амьд зүлгэн болон хиймэл хослуулаад тоглож сурсан байдаг. 

Брунейн хувьд барууныхны Малайзаас авах өрөндөө хамгийн нефьттэй хэсгийг нь аваад байгуулсан улс. 400 гаран мянган хүн амтай, Борнео арлын “нармай”-д байх Говьсүмбэр аймгийн хэмжээтэй жижигхэн улс. Нэг аралд гурван улс хамтдаа оршдог ганц тохиолдол ч байж магадгүй (нэг арал дээр голдуу нэг эсвэл хоёр улс л байдаг). Маш их нефьттэй, Нэг Хүнд Ноогдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээр дэлхийд 4-т ордог “лунзгар” баян исламын улс. Хөлбөмбөг үндэсний спорт нь боловч ийм баян, хүн ам багатай улс хөлбөмбөгийг мэргэжлийн хэмжээнд тоглоно гэж байхгүй. Харин асуудалтай нь гаднаас өөр тоглогчдыг иргэншлээ болгосон байх магадлал өндөр. Манайхтай өмнө нь тоглосон Зүүн Тимор яг энэ асуудлаар өмнөх Дэлхийн аваргад асуудалд орж байлаа. Даанч манайхтай тоглоод дараагийн шатны тоглолтын үед байсан нь харамсалтай. 

Исламын шашин зонхилсон улсуудад болдог Рамадан буюу Коран судраа уншаад хоол, хүнсээ багасгаж мацаг барьдаг үе нь яг одоо тохиож байгаа нь бидэнд таатай мэдээ. Энэ жилийн Рамадан 5-р сарын 6-оос эхэлж нэг сар үргэлжилнэ. Яг тоглолтын өдөртэй давхцаж буй. Мэргэжлийн тоглогчдод хүртэл энэ том асуудал болдог бол Брунейн тоглогчид Рамаданаас татгалзахгүй л болов уу! Хэт чанга Исламын заншилаас татгалзахгүй гэхээр тоглогчдын хурд, тамир тэнхээнд нөлөөлнө. Дээр нь манайх амралттай буюу эх орондоо тоглочихоод явах бол Брунейчүүд онгоцоор илүү нислэг хийнэ. 

Лэйстэр Ситид тоглодог одоогийн Брунейн Султаны гуч хүү Файк Болхиа энэ удаа шигшээдээ дуудагдаагүй бөгөөд бүх тоглогчид нь дотооддоо тоглодог. Болхиа бол дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин. 

Хэрвээ манай шигшээ баг Брунейг хожиж цааш шалгарвал 7-р сард Катарын Дохад болох дараагийн шатны сугалаанд оролцоно. Азийн бүх багууд энэ сугалаанд оролцох бөгөөд хэсэгтээ 5 багтай нийт 8 тоглолт хийнэ. Хамгийн гоё нь бид БНСУ, Япон гэх мэт улсуудтай нэг хэсэгт орж чадвал бүх том одууд нь ирж тоглох нь ойлгомжтой. Шигшээ багууд жилдээ цөөхөн тоглолт хийдэг болохоор одууд нь заавал шигшээдээ тоглодог. Сон Хюн Миний тоглолтыг хэдэн минут ч болтугай үзэх завшаан тохиолдож болох юм. Ямарч л байсан том лигийн том тоглогчдыг ихэнхийг нь харна. 

Эцэст нь, Монголын Хөлбөмбөгийн Шигшээ багт дуудагдсан нийт тоглогчиддоо амжилт хүсье.
Монголын шигшээ баг минь урагшаа, Хөх чононууд урагшаа.
Та бүхэн Монголын хөлбөмбөгт түүхэн амжилт, түүхэн тоглолт, түүхэн гоол, түүхэн агшин бэлэглэх болтугай.
Монголын хөгжөөн дэмжигчид, Монгол улс тэр аяараа та бүхнийг уухайлан дэмжих болно.

Урагшаа, хөвгүүдээ!!!

2019.06.05