Ч.Бат-Эрдэнэ: МҮОХ хоёр үзүүлэлтээр дэлхийд “хар” рекорд тогтоогоод байна
Монголын “Олимпизмыг аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та ОУОХ-ны салбар комиссуудын хурал, МҮОХ-ны гишүүдийн хурлын өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгуулахыг хүсч ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга Бан Ги Мунд захидал илгээжээ. Түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улираан томилоод нэг жил болох гэж байхад яагаад энэ цаг үед ийм захидал бичих болов?
- Энэ асуудлыг анх удаа тавьж байгаа ч юм биш. Д.Загдсүрэн гэдэг хүнийг эрүүгийн гэмт хэрэгт шийтгэгдэн ял авснаас хоёр жил гаруйн дараа эхэлж тавьсан юм. Уг нь бол энэ хүн ял шийтгэгдэнгүүтээ ажлаа өгөх ёстой байсан. Яаж ч бодсон олон нийтийн байгууллагыг ийм хүнээр толгойлуулах нь буруу бөгөөд ОУОХ-ны дүрэм журмаараа ч тийм юм. Д.Загдсүрэн нь 2014 онд 3 жилийн хорих ялаар шийтгэгдээд өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. Түүнээс хойш элдэв арга саам хэрэглэсээр өнөөдрийг хүртэл албан тушаалдаа “тэссээр” ирлээ. Харин тэрээр өнгөрсөн 12 дугаар сард тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн байна. Дүрэм журмаараа бол тэр хүн “гавьяаны амралт”-даа биш олимпийн хөдөлгөөнөөс хөөгдөж явах ёстой хүн л дээ. Тийм учраас бид ОУОХ-ны Ёс зүйн комисст дахин хандсан.
- Шүүхээс түүнд ял оноосон. Тэрбээр давж заалдаагүй. Харин ОУОХ-ноос энэ талаар нь лавласан албан бичигт “цагаатгагдсан” гэсэн хариу бичиг явуулсан гэдэг. Энэ үнэн үү?
- Ер нь бол Олимпийн хорооны нэр дээр байсан эргэн тойрны газрын наймааны нэг жижиг хэсэг дээр ял авсан байдаг. Олимпийн хорооны хөрөнгөөр барьсан барилгыг хувь хүнд бэлэглэсэн асуудал бас бий. ОУОХ руу баахан худлаа тайлбар хольж хутгаж явуулсан гэж бид үзэж байгаа. Цагаатгагдсан гэж явуулсан байх аа. Түүнээс биш ОУОХ юу боллоо гэж “Та нар асуудлаа дотроо зохицуул” гэсэн хариу ирүүлэхэв дээ. Тэгээд дотроо ч зохицуулсан юмгүй улаан цайм мэлзэж гүрийсээр өнөөдрийг хүрлээ.
- ОУОХ-ны Ёс зүйн комиссоос ямар хэлбэрээр, ямар хариу авах байх гэсэн хүлээлттэй байна вэ?
- Биднийг хэрэлдэж байх хооронд ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга нь солигдоод НҮБ-ын дарга байсан хүн очсон. Сайн шалгах байх гэж найдаж байна. Д.Загдсүрэн бас л хуурч мэхлэх гэж оролдох байх даа. Хэдий тийм ч хэзээ нэгэн цагт түүний худлаа явуулж байсан тайлбар, хуурамчаар үйлдсэн бичиг баримтны асуудал ил болж л таараа.
- Та НҮБ-ын дарга асан Бан Ги Муныг ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга болсноос нь хойш уулзсан уу. Тэрбээр ижил төстэй кэйст хэрхэн хандаж байсан бол гэдгийг судалсан уу?
- Гавьяат тамирчин Н.Баярсайхан бид хоёр өнгөрсөн сард Токио хотноо хуралдсан хурлын үеэр ОУОХ-ны удирдлагуудтай уулзсан. Гэхдээ Бан Ги Мун даргатай уулзаагүй, тэнд байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Бид зөвхөн Д.Загдсүрэнг ховлох гэж тэр хол яваагүй л дээ. Бид олимпийн спортын 10 гаруй холбооны гаргасан МҮОХ-ны дүрэмд оруулах зарчмын өөрчлөлтийн саналыг албан ёсоор дамжуулсан юм. Бидний зайлшгүй шийдэх ёстой асуудал бол энэ дүрмийн асуудал юм. Учир нь Д.Загдсүрэн албан тушаалаа ашиглаад өөртөө зориулсан баталгаатай сонгогдох заалт, мөн хурлын бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг аргандаа бүр гаршчихаад байгаа юм. Одоо ч бүгдэд ил болж дээ.
Ер нь асуудалтай улсын олимпийн хороог ОУОХ-ноос түдгэлзүүлж, бүх санхүүжилт, төсөл хөтөлбөр, олимпийн наадамд улсаа төлөөлөх эрхийг нь хасдаг. Энэтхэг, Кувейт, ОХУ гээд саяхны жишээнүүд бий.
- Хэрэв түүнийг хууль бусаар жил орчмын хугацаанд ажиллажээ гэдгийг ОУОХ тогтоовол үйл явдал хэрхэн өрнөх вэ. Юу өөрчлөгдөх вэ?
- Одоо ямар цаг хугацааг эргүүлэлтэй биш дээ. Энэ хооронд Монголын спортын хөгжил хэдэн арван жилээр зогслоо. Харин ч төрөөс гайгүй бодлого явуулж, санхүүжүүлсний хүчинд топ гэж нэрлэдэг спортын төрлүүд арай гайгүй хөгжлөө. Спортын бусад төрлүүдийг тухайн спортдоо хайртай, дуртай хүмүүс бор зүрхээрээ л авч яваа. Олимпийн хорооноос яг спортын чиглэлээр ямар ч бодлого боловсруулж хэрэгжүүлсэнгүй. Арга ч үгүй юм, Д.Загдсүрэн гэдэг хүний хувьд өөрийн хийсэн булхай луйвраа битгий илрээсэй гэж бодохоос хэцүү байдаг байх. ОУОХ-ноос дүрмэндээ өөрчлөлт хийх, дахин авч үзэх зөвлөмжийг ирүүлсэн байгаа. Одоо нэг сайн цэгцлээд авчихвал ирээдүй үед л хэрэгтэй юм даа. Ер нь бол жил орчим биш ээ, бараг 20 жил хууль бусаар ажилласан хүн.
- МҮОХ-ны гишүүдийн хурал энэ сарын 25-нд болно. Үүгээр дээрх асуудлыг хэлэлцэх үү?
- Д.Загдсүрэнгийн өргөдлийг хэлэлцэх байх. Гэхдээ МҮОХ-ны одоогийн бүрэлдэхүүн өөрөө хууль ёсных мөн үү гэдэг асуудал байгаа юм. Нэлээн олон жилийн өмнөөс тогтож ирсэн 91 гээд тоо байдаг юм. Дүрмэндээ хүртэл МҮОХ 91 гишүүнтэй байна гээд заалттай байсан. Бид нэг тэр орчим тооны хүмүүс хуралддаг багцаа байлаа. Гэтэл Д.Загдсүрэн өөрөө сонгогдохын тулд 2017 онд энэ тоог 167 болгочихсон. Өөрөөр хэлбэл, МҮОХ 167 гишүүнтэй хуралдана гэсэн үг. Тэр нөхөр ч яахав, өөрөө бүх юмаа зохион байгуулсан юм чинь сонгогддогоороо сонгогдсон. Харин үр дүн нь МҮОХ гэдэг байгууллага хонь хурга нийлүүлсэн юм шиг замбараагүй үлдсэн. Одоогоор хоёр үзүүлэлтээр манай олимпийн хороо дэлхийд “хар” рекорд тогтоогоод байна. Нэгд, нийт гишүүдийн тоогоор, хоёрт, гэмт хэрэгтэн ерөнхийлөгчтэй дэлхий дээрх ганцхан олимпийн хороо.
- МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгоход спорт холбоодыг санал хураалтын өмнө “хайрцаглаж”, зохион байгуулалтад оруулж найрч, зарим талаар авлигын гэж хэлж болохоор арга хэмжээ зохион байгуулдаг гэдэг. Та Даамын холбоонд миний мэдэхийн 20-иод жил явлаа, дээрх яриа үнэн үү?
- Д.Загдсүрэн оролцсон сонгууль л тэгдэг байх. Түүнээс биш МҮОХ-ны сонгууль болгон тийм болохгүй, цаашдаа дахиж хэзээ ч тийм болохгүй гэж бодож байна. Хачин хачин юм сонссоон, мөнгө тараасан, юм амласан гээд. Баримтгүй юмыг хэлж мэдэхгүй байна. Ном дүрмээрээ бол Д.Загдсүрэн гэдэг хүн нэр дэвших шалгуурыг хангаагүй байсан. Ийм гэмт хэрэгтэн хүн нэр дэвших эрхгүй, нэрсийн жагсаалтаас хасах ёстой, дараа нь асуудал үүснэ гэж хэлээд байхад сонгосон. Тэгэхээр нялх хүүхэд ч ойлгохоор “хайрцагласан сонгууль” байгаа биз дээ.
- Олимпын төрлийн спорт холбоодоос бусад холбоог үл тоох асуудал байдаг уу?
- МҮОХ засаглалын хувьд манлайлах удирдах ямар ч чадваргүй болсон. Бүх холбоодын дотоод асуудалд ганц шалгуураар хандаж оролцдог. Холбоодын удирдлагын хүмүүсийг өөрийг нь дэмждэг, дэмждэггүй гээд ангилчихсан. Тэгээд дэмждэг буюу гэмт хэрэгтэн ч хамаагүй сонгодог нөхдүүдээ хариуд нь гадагш дотогш хамт авч явдаг, олимп үзүүлдэг гэдэг ч юм уу бага сагаас эхлээд янз бүрийн хуйвалдаан хийдэг. Түүнээс биш тэр хүнд дуртай спорт гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Спортын эмч л гээд байдаг. Харин өөрт нь шаардлага тавьдаг, дүрэм журмаараа явахыг хүсдэг мань мэтийн хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээс хасах ажил л хийдэг. Би гэхэд дөрвөн удаа хасагдсан хүн шүү дээ. Миний хувьд олс таталт, бадминтон, даамын спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хүн. Яг ажил хийгээд овоо явж байтал Олимпийн хорооноос “урт гар” орж ирээд л үймүүлчихдэг юм. Би ч хасагдсаар байгаад тэр холбоодод ажиллах сонирхолгүй болсон. Сүүлдээ хасах бол бүр замбараа алдсан, Монголын олимпийн медальтны холбоог Олимпийн хорооноос хассан гэхээр итгэхэд бэрх байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл, ард түмний өмнө ганц нүүр тахалдаг олимпийн медальтнуудаа хасчихсан. Учир нь, Н.Баярсайхан гавьяат түүнд зарчмын шаардлага тавьснаас болоод тэр холбоог хассан. Ингээд яриад байвал дуусахгүй үлгэр шиг юм бий.
- МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах цаг болсон гэж үзэх хүн олон байна. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
- Цаг болохоор барах уу, аль 10 жилийн өмнө өнгөрсөн. Би анх 2008 онд дүрмийн ажлын хэсэгт орж голлон ажиллаад, МҮОХ-ны түүхэнд анх удаа ардчилсан сонгууль хийж байлаа. Уг нь би Д.Загдсүрэн буюу удирдлагуудад МҮОХ-г зөв замаар хөгжихөд нь туслах гээд л зүтгэсээр ирлээ. Тэгээд сайн дүрэмтэй болох гэхээр л энэ нөхөр өөрийгөө сонгуулах гээд дүрмийг замбараагүйтүүлдэг юм. Хөдөө, орон нутгаас МҮОХ-ны зардлаар ирж Д.Загдсүрэнд санал өгдөг хэсэг бүлэг хүн бий. Дээр нь дүүргийн олимпийн зөвлөл гэдэг хий хоосон бүтэц гаргаж ирээд, ингээд нийтдээ 30 санал өөртөө өгүүлдэг. Үүнийг нь нөгөө хайрцагны хэсэг гэж хэлэх гээд байна. Сүүлийн сонгуулиар олимпийн төрлийн холбоодоос 3 төлөөлөгч гэж оруулаад, холбоодын саналыг задалсан. Нууцаар санал өгч байгаа болохоор нэг холбооны гурван төлөөлөгч ижил санал өгнө гэж юу байхав дээ. Заримыг нь бас худалдаад авчихсан биз. Олимпийн Хартийн зарчмаараа холбооны санал нэг цул байх ёстой. Энэ мэтчилэн нэн даруй өөрчлөх зарчмын асуудлууд бий.
- Яг ямар зүйл заалт нь, хэнийг хохироогоод байна вэ?
- Дээр дурдсан гишүүнчлэлийн заалтаас гадна Д.Загдсүрэнгээс бусад хүн бол шалгууртай. Тэр хүн өөрөө ямар ч шалгуургүй, ийм л дүрэм. Ядаж Ерөнхийлөгч болон бусад удирдлагууддаа тодорхой шалгуур заасан заалтыг оруулах хэрэгтэй байна. Ер нь бол дээр дурдсан гишүүнчлэлийн заалт болон энэ мэт шалгуурын заалт байхгүй байгаа нь Монголын ард түмнийг нийтэд нь хохироож байна. Олимпизм, спорт чинь бүх нийтийн үйл хэрэг. Тэгээд ч Монгол гэж улс байгаа учраас л ОУОХ-ноос санхүүжилт, дэмжлэг өгч байгаа. Түүнээс биш Д.Загдсүрэн гэдэг хувь хүнд өгөөд байгаа юм биш.
- Монгол Улсын шүүх байгууллагаар гэм буруу нь тогтоогдсон, ял авсан, хэдийгээр өршөөгдсөн боловч албан тушаал хаших эрхийг нь хязгаарласан байтал Монгол Улсыг төлөөлүүлж байгаа гэж үзвэл энэ нь ОУОХ-ны Хартийг зөрчиж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Ер нь яагаад ингэж их цаг алдав аа?
-Бид анх 2015 онд энэ асуудлыг тавьсан. Олимпийн хорооны хурал дээр ийм хүнд итгэл үзүүлэх эсэх гэсэн асуудлыг оруулсан. Гэтэл 85 хувь нь итгэл үзүүлнэ гэсэн. 2017 онд ийм хүн нэр дэвшиж болохгүй гэсэн, хэн ч дуугараагүй дэвшүүлсэн, сонгогдсон. Монгол Улсын нэр хүнд, олимпизмын нэр хүндийг бол гутааж байгаа. Хариуцлагыг нь тэр сонгосон хүмүүс нь хүлээх юм байгаа биз. Заримдаа би боддог юм, Д.Загдсүрэнгийн буруу ч гэж юу байхав дээ, тэр хүн өөрийнхөө төлөө зүтгэж байна. Харин түүнтэй хуйвалдан зарчимгүй байдлыг өөгшүүлэн улмаар үр дүнд нь Монгол улсын нэр хүнд, спорт олимпизмын нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлсэн тэр нөхдүүдийн алдаа юм. Тэдгээр нь хэн хэн байна вэ гээд аваад үзэхээр олимпизм, спортын холбоотой ямар ч хамаагүй хүмүүс байдаг юм.
- Спортын хөгжил, МҮОХ-ны удирдлага, түүний арга барил хоорондоо хэр холбоотой вэ. Спортын салбарынхны бухимдлаас харахад үүнд л гол учир байна гэж харагдаад байна л даа?
- Энэ талаар дээр хэлсэн. Бүгд л олимпийн хороогоо харна шүү дээ. Манлайлах ёстой, удирдан чиглүүлж зохион байгуулах ёстой байгууллага. Одоо МҮОХ-нд удирдлага гэх юм юу ч үгүй болсон. Голдуу цоожтой байдаг сурагтай. Намайг өнгөрсөн сард дүрмийн ажлын хэсэгт оруулсан байна лээ. Ашгүй одоо нэг ажиллах нь гэтэл тэр ажлын хэсгийн ахлагч нь ч тэр, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг Э.Бадар-Ууган нь ч тэр олдохгүй юм билээ.
- Уучлаарай, та олон нийтийн сүлжээнд “Одоо Бадар-Ууган нь олимпийн хорооны буюу олон нийтийн өмчийг аваад хувийн эмнэлгээ оруулчихсан. Ард түмний татвараас сар бүр 5 саяын цалинтай, олимпийн аварга гээд 120 сая төг шагнуулсан, Монгол улс хөдөлмөрийн баатар цолоо өгсөн. Ханадаггүй ээ...” гэж жиргэсэн байна билээ. Энэ хэр баттай мэдээ вэ, баримт нотолгоо бий юу. Нэг бус удаа тааралдлаа?
- Тэгж жиргэсэн байна уу? Заримдаа бухимдаад бичдэг ээ. Өөрийнхөө итгэл үнэмшлээр бичсэн байх. Харин хувийн эмнэлгээ оруулсан сурагтай л байна лээ. Тэр барилга нь тухайн үеийн үнэлгээгээр дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн ба Олимпийн хорооны хөрөнгөөр баригдсан, харамсалтай нь Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглаад хувь хүнд бэлэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон ийм л хөрөнгө. Яаж яваад Э.Бадар-Ууганд очсон юм бүү мэд. Э.Бадар-Ууганы хувьд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, энэ том нэр хүндтэй залуу хүүхэд дэмий юманд хутгалдчихав уу даа. Алдаагаа засах боломж олдоосой, алдаагаа засаасай гэж бодож байгаа. Ер нь бодоод байхад нэгэнт л бэлэглэх байсан юм бол ядаж бүх Олимпийн медальтнууддаа тэгш хуваагаад хувьцаагаар бэлэглэсэн нь илүү шударга. 2014 оны Д.Загдсүрэнгийн ял авсан шүүхийн тогтоолыг олоод үзээрэй. Бүгд бичээтэй бий. Зөвхөн барилга ч биш, асар том газрын хамт өөрийнхөө дор ажилладаг нэг хүнд бэлэглэсэн.
- МҮОХ ер нь спорт холбоодод газар өгдөг, өмчлүүлдэг эрхтэй байгууллага мөн үү. Гольфийн талбай, Бейсболын холбооны газартай холбоотой бас ийм маргаан дуулддаг?
- Энэ хүний ард газрын наймаа байдаг гэж яригддаг. Олимпийн хороо анх асар том газартай байсан. Төв замаас төв цэнгэлдэх хүртэл. Одоо мэдэхгүй, байшин нь ч харагдахаа байсан.
- Д.Загдсүрэн даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өглөө гэдэг мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?
-Үнэн юм шиг байна лээ.
- Дараагийн ерөнхийлөгчид нэлээд өндөр шаардлага тавигдах байх. Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг лав өрсөлдөнө гэж байсан. Түүнийг та цэвэр хүн гэж үзэх үү?
- Би бол хувьдаа түүнийг шалгуур давахгүй гэж бодож байгаа. Учир нь түүний нэр дээр нөгөө алдарт нууц оффшор компани илэрсэн байна лээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын (ICIJ) вэбсайт руу ороод үзээрэй. Тийм сураг дуулаад саяхан орж үзсэн, үнэхээр тийм юм байна лээ. Хамгийн багадаа 1 сая хууль бус доллартай хүн Виржинийн арал дээр өөр хүний нэр дээр компани байгуулж, дамжаад Швейцарийн банкинд данс нээлгэдэг гэсэн. Бохир мөнгөний урсгал гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн, хамгийн цэвэрдээ татвараас зугтсан байдаг юм биш үү. Яаж яваад ийм залуу хүн ийм бохир юмтай хутгалдсан юм бол доо. Арай олон оймс илүү элээсний хувьд түүнд зөвлөхөд эхлээд нэрээ цэвэрлэсэн нь дээр байх аа. Залуу хүнд их ирээдүй, цаг хугацаа бий шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.