Монголын Нууц Товчоо
Эртний Грекийн утга зохиолын хамгийн эртний дурсгал болох Хомерийн Илиад, Одиссейгоос авахуулаад бөмбөрцөгийн бүхий л сонгодог зохиол, алдартай туулийг хэвлэн гаргадаг дэлхийн алдарт Penguin Classics хэвлэлийн газар “Монголын Нууц Товчоо”-г энэ онд хэвлэн гаргасан. Үүний орчуулгыг алдарт монголч эрдэмтэн Christopher P. Atwood орчуулсан билээ.
Энэ гайхалтай сайхан номыг олж аваад тухлан уншиж эхэлж байна. Номын эхэнд байх өмнөх үгнээс ямар гоё гоё мэдээлэл, таамаглал, дүгнэлт олж авч байна аа. Товчхон та бүхэнтэй хуваалцвал:
“Евразийн түүхийг өөрчилсөн Монголын эзэнт гүрнийг олон хүн Хятад, Орос, Иранийг эзлэн түрэмгийлсэн гэж ярьдаг. Газарзүйн хувьд үнэн. Гэвч үнэндээ монголчуудын байлдан дагууллын өмнө Хятад, Орос, Иран гэж нэгдсэн улс, овог аймаг үнэндээ газрын хөрсөн дээр байгаагүй. Эдгээр улсыг Монголын эзэнт гүрэн бий болгож бүтээсэн билээ. Цөөнгүй хүн монголчуудын байлдан дагууллыг харгис хэрцгий эзлэн түрэмгийлэл талаас нь дүгнэдэг бол яг үнэндээ олон ялгаатай соёл, орчин, уур амьсгалыг нэгтгэж чадсан хөгжлийн хөдөлгүүр болж, улс үндэстнүүдийн явцуу хил хязгаарыг сэт татан, орчин цагийн даяаршил, чөлөөт байдлын хөдөлгөгч хүч болж байсан юм шүү” гэж номын автор дүгнэж, “Монгол Нууц Товчоо” бол яах аргагүй дэлхийн сонгодог уран бүтээлийн ноён оргилуудын нэг гэж дурджээ.
Хамгийн сонирхолтой хэсэг нь “Монголын Нууц Товчоо”-г хэн бичсэн байж болох вэ гэдэг таамаг байв. Энэ түүхийг 1252 он орчимд бичиж дуусгасан гэж үзвэл хэн бичсэн байж болох вэ? Зохиолчийг нь одоо хүртэл олж чадаагүй бол магадгүй та бид хэзээ ч олж мэдэж чадахгүй байх гэжээ. Гэхдээ дараах хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн нь маш сонихон байлаа.
Хамгийн эхний байж болох хувилбараар эзэнт гүрний бичгийн түшмэл Тататунгаг нэрлэжээ. Хоёр дахь таамаг нь загалмайн шашинтан Жингай гэжээ. Жингай анх худалдаачин, тагнуул маягтай Монголд ирж улмаар хишигтэн цэрэгт багтаж, Монголын үе үеийн хаадуудын баруун гар, дефакто сайдын статустай нэгэн байсан гэх. Гурав дахь таамаг нь Хонхотаны Мэнлиг эцэг буюу Хөхөчү тэв тэнгэр бөөгийн аав байна. Мэнлиг эцэг Есүхэй баатрыг бие барснаас хожим Өүлэн эхтэй нэг гэрт орсноор Чингис хаан, алтан урагтай ойртож “Монголын Нууц Товчоо”-г бичсэн байж магадгүй гэжээ. Дээрх гурваас илүү магадлалтай нэгэн бол төрийн заргач Шихихутаг нэрлэгдэж байна.
Дээрх бүх хүн болон бусад магадлалтай хүмүүсийг шүүгээд “Монголын Нууц Товчоо”-г бичсэн байх магадлалтай дараах эцсийн хувилбарыг гаргажээ.
1. Шихихутаг
2. Чингис хааны дүү Хасарын эхнэрүүд
3. Чингис хааны шадар жанжин, цэргийн гарамгай зүтгэлтэй Наяа
Дээрх гурван таамаглал бол яах аргагүй Эзэнт гүрний үе үеийн хаадууд, алтан ургийн гишүүдтэй олон жилийн турш хамгийн ойр дотно харилцаатай байсан хүмүүс ажээ. Ийм ойрын мэдээлэлгүй ямар ч хүн их монголын түүхийг бичих учиргүй билээ.
Зарим судлаачид “Монголын Нууц Товчоо”-г эзэнт гүрний нутгаас хэзээ ч гарч үзээгүй хөгшин эрэгтэй хүн бичсэн гэж үздэг бол бичвэрийн стил, агуулга, формат, хэлэмжийг нь судлаад нөгөө зарим хүн эсрэгээр “Монголын Нууц Товчоо”-ны зохиолч бол яах аргагүй эмэгтэй хүн байсан гэж маргадаг юм байна. Харин зарим нэг судлаачид загалмайн шашинтай хүн бичсэн байх өндөр магадлалтай гэж үздэг. Учир нь Библийн судар ба Монголын Нууц Товчооны бичилтийн хэв маяг, стиль, бүтэц, ургийн модыг зурсан байдал, ерөнхий агуулга нь тун адилхан байдаг.
Дараагийн сонирхолтой зүйл нь яагаад МОНГОЛЫН бас НУУЦ гэж нэрлэсэн юм бэ гэдэг асуултанд хариулжээ. Монгол гэдэг нэрээр зөвхөн монгол хүн, монгол үндэстэн, монголчууд, монголын эзэнт гүрнийг илэрхийлээгүй ажээ. Монгол гэдэг нэрээр төв Азийн цээжнээ байх газар нутаг, Чингис хааны бүтээсэн төрт улс, институцийг илэрхийлсэн аж. Өөрөөр хэлбэл Монгол гэдэг үгээр этник угсаа бус эзэнт гүрэн, төрт улсыг төлөөлүүлжээ.
Яагаад НУУЦ товчоо юм бэ? Хэнээс, юуг нууж байсан юм гэдэг сонирхолтой асуулт урган гарах аж. “Монголын Нууц Товчоо”-нд хэд хэдэн шоконд ормоор баримт, түүхүүд дурдагддаг. Тухайлбал, Тэмүүжин бага залуудаа дүүгээ хөнөөдөг, Бөртөг булаан авдаг, ууган хүү Зүчидээ үл итгэж хардаж түүний үр удамд өв үлдээхийг хүсээгүй, Өгөөдэй ба Гүюгийн хоорондын харгис харилцаа гэх мэт. Эзэнт гүрний сэргэн мандал, засаглалын үед энэ бүхэн ард иргэд, нийтэд ил байж болохооргүй байжээ.
“Монголын Нууц Товчоо”-ны эхний хувилбарыг Их Хуралдай дээр сонссон гэх. Тухайн үед Их Хуралдай дээр гадны төлөөлөгчид багагүй суудаг байжээ. Гэхдээ энэ үед монгол угсааны бус бүх гишүүдийг гаргаж байж ориг монголчууд нь үлдээж сонсож хоорондоо хэлэлцдэг байсан гэх. Учир нь Чингис хааны бага залуугийн үеийн адармаатай амьдрал, гаргасан алдааг олон нийт мэдэх ёсгүй байв. Нөгөө талаас “Монголын Нууц Товчоо”-нд дурдагдсан улс төр, цэргийн мэдээлэл яах аргагүй улсын нууцад хамаардаг байжээ. Тухайлбал, хишигтэн цэрэг, хааны бие хамгаалагчийн тоог дурдвал эдгээрийн тооцоолон эзэнт гүрний армийн чадвар чансаа, цэргийн тоо, хүчин чадлыг баримжаалах боломжтой байсан юм уу даа. Цэрэг армийн тоо мэдээлэл бол мэдээж Монголын эзэнт гүрний хамгийн нууц мэдээлэл байхаас өөр яах билээ дээ.
“Монголын Нууц Товчоо” Хубилай хааны үед бүрэн бүтэн болсон гэж үзвэл энэ хооронд нэлээд баяжин бичигдэж бүрэн болсон байх ёстой. Гэхдээ шинэ материал түүх нэмэгдэхийн сацуу эмзэг, нууц факт баримтуудыг ч энэ зуур нилээдгүй “Монголын Нууц Товчоо”-ноос устгасан гэж үздэг юм байна.
Эцэст нь “Монголын Нууц Товчоо” бол яах аргагүй эзэнт гүрний нууц чухал түүхийг агуулсан цаг хугацааны түүх болохоос биш эмх цэгцгүй бичигдсэн хааны тухай өв биш билээ гэж номны автор дүгнэжээ. Гэх мэтчилэн цаашаа зөндөө олон гоё таамаглал дүгнэлтүүд байна аа. Энэ номыг заавал олж авч уншаарай гэж зөвлөмөөр байна. Энэ гайхалтай номыг уншигч бидний ширээн дээр тавьж өгсөн их эрдэмтэн Christopher Atwood танд мэхийн ёсолж байна. Маш их баярлалаа! Таны эрдэм ном, судалгааны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье ээ!
DR. ADITY
DR. ADITY
ИХТЭГШ
Энгүүн
...