Монголд Украиныг үзэн ядах бодитой шалтгаан байхгүй
Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганд Орос-Украины хямралын асуудлаар санал хураалт удаа дараа явуулахад манай улс түдгэлзсэн. Энэ чинь манай байр суурь шүү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн Үзэл баримтлалын нөгөө чухал заалтаа энд дахин давтан тэмдэглэе.
“Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн асуултад хариулсан анхны хувилбар.
Эх сурвалж: “Өдрийн сонин”, 2022.05.11 № 089 (6962)
-Орос Украины дайн манай улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
Мэдээж таатай бус нөлөө үзүүлнэ. Энэ дайн даян дэлхийд сөргөөр нөлөөлнө, нөлөөлж ч байна. Орос оронд бүр ч халтай тусч байна. Орос орон бүрэн ганцаардсан нөхцөлд дайнаа үргэлжлүүлж байна. ОХУ-ын эсрэг тавьсан санкцууд нөлөөлж эхэлсэн. Энэ 6 дугаар сар гэхэд Орос орон хямралтай тулгарна. Сайндаа нэг жил тэсэхээр байна хэмээн Путины дотно нөхөр, ОХУ-ын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан А.Кудрин хүлээн зөвшөөрсөн байна билээ. Орос орон лав хоёр жилд маш их хүндрэнэ. Хоёр жил хичээвэл хямралыг даван туулна гээд Кудрин анхааруулжээ. А.Кудрины тооцоогоор Орост мөнгөний ханш энэ жил 22 хувиар унана гэсэн байна, ганц энэ тоо л манай гадаад эдийн засгийн харилцаанд ямар том бэрхшээл учруулах нь тодорхой.
-Өргөн том утгаар дэлхийн дэвсгэр дээр авч яривал Орос орон энэ дайнд хүч нөөц, хүний нөөцөө ихээр барж байна. Энэ хүнд байдлаасаа Орос орон хэзээ хэрхэн гарахыг тааж хэлэх зоригтон ч алга. Дайны хохирлоос илүүтэй улс орноо олон улсын эдийн засгийн том хоригт оруулан буланд шахагдсан байдалтай байна. Нийт 9000 санкц тавигдаад байна. Дайнаа зогсоохоос нааш санкцаа суллахгүй, харин ч нэмэхээр байна. Энэ нь Орос орны хөгжил дэвшлийг арагш нь олон жилээр ухраалаа. Орос орны, оросын ард түмний нэр хүндийг ч унагалаа. Энэ бүхэн даян дэлхийд сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна.
-Манай улс геополитикийн хувьд хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай. Дэлхийн улс орнууд ОХУ-ын түрэмгийллийг эрс эсэргүүцэж байна. Манай улс харин төвийг сахисан байр суурьтай байгааг та хэрхэн дүгнэж байна?
-Төвийг сахихаас өөр гарцгүй болчихсон гэж үзэж байна. Найрсаг харилцаат улс орнууд өөр хоорондоо байлдсан тохиолдолд бид аль нэг талд нь орж болохгүй болчихсон, тийм цаг үе шүү дээ.
-Манай улс төвийг сахисан байр суурьтай байгаа нь Европын холбооны хоригт ямар нэгэн байдлаар орох эрсдэл дагуулах уу?
-Монгол Улсын гадаад бодлогын тулгуур баримт бичгүүдээ эргээд нэг сөхөөд үзээрэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гээд заачихсан байгаа. Энэ бодлогоосоо хальж буруу замаар яваа гэж үзэхгүй байна. Монгол–Европын харилцааг бусниах ямар ч алхам бид хийгээгүй байна.
-Энэ асуудлаар нийгэмд яагаад хуваагдал хурц маргаан байгаад байна вэ?
-Төвийг сахина гэдгийг манайхан хэт туйлшруулж ойлгоод байх нь харагддаг. Санаачилсан хүн нь яалт ч үгүй 8 жил Төр тэргүүлсэн нэг нөхөр байдаг. Тэр хүнийг хэт үзэн ядсан, эсвэл улс төрийн хувьд атаархдаг, хонзонтой, Төвийг сахих бодлого боловсруулахад оролцож чадаагүйдээ өсөрхсөн гээд хэсэг сэхээтэн л уулгалан дайраад байх шиг. Төвийг сахих тухай хууль боловсруулаад УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд би ГХЯ-ны ажлын хэсэгт оролцож байсан. Тэр байр сууринаасаа би ярьж байна. Төвийг сахих бодлого Ц.Элбэгдорж гэдэг хүндээ биш юм. Дайн байлдааны үед Төвийг сахина, энх тайван цагт цэргийн эвсэл холбоонд орохгүйгээс өөрөөр хоёр талын ба олон талын харилцаанд огт нөлөөлүүлэхгүй гэсэн заалт тэр хуульд байсан.
-Хэд хоногийн өмнө ОХУ-ын Элчин сайдын яам болоод Монгол Улсын зарим иргэд Ялалтын баярын парад зохион байгуулсан. Энэ үйл явцыг олон улс хэрхэн дүгнэж байна вэ?
-Ялалтын баярын парад зохион байгуулаагүй л дээ. Жагсаал цуглааныг хэлж байх шиг. Энэ талаар гадаад орнууд тэгж ингэж дүгнэлээ гэсэн мэдээлэл би олж үзээгүй байна.
-Зарим иргэд олон мянган хүний амь нас эрсэдсэн дайны үйл явцыг манайхан дэмжлээ хэмээн буруутгаж байна шүү дээ?
-Монгол иргэд тэгж дүгнэж байгаа бол Та бүхэн түүгээрээ ярилцлага, мэдээлэл, тодруулга өөрсдөөс нь авах хэрэгтэй. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаагийн илрэл гэж л би үзэж байна.
-Цаашид манайх гуравдагч хөршийн харилцаагаа бэхжүүлэхэд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Гуравдагч хөрш хэн бэ, манай гадаад бодлого, гадаад орчинд ямар чухал вэ гэдэгт манай үе үеийн Төрийн тэргүүн, үе үеийн УИХ, Засгийн газрууд тархи оюунаа чилээж ирсэнийг зориуд тэмдэглэмээр байна. Гол чухал гуравдагч хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоож чадсан манайх шиг бага буурай орон дэлхийд бараг үгүй дээ.Иж бүрэн cтратегийн түншлэл хоёр хөрштэйгээ, стратегийн түншлэл Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-тай тогтоосон, би дарааллаар нь нэрлэж байна. Иж бүрэн түншлэл энэ 4 улстай тогтоож байсан, одоо Турк, Германтай тийм харилцаатай байна. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа АНУ-тай тогтоож байсан, Өргөн хүрээтэй түншлэл Казахстан, Канад, Австралитай тогтоосон. Дашрамд сонирхуулахад Украинтай 2011 онд Олон талтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон, Монгол Улсын Ерөнхийлөгч тэр үед Украинд айлчилсан байдаг юм. “Гуравдагч хөршийн бодлого” бол “гуравдагч хөрш” гэгдэх тэдгээр улс орнуудаас манай улстай тогтоосон харилцааны өвөрмөц хэлбэр юм. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд олон салбарт бид гуравдагч хөршийн бодлогоо явуулсаар байна.
-Тэгвэл ОХУ-ыг хөрш орон гэдгээр нь иргэд түлхүү мэддэг. Украинтай ялгаагүй түншлэлийн харилцаатай байх. Бид Украинтай нийгэм, эдийн засгийн ямар түвшинд харилцаж байна вэ?
-Монгол-Украины харилцаа гэж биетэй бодитой, нийт хүн ардад мэдрэгдэм зүйл ил байхгүй болов уу. Гэвч түншлэлийн харилцаатай, энэ дайнаас өмнө бага сага худалдаа хийдэг байсан байх. Монголд украины худалдаа-бизнесийн төлөөлөл гэж бас бий. Миний олж сонссоноор Украины 20 орчим компани ажилладаг. Хоёр талд Өргөмжит консулууд ажиллаж байна. Оюутан солилцоогоор монгол оюутнууд Украинд суралцдаг. Украинд их дээд сургууль төгсөгчид гэж олон бий. Бүр холбоо ч ажилладаг юм билээ. Олон улсын тавцанд Монгол, Украин нь эрх чөлөөт, ардчилсан улсууд гэдгээр хамтран ажиллаж ирсэн. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал гэх мэт. Юу гэж дүгнэж байна гэхлээр Монголд Украиныг үзэн ядах бодитой шалтгаан байхгүй. Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганд Орос-Украины хямралын асуудлаар санал хураалт удаа дараа явуулахад манай улс түдгэлзсэн. Энэ чинь манай байр суурь шүү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн Үзэл баримтлалын нөгөө чухал заалтаа энд дахин давтан тэмдэглэе.
-Та дээр Орост мөнгөний ханш 22 хувиар унах талаар хэлсэн. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх талаар жаахан дэлгэрүүлэх боломжтой юу Манай улс ОХУ-аас шатахууны хараат. Цаашид шатахууны үнэ буурах төлөв ажиглагдаж байгаа болов уу?
-Хоёр орны хоорондын худалдаан дээр төсөөлөөд үз дээ. Хатуу валютаар талбөр тооцоо хийх эрхээ Орос хасуулсан, Оросын банкууд хоригт орсон, заавал рублиэр хийнэ гэсэн улс төрийн шийдвэр гаргасан, тэгээд ханш нь унана гээд олон талаас нь харах хэрэгтэй. Энэ асуултад Оростой худалдаа хийдэг монгол компаниуд л бодитой хариулт өгнө дөө. Шатахууны үнэ нэг их буухгүй байх аа. Орост орлого хэрэгтэй, манайд хэрэглээ өндөр байна, хэрэгцээт шатахуунаа оросын талын хэлсэн үнээр л нэг хэсэгтээ авах болов уу хэмээн тааж байна.
-Орос-Украины дайн Хятадын гадаад бодлогод нь нөлөөлөх болов уу?
-Орос-Украины дайн Орос-Хятадын түншлэлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт байх шиг байна. Би судлаачийн хувийн байр суурь гэхгүйгээр олон улсын хэвлэл, гадаад судлаачдын үзэж байгаагаас эшлэе. Орос-Хятадын стратегийн түншлэл ноцтой сорилттой тулгарлаа хэмээн үзэж болохоор байна. Анхлан хоёр удирдагч Бээжингийн өвлийн олимпын үед ярилцаж тогтоод, Оросын удирдагч байр сууриа сайтар ойлгуулсан болов уу. Орос нь Украинд цэргийн тусгай ажиллагаа амжилттай явуулснаараа Хятадын гол өрсөлдөгч болох Өрнөд ба АНУ-ыг үлэмж сулруулна, НАТО суларна, ийм нөхцөлд олон улсын харилцаанд Хятадад шинэ шинэ боломж гарч ирнэ, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн чиглэлд өрсөлдөгчид нь суларчихсан нөхцөлд Хятад хүч нөөцөө бэхжүүлнэ, Хятадын байр суурийг өрсөлдөгчид нь хүндэтгэх болно гэсэн тооцоотой байсан, тэр тооцоо нь хэрэгжсэнгүй, үүнд Хятад сэтгэл дундуур үлдлээ гэх дүгнэлт гадаадын олон улсын судлаачид хийж байх шиг байна. Ер нь тэгээд Оросыг харах өнцөг, өгөх үнэлгээ дүгнэлтээ ч Хятад эргэж харж магадгүй гэсэн таамаг их явж байна. Үүнийг би ор тас үгүйсгэж чадахгүй. Украины эсрэг байлдааны ажиллагаанд Хятад биетэй бодитой тусламж үзүүлэхгүй, харин ч мэдэн будлиад олон улсын санкцыг зарим талаар дэмжээд байгаа байдал харагдаж байна. Орос хичнээн их зүйл Хятадаас хүсч хүлээж байгаа ч тэр хүслийг нь Хятад хангахгүй бултаж зайлсхийж байгаа нь ч илэрхий байх шиг.
-Асуултад хариулсан судлаач Танд баярлалаа.
-Эцэст нь би нэг зүйл тэмдэглэн хэлье. Миний дээр ярьсан бол Монгол-Оросын ба Монгол-Хятадын харилцаанд өгч буй албан ёсны үнэлэлт дүгнэлт биш шүү. Судлаачийн хувийн байр хэмээн хүлээн авбал баярлана.
Ярилцсан П.Батзаяа