“+17%” – энэ юун тоо вэ? Бараг бүгд мэднэ дээ. Учир нь нийтээрээ үр шимийг нь амсчихсан учраас. Сү.Батболдын Засгийн газрын үед Монголын эдийн засаг ийм нэмэх, тэгэхдээ бүр + арван хэдэн хувийн өсөлттэй байсан хэрэг шүү дээ. Дэлхийгээрээ шуугиж байлаа. Тэр үед би Каирт Элчин сайдаар ажиллаж байхад Дипломат корпус дотор миний нэр хүнд ч өсөөд ирэх шиг болсон, хатуухан хэлбэл. Танай улс чинь ийм аугаа юм уу, Танай улсад очихсон, үзэхсэн, Та нар яаж ийм их өндөр үзүүлэлтийг хангав аа, аргагүй л Чингис хааныхаа нэрийг мандуулсан аугаа улс Та нар байна гэж ирээд л цаасан малгай өмсгөсөн хүн олон ч тааралдсан даа. “+17%”-ийн өсөлттэй Монголыг төлөөлөх минь хэмээн гурван ч ливан бизнесч өрсөлдөөд нэгийг нь Өргөмжит консул болгуулж байсан ба Иорданд суугаа Өргөмжит консул М.Микдади хэмээх араб найз маань тиймэрхүү маягийн өрсөлдөөн дунд лоббидон байж эх орныг маань төлөөлсөн юмсан.

Бичих сэдэвт маань шууд хамаатай учраас ийм нэгэн тайлбарыг эвлүүлж буулгаж байна. Дахиад нэг тайлбар. Сайн муу хоёр мэдээ ТВ, хэвлэл, сайтуудад явдаг. Муу нь голлоно. Жишээ нь ард иргэд маш их ядуурч байна. Ихэнхи иргэд өр, зээлтэй байна. Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга, улсаараа төлбөрийн чадваргүй гэх мэт. Сайн мэдээ нь цөөн, гэхдээ түүнд хэн ч итгэхгүй. Жишээ нь xасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв, валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрлээ, эдийн засаг 3.0 пунктээр өссөн, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн, төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурна гэх мэт. Эдийн засаг, санхүү, өр зээл, ядуурлын тухай мэдээ өдөр тутам, цаг тутам хэвлэл мэдээллээр хөвөрсөөр байгаад хэн ч цочирдохоо больчихсон, энд цааш нь эшлэх шаардлагагүй. 

Ер нь манай эдийн засаг яагаад өөдлөхгүй, ард иргэд нь дан ядуу ядуулаг байдаг, төр нь дандаа мөнгөний хэрүүл, гуйлга хийж ирсэн бэ? Нэгэн тайлбар байна. Өмнөх 70 жилийн социалист нийгэмд маань орон сууц, мал хуй, газар, үйлдвэрлэлийн хэрэгсэл гэвэл өмчлөх эрх хэнд ч байхгүй, өмчлүүлэх ч үгүй явж ирсэн ба тэр нь сэтгэхүйд гүн нэвчин суусан. Овсгоотой, ажилсаг нэг нь ийм төрлийн анхны хэлбэрийг сонирхож, жишээ нь хашаандаа ногоо тарих, үхэр үнээ үржүүлэх, тахиа үржүүлэх ба тэрийг нь амины жижиг аж ахуй хэмээн нэрлэж төрөөс хорих ч үгүй, хөхиүлэх ч үгүй, яг тэр чигт нь орхино. Хэтрүүлбэл шорон гяндан хаалгаа нээгээд хүлээгээд авчихна. Жишээ нь Лоохууз гуайг тамд унагасан түүх бэлээхэн байж байна. Гарын уртай дүйтэй, арьс шир урлаж эмээлийн гөлөм хийлээ гэдгийг “хувийн сонирхол”, “дамын наймаа” гэдэгтэй холбож байгаад шийтгэсэн энэ түүх бол социалист нийгмийн өмчийн эсрэг мөн чанарыг илтгэнэ. Нэгэнтээ өмчгүй явсаар өдий хүрсний гайгаар олсон зөөснөө хураана, хуримтлуулна гэх юм байхгүй, идээд уугаад барчихдаг хүмүүжил нь өмчгүй, өмчийн соёлгүйгээс улбаатай. Өмч, үл хөдлөх гэх ойлголтгүйн гайгаар мөнгөн дээр бүр ч өлөв долов. Цагаан сараар пологдтолоо гэдсээ дүүргэж, зарим нь эмнэлгийн хаалга татдаг чинь өмчийн ба мөнгөний соёлгүйн гай шүү дээ.

Одоо яг үндсэн сэдэвтээ оръё. Санхүүгийн сахилга алга, хуримтлал үүсгэхгүй байна, мөнгөө гамнах хэмнэх соёл алга гэж би мөн ч олонтаа бичсэн дээ. Дахиад л бичихээс аргагүй болж байна. Их хөлтэй явагдсан 2018 оны Цагаан сар, гуйлгачин түүлэгчин байхгүй болтлоо шинэлсэн, тэтгэврийн зээлээ авч сар шинээ хийсэн, эргээд бүгд өртэй, “Улаанбаатарын оршин суугчид Цагаан сарын баяртаа 350 тэрбум төгрөг зарлагаддаг” хэмээн оросын asiarussia.ru сайтад бичсэн нь бахархал гэхээсээ харуусал сэрэмжлүүлэг мэт хэлэгдэх шиг. “350 тэрбум”–мөн айхтар тоо, тархин дундуур татаад авах шиг. Тэгвэл өчигдөрхөн хэдээр марталсан мөнгөн дүн байна уу? Тэрбумаар биш гэхэд сая саяар нь архи, жимсний архи, оргилуун дарс, цэцгийн баглаанд явуулсан байж таарна. Ингээд бодохул “мөнгөний соёл” гээд бүр нэг биччихээс аргагүй мэт.

Холын баримт хайхгүйгээр 2004 он руу нэг тольдъё. АН хүүхдийн 20 мянга амлаад ирмэгц МАН нь шинээр гэр бүл бологсдод 500 мянга амласан(шинэ төрсөн нярайд төдөн төгрөг гэхчлэн), монголчуудад мөнгөний соёл суулгах нь бүү хэл тийм соёлыг баллуурдаж үгүй болгосон түүх 2004 онд тэгж эхэлсэн юмсанж. 

Бэлэн мөнгө авна гэдэг уг нь сайн сайхан хэрэг л дээ. Мөнгөнд дургүй хүн хорвоо дээр үгүй. Гэхдээ бэлэн мөнгө авах тусам ядуурдаг нь монголчуудын онцлог, бусад улс үндэстнээс ялгарах нь шинж төрх нь. Ядуурдагийг нь мэдсээр байж өгөөд байв уу, эсвэл сайхан сэтгэлээр, тус дэмж болог гэж өгөөд байв уу гэдэг нь өөр асуудал, төр засгийн хувьдшүү дээ. Сайхан сэтгэл нь л давсан байх аа даа, одоо ч мөнгө байвал тараахад яг бэлэн байгаа. 

Ард түмнээ хорлох гэж бэлэн мөнгө тараасан гэх яриа одоо бол мэр сэр байдаг юм билээ, ялангуяа сэхээтэн оюунлаг хэсгийнхэн, бизнесийнхэн бэлэн мөнгө тараахын эсрэг юм билээ шүү. Сэхээтэн гэлтгүй хөдөөд ч мөн тийм яриа бүр 2004 оны сонгуулийн дараа гарч байсан байгаа юм. УИХ-д гурвантаа суусан, Төсвийн байнгын хороог даргалж явсан нэг найз маань ярьдаг юм. 2004 оны сонгуулийн дараа хөдөө тойрогтоо явж байлаа гэнэ. Хөдөлмөрчидтэй уулзалт болж байх юм аа. Хэл ам таталжээ. Тэр 500 мянгаа яах гэж өгсөн юм, түүнээс чинь болж хуурамчаар хуримлах залуусын тоо олширлоо, хуримын зардал, найр архинд тэр мөнгө чинь үрэгдлээ, дээрээс нь хувиасаа мөнгө гаргаж шатлаа, хуурамч гэрлэлтийн уршгаар гэмгүй охин минь их гэдэстэй хоцорлоо, тэр 500 мянгаа одоохон болиул гэж ирээд л мань гишүүнийг хэдэн талаас нь бөмбөгджээ. Боддог л бодол.

Сүүлхний жишээ. Нөгөө алдарт “+17” хувийн үед. “Насанд хүрсэн иргэн бүрт 21 мянга” гэсэн ариун цагаан хөтөлбөр хэрэгжиж байлаа. Хэрэв сар бүр өгөх тоолонд нь хураагаад байсансан бол лав өдийд модоо барьж, тэтгэвэр цалингийн өрөнд унахгүй байхсан.

Нийслэлийн төвд нэгэн өндөр барилга дээр хэсэг монгол ажилчид ажиллаж байжээ. Барилгын компанийн захирлынх нь яриа шүү. Тэр 21 мянга ид өгөгдөж байсан үе. Түүнийг тавьж олгох үед банкны гадаа оочер дугаар гэж тоймоо алддаг, бараг бүтэн өдрийг алддаг байсан юм уу даа. Миний танил барилгын компанийн захирал маань өдрийн 60 мянгаар тооцоод ажилчид барилгачидаа цалинжуулж байсан байгаа юм. Одоо ч тийм гэсэн. 

Барилгачин гурван нөхөр нэг өглөө алга болчихов оо. Тэр өдрийн ажил будаа. Маргааш нь бас алга, нөгөөдөр нь бас алга. Ингээд гурван өдрийн ажил будаа, нэг барилгачин180 мянган төгрөгөө, нийлээд тэр гурав 540 мянган төгрөгөө суутгуулжээ. Аргагүй шүү дээ, ажил тасалчихсан юм чинь. Нөгөөдрийн цаад өдөр нь гурван бүрзийсэн, үхсэн царайлсан, согтуу нь гараагүй нөхөд эргэж иржээ. Загнуулах аашлуулах юу ч биш. 

Тайлбараа хэлж байнаа. Ажил тасалдаг эхний өдөр 21 мянга дээр оочерлоод өдрийг алдсан, гурвуулаа орой нь 63 мянган төгрөгтэй болсон байгаа юм. Тэр 63 мянган төгрөгөөрөө хэд хэдэн шил архи авнаа даа. Эхний орой ууж бариад тэгсгээд өнгөрөөжээ. Хоёр дахь өдөр нь хавтгай архидалт. Гурав дахь өдөр нь шараа тайлж дахин архидалт. Дөрөв дэх өдөр мөнгө дууссан, нэмж өр тавьсан, бие дотор гэж авах юм байхгүй ажилдаа ирж байгаа нь тэр. 

Барилгын компанийн захирал найз маань учирлан ярьж ухуулж, загнаж ч үзжээ.Та нар 21 мянгыг олоод 180 мянгыг алдлаа, хожсон хохирсон хоёрын аль нь вэ? 180-ыг авч байсан нь дээр байж уу, эсвэл 21 мянга нэг удаа аваад биегүй болтлоо архидсан нь дээр үү гэж асуугаад байхад цаад гурав ухаж ойлгодоггүй ээ. Үнэгүй зүгээр өгч байгаа 21 мянгыг авах нь л чухал гэсэн хариу тайлбартай. Өөр хэлэх үг байхгүй. “180:21”; “540:63” – аль нь их тоо вэ? Хариулт мад!

“Хүүхдийн” гэх тодотголтой 20 мянга бол наанатай цаанатай зарцуулагдсан байгаа юм. Яг “хүүхдийн” гээд биччихсэн олгогдож байгаа учраас эх нь голдуу очоод авчихдаг, архинд явсан нь багахан дойл эзэлнэ. Гэхдээ л гэр хороололд хүүхдийн 20 мянгаар архидсан явдал тасардаггүй байсан гэх юм билээ. Харин тэр насанд хүрэгсдийн 21 мянга бол 100хувь биш гэхэд лав 80 хувь нь дээрхи гурван барилгачны паян шиг урсаж дууссан байгаа юм.

Монголчуудын “мөнгөний соёл” гэж чухам үүнийг л хэлдэг юм. Олсон үзсэн авснаа хуу үрчихдэг, гэдэс ходоодоо байнга баярлуулдаг, баярлуулж байх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой монголчууд мөнхөд ядуугаараа явах тавилантай гэх нь хаашаа юм, гэхдээ л энэ цаг үед бид гэгээрээд гэгээрлээрээ хөлжиж баяжихыг нь харахгүй юм шиг байгаа юм. 

Мөнгөний наад захын соёлгүй, эрх баригчид нь санхүүгийн наад захын сахилгагүйгээс болоод монголчууд бид ардчилал, эрх чөлөө, зах зээлийн нийгэмд зовж зүдэрч шинэ нийгмээ байгуулахаар 28 дахь жилдээ гүрийж явна. Төр, засгийн толгойд гарч ирсэн болгон нь, тэднийг гаргасан болгон нь нуль стресс, ам ангайвал хариуцлага сахилга, мөнгөний бөөн гачлан, тийм л нөхөд ирдэг, буцдаг, дараагийнх нь ирдэг...