ТАЛЫН МОРЬТОН БААТРУУД


Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн
аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй
ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна.
(Хятадын Цагаан хэрэм дээр
Ричард М.Никсоны хэлсэн үг)


Ийм бахархал болсон хэрмийг бариулахад
хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их
түүхтэй байж таарна.
(Зохиогч)


Плано Карпинигийн авсан
даалгавар


1247 оны арваннэгдүгээр сарын 18-нд Бүргүндийн Вант улсын Лион хотноо урт хугацааны аянаас буцаж ирсэн бүлэг хүнийг хотын ихэс дээдэс хүндэтгэлтэйеэ угтан авлаа. Аяншиж ядарсан энэ хүмүүсийн ахлагч нь 65 нас хүрсэн итали өвгөн ажгуу. Жованни дэл Плано Карпини (Giovanni da Pian del Carpine) хэмээх энэ санваартан олон жилийн турш Ватиканы ихэс дээдсийн итгэлийг үнэнхүү хүлээсэн этгээд байлаа. Энэ үед өөрийгөө Ариун Ромын Эзэнт улс гэж зарласан германчууд улам хүчирхэгжихийн хэрээр Ватиканы тэдэнтэй харилцах харилцаа хурцдаж байсан тул Плано Карпинийг Ромын Гэгээн Пап Герман руу зараалаар явуулж байсан учраас өвгөн санваартан бол туршлага бүхий итгэлт хүн юм.
Загалмайн шашны үзэл суртлын төв Ватикан нь XIII зууны үед нэлээд бэрхшээлтэй учирсан юм. Нэгэн цагт Зүүн Ром гэж нэрлэгдэж байсан Византийн Хаант улс буруу номтны даралт шахалтад орж задран уналаа. Дорно зүгийн үл мэдэгдэх газраас нүүдэллэн ирсэн лал мөргөлт сэлжүк нар Бага Азийн загалмайн мөргөлт орнуудыг улам шахаж байв. Эль Моравид Эль Мохадын Халифат улс хэмээх лал мөргөлтөн умард тийш түрэн Иберийн хойгийн хагасыг эзэмшиж Францын Вант улстай шууд хиллэх болжээ. Ийнхүү мянган жил загалмайн шашны жинхэнэ төв гэгдэж байсан ариун Ром нэгэн шашны дотор буй болсон бусад урсгалтайгаа зөрчилдөхийн зэрэгцээ лал мөргөлтний хэзээ ч биеллээ олж магадгүй түрэмгийллийн занал дор сэтгэл түгшин амьдарч байв.
Гэтэл зах хязгаар нь хаана байдаг, хэн суудаг нь үл мэдэгдэх дорно зүгээс хурдан морь унаж, хурц зэвсэг агссан аймшигт зэрлэг хүмүүс хот балгадыг шатаан хүн амьтныг хайр найргүй алж талж буй мэдээ 1223 онд ирэх нь тэр. Загалмайн шашинд занал учруулж байсан лалын ертөнцийнхнийг гэсгээн цээрлүүлж буйн хувьд нь тэрхүү дорнын үл мэдэгдэх дайчдыг аюул заналаас аврах Прэстэр Иоанн (Prester Jonn) хэмээх домгийн гэгээний явуулсан элч төлөөлөгч гэж үзэж байсан. Гэтэл жижиг, шаламгай морь унасан тэрхүү дорнын зэрлэг балмад хүмүүс лал төдийгүй загалмай мөргөлтнийг ч хайр найргүй устгадаг болох нь удалгүй мэдэгдэв. Прэстэр Иоанны элч хэмээн Ромын Пап IX Григорийн (Gregory IX) үнэнхүү итгэж байсан тэр үл таних дайнчид 1237-1242 онд Дорнод Европыг тэр чигээр нь цусанд нь үйлээ. Үнэн алдартны шашинт Оросыг хүйс тэмтэрснийг Ромын Папад захирагддаггүйнх нь тэнгэрийн шийтгэл гэж үздэг юм гэхэд католик шүтлэгт Унгар, Польш, Бохэми тэдний уулгалсан довтолгооны цуст золиос болсон нь улам ойртон ирж яваа сүйрлийн дохио ажгуу.
1243 онд Ромын Папын ширээнд залагдсан IV Иннокэнтий (Innocent IV) тун ч ухаалаг улс төрийн бодлоготон тул үл мэдэгдэх тэр аюулыг гэтэлгэх арга саам хайж олжээ. Иннокэнтийн хувьд уугуул шашинд нь тохиолдож буй хамгийн гол хоёр аюул бол Папын ёсны эсрэг Ариун Ромын эзэнт улс гэгчийн хаан Фридрихийн дайсагнах явдал байсан бөгөөд мөн загалмайн бүх хаант улсыг байлдан дагуулахаар заналхийлж буй тэрхүү татаар гэж нэрлэгдсэн дорнын дайнчдын аюул бөлгөө. Тэрээр энэ бүх аюул хямралыг давах үүднээс 1245 онд Шажны ерөнхий зөвлөлийг Бүргүндийн Лион хэмээх хотноо зарлан хуралдуулав. Тэндээс IV Иннокэнтий дорнын татаар хэмээх зэрлэгүүдийн удирдагч нарт элч төлөөлөгчид зарж, Төв Европт үйлдсэн харгислалыг нь эсэргүүцэхийн зэрэгцээгээр тэднийг загалмайн номд орохыг шаардах тухай зоригтой алхам хийхээр шийдсэн байна.


Элчийн толгойлогчоор Герман, Польш, Бохэмид амьдарч байсан төдийгүй Папын зараалаар Герман, Испани орж байсан туршлагатай, зоригтой боловч нас нэлээд дээр гарсан Плано Карпинийг томилжээ. Карпини эл татаарын хаан болон ард түмэнд нь хаягласан Папын захидлыг өвөртлөөд хоёр гурван хүний хамт 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лион хотоос гарчээ. Тэд Герман, Бохэми, Польш орноор дайран польшийн Бэнэдикт хэмээх санваартантай нийлж аваад цааш Оросын нутаг руу орж татаарын аймшигт үйлдлийн үр дүн болох гавлын ясаар дүүрч балгас болсон Киев хотыг дайран чанагш явсаар 1246 оны хоёрдугаар сарын 23-нд татаарын анхны хилийн харуултай тааралдсанаар иргэншсэн Европын хязгаараас гаран урьд хожид хэн ч, хэзээ ч юу байдгийг нь үзээгүй үл мэдэгдэх ертөнц рүү орж сураг тасрах нь тэр ээ.
Ийнхүү хоёр жил хагас хүнд хэцүү нөхцөлд үл таних газраар жуулчлаад Папын даалгавар биелүүлсэн Плано Карпини тун ч олон сонин мэдээтэй буцаж ирж дээ. Юун түрүүн тэдний татаар гэж нэрлээд байдаг дорнын зандалчид нь жилийн газрын алсад орших Монгол хэмээх улс юм байна гэдгийг дуулгав. Карпини тэрхүү Монголын их хаан Гүюгийн Папад өгүүлсэн хариу захидлыг авчирчээ. “Пап биднийг загалмайн шашинд ор гэж шаардах болж байна уу, Польш, Унгарт хядлага явуулсан гэж Монголыг зэмлэх болж байна уу?” хэмээн Эзэн хаан ихэд зэвүүцэн уурсаж үл эвсэхүйн маш товч хариуг хэлж бичүүлжээ. Загалмайн улс оронтой муугаар харилцлаа гэж Папын зэмлэсэнд Гүюг (Kuyuk) хаан үнэхээр аягүйцэн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хаан зарлиг ил болгож иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай!” хэмээсэн монгол үсгээр бичсэн тамгатай цаасан дээр перс хэлээр хариу бичиж өгсөнд:

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг Танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг Та нарт сонсгон дагуулъя… гэж эхлээд …Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ Та нар “бид харьяат болж хамаг эд агуурсаа Та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин Та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас Та нар дайсан болно. Эл учрыг Та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү, гагцхүү Тэнгэр л мэднэ. гэж заналхийлэн төгсгөжээ.



IV Иннокэнтий (Innocent IV) мөн Персийг эзлэн захирсан монголчууд руу Ломбардигийн захирагч Ансэлмыг заран явуулсан нь дээрх Гүюг хааныхтай туйлын төстэй хариуг авчирчээ. Персийн захирагч Байжугийн (Baiju) өмнө сунан мөргөхөөс татгалзсан төдийгүй Ромын Папыг дэлхийн хамгийн хүндэтгэлт хүн мөн хэмээн ярьсан хэрэгтээ Ансэлм амьдаараа өвчүүлэх ял авчээ. Гэвч тэр монгол хаан эхнэрийнхээ гуйснаар элчийн арьсыг амьдаар нь хуулахаа азнаж удтал хорьж байсны дараа монголоор эхийг үйлдэж оросоор дамжуулан латин хэлнээ орчуулсан хариу захидлын хамтаар эгүүлэн явуулсан гэнэ. Захидал заналтай маягаар:

Их хааны зарлигаар Байжу би бээр Танд энэхүү хариуг явуулж байна. Пап аа, Таны захидлыг авч ирсэн элч тун ч бардам дуугаар ярьж байна. Таны зарлигаар тэгсэн үү, бүү мэд. Та биднийг олон хүн аллаа гэж зэмлэж байна. Гэвч биднийг үг дуугүй дагасан бүхэн газар дээрээ эзэн болж үлдэнэ, эсэргүүцсэн бүхэн устгагдана гэсэн энэ ертөнцийн эзэн Тэнгэрийн зарлигийг санагтун!. Би Пап чамд Тэнгэрийн зарлигийг явуулж байна! Чингэхлээр хэрэв газар нутгаа барьж үлдье гэж бодож байгаа бол биеэрээ бидэн дээр ирж бүх ертөнцийн эзэнтэй нийцэн явах ёстой. Хэрэв Та үгүй гэх аваас юу болохыг бид мэдэхгүй, зөвхөн Тэнгэр мэднэ.

Карпини Лионд буцаж ирснийхээ дараахан тагнаж мэдсэн зүйлийнхээ талаар илтгэл бичсэн нь манай үе хүртэл хадгалагдан хоцорчээ. Карпини тэнд бичихдээ:

…Монголчуудын санаархал нь Чингис хааны зарлиг ёсоор, болж өгвөл дэлхийг эрхшээлдээ оруулах явдал болой. Тийм ч учраас тэдний хаан зарлигтаа “Тэнгэрийн гэсгээлч далай хаан” гэх ба түүний тамга бичээс нь “хөхрөгч Тэнгэр, хөрст дэлхийн гэсгээлч Гүюг хаан, Далай хааны тамга” хэмээсэн байдаг. Тийм ч учраас дээр өгүүлсэнчлэн эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамддаггүй билээ. Одоо дэлхий дээрх загалмайн шашинт улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс гүрэн байхгүй болсон учир тэд бидний эсрэг тулалдаанд бэлтгэж байна…  хэмээн анхааруулаад …тэдний хувьд бурхан шүтээнийг хүндэтгэнэ гэж огт байхгүй бөгөөд хүний бие сэтгэлийг санаанд оромгүй янз янзын аргаар тарчлааж зовоодог жигшүүрт бузар үйлдлийг нь санаваас загалмайн шашинтан нар монголчуудын эрхшээлд орно гэдэг нэн зохисгүй нь илт болой. Монголчууд эхлээд бялдуулчлан дотночилж, дараа нь хилэнцэт аалз мэт хэмлэн зовоож тарчилгах нь үнэн болой. Харин тэд загалмайн шашинтай ард түмнээс тоогоор цөөн, бие бялдраар сул юм шүү дээ.

Плано Карпинийн тэмдэглэлд будилсан, эндүүрсэн, буруу ойлгосон зүйл бий боловч санаанаасаа зохиосон худал зүйл байдаггүй нь үлдэж хоцорсон түүхийн бусад материалтай харьцуулахад илт байдаг.