МОНГОЛ “ДЕЛО” (5)

Төмөр замын буудалд дэгдсэн хятад монголчуудын зодооны дело (хэрэг) 1966. Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай 1959 онд Монголд айлчлахдаа 190 сая долларын тусламж бүтээн байгуулалтад зориулж амалжээ. Хоёр орны гэрээний дагуу энэ бүтээн байгуулалтыг босгохоор 35 мянган ажилчин оруулж ирэхээр тохирсон боловч хоёр орны харилцаа цаашид хүйтэрсэн тул 12 мянган ажилчин ирүүлээд цааших ажилчдаа хятадын тал нэмж илгээсэнгүй. Үүнээс болж ажил сунжирсаар 1966 он хүрсэн байна. 1966 онд Хятадад соёлын хувьсгал хэмээх хийрхэл мандах үед Хятадын тал бүх ажилчдаа эргүүлэн татлаа. Дуусгаагүй барилгын объект нэлээд үлдсэн. Тэд буцахдаа галт тэрэгний буудал дээр зохион байгуулалттайгаар Соёлын хувьсгалынхаа уриа лоозонг хашгирч баахан дөвчигнөв. Ийм юм болохыг урьдчилсан мэдсэн Монголын тал, НАХЯ- галт тэрэгний буудал руу бэлтгэгдсэн танхайчууд, хулигаан, өөрийн ажилтнуудаа явуулан томоохон зодоон үүсгэсэн.

Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй гэмт хэргийн дело (хэрэг) 1969-1990. 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй Зөвлөлтийн армийн хэсэг 1969 оноос Монголд байрлалаа. Хоёр орны хийсэн нууц гэрээгээр зөвлөлтийн цэрэг офицерийн Монголд үйлдэх гэмт хэргийг Зөвлөлтийн шүүхээр шийднэ, үүнд Монголын талын оролцоо байхгүй гэж тогтжээ. Цэрэг байрласан хорь гаруй жилд зөвлөлтийн цэргийн үйлдсэн аллага, хүчин, дээрэм тонуул маш олон байсан ч бүгд онц нууцын зэрэглэлтэй байсан учир одоо болтол ямар ч материал ил болоогүй. Сайншандад нялх хүүхэд хүчиндэж алаад элсэнд булсан, Баянхонгорт бүтэн айлыг голомтоор нь устгасан зэрэг зарим дуулиантай хэрэг л ам дамжин дуулдаж байлаа. Айлын мал, ялангуяа хонь, тугал бяруу дээрэмдээд цэргийн ангид шорлог хийж идэх ба тэр нь талд холоос хурц үнэртдэг байнгын явдлыг хожим Оросын хэвлэлд бичсэн байдаг. Монгол хүүхнүүд тэмбүүтэй гэсэн цуу ярианаас болж цэргүүд ихэнхдээ сургуулийн сурагч охидыг хүчинддэг байжээ. Наяад оны үед Монголын НАХЯ-ыг хариуцаж байсан генерал С.Радченко хожим бичсэн дурсамждаа “зөвлөлтийн цэрэг монгол хүүхэн хүчиндсэнээс үүсэх гомдлыг хүнсний бүтээгдэхүүн, орос дэлгүүрийн пропуск зэргээр аргалж өнгөрөөдөг байлаа” гэжээ.

Зөвлөлт цэрэг ажилчдын автобус дайрсан дело (хэрэг) 1981. Шөний ээлжийн ажилчдыг гэр рүү нь зөөдөг автобусыг зөвлөлтийн цэргийн том оврын ачааны машин яг нийслэлийн төвд дайран онхолдуулснаас болж машин шатжээ. Нэг залуу гал дундаас хүмүүсийн авран чирч гаргаж олон хүний амь аварсан ба тэр явцдаа өөрөө түлэгдэж үхсэн аж. Энэ зоригт эрийн тухай Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ, Хөдөлмөр сонинд бичиж алдаршуулсан аж. Гэхдээ Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй делог баримтлан орос цэрэг, байлдааны машин зэргийг огт тоочсонгүй ердөө л “нэгэн том машин” гэсэн байлаа. Гэтэл зөвлөлтийн Элчин сайдын яамнаас Намын төв хороо, Улс төрийн товчоонд хаяглаж гомдол ирүүлжээ.Тэд Зөвлөлтийн цэрэг үйлдсэн гэмт хэргийн эзнийг тодорхой заагаагүй боловч далдуур санаатай дэвэргэн “Монгол-Зөвлөлтийн эвдрэшгүй, мөнх найрамдалд харшилсан үйлдэл хийж байна хэмээн буруутгасан аж. Асуудлын Намын Төв хороо даруй анхааралдаа аван дээрх сонинуудын эрхлэгч, хариуцсан ажилтнууд, бичсэн сэтгүүлчдийг шийтгэж цээрлүүлэв. Мөн Монгол-Зөвлөлтийн найрамдалд далдуур харшилсан материалыг анзааралгүй өнгөрч, сонор сэрэмж алдсан Хэвлэл Хянах газрын төлөөлөгч нарыг ч бас шийтгэсэн байна. БНМАУ-ын хэвлэл, мэдээллээр гарах бүх материалыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын агентууд нэгбүрчлэн уншиж, хэвлэхийг зөвшөөрсөн тамга дардаг байв. Тэдний цаашид бичих хэвлэх эрхийг хасч, аль болох бага цалинтай биеийн хөдөлмөр хийлгэхээр тараан явуулав. Барамсай, Жамъян, Дашдондог гээд олон авъяаслаг сэтгүүлч, зохиолчид хилс хэрэгт оосорлогдсон. 

Хэвлэлийн алдааны дело (хэрэг) 1952-1984. Монотип машинаар цутгасан үсгийг нэг нэгээр нь өрж, тусгай жаазанд боож сонины эх бэлддэг байх үед “хань Сталин” гэсэн үг “хонь Сталин” болон хэвлэгджээ. Дээд эгнээнд байсан “а” үсэг доош унаж ирснээс үүдсэн техник алдаа ажгуу. Ингээд Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч Уламбаяр баривчлагдан шүүхээр орж шоронд хоригдсон. Жараад оноос хэвлэлийн санаандгүй алдааны төлөө шоронд хорихоо больсон боловч хариуцсан хүмүүсийг ажлаас халах, намаас хөөх, хөдөө цөлөх болжээ. “Цэдэнбал”-ын нэрийн “б” үсэг гээгдүүлсэн хэргээр зохиолч Ц.Доржготов Утга зохиол урлаг сонины ажилтнаас халагдаж байв. “Монгол Зөвлөлтийн эвдэршгүй найрамдал” гэсэн өгүүлбэр дахь “эвдэршгүй” гэсэн үгийн “д” үсгийн доод хөндлөн зураас баларсан, “сүүний тасгийн айлууд” гэдгээс сүүлчийн үгийн “й” гээгдсэн, “Ардын их хурлын хуралдааны танхимд” гэдгээс “р” үсгийн орноос ”д” орсон, “намжмал байдлыг ариглаж” гэдгээс “г”, ”л” үсгүүд байраа сольсон зэрэг явдлууд бүгд хариуцсан ажилтных нь амьдралд нөлөөлж наад зах нь намын арга хэмжээ, цаашилбал ажил төрөлгүй болох, намаас хөөгдөх арга хэмжээнд өртөж байв. 

Ринчингийн удам судрын (дело) хэрэг 1976. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчин, Зөвлөлтийн монголч Г.Санжеев нар хоорондоо таардаггүй байжээ. Санжеев Цэдэнбалд захидал бичин Ринчингийн эцэг, өвөг болон ах дүү хамаатан садан нь хувьсгалын эсэргүү, цагаантны тал байсан тухай мэдээлсэн байна. Ринчинд дургүй Цэдэнбал үүнийг олзуурхан их эрдэмтэнтэй холбоотой архивын материал болон хүмүүсийн сонссон янз бүрийн яриа дурсамж цуглуулахаар Зөвлөлт Буриад руу баг илгээжээ. Ингээд олдсон материалуудаа нэмж чимэн Ринчингийн эсрэг үзэл суртлын дайн эхлүүлж, түүний бүхий л өвөг дээдэс хамаатан садан Монголын дайсан байсан тухай том том өгүүлэл бараг бүх сонин сэтгүүлд зэрэг нийтлэгдэв. Ринчинг нийтээр жигших хөдөлгөөн өрнөв. Нэрт эрдэмтэн тун удалгүй нас барсан. Нью Йорк таймс сонинд “Монголын Солженыцын нас барлаа” гэсэн мэдээ гарсан. Харин монголын аль ч хэвлэл Ринчинг нас барсныг мэдээлээгүй.

Галсангийн дело (хэрэг) 1974. Баянхонгор аймгийн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш Тангадын Галсан шүлэг найраглал оролддог залуу байжээ. Тус аймгийн залуу зохиолчидтай уулзан дэмжих томилолтоор зохиолч Даржаа ирэхэд залуу эхлэн бичигч Галсан түүнд бичсэн зарим шүлгээ уншиж сонирхуулав. Чухам эндээс нь улс төрийн далд ёгт утгатай хэдэн шүлгийг Даржаа илрүүлэн буцаж ирээд матсанаас хэрэг үүслээ. Галсанг ажлаас нь халж алс говийн суманд нэгдлийн тэмээ хариуцан маллуулахаар хөөж явуулсан. Үүнээс хойш ч “улс төрийн хэрэгт холбогдож байсан” тодорхойлолттойгоор олон жил гадуурхагдан ажил олдохгүй, их бодож л ачигч манаачаас дээш гараагүй.

Сайжаагийн дело (хэрэг) 1978. Цагдаагийн хошууч Р.Сайжаа уран зохиол оролддог нэгэн байв. Дэлгүүрт няравын ажилтай эхнэр Янжин нь кассын орлого 20 мянган төгрөгийг алджээ. Түүнийг хулгайлсан хэрэгт гүтгэн олон жилээр шоронд хорих ялаар шийтгэв. Тун удалгүй Сайжааг өөрийг нь эхнэртэйгээ хуйвалдсан хэрэгт татлаа. Прокурор Намжил энэ явдлаа Сайжаагийн уран бүтээлтэй холбон, цагдаагийн нууц баримтыг бичлэг маягаар нийтэд тараадаг гэж гүтгэсэн. Гурван жилийн дараа дэлгүүрийн кассын орлогыг хулгайлсан жинхэнэ эзэн баригдсанаар тэднийг шоронгоос сулласан. Шоронд байхдаа хүнд өвчин туссан Янжин тэндээс гаруутаа л өөд болжээ. Сайжаа ч удаагүй. Таван өнчин хүүхэд үлдсэн.

Академийн дело (хэрэг) 1981. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Шинжлэх ухаан техникийн улсын хороон дарга Д,Майдар, Дээд боловсролын улсын хороон дарга Д.Цэвэгмид нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Майдар, Цэвэгмид нар үгсэн Ширэндэвийг Цэдэнбал, Филатова нарт муучлан матсанаас болж ШУА-д Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг мандлаа. Ширэндэвийн эхнэрийн дагавар хүүгийн салсан эхнэр нь “Хангайн уулын хүү” нэртэй Ширэндэвийн тухай ном бичин Зөвлөлтөд хэвлүүлсэн явдал буудлагын гол бай болов. “Цэдэнбалын тухай намтрын ном гараагүй байхад Төв хорооноос зөвшөөрөл аваагүй,Улс төрийн товчоонд мэдэгдэлгүйгээр бэрээрээ ном бичүүлж гадаадад хэвлүүлсэн” гэж түүнийг буруутгасан тогтоолд заасан. Ширэндэвийг гутаан буруутгах үзэл суртлыг улс даяар өрнүүлж мэдээллийн хэрэгслэлээр өргөнөөр цацсан. Түүнийг буруутгахад Монголын шинжлэх ухааны голлох зүтгэлтнүүд бүгд идэвхийлэн оролцож, зориуд зохион байгуулсан ШУА-ийн намын хорооны хуралд уралдан үг хэлж байв. Голдуу “Биеэ тоосон”, “Зөвлөлтийн эрдэмтэдийг тоодоггүй” гэсэн буруутгал зонхилж байв. Намын хорооны хурлын протокол тэмдэглэлийг бараг бүх сонин хэвлэлд тавин “нийтийн хүртээл” болгосон. Яг үүнтэй зэрэгцэн Улсын Драмын Театрт “Академик” цол олгож таарчээ. Ард түмэн болсон үйл явдлыг элэглэн “Хотоор сонин юу байна гэж үү? Академи нь театр болоод театр нь академи л болчихсон гэнэ ээ” гэсэн онигоо гарсан нь нийтэд таржээ.

Чадраагийн дело (хэрэг) 1981. Ширэндэвийн делог дагалдаад Шинжлэх ухаан академийн дэд ерөнхийлөгч Чадраагийн гэмт хэрэг гэсэн дуулиан хүчээ авлаа. Судалгаа шинжилгээний зориулалттай изотопыг түүний саналаар замын траншейнд хадгалжээ. Тэр үед цацраг идэвхит бодисыг агуулах сав төхөөрөмж Монголд байгаагүй учир аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан бололтой. Гэтэл мөнөөх изотоп алга болчихсон, одоо болтол олдоогүй. Ширэндэвийг шившиглэх ажиллагаа эхлэн мөрдлөг хийж байхдаа холбогдох хүчнийхэн зориудаар хулгайлан устгасан болов уу гэсэн таамаглал байдаг. Чадраад эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хорьсон. Цөмийн физикч Чадрааг шоронгоос сулласан хойноо үндсэн мэргэжлээс нь холдуулж хүн, малын бааснаас биохий гаргах төсөл дээр нэг хэсэг ажиллуулжээ.

Жалан-Аажавын дело (хэрэг) 1983. Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь нам төриййн талаасаа Цэдэнбалын орлогч – Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Гэтэл гэнэт 1982 онд тэтгэвэрт гаргажээ. Үүнтэй холбогдуулан түүнийг одон мядалиар шагнасан. Гэтэл хагас жилийн дараа тэтгэвэрийн өвгөн гэнэт улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, намаасаа хөөгдсөн ялтан болж хөдөө цөлөгдөв. Жалан-Аажав хуульч мэргэжилтэй учир Улс төрийн товчоондоо хуулийн чиглэл хариуцдаг, тухайн үедээ НАХЯ-ы сайд асан малын эмч мэргэжилтэй Дэжидийг байнга буруушаадаг, ажлыг нь голдог зэмлэдэг байжээ. Дэжид удалгүй Намын хянан шалгах хорооны дарга болсноор Жалан-Аажавын дээр гарчээ. Түүнийг тэтгэвэрт гарангуут нь Цэдэнбалд очин “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн гүтгэлэг хүргэв. Жалан-Аажав нь Филатоватай таардаггүй байсан нь түүнийг хүсээгүй байхад нь тэтгэвэрт гаргасантай холбоотой. Жалан-Аажавыг гүтгэн шившиглэх ажиллагаа улс даяар өрнөв. Мэдээллийн хэрэгслэл үүнд бүрнээ татагдан орсон. Цэдэнбалын захирамжаар түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь халуулж аавыгаа асрах үүрэг өгөн сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хурааж ихээхэн хэлмэгдүүлжээ. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халсан. 

Эрдэнэтийн дело (хэрэг) 1982. Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор 1980 онд бүрэн ашиглалтад орлоо. Уг цогцолборын өртөг болох нэг тэрбум рублийн 50 хувийг Монголын тал Зөвлөлтөөс зээлж үүнийгээ хожим бүтээгдэхүүнээр төлөхөөр гэрээлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын амьдралын төвшин гурав дахин нэмэгдэж багшийн цалингаар жишээлэхэд 600 төгрөг нь 1800 төгрөг болж өснө хэмээн олон жил сурталчилсан атал ашиглалтад орсноор Монголын тал алдагдалд орон жилд 40-60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл энэ асуудалд огт холбоогүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Майдар Москвад өөр хэргээр явж байхдаа Зөвлөлтийн Өнгөт металлургийн үйлдвэрийн яамтай гэрээний төсөлд дур мэдэн гарын үсэг зурж тохиролцжээ. Уг гэрээгээр Зөвлөлтийн тал байгаль ус ашигласан болон роялти зэрэг ямар ч татвар төлөхгүй ба зэсийн худалдах үнийг олон улсын тогтсон стандартаас 3-6 дахин бага үнээр орос рублиэр худалдан авахаар болсон аж. 

Энэ асуудал санхүүгийн байгууллагаар дамжин Сайд нарын зөвлөлийн дарга Батмөнх, Улс төрийн товчоондоо эдийн засаг хариуцсан Моломжамц нарт хүрчээ. Асуудлыг зохицуулж Зөвлөлтийн талтай ярилцуулахаар төлөвлөгөөний комиссын дарга Д.Содномыг Москва руу явуулав. Содном Зөвлөлтийн Өнгөт металлургийн сайд Костинтой уулзан “Эрдэнэтийн талаар хэлэлцээ хийе” гэж гуйхад “Надад тийм зав алга” гээд хөөж гаргажээ. Энэ тухай Содномын бичсэн “маш нууц” гэсэн дүгнэлтийг Ж.Батмөнх, Д.Моломжамц, Н.Жагварал зэрэг товчооны гишүүд болоод Төлөвлөгөөний комиссын орлогч П.Жасрай, Төв хорооны хэлтсийн эрхлэгч Н.Мишигдорж, Сайд нарын зөвлөлийн орлогч М.Пэлжээ, Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороон дарга П.Очирбат нар дэмжижээ.

Энэ явдлыг олж мэдсэн Филатова, Майдар, Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын орлогч Балбар нар Зөвлөлтийн холбогдох хүмүүстэй тохиролцон дээрх нөхдийг хуйгаар нь халж солин төрийн бүрэлдэхүүнийг тэр чигээр нь өөрчлөхөөр тохироод үүнийгээ Цэдэнбалаар зөвшөөрүүлсэн байна. 

Энэ үед Зөвлөлт гүрний толгойд Константин Черненко гарчихсан байсан авч эмнэлэгт хадаатай байсан учир улсыг үнэн хэрэгтээ Гадаад явдлын сайд Андрей Громыко толгойлж байлаа. Монголд төрийн эргэлт бэлтгэгдэж байгаагаас чухал асуудал зөвлөлтөд тулгарсан байсан тул Филатова Майдар нарын төлөвлөгөөг таслан зогсоогоод Цэдэнбалыг огцруулах ажиллагаанд шилжсэн. Цэдэнбалыг огцруулах шалтгаан өөр үндэслэлтэй байсан, харин шалтаг болгосон нь Эрдэнэтийн асуудлаар дамжин Монголын нам төрийн удирдлагыг тэр чигээр нь солих гэсэн оролдлого ажгуу. 

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

2020.4.5