Монгол бол мияа, гадаад л бол лаг…
Байгаадаа сэтгэл ханадаггүй. Бусдыгаа дэмжиж, сайныг нь олж хардаггүй “би” гэх өвчтэй өөнтөгч нэгэн, шүтэн барилдлагын номоор бол хэзээ ч цор ганцаараа аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй бөлгөө!
Нэгэн зүйл;
Саяхан хөдөөнөөс ирсэн нэг хамаатан маань гайхан ярьж сууна.
“…Энэ хот чинь ямар хачин болчихсон юм бэ? Нуль гадаад үг. Писиар л гэнэ, Зонозын төв ч гэх шиг, күйар кодгүй машин явж болохгүй л гэнэ, ковид л гэнэ, пфицер, астразеника вакцин л гэнэ, вай фай л гэнэ, 3 жи, 4 жи л гэнэ…айфон, айпад юу юу ч гэнэв ээ … ёстой бүү мэдээ …” гэж суулаа.
За нэр ус ч гадаад болоод бүр явж өгснийг бүгд л харж байгаа. Бас нэгэн зүйл бол Монгол хүн хүн биш, гадаад л бол хүн болоод удлаа. Дал гаруй жил орос л бол хүн, монгол бол хүн биш байсан одоо бүр даяаршаад Хятад, Монгол хоёр бол хог бусад нь бол лаг болоод уджээ.
Нэгэн зүйл;
Нүүр ном харж байтал Буян Жагаа Заригийн хүүхэнтэй ярилцаж зогсохыг харлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Б.Жаргалсайхан өмөөрч үг хэлж байна. (Одбаярын овгийн үсгийг мэдэхгүй учир нетээс хайтал “өгзөг” гээд л муулсан бичвэр пиг дүүрэн…)
“…ҮХЦэцийн дарга ер нь яасан юм тэр нэг муу онгоцны үйлчлэгч хүүхний биед хүрээ л биз. Хувцсыг нь урчихсан юм уу? Хүчиндчихсэн юм уу? Зодчихсон юм уу? Солонгос даяар муулаад л элдвээр доромжлоод л “Монгол бол гуйлгачин, ядуу, зэрлэг, бүдүүлэг гэж бүгд бичээд л, чамайг ч, намайг ч доромжлоод байхад чи бас юу вэ? Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг чинь улсын нүүр царай мэдэв үү. Та нар тэгвэл тэр Солонгосчуудаа бичих чинь яасан юм. Тэр Солонгосчууд чинь манайд ирчхээд л манай охидыг бузарлаад л явдаг биз дээ. Бүр янхны газар байгуулчихсан л байсан шдээ …тэднийг та нар муулаач…хэн яг тэр онгоцонд хажууд нь байсан юм? Монгол л бол төрийн хүн ч байсан буруу, гадаад л бол онгоцны үйлчлэгч ч гэсэн зөв юм уу…” гэж ирээд л загнаж гарав. Жагаагийн түмэн зөв шүү дээ! Нэг ч Монгол нөгөө Монголоо өмөөрөх гэж огт үгүй, харийн хэнтэй ч хамаагүй нийлээд л биенээ муулах өвчтэй.
Нэгэн зүйл;
Молхи бичээч би бээр 2015 онд “Миний мэдэх женко Баттулга” гэж ном бичээд тэрийг нь 1800 оноос өнөөг хүртэл ном хэвлэж буй АНУ, Герман, Британийн хамтарсан дэлхийн номер нэг “Пингвин рендом хаус” паблишер тоож нэмэлт бүлэг бичүүлэн саяхан англи хэлээр хэвлэн гаргаж дээжээсээ ирүүлснээ нүүр номдоо тавьсан 300 гаад хүн лайк дарж (Пэйж бол хэдэн хүн хараад хэд нь лайк дарсан нь ил харагдах бөгөөд багцаагаар 100 хол давсан хүн үзээд л ганц хүн лайк дардаг. Бид бие биендээ талархахдаа тун дургүй улс гэдэг үүнээс ч харагдана) зогсоо зайгүй баяр хүргэх нь сайхан хэрэг ч гэлээ, Монгол хэлээр кирил, монгол үсгээр яг тэр хувийг хэвлээд номын дэлгүүрүүдэд тавьчихсан байгаа ч авч байгаа хүн маш цөөн. Гадаадад, гадаад хэлээр хэвлэсэн л гайхалтай болохоос ямар номыг тэд тоогоод хэвлэчхэв гэдэг сонин бус.
Нэгэн зүйл;
Судлаач Ганхуяг нүүр номондоо 1 орос манай нутгийг харьцуулжээ. Архангай-Хорват, Баян-Өлгий-Дани, Баянхонгор-Хойт Солонгос, Дорнод-Никарагуа, Говь-Алтай- Тажикстан, Говь-Сүмбэр-Бруней, Ховд-Панам, Орхон-Сингапур, Сүхбаатар-Азербайжан, Өвөрхангай-Латви, Хөвсгөл-Куба, Өмнөговь-Тунисын нутагтай тэнцүү гэнэ дээ… хэмээн бичсэнийг харсан эхний хүн Тэгээд? хэмээн гайхан асуужээ. Судлаач Ганхуяг сав хоосон буцаах биш.
“Энэ уудам нутгаараа эзэд нь бахархаг гэж бодсон юм аа. Харин чи бол эзэн нь биш учраас чиний яаж тэнэгтэхийг би яаж мэдхэв?!” гэж хариултал муу үг модон улаатай учир өч төчнөөн лайк дарж идэвхжээд өнөөх бичвэр гарч өгөв өө.
Нэгэн зүйл;
Нийтлэлч Баабарыг бас сүүлийн үед жигтэйхэн өөлж доромжлох болж дээ. Ядаж түүний бичсэн ном, нийтлэлийн мянганы нэгийг биччихээд муулбал бас өөр хэрэг…За да ингээд жагсаавал учир тоймгүй урт юм болох учир зүгээр л хэт гоёдсон нэртэй нүүр номоо дэлгэхэд л болоо доо. Өөр ном ямар унших ч биш. Уншдаг ном маань “Муухай Монгол хүн” хэмээх фэйсбүүк эсвэл өөрийгөө хамгийн ухаантай гэж бодогчдын “ном” болох твийтер бөгөөд тэнд заавал хэн нэгнийг болж өгвөл томоохон хүнийг муулж байвал л уншигчдаа татаж өөрөө том харагдана хэмээн мунхаглана. Тэр нь бас нэг дорд нэгэнд ихэд таалагдаж тахал мэт халдвартай, хурдтай тархах бөлгөө!
Уг нь “Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт л тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргах учиртай” ч машины номероо машинаасаа өндөр үнээр худалдаж авсан тэнэг үйлдлээ гайхуулах, эс бөгөөс өөрийнхөө зургийг бусдын нүдэнд эвэр ургатал үзүүлэх, үгүй бол хамгийн амраар нь чи бол адгийн муу би бол чамаас хамаагүй дээр хэмээн ам уралдан бусдыг муулахыг нүдээ чилтэл, сэтгэлээ өмөртөл харж суух болохоор одоо яалтай ч билээ…
Байгаадаа сэтгэл ханадаггүй. Бусдыгаа дэмжиж, сайныг нь олж хардаггүй “би” гэх өвчтэй өөнтөгч нэгэн, шүтэн барилдлагын номоор бол хэзээ ч цор ганцаараа аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй бөлгөө!