Суурин хэдий бага ч гэлээ шар шороон өргөн гудамтай. Гудмын хоёр талаар яшил, улиас, майлс ургана. Энд тэнд ургасан чавгын мод намартаа алтан шаргал навчсаар хучигдан нүд баясгана. Замын хажуугаар ургасан модод зарим нь олон настай бүдүүн голтой бол зарим нь туялзсан нарийн голтой, дөнгөж соёолж байгаа нь илэрхий. 

Энэ замаар зүүн тийш гурван газар яваад суурингийн захад хүрнэ. Зүүн урд талд зах хязгааргүй хээр тал цэлийхүйд хэн хүнгүй гайхан дуу алдана. Шар шороон гудам ард хоцроход хөл дор нарийн хар зам тархирлан тэртээд зурайна. Энд хүрсэн хэнбугай ч эргэж хардаг зантай. Ийн харахад суурингийн төвийн хятад маяг орсон католик сүмийн оройд залсан загалмай дээр сууж буй хэрээ жаргах нарны туяанд, эс бөгөөс өглөө эртийн манан будан дунд барааглан харлаж цэг төдий үзэгдэнэ. Энэхэн мөчид сүмийн хонх жингэнэж таарвал сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Моддын сүүдэр сунайж, намартаа навчис хуйлран унах нь тун ч үзэсгэлэнтэй. Салхигүй намууханд бол газарт унасан алтан шаргал навчис хөлийн дор шаржигнах агаад энд тэнд хэд гурван тахиа нугас юунаас ч юм бэ үргэн ум хумгүй гүйлдэнэ.

Зуны сардаа хар замаар явахын аргагүй. Учир нь хар зам үргэлж шавар шавхайтай. Гутлаа тайлаад хөл нүцгэн алхвал таатай, явсан замаар хоёр хөлийн мөр зурайн үлдэнэ. Намаг балчигт шигдэнэ гэж айлтгүй. Атгаад үзвэл энэ шороо хэдий үнэ цэнэтэйг даруй ойлгоно. Энэ шороог атгах бүртээ би дэлгүүрт зардаг үнэтэй баримлын шаврыг санадаг. Хар шороо бас ч гэж тослог. Өвөг дээдэс маань энэ хар шороог модон алхаар давтаж шавар сав, ваар, тоосго хийж шатаахад шил аятай л хатуурна. Ийм эдлэл чамгүй үнэтэй, тогшиход дан дан хийн цолгиун дуугарна.

Хавар цагт тал хээр энд тэндгүй алаг эрээн цэцэгс нүдэлсэн, хээ хуартай эсгий дэвссэн мэт битүү ногоон хучлагатай. Хэн хүний харц булааж толгой эргэм тэртээ өндөрт цэлийх хөх тэнгэрт шувууд жиргэнэ. Улаан цээжтэй бөднө шиг шувуу замаар маажигнах агаад араас нь хэдэн дэгдээхэй ганганан дагана. Үе үе хээрийн шаргал туулай хөөцөлдөн тоглох гэсэн аятай урдуур дэгдэнэ. Суурингийн нэг хөгшний тэжээсэн сохор нохой энэ туулайг гүйцээд барьчихна. Өвөлдөө харин цас хунгарлаад туулайд дэгдэх газар олдохгүй.

Урдхан талд нэгэн цөөрөм бий. Цөөрөм гэх ч үнэндээ бол талд тогтсон тогтоол ус. Энэ ус яагаад энд тогтсон, эндхийн шавар шалбааг хаачсаныг хэн ч мэдэхгүй, мэдэхийг хүсдэг хүн ч үгүй. Нугад энэ мэт том жижиг олон цөөрөм бий. Ус нь зундаа шарлана. Тогтоол ус том жижгээсээ үл хамаараад дув дугуй хэлбэртэй нь хачирхалтай. Уржнан би нэг найзтайгаа энд ирсэн юмдаг. Тэгэхэд аадар буугаад удаагүй, чийгтэй өвсөн дундуур алхахад өмдний шуумаг шалба норж билээ. Цөөрмийн ус булингартай, үе үе гүний хий гадагшлах тул орчин тойрон нь өмхий. Зарим нь битүү замагтай, зарим нь лянхуа цэцгээр хучигдсан. Далбагар навчин дундаас ёрдойх цагаахан лянхуа цэцгийн дэлбээ нэг харахад хиймэл мэт үзэгдэвч үнэндээ байгаль дэлхийн бүтээл юм даа. Манан татсан сартай шөнөөр хаш ногоон өнгөөр гялтганах навч цэцэгсийг цөөрмийн дэргэд ажин зогсохуйд тэдгээр нь дээд тэнгэрээс илгээсэн дохио тэмдэг мэт санагдана. Эргэн тойрон нам гүм, сарны гэрэл дээрээс урсгал ус лугаа адил тууш туушаараа бууна. Япончууд цөгөрцгөнийн дуу хад асганд шингэмүй гэж ярьдаг даа. Дуу чимээ болбоос долгион уу, аль эсвэл матери уу? Дуу чимээг соронзон туузанд бичлэг болгон буулгаж болдог хойно хад чулуунд шингээх боломжтой. Тал хээрийн энэ дуу тархинд минь шингэж, үе үехэн жингэнэн дурсамжийг минь сэрээдэг. 

Цөөрмийн хөвөөнд хорхой шавьжны дүнгэнээнд чих тавин зогсоход үзэсгэлэнт бүсгүйн үс гэзэг гялтганан, уран тансаг бие цогцсоос нь балын үнэр анхилах мэт. Гэнэтхэн хажууханд мэлхий үсчиж, сарны гэрэл цочин дээш хөөрөхөд мэлхийний үнэр бидний арьс үсэнд шингэнэ. Хагас му хүрэхтэй үгүйтэй энэхэн цөөрөмд Гаомигийн зүүн хойд нутгийн бүх л мэлхий цугласан мэт, усны мандал үзэгдэхээ больж, энд тэндгүй мэлхий үсчин вааглаж, цээжин дээрх цагаан толбо нь сарны гэрэлд гялтганана. Сар, мэлхий, дуу чимээ бүхэн холилдож хөл толгойгүй болно. 

Эргээд зам дээр гаръя. Шар тоосон замаас холдоод уджээ, бид. Мурийж тахийсан хар зам дээр зүйл зүйлийн өвс ургамал ургажээ. Тал хээрээр могой шиг сүлжих тахир зам хараа үл хүрэх газар талийн одно. Аль замаар явах вэ гэж тархиа гашилгахын хэрэггүй. Аль аль нь явж явж нэг л замд нийлнэ. Эндхийн нуур цөөрөм үнэхээр нүд булаам үзэсгэлэнтэй. Мэлхий вааглах нуур цөөрөм, могой мушгирах нуур цөөрөм, хавч исгэрэх тогтоол ус, шувууд эргэлдэх нуур цөөрөм, замагт нуур, лянхуат цөөрөм, зэгст хонхор, шанаган хорхой арвалзах ус, хөөс сахрах, үл сахрах тогтоол ус. Үлгэр домогтой нуур, үлгэр домоггүй нуур.

Мин улсын Зяцин хааны үед гэлцэнэ. Айлын үхэр малладаг нэг хүү байж гэнэ. Хүү эрэг дээр ургасан сүрэл дээр өвдөглөн сууж байтал цөөрмийн тэндээс хоёр эрэгтэй хүн ярилцах нь дуулдав. Тэд “Энэ цөөрөм жигтэй сайхан газар. Шөнийн гурван жингийн үед төв дунд нь нэгэн том лянхуа цэцэг цоморлигоо нээдэг. Цэцэг дэлгэрэхийг үзсэн хүн цоморлиг дунд нь өвөг дээдсийн чандартай бойпорыг хийвээс үр хойчдоо ихэд хүндлэгддэг” хэмээн ярилцаж байлаа. Үхэрчин хүү сэргэлэн ухаантай, ярилцагч хоёр өмнө зүгийн улс болохыг таньжээ. Ингээд “Би гэдэг хүн бусдын үхрийг хариулж амь зуудаг, бэл бэнчин гэхээр юм даанч үгүй. Гээд эрхэм хэргийг бүтээвэл ачлалтай хүү гэгдэж, аав ээж, үр хойчдоо хүндлэгдэнэ. Одоо хэдий хань ижилгүй ч алсдаа болж л таарна” гэж эргэцүүлэв. Үхэрчин хүү хариад аав ээж, өвөө эмээгийнхээ цогцсыг гарган чандарлаад, үнсийг нь нэгэн саванд хийв. Ингээд нэг сартай шөнө цөөрмийн эрэг дээрх зэгсэн дээр сөхөрч суугаад лянхуа цэцэг цоморлигоо дэлгэхийг хүлээлээ. Гурван жингийн үед гэнэтхэн үхрийн толгойноос хавьгүй том цасан цагаан лянхуа цөөрмийн тэхий голд гарч ирэх нь тэр шүү. Лянхуа цэцэг цоморлигоо аажуухан дэлгэхэд асар том дэлбээ нь сарны сүүмэн гэрэлд хэрхэн үзэсгэлэнтэй харагдаж байсныг үгээр өгүүлэхийн аргагүй. Лянхуа цэцэг том жижгээрээ тээрмийн чулууны дайтай, өвсний үнэрийг дарам анхилам сайхан үнэртэй. Үхэрчин хүүгийн толгой эргэж, нүд эрээлжлэвч өвөг дээдсийнхээ чандрыг хийсэн жижиг савыг барьсаар босож ирээд онилж байгаад цэцгийн цоморлиг өөд шидчихэв. Цэцэгсийн үнэр анхилаад цоморлигоо хумисаар эргэж бөмбийгөөд, усан доогуур орлоо. Болж өнгөрсөн бүхэн үхэрчин хүүд зүүд зэрэглээ мэт санагдана. Цайвар шаргал саран дээр цайран гэрэлтэж, цөөрмийн мандал толь мэт гялтганаад шөнийн аниргүмд тэртээ алсад хээрийг галуу ганганана. Үхэрчин хүү урьдын адил үхрээ хариулсаар болсон явдлыг мартагнав. Нэгэнтээ мөнөөх өмнө зүгийн хоёр эр ахиад цөөрмийн дэргэд үзэгдлээ. Нэг нь “Баларсан шүү. Хэн нэг нь биднээс өрсчихөж” гээд уртаар санаа алдахад үхэрчин хүү тэр хоёрын шаналж буйг олж хараад дотроо их л хангалуун байвч нүүрэн дээрээ юу ч мэдэхгүй янзтай “Эрхмүүд ээ, та хоёр энд ямар хэргээр ирээ вэ? Барьсан юм тань юу билээ?” гэж асуувал өнөө хоёр чандартай бортогоо энгэртээ наасан чигтээ хүүг гөлрөв. Хоёр эрийн харцанд хорслын оч гялтганана. Улмаар хоёр эр өмнөд нутгаас хоёр сайхан бүсгүйг авчирч, яадаг ч байсан үхэрчин хүүд эхнэр болгон өгнө гэжээ. Эл гайхалтай хэргийн учрыг хүмүүс үл ухавч хүү сайн ойлгохын учир хоёр бүсгүйтэй гэрлэхээр шийдэв. Мөнөөх хоёр эр мөн байшин савыг нь барьж өгөхөд тусаллаа. Хэдэн жилийн дараа хоёр бүсгүй хоёул хөл хүнд болов. Нэг өдөр үхэрчин хүүг эзгүй хойгуур өнөөх өмнөд нутгийн хоёр эр эхнэрүүдийг нь дагуулаад явчихав. Үхэрчин хүү эргэж ирээд хоёр эхнэр нь байсангүйд араас нь нэхлээ. Нэхэж очвол өмнөд нутгийн хоёр эр эхнэрүүдийг нь өгөх янзгүй. Маргалдсаар адаг сүүлд нь газрын сахиусыг дуудаж маргаанаа таслуулав. Ингэснээр нэг эмэгтэйг нөгөө хоёр эрд, нөгөө эмэгтэйг үхэрчин хүүд үлдээхээр тогтлоо. Хагас жилийн дараа хоёр бүсгүй тус бүр нэгжгээд хөвүүн төрүүлжээ. Хөвгүүд хэрсүү ухаалаг болон өсөж эрийн цээнд хүрлээ. Тэд эрдэм номтой, эв хавтай. Арван хэдэн жилийн дараа сюцай болж, улмаар зюрэньд өргөмжлөгдөн, нийслэл орж зиньшигийн шалгалтад хүч үзэв. Өмнөд нутагт төрж өссөн хүү “Дун Мэйзань би бээр Гаомигийн Сяо Ланьтяниас л эмээмүй” гэсэн бичээстэй туг өргөн танхимд орлоо. Шалгагч түшмэл тэр хоёрыг тэнсэж дийлэлгүй, усан доор ханз үсэг бичүүлэн шалгажээ. Тэгмэгц Дун Мэйзань тэнгэрийн доор амар амгалан гэх үгсийн амар амгалан хэмээх ханзны нэгэн дуслыг зориуд дутуу бичсэнээ тэнгэрийн доод бүгд тэгш хэмээх үгийг бүтээв. Дун Мэйзань тэргүүн байрыг эзэлж, Ланьтянь бууж өгөн удаах байранд орлоо... Ланьтяний тухай өөр нэгэн түүх байдаг нь энэ бичвэрт хамааралгүй билээ.

...Өвөөтэйгөө цасны баярт анх явснаа би мартдаггүй. Цасны баяр ямар болдог вэ гэвэл тэнд очиж нүдээр үзэж, бие сэтгэлээр мэдэрвэл сая ямар болдгийг нь бүрнээ мэднэ. Ямартаа ч цасны баяраар дуугарч болдоггүй. Дуугарвал яах вэ гэдгийг бид сайн мэдэхгүй ч заншлаа дагана. Нэгэнтээ манайхны цасны баяртай таарсан явуулын хүн “Танай эндхийнхэн чинь бүгдээрээ хэлгүй юм уу?” гэж асуугаад шийтгүүлсэн гэдэг. Яаж шийтгүүлснийг нь харин та нар таагаарай. Цасны баяраар цугласан улс түүнээс гадна наймаа арилжаа хийнэ. Голдуу сүрлэн шаахай, төрөл бүрийн амттан зарна. 

Цасны баярын тухай би өөр нэг зохиолдоо нэгд нэгэнгүй өгүүлэмз. Одоо харин та бүхэн үүгээр гүйдэг нэг нохойг хараандаа авна уу. Тэр нохой сохор. Хэдий сохор боловч туулай хөөгөөд барьчихна. Туулайг харахгүй ч чимээ, үнэрээр нь хөөж барина. Энд Германы зохиолч Патрик Зюскиндын Сүрчиг роман санаанд орж байна.

...Баруун урдах намаг руу, зүүн хойтох өргөн гол руу явахгүй гэвэл элсэн тан дээр цэцэглэсэн интоорын цэцэрлэгт очиж болох юм. Гаомигийн зүүн хойд нутгаар армаг тармаг байрласан жижиг тосгон суурингаар орж сонирхож бас болох юм. Тэнд дарс нэрдэг томоос том тогоо, даавуу буддаг газар, ангаахай өсгөдөг хүлэмж, бүргэд сургадаг өвгөн, утас ээрдэг эмгэн, арьсан эдлэлийн гар урлаачид, сүнстэй гэлцдэг судрын өргөө гээд өдий төдий гайхалтай зүйл бий. Нэг нохой туулай барьж гаслан гингэнэсээр эзнийхээ өөдөөс гүйлээ. Эзэн нь гэж бараг зуу насалж зургаадай таяг тулсан өвгөн. Гаомигийн зүүн хойд тосгоны зүүн урдхан талд өнчин мод шиг торойх байшинд ганцаараа суудаг. Тэднийхээс хоёрхон алхмын зайд нэгэн хачирхалтай хана бий. Тэр хананаас урагш хүний нутаг, хойш манай нутаг.

Өвгөн өндөр янхигар биетэй. Залуудаа чадалтай, бяртай байсан нь андашгүй. Түүний тухай домог мэт яриа одоо хүртэл Гаомид ам дамжин яригддаг. Энд нэгийг нь өгүүлье. Нэгэнтээ тэрээр захаас харьж яваад шуламтай таарчихжээ. Шулам өөрийгөө үүрээд яв гэлээ. Тэр ч үүрээд алхаж. Тосгоны захад хүрээд буу гэвэл буусангүй. Үүрсээр гэртээ авчраад буулгаад харвал цагтаа нэртэй төртэй эрхмийн хүргэн байсан настан байх нь тэр. Өвгөнийх манай тосгоноос нэлээн зайтай байсан шиг санагдана. Багад өвгөний барьж хүнд өгөөд заруулсан туулай, шувууны махыг багагүй идэж өссөн юмдаг. Ангийн махаа улаан өнгөтэй нэгэн төрлийн өвсөөр амтлан чанахад арааны шүлс асгарам хачин сайхан амттай болдогсон. Энэ мөрийг бичиж байх үест тэр сайхан амт амтагдах шиг болно. Тэрхүү улаан өвсийг түүнээс өөр олж түүдэг хүн үгүй. Хэдэн жилийн өмнө тосгоныхон өвгөнийг архины шил цуглуулдаг болсон тухай ярьж билээ. Шил цуглуулж яах нь вэ гэж асуухад ер хариу хэлэхгүй. Гэтэл цуглуулсан шилээрээ Гаомигийн зүүн хойд тосгоны хил хязгаарыг тогтоосон хана бариад эхэлжээ. Гэлээ ч хорьхон алд бариад мөнөөх ханаа налж суугаад амьсгал хураасан байлаа.

Энэ ханыг хэдэн мянган шил эгнүүлэн өржээ. Тэгэхдээ бүх шилний амсрыг хойш нь харуулсан юмсанж. Умрын салхи дэгдэхэд хэдэн мянган шил исгэрэх мэт ихээхэн жигтэй чимээ гаргана. Энэ дэлхийд үүнтэй ижил аялгуу үгүй биз. Салхи шуургатай шөнөөр бид хөнжилдөө ороод зүүн урдаас дуулдах их исгэрээнд чих тавин, нулимс мэлтэлзүүлэн, өвөг дээдсээ санагалзан, эх дэлхийгээ шүтэн биширч, ирээдүйг эргэцүүлэн, тэнгэр бурхдад талархан хэвтдэгсэн.

Бага насны алив учрал баларч мартагдах ч тэрхүү дуулдаг хананы дуу чимээ өдгөө ч сэтгэлд тодхон. Тэр бол эх байгалийн чимээ, бурхан, чөтгөр хоёрын найрал хөгжим билээ.

Дуулдаг хана өчигдөр нурсан гэлцэнэ. Гэлээ ч хагарч бутарсан хэдэн мянган шил бороон дусалд норж мөнгөрөн гялтганахдаа аанай л ая эгшгээ дуудсаар байлаа. Урьдынх шиг их дуун хадахгүй ч намуухан жингэнэх аж. Энэ исгэрээн, энэ жингэнээн манай тосгоныхны чихэнд хоногшиж, үеийн үед уламжлагдан сэтгэлд өнө мөнхөд эгшиглэх биз ээ.