Масс
“Масс” гэх үг монгол хэлэнд ороод ирж.
“Масс” гэх үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан болон азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Үүнд би гомддоггүй ичдэг. Бидний харанхуйг олон баримт нотолдог. Би харанхуй массын нийтлэг төлөөлөл болохоор харанхуйгаа тайлбарлах үг надад байлгүй яахав. Харанхуй массын хамгийн тэнэг дүр би агаад өөрийнхөө муу муухайн зах зухаас бичих тул бусад монгол өөрийгөө болон ард түмнээ гутаалаа гэж бүү сэрдээрэй. Дүнхүү толгойг өмөөрөмгүй ч тэд амархан хууртдаг өрөвдөм сул талтай. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд мулгуу монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат инээдийг харанхуй улстөрчид хүргэнэ. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд-бид өөрсдөө гэгээрсэн масс болохыг чармайсан нь арайдөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг.
Налайж амьдарсан нүүдэлчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд барьц алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны хурдтай хөл нийлүүлэхгүй аваас Монгол доройтох эрсдэлд уналаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишиглүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, эх оронч сэтгэл, хувийн овсгоогоор олдог. Хөл дор хэдэн их наядын баялаг дараастай ч олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах мөнгөгүй бол чулуу шороо баялаг бус. Ямар ч тэнэг мөнгө хүрэхгүй бол эхлээд өөрийн чадах хамгийн төсөр төслийг хөдөлгөж мөнгөжихийг урьтал болгоно. Коксжих нүүрсний ордоос Бугатын гангийн аварга үйлдвэр өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Эхний дугаарт олон төсөлд самгардалгүй ганц энэ боломжинд бүх мөнгө хүчээ төвлөрүүлэн зүтгэж мөнгө босгоод босгосноо үржүүлэх байв. Үржүүлсэн мөнгөөрөө хөлжөөд, дараагийн шатанд коксжих нүүрсээ баяжуулж, төмөр замаа тавьж, хямд тээврээр их хэмжээгээр экспортлох байлаа. Тэгтэл энэ мөрөөдлөөр маань гадаад дотоод шунал хориод жил тоглочихов. Харанхуй учраас чадуулчихав. Ухаан сэтгэл овсгоо дутлаа. Хоёр дахь аманд орох бэлэн шар тос бол 60-70 сая малынхаа мах, арьс, яс, үсийг брэнд болговол эрэлт маш их. Бэлжих хоёр дахь боломж энэ. Үүнд мөнгө огт хаясангүй. Мал өвчтэй. Эрүүлжүүлэхийг хичээсэн бол био комбинатдаа вакцин үйлдвэрлэж хүрэх хөрөнгө эхний очерт зоригтой оруулаад л бүтэх байсан. Малаас олох асар их валютыг ойшаагаагүй. Бас хажуугаар нь хулхи вакцин импортолж авилгадах шуналтай аминчхан гишүүн, сайд гадныхантай хуйвалдав. Манай хоёр намын олигархиуд мөнгө олох төслөө яаравчлахгүй харанхуй массаа л холгохыг урдаа баридаг. Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй эрх баригчид л шалгардаг. Гишүүн-сайд Б.Батзориг “Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй, Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан”. Ийм л түшээд. Харанхуй эрх баригчдаар гадныхан тоглодог. Хоёр нам харанхуй массаа элэг барьж тэднийг холгохоос өөр чадваргүй.
Ах нар биднээр хөөрхөн тоглодог арвин туршлагатай. Энэ нь нууц биш ч бид нуудаг. Брак буудайгаа зүгээр өгөөд хэрэгцээнээс гарсан техникээ өндөр үнээр шахсан. Муу гурилын муу нэр гурил үйлдвэрлэгч нарт бууна. Энэ бол харанхуй массын менежмент. Хуучраад хаях гэж байсан 1000 ачааны вагоноо шахжээ.Хаяснаас шахсан нь эздээ ашигтай. Моралийн элэгдэлд орсон 1000 вагоны байнгын засварт зарцуулах мөнгө шинэ вагоны өртгөөс тэгсгээд давна. Ухаа худаг-Сайншанд, Сайншанд-Дорнот, Зүүн баян-Ханги, Бичигт-Хөөт, Шивээ хүрэн-Нарийн сухайт гэх мэт төмөр замын олон төсөл зэрэгцүүлж хоосон янших хооронд эрдэс баялгаар өрсөлдөгч Орос нүүрсээ баяжуулах үйлдвэр, нарийн төмөр зам зэргээ барих хугацаа хожив. Донгосоод буй баруун зүүн коридор, транзит тээвэр манай хувьд дуусахгүй үлгэр. Коридор бүтвэл Орос боловсруулсан баялгаа Хятадад ихээр тээвэрлэж валют уутална. Оросын аварга экспортод манай өчүүхэн экспорт шахагдаж таарна. Жилд тэрбум гаруй тонн коксжих нүүрс хэрэглэдэг урд хөрш Орос Монгол хоёроос гадна Австрали Индонез алс холын Канадаас коксжих нүүрс авч байхад манай нүүрс зөөх уурхайн төмөр замыг Орос 10 жил гацааж Монголыг хорлох хэрэг баймгүй. Орос хөршөө хөгжүүлдэггүй гэх Европын соц. орнуудын үг үнэн байжээ.
ДЦС V-ыг барих сул газар Монголд 15 жил хайгаад олоогүй нь өндөр үнэтэй эрчим хүчний шахаанаас улбаатай. Таван толгойн ДЦС төслийг удирдаж асан М.Энхсайханыг эх орноо худалдсан гэх мессеж З.Энхболд тарааснаар төсөл унтарсан. “Россети” компани Монголд эрчим хүчний сүлжээ байгуулах судалгаа хийж эхэлсэн бөгөөд уг сүлжээг Монгол нутагтаа барихыг өнгөрсөн оны нэгдүгээр сард зөвшөөрчээ. Монгол эрчим хүчний импортод хамаг валютаа сэгсэрдэг атлаа Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой БНХАУ руу гарах цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж эхэлсэн мэдээ өнгөрсөн зун цацагдсан. Цахилгаангүй байж цахилгааны шугам эн түрүү тавьж эхэлсэн нь энэ шугамаар хэний эрчим хүч урсах нь тодорхой ч хэдэн жил урсах нь тодорхойгүй.
БНХАУ-ын тэрбум ам. долларын урт хугацааны хөнгөлттэй зээлээр Эгийн УЦС барьж эхэлмэгц ОХУ Байгал нуур ширгэнэ гээд зогсоочихсон. Нефть боловсруулах үйлдвэр Энэтхэгийн тэрбум ам. долларын зээлээр байгуулах У.Хүрэлсүхийн зоримог шийдэл гаруут ОХУ-ын “Роснефть” компаний удирдлагууд ирж салбаруудаа манайд нээх ээлжит тулгалтаа хийсэн болтой. Тулгалт хийв гэж яагаад хардав гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яам мэдээлэл хийж зориглохгүй бүлх залгисан янзтай “одоогоор мэдээлэл хийх боломжгүй” хэмээн арчаагүйтсэн нь ацан шалаанд орсон байх магадлалтай.
У.Хүрэлсүх ерөнхий сайд Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг эхний дугаарт барих мэдэгдэл хиймэгц ОХУ-ын “Орос төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Белозеров айлчилж Ерөнхийлөгч Х.Буттулгатай уулзав. Наанаа УБТЗ-ын шинэчлэлийг ярьсан гэх боловч цаанаа 267 км төмөр замыг гацаах ээлжит хувилбараа тохирсон байж магадгүй гэх сэжиг дагуулав. Яагаад гэвэл Х.Баттулга, З.Энхболд хоёр 267 км төмөр замд хурц харшилтай. Таван толгой төслийг Хятадтай бүү хамтар гэсэн Дерипаскагийн хатуу даалгавартай хоёр гэдэг. Бас цаана нь Тувагийн нүүрсийг зөөх Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн 700 км төмөр замыг Хөвсгөл Булганы уулс дундуур Сэлэнгэ Орхоны цутгал татуурга дээгүүр сүнгэнүүлэх төсөл энэ зун эхэлнэ. Таван толгойнхоо нүүрсийг 8000 машинаар ахиухан тээж барахгүй заваарахын хажуугаар Хөвсгөлийн хойд хязгаарт орших Овоотын нүүрсийг зөөх 700 км төмөр зам Эрдэнэт хүртэл тавихаар асар их хөрөнгө хаяж байдаг үгүй мөн янзтай масс шүү. Ийм массыг харанхуй гэхээс яах вэ. УИХ-ын 65, У.Хүрэлсүхийн баг орос ахынхаа зуугаад жил холгосон монжооноос хожоотой мултарч дөнгөх үү? Си Жиньпин хамтдаа хожьё гэдэг. Путин юу гэдэг юм бол? Том төслүүдийн гацаа зөөлрөх үү чангарах уу гэх эмзэг хүлээлтэд харанхуй масс зовсон царайгүй. Барилдаад л уралдаад л дуулаад л архидаад л ид шидэд мөргөөд л. Масс харанхуй аваас дуртай нь монждог гэж хэлсэн. Монголчууд монжуулдаггүй гэгээрсэн масс болох тавилангүй гэж үү?
“Монгол зэс”-ийн талд гарсан Дээд шүүхийн тогтоолыг Ц.Нямдорж нулимаад 49 хувийг авчихсан. Хулгайч нарыг ялсанд би Ц.Нямдоржийн мэнгэтэй хацрыг үнсээд авмаар санагдсан. Энэ бол тэнэг миний, харанхуй массын сул тал. Сая бас Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлжээ. Монгол зэс корпорацийг Монголбанк, Хөгжлийн банкаас хулгайлсан мөнгөөр 49 хувийг авсан гэж Ц.Нямдорж баталдаг бөгөөд дургүй хүргэвэл бүр аюултай нууцыг задлажбаллана гэж сүрдүүлдэг. Монгол зэс дээрх хоёр банкаас зээл аваагүй гэж удаа дараа мэдэгдэл хийсэн ч төрийн байгууллагуудыг Монгол зэсэд лавлагаа бүү гаргаж өг гэж дээрээс дарамталдаг байжээ. Гэтэл мэхт мэхэндээ гэгчээр суутган тооцох Засгийн газрын шийдвэрийн дагуу шүүх лавлагаа шаардсанаар Монголбанк, Хөгжлийн банк өөрсдөөсөө Монголын зэс корпораци ямар ч зээл аваагүй гэж мэдэгдэхэд хүрчээ. Зээл авах хүсэлт ч гаргаж байгаагүй гэж.
“Аль талд вэ” гэсэн асуултад Чапаев “Ленин аль талд байна би түүний талд” гэдэг байсан шиг Нямдорж аль талд вэ масс түүний талд. Нямдоржийн айлдсан үгийг улстөрчид, өдөр тутмын сонинууд, иргэд уухайлан түрэх нь атаархал төрүүлдэг. Массыг яаж ингэж өөртөө татаж чадав аа? Яасан ухаантай “гар” вэ гээд. Нямдоржийн ухаантай айлдвар: Ленинградад төгссөн миний дэргэд Монголд төгссөн хуульчид бол ТМС төгссөн гэсэн үг. Масс “Аа яа яасан ухаантай хэлэв ээ. Та илүү илүү, үлүү үлүү” гээд давалгаалсан. Би төчнөөн хууль бичсэн, над шиг мунадаг хуульч Монголд нэг ширхэг ч байхгүй. Масс “Ёстой үнэн, тань шиг хууль мэддэг гишүүн 76 дотор байхгүй” гэж хөгжөөн дэмжинэ. Би нэг номерын парламентч. Масс “Та ганцаараа шүү” гэж уухайлна. Түүний хүү Эрдэнэтэд тэрбумаар хог шахсан гэснийг Нямдорж “Тэр бол аль эртний юу ч биш” гэж тамшаалахад масс Нямдоржоор оролдвол даран сөнөөе гээд оволзсон. Масс түүнийг дахиад УИХ-д сонгоно. Эрдэнэтийн 49 хувийг хулгайчид авчихлаа гэж Нямдорж эх орон даяар орилж гурван сая масс түүнийг толгой дээрээ мандуулаад бослого гаргах дөхсөн. Эрдэнэт 100 хувь ард түмний өмч боллоо гэж масс хардаг боловч 100 хувь шахааны талбар болсныг масс ухаардаггүй. Ороод ирсэн 49 хувийг хулгайчид авчихлаа гэж сүр бадруулсан Нямдорж гараад явчихсан 51 хувийг ардаа нууж байжээ. Нямдоржийн үг тэнэгрэх тусам монгол масс дэмжинэ. Хар массын мунхаг дэмжлэг Нямдоржийн ялалт, түүний төр засгийг атгах дархлаа болж буй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг улстөржүүлж, 49 хувийн хулгайг булах гэж байна. Энэ маргаанд “Эрдэнэт” үйлдвэр, нөгөө талаас “Стандарт” банк оролцсон. Засгийн газар тал болж ороогүй гэв. Улсын үйлдвэрийг барьцаалахыг ганцхүү Засгийн газар мэддэг. Нямдоржийн иймэрхүү мэдэгдлийг итгэхэд миний харанхуй надад тус болдог. Сайн тунгаавал миний харанхуй надад бус Нямдоржид тус болдог юм билээ.
Ц.Нямдорж сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа тухай мэдэгдсэн. Хорин жил нуугдсан захиалагчийг илрүүлээд, мөрдөөд дуусч байгаа гэнэ. Ц.Нямдорж гайхам гавъяа байгуулжээ. С.Зориг босож ирэхгүй ч түүнийг хөнөөх захиалга өгсөн дайсныг олсноор ард олны сэтгэл бага боловч онгойно. Монголын нэр төрийг балчигаас суга татсан Ц.Нямдоржид баатар цол багадна. Түүнчлэн өөрийнх нь амь насанд хэн нэгэн заналхийлж байгаа талаар ноцтой мэдэгдэл цацсан. Тэр бээр “Нямдоржийг дуусга” гэж их өндөр албан тушаалд ажиллаж байсан хүний бичсэн мессэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг надад АН-ын болон МАН-ын гишүүд биеэрээ орж ирж хэлсэн шүү. Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна гэж хэлсэн. Манай яамныхан унаа авахдаа энэ асуудлыг бодолцож авсан гэв. Аюул тулгарсан үед жийпээр амиа яаж хамгаалах вэ? Зугтаах уу? Түгжрэлтэй. Уг нь 350 сая ам. долларын жийпний оронд танк бүр дор хаяад хуягт унуулбал арай найдвартай хамгаалмаар. Эсвэл сум нэвтэрдэггүй, дэлбэрдэггүй жийп юм уу. Сөрөг хүчин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан пялдганасан болохоос Ц.Нямдорж буруугүй гэж өмөөрөв. АН бас харанхуй болтой. Хууль зөрчиж пялдганасан жийпийг авахгүй гэж таван удаагийн ХЗДХ-ийн сайд №1 хуульч, хуулийг уншаад зогсохгүй хуулийг бичдэг Ц.Нямдорж яагаад хууль зөрчиж танасаглав гэдгийг АН тойрч түүнд бас л пялдганав.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Жастын зээлд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ” гэж түс тас батлав. “Хуурамч гарын үсэгтэй юм билээ” гэж шууд мэдэгдэх нь өчүүхэн ч эргэлзээгүй нотолсон хүний үг мөн биз дээ. Хуурамч болохыг нотолсон чадварт тань баяр хүргэе. Гэхдээ харанхуй масс монголчууддаа нотлох яах вэ, эрхэм гишүүн Та хуурамч гарын үсэг гэдгийг Лондонгийн арбитрийн шүүхэд нотолж Ганзориг Сугар Очирхүү нарыг 102 сая долларын өрнөөс салгахаа яаравчлаарай. Хуурамч гарын үсэг гэдгийг харанхуй масс бидэнд “Өдрийн сонин”-д нотолсон шигээ Лондонгийн шүүхэд батлахгүй аваас хоногийн 900 мянган долларын хүү яваад байгаа шүү.
Монголд дуучин Жавхлан шиг дүвчигнэвэл ялж, Баабар шиг онолдвол ялагддаг. Баабарын дамжуулдаг олон улсын шинэлэг туршлагыг нулимаад Жавхлангийн тэнгэрлэг онгодонд мөргөдөг масс бол өнөөгийн монгол масс-бид. Амьд бурхан-Богдын шээсэн газрын шороог авч амсахаар булаацалдан өвгөд эмгэдээ гишиглэн нүгэл үйлдэж асан мухар сүсэгт ХIХ зууны масс гэгээрсэнгүй.
2018-02-26
Зочин
nehiit
Ааа
Зочин
Наранбат
Ард түмний л нэгэн төлөөлөл
үиүт
zochin
Зочин
Хятадын аюул
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
zochin
Зочин
До.Сүхбаатар
zochin
Зочин
Шалгаагч
Зочин