Улс даяараа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг “тамлаад” байгаа хонгилыг хайж, хонгилын эзэн, үүсгэн байгуулагчийг үзэн ядацгааж байна. Тэр хонгил МАНАН-тай тун холбоотой гэсэн. МАНАН-г“Стандарт бус” Засгийн газрыг байгуулсан С.Баяраас ангид дурсаж яахин болох билээ. Гэтэл өнөөдөр С.Баяр хэзээ ч Ерөнхий сайд байгаагүй мэт, бас С.Баяргүй МАН, МАН-гүй С.Баяр мэт болсон байх юм. Эсвэл Эзэрхэг хаан Чингисийн нэрийг хэлэхээс ч айдаг байсан шиг С.Баярын нэрийг энэ цаг үед дурсах хориотой юм болов уу. 

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. С.Баяр ирэх болов уу. “Төрөлх” намд нь үүсээд байгаа нөхцөл байдлыг тэрбээр огт мэдээгүй, сонсоогүй гэхгүй байх. Магадгүй өөрийнх нь хэлдгээр “босон суун ярих асуудал биш” ч байж мэднэ. 

С.Баяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярихдаа “Их талцлыг зогсоохын тулд стандарт бус Засгийн газар байгуулагдсан” гэж билээ. Түүний дараа “Их нэгдэл” буюу МАНАН төрсөн юмаа. Түүний хэлснээр “Улс орны нөхцөл байдал эдийн засгийн хувьд ч, долоон сарын нэгний хар үйл явдлын нөлөөгөөр ч туйлын хүнд байсан учраас МАН, АН хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Арал дээр амьдарч байгаа биш учраас гаднынхан “Энэ Монголын төр, улс төр яагаад байгаа юм бэ дээ” гэж гайхаад эргэлзээд байсан учраас улс төрийн тогтвортой байдлыг бий болгох нь том шалтгаан болжээ. Дээр нь хөгжилтэйгээр хэлбэл Олимпийн алтан медалийг анх авчирсан Н.Түвшинбаяр бараг “стандарт бус” Засгийн газрыг байгуулахад нөлөөлчихсөн юм билээ. С.Баярын ярьснаар шүү. 

Гэтэл одоо дахиад эдийн засгийн хувьд ч хүнд байна. Улстөрчдийн уриалгаар бослого гаргаж мэдэхээр байна. Яах вэ? Дахиад “стандарт бус” Засгийн газар буюу олны ярьж эхэлснээр “МАНАН-2” байгуулах уу?

Одоо эргээд харахад Оюутолгойн гэрээг батлуулсан гавьяатай, мөн батлуулсан гайтай, ер нь ямар ч байсан тэр гэрээг батлуулахын тулд байгуулагдсан “стандарт бус” Засгийн газар байсан нь харагддаг. Хагарсан чулуу эргэж нийлдэггүй шиг болчихоод байхад нь С.Баяр, Ц.Элбэгдорж нарыг уулзуулсан хүн бол Н.Нямтайшир юм гэдэг. Тэгэхээр МАНАН эндээс эхэлжээ. Тэгэхээр өнөөдөр МАНАН-гийн эзнээр тухайн үед Шадар сайд байсан М.Энхболдыг гэхээр арай л биш байгаа биз. 

С.Баяр Монголын улс төрөөс гурван удаа явсан, гурван удаа эргэж ирсэн. Өөрөөр хэлбэл “явчихаад” байгаа. Өөрийнх нь хэлснээр бол “Ачаа үүрэх дараагийн үе нь ирсэн” юм гэсэн. Гэтэл үүнээс ч өмнө, 2010 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр У.Хүрэлсүх намын Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа “С.Баяр дарга “Одоо та нарын цаг ирж байна” гэж хэлсэн хэмээн олзуурхангуй ярьж билээ. 

Мөн С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгөхдөө С.Батболдоос гадна М.Энхболд, У.Хүрэлсүх нарт санал тавьж зөвлөлдсөн гэдэг юм билээ.

Үүнээс хойш юу болсон бэ гэвэл Ерөнхий сайд асан С.Баяр хоригдсон. Хоригдох үеэрээ АТГ-ын дарга Х.Энхжаргалтай уулзаж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Тухайн үед М.Энхболд тохироо хийж суллууллаа гэсэн мэдээлэл гарч байсан ч М.Энхболд “Надад С.Баярыг өмөөрөх ёс зүй байхгүй” гэж даруй тайлбар хийсэн. Айхавтар үг шүү. С.Баяр энэ үгийг мартах хүн биш. Тэгэхээр өнөөдрийн байдлаар М.Энхболдын хувьд С.Баяртай тийм ч гоё сайхан харилцаагүй байгаа нь ил харагдах болсон. Харин  У.Хүрэлсүх, С.Баяр даргынхаа хийж байсан тэр л албан тушаалуудад хүрснийг бодоход “үе иржээ”. Гэхдээ тэр үе Монголыг яаж зовоож байгааг С.Баяр харж л буй биз. Түүнд таашаал өгч байгаа гэдэгт эргэлзэж л байна. 

Тэрбээр хилийн хориг цуцлагдаагүй тул Монголдоо байгаа байх гэж найдъя. Тийм бол Бага хуралд оролцож, дуугүй байхгүй нь лавтай. Харин намын гишүүд нь түүнийг МАНАН-г үүсгэн байгуулагч, У.Хүрэлсүхийн хэлээд байгаа хонгилыг бараг зургийг нь зурсан хүн гэдгийг нүд рүү нь харж байгаад хэлж чадах болов уу?

Өнөөдрийн Бага хурал бол УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд тулгарсан гацааг арилгаж мэдэх, нарийн яривал “С.Баярын” У.Хүрэлсүх болон Н.Энхбаяр, С.Баяр нараас удаа дараа хүчин мөхөстөх, хууртагдах гэх мэт замаар “улс төрийн хохирол” амсч байсанМ.Энхболд нарын тухай сонирхолтой шийдвэр гаргах мөч. Гэхдээ хонгилыг устгах уу, нуух уу гэдгийг хэлэлцэхдээ хонгилын “автор” С.Баярыг МАНАН дотроос олохгүй, эсвэл хайхгүй байгаа нь сонирхолтой л юм.