Махчин цэрэг
Юутай ч эрт, өдгөөдөө махчин, алуурчдыг цэрэгтээ авч, эзэрхэн түрэмгийлэх дайндаа хэрэглэдэг айхавтар хоёр гүрний зуур завсар Монгол улс гэр минь хавчуулаастай оршиж анам даа. Амаргүй еэ?!...
“Орчлонгийн бузрыг онож тоолж баршгүй”гэдэг үнэн бололтой шүү. Хүн алж иддэг махчин (оросоор людоед,каннибал)2 цэрэг Орос улсад одоо байна гэвэл үнэмших хүн энэ нарт ертөнцөд бий болов уу?! Би ч гэсэн энэ богино эсэйг тэрлэж суухад сэтгэлийн утарьт хүйт хургаж, бие сэрвээтэх шиг болоод халаглах, халширах давхцаж асныг нуугаад яах вэ. Сэтгэл,мэдрэл хэвийн хүн болгонд тийм санагдах биз ээ. Тийн авч, Олон улсад нэрд гарсан, Мэдээ Зангийн тохитой тулхтай хэмээхүй нэгэн Өртөө Зууч3 бээр тэр махчины тухайтад нэртэй устай нь,зурагтай дүрстэй нь гаргасан болохоор өчүүхэн би үнэмшихгүй гээд яахсан билээ дээ...
...Хүн алж махыг нь иддэг хүнийг Оросын Ерөнхийлөгч Пүтин ял хэлтрүүлж уучилсан гэх зүдэг хачин мэдээ гарсан байхыг интернетээс олж уншлаа. Орос улсын Сахалин мужийн харъяат Евгений Горин, Денис Горин гэгч ах дүү хоёр оросудаа дараа хүн алж, гуяны нь махыг шулж хөргөгчдөө хийж байгаад иддэг байж. Чээжний нь булчинд идчихмээр мах байна уу,үгүй юү гэж огтчиж үздэг байснаа хүртэл тэр хоёрШүүх хурал дээр өчиж мэдүүлсэн гэнэ шүү. Алж идсэн хүмүүсийнхээ хүүр сэгийг булсан газраа зааж өгч, ухаж гаргахад тэндээс нь арван хэдэн хүний хүүр гарсан ч дөрвийг нь л алсан гэж ах дүү хоёр хүлээсэн учир, шүүх дөрвөн хүн алсан хэргээр тэр хоёрыг хоёуланг нь хорин хоёр жил шоронд хорихоор шийтгэсэн гэнэ.
Евгений Горин нь шорондоо үхэж, Денис Горин нь ялаа эдлэн сууж байтал Оросын хөлсний аллагын “Вагнер” гэгч зэвсэгт бүлгийн эзэн мөнөөх нэгэн Евгений Пригожин (Энэ нэгний тухайтад би бээр “Кувалдизм” гэсэн нийтлэл бичиж гаргаж асан учир энэ удаад нуршихыг түвдэв) гайхал тэрнийг хөлсний цэрэг болгон авч Украин дахь дайнд явуулсан аж. Горин зургаан сар байлдаадамьд буцаад ирэхээр нь Оросын Ерөнхийлөгч Пүтин ялыг нь уучлах зарлиг шийтгэн гаргаж, тэрнийг суллан талбижихуй.
Денис Горин
Энэ аймшигт мэдээ зангийг дуулсан нутаг ус, хот суурингийнхан нь "Одоо яанаа?" хэмээн айж түгшиж байгаа гэнээ. Алуулж идүүлсэн хзмүүсийн нь эцэг эх, эхнэр хүүхэд, ахан дүүс, амраг садан нь ч байдаг л юм байх.
Ер гэхүл, Пригожин олон мянган алуурчин ялтныг "Вагнер"-таа элсүүлэн Украины дайнд ашиглаад Пүтиний зарлигаар суллуулаад байсан юм байна. Энэ хэрэг Пригожиныг үгүй хийснээс хойш ч үргэлжилсээр байгаа гэх. Сэтгүүлчид нэр усаар нь мөшгөн оноож олсон нь гэхэд л "Архаг" алуурчин (Серийные убицы), аюултай гэмт хэрэгтэн арван долоон этгээдийг Пүтиний зарлигаар тийн ял хэлтрүүлж суллан талбиад байна гэх мэдээ гарсан байна. Олж мэдээгүй, онож тогтоогоогүй хэд хэчнээнийг бүү мэд. Тоо бай,нэр усыг нь гаргадаггүй, нууц юм гэнэ. Орос орон цэрэгт татах хүн нь хүрэлцэхээ болиод, ялтнаа татталаа ядарлаа гэж үү? Үгүй ч болв уу,тийм ч юмсан уу?!
Эхлээд, "Үгүй" гэхүйн учир: Оросын байлдах хүн дутаагүй ээ. Нэгэн зуун дөчин дөрвөн сая хүнтэй данагар улс гэж байгаа. Өөдөөсөө байлдаж байгаа хөөрхий Украинаас гурав илүү дахин хүнтэй. Украин чинь ердөө дөчин дөрөвхөн сая хүнтэй шүү дээ. Орос орчин цагт Америкийн дараа жагсах асар тэнхээтэй цэрэгтэй. Пүтин зангаж заналхийлээд байдаг цөмийн цэнэгт хошуу гэхэд л зургаан мянга гэж байгаа. Америкийнхтай хавьцаа. Ялдар хэлвээс, Америк, Орос, Англи, Франц дөрөв нутаг дэвсгэрийн нь бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын нь аюулгүй байдлыг хамтран хамгаална гэж ам өгч, мутрын үсгээ зурж байгаад хураагаад авчихаагүй бол Украин улсхоёр зуун арван есөн цөмийн цэнэгт хошуутай, Америк, Орос хоёрын дараа орох хүчирхэг цөмийн зэвсэгтэй гүрэн байх байсан бөлгөө. Хэрэв тэгсэн ахул, Орос Украины Крымыг нь ч Донбассыг нь ч булааж авч чадахгүй, зэвсэглэн халдаж дайн хийж ч зүрхлэгүй асан нь магад аа. Ёстой,"Санаа байсан ч сачий нь хүрэхгүй" гэгч энэ биз. Учир нь, Европын цөмийн зэвсэгтэй хоёр улс хоорондоо дайн хийвэл тэр дороо халуун цөмийн дайн болон хувирч, Орос Европ хоёрыг хоёуланг нь хөнөөж, далайн чанад дахь Америк, шороон түмэн хүнтэй Хятад хоёр хожиж үлдэнэ гэгийг оросууд, хэдийвээр “иван” ч гэсэн, эрхбиш ухаарах байсан нь барьцаш. За энэ яах вэ, өөр яриа... Ийн бээр, Оросын дайнд хүн дутаагүй, хүч мөхөсдөөгүй нь магад мэт ээ.
Одоо, "Тийм"-ийн учирт, таамаг хэдэн үг хэлье. Ажиглаж ээ байхад, Оросын цэрэг тун базаахгүй байлдаж байгаа нь яах аргагүй үнэн шиг байна. Энд тэндгүй л бүтэлгүйтсэн мэдээ гарч тэр нь гол төлөв үнэн болж нотлогдож байх. Олон ч хүн амь алдаж байх янзтай. Дээд тушаалын найман ч генерал амь алдав гэх мэдээ байна. Морин цэргийн дайн биш, орчин цагт байлдааны талбар дахь цэргийн дээд шатны удирдлага газар,агаар, сансарынбат бэх сайн хагаалалттай байдаг юм шүү дээ. Гэтэл, ийм олон удирдагчаа алдаж байгаа нь байлдааны талбар дахь цэргийн дээд шатны хийгээд оператив, тактикийн түвшний аль алины нь удирдлга базаахгүй байгаагийн уршиг болов уу даа? Үүнээс үүдэн, Оросын цэргийн дээд удирдлага энэ дайнд яаж хандаж, хэрхэн бэлдсэн юм бол доо ч гэх дэмий юм ч санагддаг.Ялдар санаваас, Пүтин цэргийн сайд Шойгугаа дагуулаад, Сибирийн тайгад ч бил үү, “амраад” яваад байгаа дуулдаж байж билээ. Хэ хэ хэ. Тэгэж явахдаа ер юү эсийг ярьж тохирсон гэх вэ.
Орос улс "Хэсэгчилсэн дайчилгаа" хэмээн аргадан нэрэлэж, 300 мянган хүн цэрэгт татах гэж яаж хөглөхийг дэлхий үзээв дээ. Өчнөөн төчлөөн олон мянган хүн улайм цайм оргож босож, хил даван зайлж энд тэнд очиж толгой хоргодож байх. Бүр манайд хүртэл цөөн буурай нь ирсэн шүү дээ. Сүүлдээ нас сүүдэр ч хамаагүй шахам болж, дөч тавь хүрсэн хүнийг ч цэрэгт авч байна гэх мэдээ гарч байлаа. Цэрэгт явсан нь нилэнхүүдээ архидан согтуурсан, анги салбартаа очоод эсэргүүцлийн цуглаан үймээн хийв гэх шиг жигтэй хачин мэдээ ч зөндөө гарч байх. Цэрэгт дайчлагдсан хүмүүсийн ээж, эхнэрүүд ч эсэргүүцэл гаргасаар байгаа бололтой. Энэ мэт элдэв долоон юм болж байх...
Ийм олон хүн цөмөөрөө буруутан байна гэхэд үнэшилгүй. Ингэх шалтгаан учир байгаа л хэрэг болов уу? Юун түрүүн бодож үзвээс, залуу эрс нь ерөөс Оросын цэрэгт явахгүй гэж байгаа бус харин Украины эсрэг дайнд явахгүй гэж буй хэрэг бололтой. Тэдний хувьд энэ дайны шалтгаан учир, зорилго чанар санаанд нь таарахгүй байгаа юм уу даа? Украин, Орос хоёр хэдийвээр түүхэн он цагийн хувьд эрт,орой төлөвшин тогтносон өөр өөр улс боловч хүмүүн угсаатны хувьд Слав, орон зайн хувьд ойр орчинд олон зуун жил оршиж ирсэн хоёр ард түмэн. Гэтэл одоо ямар ч шалтгаан учир гараагүй байхад нэг нь нөгөө рүүгээ зэвсэг агсан дайрч ороод хүмүүн зоныг нь нялхас хүүхэд, эмс бүсгүйчүүл, өтгөс бууурал ялгаагүй үй олноор нь хүйс тэмтрэн хядаж, хот тосгодыг нь үнсэн товрог болгон устгаж хөнөөх нь Пүтиний дэглэмийн зорилго мөн ч гэлээ, эгэл жирийн цэрэг дарга нарын хувьд хүмүүний мөс чанар, журам ёсонд зохиж таарахгүй байгаа аж магадгүй. Тэгээд л, "Дургүйд хүчгүй" гэгч болж, ялж дийлье гэхээсээ яаж амьд үлдэх вэ гэсэн бодол тэдний санаа сэтгэлийг эзэмдэж байж болох.
Дарга нарын нь дайнд цэргээ удирдах эрдэм чадвар ядмаг, цэргийн нь байлдаж ялах эр зориг эрмэлзэл тэмүүлэл хомс, ийм учир Оросын цэргийн хүч чадал үр дүнд хүрэхгүй байгаад аргаа барахдаа л Пүтин армийг шүүмжилбэл арван дөрвөн жил шоронд хорих хууль гаргуулж, олон түмний үг хэлэх эрхийг боймлож, цасан дээр "Дайн бүү үзэгд" (Нет войне) гэж хуруугаараа бичсэн хүнийг (Москвагийн харъяат Дмитрий Фёдоров)хүртэл барьж саатуулж, шийтгэж гэсгээх атлаа, удаа дараа хүн алж, дээрэм хийж олон жил шоронд суухаар шийтгүүлсэн аймшигт ялт этгээдүүдийг үй олноор нь цэрэгт элсүүлэн авч дайнд явуулж ял хэлтрүүлж суллан тавьж байгаа юм болов уу даа? Ёстой л, "Мордохын хазгай" гэгч энэ буюу. Миний бодсон юм гэхүл ийм л байна даа.
Энэ ялдар, нэг сонин юм санаанд орлоо. Ялтаныг дайнд хэрэглээдял хэлтрүүлдэг ёсон анх хаанаас гарсан тухайтад нэг юмнаас уншсан санагдана. Хэзээ... юунаас ч... билээ дээ...? Мартчихжээ. Осолгүй л нэг юмнаас уншсан. Энэ зэвүүн зүдэг ёсон хаанахын гарвальтай гэж бодож байна вэ дээ?... Хятадаас. Өдгөөгөөс хоёр мянга гаруй он цагийн тэртээд, чухам гэхүл, загалмайтны он тооллын өмнөх нэгэн зуун хоёр онд гэсэн байх аа, хэн гэлээ дээ... Хуан Ли ч гэл үү, Хятадын цэргийн нэгэн том дарга ...одоогийнхоор бол генерал юм биз дээ, эртний Герегийн Баактрийн хант улсын эсрэг хийсэн дайндаа дийлдээд аргаа барахдаа, цаазаар авахуулах гэж байсан алуурчин талуурчин зургаан түмэн ялтныг арав арваар нь холбон тууж аваачаад илд жад, хутга мэс бариулан “Амьд гарч ирсэнийг чинь амь хүлцэж суллан талбина” хэмээн ам өгөөд дайнд цэргийнхээ өмнө нь хөөж оруулж, мөнөөх Баактрийн цэргийг бараг л, хүний үхдэл хүүрээр дарж хядаж ялаад, хэлсэн амандаа хүрч, амьд үлсэнийг нь суллан талбисан юм гэнэ билээ. Чингээд эртний Нанхиад гүрэн бээр Ази Европыг холбосон хожим – Торгон зам” хэмээн нэрлэсэн арилжааны их харгуйг эзэгнэнхэн суусан гэх. Энэ явдал өдгөөгийн Дундад Ази хавьцаа газар нутагт болсон юмсан уу? Домог болох шахсан ийм нэгэн түүх байх... Тэр цагаас хойш ялтныг дайнд хэрэглэх нь дэлхий даянд мэр сэр гарч байсан ч гэлээ харин алуурчдыг чингэж ашигласан нь нэгээхэн ч үгүй хэмээнэ. Тийн атал, Хятад ахынхаа буурал эртний “Мэргэн арга”-ыг Орос дүү нь хоёр мянга нэгэн зуун хорин таван жилийн хойно буюу хорин нэгдүгээр зууны хорин гурван онд сэргээж хэрэглэн дайтаж буй нь энэ юмсан уу?
Юутай ч эрт, өдгөөдөө махчин, алуурчдыг цэрэгтээ авч, эзэрхэн түрэмгийлэх дайндаа хэрэглэдэг айхавтар хоёр гүрний зуур завсар Монгол улс гэр минь хавчуулаастай оршиж анам даа. Амаргүй еэ?!...
Бяцхан ойллого
1 Махчин-Хүн алж иддэг хүнийг монгол хэлнээ махчин гэдэг. Үлгэр, домогт л гардаг.
2 Хүний мах иддэг, хүн алж иддэг хүнийг оросоор Каннибал, Людоед гэнэ.
3 Радио свобода. Бичвэр. 2023.11.13
зочин
Зочин
Зочин
Баатар
Зочин
Зочин
Пүрэвдорж
?
Зочин
Зочин
Зочин
Мөнхжаргал
Tugs
Зочин
Зочин
Зочин