Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая
Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.
Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.
УМ гэдэг нь бие,хэл, сэтгэлийг билэгддэг. Бие, хэл, сэтгэлийн нүглээ ариусгахыгбилэгддэг. Ма Ни гэдэг нь Чандмань эрдэнийг илэрхийлнэ. Эрдэнэ гэдэг нь асрал, энэрэл, боди сэтгэлийг бэлгэддэг. БАДМЭ гэдэг нь лянхуа цэцгийг илэрхийлдэг.Лянхуа цэцэг намаг шавар дундаас ургадаг ч гэсэн бохирын гэмээр халдагдаггүйн адил хүний оюун билигт буруу бүгдээс ангижрах хүч буй гэсэн утгатай. ХУМ гэдэг нь хүн өөрийн гэмийг арилгахад арга, билиг хоёрыг шүтэх хэрэгтэй. Боди мөрийн замд орж ариун бус бие, хэл, сэтгэлээ бурханы мөн чанарт урвуулах хэрэгтэй гэсэн утгатай.
Товхондоо энэхүү агуу зүрхэн тарни бол Жанрайсиг Бурханыг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч Та намайг болон Хамаг амьтанд Асрал, Хайр, Энэрэн нийгүүлсэхүй болон Боди үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх" хэмээн урин дуудаж байгаа утгатай ажээ.
Маань уншихдаа зүгээр л уншаад, эрхи эргүүлээд өнгөрөх бус, дараах бясалгалыг хийх нь зүйтэй. Маанийн тус эрдмийг сайтар санаж, сансрын зовлонгийн хүрдэнд эргэлдэж буй хамаг амьтны эгээрэл хүсэл бол амар амгалантай учрах мөн тулхамаг амьтанд туслах нь миний үүрэг хэмээн боди сэтгэлийг үүсгэж Жанрайсиг бурханыг бүтээн бясалгах нь зүйтэй..
Ум Ма Ни Бад Мэ Хум гэсэн Жанрсайсиг бурханы зүрхэнтарнийг уншваас тухайн хүний өмнөх төрлүүддээ болон энэ насандаа үйлдсэн тоолшгүй арвин хилэнц арилж,буяныг хэмжээлшгүй үйлдвээс мөнх бусыг үзүүлсний дараа Сухаавадын оронд төрнө.Гал, ус, салхи, цаг бусын үхлээс аврагдах болно. Хутга мэс, хулгай, дээрмийн аюулд өртөхгүй.Хүсэл тачаал, уур хилэн, мунхагийн нисваанист живэхгүй.
Маанийг уншсаны ач тус:
Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын 6 нисванис арилна:
Ум үсгээр Мунхагийн харанхуй
Ма үсгээр Уур
Ни үсгээр Харам
Бад үсгээр Тачаал
Мэ үсгээр Атаат сэтгэл
Хум үсгээр Омогт сэтгэлийг арилгах болно.
Ум - Дээд шид бүтээлийг олно
Ма - Нийтийн шид бүтээлийг
Бад үсгээр Нас буян арвижихын шид бүтээлийг
Мэ үсгээр Хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг
Хум үсгээр Дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно.
Энэхүү тарнийг тоолон уншвал 6 Барамидын номыг төгсгөж болно:
1.УМ-аар Өглөгийн брамидын номлол
2.МА-аар Шагшаабадынёс суртахууны
3.НИ-ээр Тэвчээр хатуужлын
4.БАД-аар Хичээл зүтгэлийн
5.МЭ-ээр Даяаны
6.ХУМ-аар Билгийн чанадад хүрэх номуудыг төгсгөж болно.
Боди сэтгэлийг үүсгэхгүй бол Бурханы шашны ямар ч тарни, бясалгал, үйл хоосон хэв загвар болчихдог. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурлан буй болдог. "Бодисадва" гэдэг үгийг монгол руу хөрвүүлвэл "баатарлаг сэтгэлтэн", "гэгээрсэн сэтгэлтэн" гэсэн үг.
Боди сэтгэл бол гэгээрлийн замыг заагч хөтөч болдог. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байдаггүй. Боди сэтгэл бол хязгааргүй. Боди сэтгэлийг ганц жилийн дотор олдог хялбар зүйл биш. Боди сэтгэлийг дор хаяж арван жил сайн лам багшаар хөтлүүлж бясалгаж байж олдог. Энэ хорвоогийн хүн бүр боди сэтгэлтэй байсан бол энэ хорвоо диваажингийн орон байх сан. Боди сэтгэлтэй байж л хүн амар амгалан, аз жаргалтай болно. Боди сэтгэл бол сүсэгтэн хүнийг Бурханы оронд хөтлөөд аваачдаг гэдэг. Нэгэн сударт: "Сүсэгтэн хүн Боди сэтгэл, Хоосон чанар гэсэн хоёр далавчаараа нисч Диваажингийн оронд очдог" хэмээн бичсэн байдаг. Боди сэтгэлийг бясалгахын өмнө эхлээд Мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Үхэл, мөнх бусыг сайтар бясалгах хэрэгтэй. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж номын аньс нээгдэнэ.
Паадамба Богд: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаараа ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана. Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг ч өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй. Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм.Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла. Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” хэмээн айлджээ.
Боди сэтгэлийг бясалгахад урт хугацаа орно.Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс оронд суугаа Сэрлинба багшид шавь орж 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг.
Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэхгүй. Боди сэтгэлээс Бурхан төрнө. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм. Лам багш нар : Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна. Нэгд, Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”, хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн сударт өгүүлжээ. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь Үлэмж санаанаас, үлэмж санаа нь Нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь Асралаас, асрал нь Ачийг нь хариулахаас ,ачийг хариулах нь Ачийг дурдахаас, ачийг дурдах нь Эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой.
Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, Ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг. Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ.
Бодисадын мөрд суралцаж бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ. Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө. Эдгээр билиг барамидын ач тус нь: Нэгд, Өглөгөөр ядуу хоосонг арилгана,элдэв эд хөрөнгөнд үл шунана,харамын сэтгэлийг арилгана, Хоёрд, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал,алгасралыг боомтолно, Гуравт,Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно, Дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна, Тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана, Зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилдаг ажээ.
Бурханы номын хөрөнгө бол Боди сэтгэл гэдгийг сүсэгтэн бид сайтар ойлгох хэрэгтэй. Тэхлээр сүсэгтэн хүн бүр Мааниа ч уншиж бясалгах хэрэгтэй, Боди сэтгэлийг ч үүсгэх бясалгал хийх хэрэгтэй. Судар, тарний номыг хослуулан эзэмших хэрэгтэй.
Хамаг амьтан Боди сэтгэлийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР 2024.11.28
Б
Баатар
Баатар