Товлосон цагаасаа гурван цагаар хоцорч эхэлсэн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ намын дарга Л.Гантөмөр “АН яагаад ийм байдалд хүрэв? Ард түмэн яагаад АН-д итгэл үзүүлэхгүй байна вэ?” гэдэг шалтгааныг олж тогтоохоор бид өнгөрсөн 6-7 сар судалгаа хийлээ. Ард түмэн АН-д итгэхгүй байгаа шалтгаан нь өнөөдөр бидний хурлаа эхэлж чадахгүй байгаатай холбоотой. Эхэлж чадахгүй байгаа шалтгаан нь бидний “эго”-той холбоотой. Би л биш бол хэн ч биш гэдэг бидний эго... АН ялагдчихвал яана, АН-д ирээдүй байхгүй бол яана гэдэг айдас, үл итгэл бидний “эго”-г тэжээж байна. АН-ын ҮБХ-ны хурал цагтаа эхэлдэг болсон цагт түмэн бидэнд итгэдэг болно” гэж хэлсэн.

Нанчилдаангүй найрыг найранд тооцохгүй гэдэг шиг АН-ынхан хуралдахаар хэрүүл, хэлцэл хоёр нь уралдаж явдаг нь жам. МАН-ын хурал болохоор хөлдөө пүрштэй юм шиг намс намс алхаж, нахис нахис мэндэлсэн хөх гонжоом, улаан зангиатай, ижилдүү хүмүүс цуглаж, алга нижигнүүлээд ташдаг бол АН хуралдахаар нэгнийхээ хамраас цус гаргахаас сийхгүй омогтой, шазруун нөхөд цугладаг. АН-ын даргын хэлснээр “хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө бүтээгээд, амьдралаа босгоод ирсэн, өөр өөрийн гэсэн араншинтай, “эго”-той, эрх чөлөөтэй нөхдийн хувьд бараг л зүй тогтол болчихсон. Харин хөндлөнгөөс харж байгаа хүмүүс, олон нийтийн хувьд “Ардчиллын залуус” гэж хардаг цаг хэдийн өнгөрч. АН-ыг илүү буурьтай, тулхтай улс төрийн хүчин байгаасай гэж хүсч, хүлээж байгаа нь олонхи. 

Өчигдөр болсон ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар:

Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах,

Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах,

Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, 

Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах, 

Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах зэрэг бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэнээс гадна олон нийтийн хувьд хамгийн их анхаарал тавьж, хүлээж байсан зарим томилгоог хийв. 

Тодруулбал, Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарын 15 хүнийг томилов.

Дэд дарга нарын олонхи нь 70-аад оныхон, 60-аад оныхноос Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, П.Батчимэг болон Тэргүүн дэд дарга С.Баярцогт...

Намын дарга санал болгож, ҮБХ-ны гишүүдийг олонхийн саналаар баталсан энэ удаагийн томилгоог хэвлэл мэдээллийнхэн “фракциудыг төлөөллийг хангасан, эв нэгдлийг эрхэмлэсэн томилгоо болов” хэмээн онцолсон байна. 

Тооны олонд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл “Женко” талаас түлхүү орсон харагдаж магадгүй. Тэгэхээр “Женко” халаасныхаа намуудын нэгийг аваад тусдаа сонгуульд орж магадгүй тухай яриа нэг хэсэгтээ намжих байх. Ордог байлаа ч энд байгаа нөхөд лав дагаж гарахгүй гэсэн үг. Товчхондоо, фракциудаараа хуваагдаад, замын хоёр талд гарч зогсоод чулуу шидэлцдэг байдал цаашид үргэлжлэхгүй байх гэсэн найдлага олон хүнийг тэжээж байна. Ядаж л хэрэлдэж, хэлэлцдэг байлаа гэхэд нам дотроо, удирдлагын түвшиндээ асуудлаа шийдээд, нэг малгай дор явах гэж үзнэ.

Дээр нь Улс төрийн зөвлөлийн (өмнө нь Гүйцэтгэх зөвлөл нэртэй байсан) гишүүдийг 22 биш, 50-60 хүргэх тухай яригдсан. Аймаг, нийслэлийн намуудыг төлөөлсөн 22 хүн дээр намын ахмад үе, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, сонирхлын бүлгүүдийг оруулж ирэх тухай. Улс төрийн зөвлөл гэдэг нь дүрмээрээ ҮБХ хуралдаагүй үед цаг үеийн асуудлаа хэлэлцээд, шийдвэр гаргаад явдаг бүтэц л дээ. МАН-ын Удирдах зөвлөлтэй адилхан.

Гэх мэтчилэн намын шинэ дарга Л.Гантөмөр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракц, бүлэглэлүүдээ нэгтгэж барихын тулд АН-ын түүхэнд өмнө байгаагүй удирдлагын том бүтцийг бий болгож байна. Нэг ёсондоо эрх мэдлийг тараан байршуулах, хариуцлагыг хувааж үүрэх менежментийг хийж байна. Өмнө олон удаа Л.Гантөмөрийг “сул байна, шийдэмгүй бус байна” гэж шүүмжилж байсан намын фракциуд одоо өмнөөс нь ажиллах үүрэгтэй боллоо гэсэн үг.

Ингэснээр Л.Гантөмөр жинхэнээсээ АН-ын дарга биш, менежер болж хувирлаа. АН-ыг хатуу гараар удирдах биш, эв нэгдэл, эвлэрэл зөвшилцлөөр авч явна гэж байгаа бололтой. ҮБХ-ны хурлын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “АН-ын удирдах бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс Гантөмөрийн тал байх шаардлагагүй. АН-ын талд л байх ёстой. Тавагтай чихэр ч гэсэн өнгө өнгийн байхдаа амттай байдаг даа. Тийм олон өнгийн хүмүүс байх болно. Тавьж байгаа ганц шаардлага нь АН-ын бодлого, зарчим, үзэл санаа, үнэт зүйлийг хамгаалдаг л байх ёстой” гэж хэлсэн.

ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцээгүй үлдсэн ганц асуудал нь намын генсек буюу ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо. Энэ суудалд хамгийн бодитой нэр дэвшигч гэгдэж байсан С.Баярцогт  нь Тэргүүн дэд даргын албан тушаалыг илүүд үзсэн бололтой. Түүний оронд хэн байхыг ҮБХ үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Тиймээс ээлжит бус хуралдааныг хаалгүй, түр завсарлуулаад байгаа.

inews.mn