Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар одоо л амьсгаа авах уу?!
Генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн гэдэг нь үндэслэл муутай, учир дутагдалтай л тайлбар. Эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилсны ард бодит шалтгаан байна.
Үе үеийн Засгийн тэргүүн нар Ерөнхий сайдын тамга атгасан даруйдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын сэнтийд салхи оруулдаг уламжлал манайд бий. Уг нь нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг эл албаны удирдлагад хамаардаг ч Засгийн газрынхаа “нас”-тай дүйх хэмжээний цаг хугацаатай ажилладаг тогтолцоо бас бий. 2012 оны сонгуульд АН ялсны дараа тагнуулын даргаар ажиллаж асан Б.Билэгтэд ЦЕГ-ыг хариуцуулсан ч салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байсныг эс тооцвол шүү дээ.
Гэхдээ л Б.Билэгт эл албыг хаших хугацаандаа бригадын генерал буюу алтан мөрдэс зүүгээд буусан юмдаг. Лав Ц.Нямдорж Хуулийн сайд болохоор С.Баатаржав ЦЕГ-ын удирдлагаар ирдэг уламжлалыг МАН хэсэгтээ л бий болгосон, түүнийгээ ч ягштал биелүүлсэн түүхтэй. Хожим С.Баатаржав Б.Билэгтийн адил генерал цол зүүж, Дэд сайд болж дэвшээд, өдгөө Унгарт Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байна.
Сонирхолтой нь, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Нямбаатар Хуулийн сайд болсноосоо огт салхи оруулаагүй явсан Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал Ж.Болдыг чөлөөлж, орных нь хүнийг томиллоо. Угтаа бол “ах нар”-ынхаа үлдээсэн жишгийг дагавал аль 2021 оны нэгдүгээр сард хийх учиртай томилгоо. Гэвч өнөөдрийг хүртэл гурван жилийн хугацаанд огтхон ч хөдөлгөөгүй ЦЕГ-ын даргыг өөрчлөх шийдвэрийн ард улс төрийн ямар эрх ашиг яваа нь өнөөдөртөө АСУУЛТЫН ТЭМДЭГ ч хэд хэдэн шалтгаан байх магадлал нь өндөр.
Нэгдүгээрт, “Ковид”-ын үеийн хөл хорионоос үүдсэн хүний эрхийн зөрчилд хамгийн их нэр холбогдсон хүн нь генерал Ж.Болд. Тэр хэрээрээ Хуулийн сайд, цаашлаад Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уях шалтгаан болж, олон нийтийн дундахх Засгийн газрынхаа сөрөг оноог нэмдэг байв.
Хоёрдугаарт, Ж.Болдын хашиж байсан алба нь “Ковид”-ын үеийн хуулиар буюу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр хийсэн томилгоо. Санаж байгаа бол сонгон шалгаруулалтгүй томилсон зургаан Төрийн нарийн бичгийн дарга болон 18 агентлагийн даргыг энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Хууль, хүчний байгууллагын удирдлага өөрөө улс төрөөс хараат бус, тогтвортой байх нь зүйн хэрэг ч генерал Ж.Болдыг албан тушаалтай нь үлдээсний ард Ерөнхийлөгчийн нөлөөтэй байж таарна.
Гуравдугаарт, Ж.Болд бол өмнөх Ерөнхий сайд буюу одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеийн томилгоотой нэгэн. Хэнтий аймаг дахь Цагдаагийн даргаар ажиллаж байхад нь Ерөнхий газар руу татаж, бүр удирдлагаар томилсон нь энэ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаад жил хүрэхгүй хугацааны дараа Төрийн тэргүүнээс алтан мөрдэсөө гардсан нь ч үүний нэгээхэн жишээ.
Дөрөвдүгээрт, нүүрсний гэх хэрэгт холбоотой эрүүгийн хэргүүдийн явцын мэдээллийг тогтмол хангах үүргийг жил гаруйн өмнө Цагдаагийн ерөнхий газрын даргад Засгийн газрын хуралдаанаас даалгасан ч өнөөдрийг хүртэл хугацаанд “Нээлттэй сонсгол” зохион байгуулна гэхээс өөр ойлголтгүй яваа нь түүнд өгөх хасах үнэлгээ.
Тавдугаарт, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоохоо цаг тутамд мэдэгдэх болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд нэн тэргүүнд хүч нэмэх агентлаг нь Хуулийн сайдынх нь шууд удирдлагад ажилладаг Цагдаагийн ерөнхий газар. Гэвч өнөөгийн Ерөнхийлөгчөөс томилгоотой, хамаарч ирсэн генерал Ж.Болд Хуулийн сайд гэлтгүй Ерөнхий сайдтайгаа хоёр жилийн хугацаанд хэрхэн гар нийлж ирснийг хэлэх боломжгүй. Хөшигний ард явдаг ашиг сонирхол нь л хамгийн бодит ХАРИУЛТ.
Энэ мэт шалтгаанаас үүдэж Ерөнхий сайдын зүгээс Цагдаагийн ерөнхий газрын даргыг чөлөөлсөн байж мэдэх нь. Үндсэндээ генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн гэдэг нь үндэслэл муутай, учир дутагдалтай л тайлбар. Эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилсны ард бодит шалтгаан байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Таван Ш”-ийн нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд Хуулийн сайд Х.Нямбаатартай дөрөө харшуулах болсон хүн нь Т.Сүхболд.
Нэгэн цагт МАН-ын мөнгө санхүү, албан тушаалын томилгоо бүрийн гол дүр, “генсек” явсан Т.Бадамжунайг Филиппинээс авчрахад тэрбээр Эрүүгийн цагдаагийн албан даргын хувиар ажлын хэсэгт багтаж байв. Гадаадын иргэдийг хохироосон 56 хэргийг шалгаж дуусаад прокурор руу шилжүүлсэн. Рекет явуулдаг таван бүлгийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн зэргээр Хуулийн сайдынхаа адил хэвлэлийн “гол дүр”-ээр тодрох болсон түүнийг олон нийт мэддэг болсон бас гадарлана.
Цаашлаад Нүүрсний гэх хэргийн гол холбогдогчоор цоллуулах болсон ч хамгийн удаашралтай яваа “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахад Хуулийн сайдад хүч нэмэх хүн нь ЦЕГ-ын даргын тамгаа гардаад удаагүй Т.Сүхболд байх нь.
Эцэст нь ганцхан юм хэлье. ЦЕГ-ын даргын сэнтий гэдэг генералын мөрдэс зүүчихээд гадагшаа Элчин сайдаар гавьяаны амралтаа эдлэхээр виз даруулдаг алба болдог жишгийг энэ удаагийн томилгоо битгий давтаасай. Эрхбиш Ерөнхий сайд, Хуулийн сайдын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх болон шударга ёсыг тогтоох тэмцлийн гол тулах цэгийн нэг нь ЦЕГ гэдгийг “Эрдэнэт”-ийн 49 хувь, Салхитын мөнгөний орд тэргүүтэй эдийн засгийн гэмт хэргээр мэргэшсэн Т.Сүхболд дарга гадарлаж байгаа гэж найдъя! Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар одоо л амьсгаа авах уу гэдгийг харах л үлдлээ.
UZEG.INFO