Ковидын шинэ давалгаа хаалга тогшлоо, сэргээх тунгаа хийлгэсэн үү?
ДЭМБ-ын зүгээс “Омикрон хэдий тархалт нь хурдан боловч өмнөх хувилбаруудаас илүү аюултай үр дүнг бид олж харахгүй байна. Улс орнууд яаран хилээ хаах, карантин буюу хөл хорио тогтоох шаардлагагүй. Шинжлэх ухааны хүчээр бүгд хамтдаа даван туулья” гэж байна. Тэр нь хамгийн нэгдүгээрт “сэргээх” буюу “бүүстер” тундаа хамрагдах.
Ердөө тав хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт дэлхийн 18 оронд бүртгэгдээд байсан ковид19-ийн мутацилагдсан шинэ хувилбар буюу омикрон баасан гаригт хорь, ням гариг гэхэд 25 улсад бүртгэгджээ. Омикрон хувилбар анх илэрсэн ӨАБНУ-д ковид19-ийн тохиолдол өдөрт 150 хүртэл бүртгэгдэж байсан бол долоо хоногийн дотор 2500, 4500 болж огцом өссөн байна. Сүүлийн хоёр хоногт (өнгөрөгч амралтын өдрүүдэд) 19000 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь омикронтой холбоотой гэв. Халдвар арифметик биш, геометр прогрессоор өсч байна гэсэн үг. ДЭМБ-аас “омикрон хувилбарт хүндрэл илрээгүй ч халдварын тархалт нь өмнөх хувилбаруудаас (В1 болон альфа, дельта) хурдан байна аа” гэдгийг анхааруулсан.
Манай улсын хувьд өнгөрөгч ес, аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сард халдварын тохиолдол 70 хувиар буурсан “сайн” мэдээг Эрүүл мэндийн сайд танилцуулсан. Гэвч энэ бол омикрон хувилбараас өмнөх асуудал. Хэрвээ манайд омикрон ороод ирвэл асуудал шал өөрөөр тавигдана гэсэн үг.
Өнгөрөгч сарын 28-наас хойш буюу омикрон хувилбар зарлагдсанаас хойш долоо хоногийн дотор манай улсын 1400 иргэн эх орондоо иржээ. Гаднаас зөөвөрлөгдсөн ковид 19-ийн гурван тохиолдолд хувилбарын шинжилгээ хийж үзэхэд хоёр нь дельта хувилбар болох нь тогтоогдож, нэг нь үгүйсгэгдсэн (сөрөг гарсан) байна. Гэвч манай улсын хувьд агаарын хилээ хаахгүй, нислэгийг хуваарийн дагуу үргэлжлүүлнэ гэж байгаа тохиолдолд ковид19-ийн шинэ хувилбар хэзээ хилийн дээс алхах нь цаг хугацааны асуудал юм.
Хоёрдугаарт хэдийгээр халдварын тоо буурсан нь сайшаалтай ч ХӨСҮТ болон ЭМЯ шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоог мэдээлэхээ болиод удаж байгаа. Өнгөрсөн хавар хоногт 12000 хүрч байсан шинжилгээний тоог 5000-6000 мянга болгож, тохиолдлын тоо 1000-500 болж буурснаас хойш шинжилгээний тоог зарлахаа больсон. Зөвхөн тохиолдлын тоог мэдээлдэг болсон. Тийм болохоор халдварын тоо 70 хувь буурсан гэдэг нь бүрэн тоо эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан баталгаатай биш. Гэхдээ л таны эргэн тойронд өдөр бүр гарч байсан халдварууд өмнөх саруудыг бодвол цөөрсөн гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Халдварын гурав дахь давалгаа буюу хүнд үе ард хоцорсон гэсэн үг. Ажил эрхэлдэг, нийгмийн харилцаанд идэвхэй байдаг бараг бүх хүн альфа, дельтаг тусаад өнгөрсөн байх. Өнгөрөгч тав, зургадугаар сар болон наймаас аравдугаар сар халдварын тархалтын хамгийн оргил үе байлаа. Албан ёсны мэдээгээр (2021.12.04-ний байдлаар) 380 гаруй мянган хүн ковид19-өөр халдварласан гэж байгаа ч энэ тоо дунджаар 2-2,5 дахин өсөх боломжтой. Хамгийн муугаар тооцоход...
Гэхдээ ковид 19-өөр нэг удаа халдварласан нь таны хоёр дахь удаагаа халдвар авах эрсдлийг буруулахгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд байнга хэлж сануулж байгаа. Ялангуяа дельта хувилбараар өвчилсөн хүмүүс омикроноор халдварлах боломжтой гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Өмнөх удаа халдвар авсан хүний дархлааны эсүүд эргэж бүтэн сэргэхэд тодорхой хугацаа ордог (хамгийн багадаа зургаан сар) учраас энэ нь тухайн хүнийг илүү эрсдэлд оруулна гэсэн үг. Тиймээс л “Бүүстер тун” буюу “сэргээх тун” гэж нэрлээд байгаа гурав дахь тунг дэлхий нийтээр уриалаад байгаа юм. Халдвар аваагүй хүний хувьд мөн ялгаагүй. Вакцинаар бий болсон дархлааны эс хүний бие дотор зургаан сар л амьдрах чадвартай. Тиймээс хоёр дах тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэх шаардлагатай гэдэг зааварчилгааг ДЭМБ-аас өгч байсан.
Тэгэхээр бидний хувьд ч мөн ялгаагүй, сэргээх гуравдугаар тунг хийлгэх нь эхний бөгөөд зайлшгүй шаардлага. Үүнийг ямар нэг хугацаа дууссан вакцины шахаа ч юм уу, ядуу буурай улс дээр хийж буй эмнэл зүйн туршилт мэтээр үзээд, 1-2 жилийн өмнөх шигээ туйлшраад байж болохгүй. Омикрон илэрсэн Европын зарим улсууд гуравдугаар тун дээр албадлага хэрэглэж эхэлсэн байна. Өнгөрсөн сард манайхан “гуравдугаар тунгүй бол үйлчилгээний газруудад оруулахгүй” гэсэнтэй адил.
Гэхдээ бидний тэгж ярьж байсан үе бол омикрон гарч ирэхээс өмнө. Одоо бол бидний хувьд албадлагаар биш, сайн дураараа, өөрийн хүслээр очиж вакцины гуравдугаар тунгаа хийлгэх цаг нь ирж. Өнөөдрийг хүртэл АНУ, Англи зэрэг улсууд гуравдугаар тунг 40+ насныханд санал болгож байсан бол омикроны дараа 18-аас дээш насныханд хийхээр болсон байна лээ. АНУ-ын 40 сая иргэн гуравдугаар тундаа хамрагдсан. Одоо дахиад 100 сая иргэнээ сэргээх тунд хамруулж чадвал ковид19-ын шинэ хувилбарыг хохирол багатай даван туулж чадна гэсэн байна.
Нэг зүйлийг сануулахад манай улсын оруулж ирсэн, ерөөсөө дэлхий дээр үйлдвэрлэгдсэн бүх вакцин хугацаатай. Хугацаа нь дуусвал ямар ч сайн вакцин хог, эсвэл хор болно гэсэн үг. Энэ ч гэсэн бидэнд хамаатай. Гэхдээ гуравдугаар тун дээр иргэдийн идэвхи буурсанд тодорхой шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт эхний хоёр тунгийн дараа халдвар авсан гэдэг нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулсан байж болно. Тиймээс “гуравдугаар тун бол туршилт” гэх хандлага гарч ирсэн, зарим нөхөд ч санаатай гаргаж сэвсэн. Гэвч нэг зүйлийг бид нийтээрээ санах ёстой. Эхний хоёр тунг хийхдээ л ЭМЯ болон ДЭМБ-аас “вакцин хийлгэсэн л бол халдвар авахгүй гэсэн баталгаа биш шүү. Вакцин хийлгэснээр таны халдвар авах эрсдэл буурна. Хоёрдугаарт халдвар авсан тохиолдолд хүндрэхгүй, хөнгөн өвчилнө” л гэж хэлсэн. Тийм болохоор хоёрдугаар тунгийн дараа халдвар авсан, хөнгөн өвчлөөд эдгэсэн, одоо “гуравдугаар тун хэрэггүй” гэж байгаа хүмүүс бүгд анх вакцины нэг, хоёрдугаар тун эхэлсэн тэр үеийн нөхцөл байдлыг эргээд нэг санаарай.
Хоёрдугаарт гуравдахь тунг манайх өнгөрөгч наймдугаар сард “Зөвхөн 55-аас дээш насныханд” гэсэн нөхцөлтэйгээр хийж эхэлсэн. “Халдвар авсан иргэдэд гуравдугаар тун хийхгүй” гэж зарласан. Энэ нь тухайн үедээ зарим нэг хүмүүст эргэлзээ үүсгэсэн байх. Нэгдүгээрт “зөвхөн зорилтот гэж нэрлэгддэг эрсдэл өндөртэй бүлэгт гуравдугаар тун хэрэгтэй юм байна. Хүүхэд болон залуучуудад шаардлагагүй юс байна” гэх төөрөгдөл үүсгэсэн байж магадгүй. Нөгөө талаас “Халдвар аваад эдгэсэн тохиолдолд тухайн хүний биед эсрэг биет үүсдэг, байгалийн дархлаатай болдог учраас гурав дахь тун хэрэггүй” гэх бас нэг төөрөгдөл. Зарим нэг хүмүүс “Хангалттай тун нөөцөлсөн юм бол (тухайн үедээ таван сая орчим тун гэж мэдээлэгдэж байсан) бүх хүмүүстээ зэрэг хийчихгүй яасан юм бэ? Хугацаа нь дуусах болохоор гэнэт шахлаа” гэх мэтээр шүүмжилж байгаа харагдсан. “Гуравдугаар тунгүй бол тэгэхгүй, ингэхгүй шүү” гэдэг анхааруулгын дараа.
Гэвч тухайн үед “эхний ээлжинд 55-аас дээш насныханд” гэж заасан нь өмнө хэлсэнчлэн “Хоёрдугаар тунгаас хойш зургаан сарын дараа” гэдэг ДЭМБ-ын зөвлөмж, эхний хоёр тунгаар бий болсон дархлаа буурсны дараа "сэргээх" гуравдугаар тунг хийх стандарт шаардлагатай холбоотой. Эхний хоёр тун ч мөн ялгаагүй “55-аас дээш насныханд” гэдэг категориор эхэлсэн шүү дээ. Тийм болохоор цаг хугацааны хувьд манайд нэг их алдаа гараагүй гэсэн үг. Сая омикрон хувилбар илэрсний дараа ДЭМБ энэ хугацааг зургаа биш, гурван сар болгож богиносгосон байна лээ.
Мөн халдвар авснаас хойш гурван сарын дараа гурав дахь хийлгэнэ гэдэг стандартын дагуу сүүлийн саруудад халдвар авсан нэлээд хүний гурав дахь тун хойшилсон байх. Омикроны дараа ДЭМБ энэ хугацааг ч гэсэн богиносгож, “21-30 хоног өнгөрсөн бол” гэж наашлуулсан юм байна. Манай өрхийн эмнэлгүүд ч гэсэн өнгөрөгч сараас эхлээд “Халдвар аваад эдгэснээс сарын дараа гуравдугаар тунгаа хийлгэж болно” гэдэг зөвлөгөөг өгч байгаа. Тэгэхээр бид дэлхийгээс нэг их хоцроогүй, бараа бараандаа л явж байна гэсэн үг.
Харин өмнөх нөхцөл байдлаас ялгаатай нь ДЭМБ-аас (өнгөрсөн хоёр жилийн судалгаа, шинжилгээн дээрээ үндэслэн) “Омикрон хэдий тархалт нь хурдан боловч өмнөх хувилбаруудтай адил аюултай үр дүнг бид олж харахгүй байна, хүндрэл бага байна. Тиймээс улс орнууд яаран хилээ хаах, карантин буюу хөл хорио тогтоох гэх мэт хатуу арга хэмжээ авах шаардлагагүй. Шинжлэх ухааны хүчээр бүгд хамтдаа даван туулья” гэж байгаа. Тэр нь хамгийн нэгдүгээрт “сэргээх” буюу “бүүстер” тундаа хамрагдах. Анагаахын шинжлэх ухаанаар дэлхийд тэргүүлдэг Израиль улс файзер вакциныг омикронтой лабораторийн нөхцөлд туршилт хийгээд "омикроноор халдварлахаас 90 хувь хамгаалж байна" гэж дүгнэсэн байна лээ.
Дараа нь мэдээж өмнө хэрэглэж байсан халдвар хамгааллын дэглэмүүдээ сахих. Маскаа зүүх, гараа тогтмол угаах, өрөө тасалгаагаа халдваргүйжүүлэх гэх мэт...
Дээр нь юмыг яаж мэдэх вэ, Засгийн газар, Эрүүл мэндийн яамныханд хэлэхэд “Гуравдугаар тундаа хамрагдаарай” гэж ярьж хэлэхээс гадна дархлаажилтын цэгүүдээ олшруулах, илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй байх аа. Омикроныг босго давахаас өмнө амжиж...
Сэмүүнкэ
Tseemee
Baabar
Вакцин алаад байна