Не было бы счастья, да несчастье помогло.
Аз жаргал байгаагүй бол ч золгүй явдал аз болж тусалмуй.

(Орос ардын зүйр цэцэн үг)


Ухаан билгийн ид лүгээ эс төгсвөөс угсаа зэрэг өндөр боловч ичгүүрийн үндэс болой.

(Монголын эртний уран зохиолоос)


Сайн байна уу, идэр залуугийн дурлал минь
Сансрын хүрдэнд жигүүрлэсэн аянгын дуут нас минь
Томоотой багын ой тойнд сэтгэлтэйгээ гагнаад
Тормогор бүсгүйг зөнд нь орхиж хайрын галд шатаасан
Тэр л цаг минь, зөөлөн дуут амраг минь.

(Тэнгис-Оюун)


Хүний сэтгэлийн далд уянга бодол ухаарлын хүч хүсэл залбирлын үндэс сэтгэл бодлын хүч чадал, зорилгодоо хүрэх хүчирхэг эрчим хүч өгдөг. Тодорхой үг өгүүлбэрээр илэрхийлэгдээгүй эрчим цог бодол санаа ч хүний сэтгэл зүрх оюун санаанд бодитой үл үзэгдэх чухал дохио мэдрэмж эрчимт чухал мэдээлэл өгч санаа бодол хүний хувь тавилан амьдралын замыг ахуй биеийг хувиргах чадвартай.

Бусдын сэтгэл санааг ойшоон хүндэтгэж, хэдий чинээ бусдад тусална төдий чинээ сайхан сэтгэлийн эрчим нь тавилан болон буцан зайлшгүй ирдэг. 

Асар их цаг хугацаа, хүний амьдралын бүхэл бүтэн үе ч дамжин ирж магадгүй.



-Гүррагчаа юу гэсэн бэ гэж хашгиран Гочоо Москвагийн оюутны байрны хоёр давхраас шууд гүн цас руу үсрэн тэндээсээ пуужин мэт үсрэн гарч ирэн хар хурдаараа “Гүррагчаа! Гагарин! Юрий Гагарин, Юрий Гагарин сансар эрхсийн хурдан хөлгөөр...” хэмээн амандаа бум-бум бун-бум хэмээн баргил хоолойгоороо дуулан, хааяадаа хүй орчлонгоос Гүррагчаа юу узсэн бол хэмээн хашгиран Вернадскийн өргөн чөлөөгөөр Монголын туг дарцаг намируулан барьж хар хурдаараа гүйлээ. 

Түүний араас Москвагийн оюутан Чурагсээ Польш, Чехээс ирсэн монгол оюутан найзуудад нь Монголоос ирсэн шинэ оюутнууд шууд махчлан орчуулж Монгольская Торговая Земля гэх худалдааны ТӨГ-аас авсан Экспортын цагаан олноо Дулмаа гэх архи, Москвагийн Андроповка нэртэй болсон цагаан архи, Жигулевская шар айраг, хэзээний л уламжлалт Столичная цагаан архи хэрэглэх талаар Москвагийн театрын сургуулийн Гурам Мамбетов, Баблмандебский, киноны сургуулийн Дэрийламятав, Эрхүүгийн Их сургуулийн Өсгий нарын пянг Польш, Чехийн монгол оюутан нөхдүүд арай л даахгуй гэдгийг хожуухан ухааран яаран сандран Жараахай хочтой Тэнгисийн хамтаар хамаг тэнхээгээрээ

-Гогий.. Гогий ...!!! Зогс оо оо... хүлээ..! хэмээн дотуур байрандаа гангаран өмсдөг урт шар торгон уран ганган хийцтэй ижийн оёж өгсөн дээлээ намируулах зуураа шар дурдан бүсээ алдалж байгаад ороон аахилан гүйлээ...

Хоёрдугаар давхрын хагарсан цонхыг яаралтай шиллэх, жижүүр баба Маня болон дотуур байрны комендант авгайг аргалах, сургуулийн захиргаанд мэдэгдүүлэхгүй байх зэргийг зохицуулах ар талын ажлыг даахаар яах аргагуй Боржгин Болдхүү үлдлээ. Тэрээр сургуульдаа сайн сурдаг, хэлэндээ ус цас, дүрлэгэр нүд, товхийсэн цээж, гайхамшигт царай, элдэв бэлэг сэлтээр багш нарынхаа аргыг олсон нэгэн бөгөөд аливаа түргэн шийдэмгий шийдэх ёстой иймэрхүү ажилд гаргуун нэгэн билээ.

Панк Гочоо цасан өвгөн болсон гэмээр хунгарласан цас болон хувцастай туг дарцаг намируулан үл ойлгогдох хэлээр чанга хашгиран явах араас нь монгол дээл өмссөн нэгэн бээр мөн жинсэн хослол болсон нэгний хамтаар чанга чанга хашгиран гүйх жигтэй үйлдлийг гудамжинд алхан яваа хижээл насны москвачууд зогтусан гайхширан харж, зарим залуучууд нь сахилгагүйтэн даган –Бариарай, Зогсоогоорой хэмээн хашгиран гүйж байлаа.

Гэвч тэднийг төд удалгүй МИЛИЦИЯ гэсэн машинаар ирсэн сэргийлэгч нар бүгдийг саатуулан сэргийлэхийн дүүргийн хэлтэс руу ачин явлаа. Мэдээж Социализмийн төв ЗХУ-ын нийслэл Баатар хот Москвагийн иргэдийн тав тух алдагдуулсан хэргээр 72 цаг суулгах болов.

Тэнд бас хэдэн чечень болон кавказчуудтай хамт нэг камерт саатуулагдан байгаатай хувь заяаны эрхээр тааралдан мэнд усаа мэндлэлцэн бас л оюутан залуус болохыг мэдэн яриа хөөрөө өрнүүлэн тамхилан суув.

Гоги почему у тебя кавказское имя? У тебя что есть кавказские корни? (Гоги яагаад чи Кавказ нэртэй юм бэ? Чамд Кавказтай холбоотой юм байна уу?) хэмээн Муса Гочоогоос асуухад монгол нэрсийн утга, далд утга, билэг дэмбэрэл, ерөөл болгон нэрлэсэн хийгээд муу нэр ч хуртэл өгдөг заншлын талаар, мөн монголчууд нэр сунжруулан аль эсвэл товчлон дууддаг талаар тайлбарлаж, хажуугаас Тэнгис-Оюун нь Чингис хаан, Бат хааны Их Монголын үеийн монгол баатар эрс Дагестан болон Чечень - Цэцэнчүүд угсаа омог уг гарал нэгтэй цөөнгүй овог аймаг төрөл хүмүүс бий гээд, эртний монгол-татар овог аймгуудийн Кавказ-Хавт Хасын өндөр уулсын нуруунд хойч үеийн үржсэн угсаа овог аймаг  бол Кара Булак буюу Хар булаг гэдэг байсан хийгээд Кавказын дайнаар Цагаан хааны харгис казак цэрэг тэднийг бүгдийг шахуу хүйс тэмтрэн  устгасан хийгээд  цөөн үлдэгдэл нь Турк гаран явсан болон алдарт Кавказын Нарны домог зохиол 13-14 зуунд Монгол аман зохиолын нөлөөн дор бүтээгдсэн, тэр баатарлаг туульсад монгол кавказ хоёр ард түмний баатарлаг намтар оршив, ер нь бол угсаа үндэстэн хоршоо гарал үүсэл, хувь тавилан нэгтэй хүмүүс хэмээн баталцгааж 1944 онд Сталины тушаалаар Чечень, Ингуш, Халимаг (Монголууд), Хойд мөсөн далай, Казахстаны элсэн цөл, эзгүй талд цөлөгдсөн зэргийг халуунаар ярилаа.

Сэтгэл хөндсөн тэр яриа хөөрөөнд кавказчуудтай их л дотносож сэргийлэхийн үйлчилгээний торгуулиа төлөн гараад хэзээний танил болсон кавказчуудын урьснаар Москвагийн алдарт Сандуновские бани, Kавказ хоолны Арагви, плов, шорлогоороо алдартай Узбекистан ресторанаар бас зочлуулан, уулын Кавказчудын лезгинка бүжиг ид хаваатай шавайгаа ханатал уралдан бүжиглэн байн явсаар Чурагсээгийн оюутны дотуур байранд бүгд тарган цатгалан цэвэр цэмцгэр жигтэйхэн сайхан амарсан аз жаргалтай хүмүүс буцан ирлээ...

Тэднийг энэхүү Эвлэлийн хурлаар орж арга хэмжээ зайлшгүй авхуулах адармаатай адал явдлаас буцан ирэхэд  алс холын нарлаг Монголоос  болон агуу уудам Оросын өөр өөр хотоос өвлийн амралтаараа  Москвад ирсэн аль арван жилийн найз гоо бүсгүйчүүд Боржгин Болдхүү тэргүүтэй бууз хийчихсэн тэсч ядан хүлээж байлаа.

Бөхөж буй галын дөл илчгүй боллоо гэж үү
Бас та минь дахин энэ агшинд үнэгүй боллоо гэж үү
Бид хайрлан хайрлачихаад дахин гомдоож чадахгүй.

Өглөөний нарны гэрэлд анивчин дальдарч үнэгчлэх
Өлгийтэй нялхсын нүд аниастайгаа тэмтчин байгаа нь
Өнгө гэрлийг хүсэхүйн мөнхийн тэмүүлэл буй заа.

Зөөлөн эрчимт хүчээр чам руу намуухан урсах
Зөн мөрөөдөл төөрөлгүйгээр урган дэгжихийн түрүүч болж
Зовлон зүдгүүрийн улигт орчноос салан тэлгүүльюү.


(Үргэлжлэл бий)