Хятад мөрөөдөл коммунист зүүд биш
Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн томъёоллоороо Дэн Сяопин нийгмийн ямар байгуулал байх нь Хятадад гол биш гэж үзээд тэрбум хүнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болгох лут том зорилтыг шийдсэн бол Си Жиньпин Хятадад либераль атлаа эрс шийдэмгий шинэчлэл явуулсаар явуулсаар 2049 он гэхэд АНУ-тай зэрэгцүүлээд ирэх үү?
- ХКН-ын 100 жилийн ойд
Өмнөх хөршийн эрх баригч коммунист нам нэгэн зууныхаа ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Бээжин рүү ертөнцийн өнцөг булан бүрээс баярын цахилгаан цувна. ХКН-ын 100 жилийн ойн медалиар (“7.1-ний одон”) хятад хүмүүс энгэр цоолно. Тэгш тоот баяраар хүндэт медаль гаргадаг гэж сонсоогүй юм байна. Харин ч одоо нүдээ олсон алхам байж болно. Хятадын хөгжлийн туршлагын нэр хүнд бат бэх хэвээрээ, зөөлөн хүчнийх нь бодлогын дүнд даян дэлхийн ба Азийн улс төрийн намуудыг Бээжинд зангиддаг болохын наана очсон. Удахгүй 7 дугаар сарын 6-нд дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтыг ХКН-аас уриалан цахимаар зохион байгуулах чигтэй болчихлоо. Манай УИХ дахь намууд түүнд уригдаж таарна. Бэлтгэлтэй байгаарай.
Оршил зөвтгөл үгс
Коммунистууд ертөнцөд сайн нэртэй биш, харин хятадын коммунистууд өөр юм. Коммунизм гэдгийг баларч улирсан СССР, коммунист нам гэдгийг төрөл арилжаад алга болсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам, Дорнод Европын экс-соц орнуудын коммунист намуудаар төлөөлүүлэн ойлгож байсан бол тэр ойлголт хуучирчээ. Мөн одоо өөрийгөө түгжчихсэн эдийн засаг нь нурж буй Хойд Солонгос ба түүний Хөдөлмөрийн Намаар төсөөлж байдаг бол коммунизмын имижийг Хятадын хөгжил шал өөрөөр гаргаад тавьчихжээ.
Энэ өдрүүдэд нэгэн зууныхаа ойг нижгэр тэмдэглэж буй Хятадын Коммунист Намын нэн шинэ түүхээс өгүүлэх гэж дээр оршил авлаа.
Хятадад эдийн засгийн өсөлт гэж жигтэйхэн хурдан, коммунист нам нь хаана залж яваа нь бүү мэд, Хятадын онцлогтой социализм байгуулж буй гэж бүдүүн тоймоор ойлгох нь учир дутагдалтай.
Хятадын нэн шинэ түүх гурван улс төрчийг төрүүлсэн гэх суртал Хятадад яалт ч үгүй явж байна. 1) Шинэ Хятад улсыг Мао Зэдун хувьсгалт тэмцлээрээ 1949 онд байгуулж; 2) 1980-аад онд Дэн Сяопин реформыг гялалзтал хэрэгжүүлэн, Хятадын хөгжлийг түргэтгээд дэлхийд гаргаад ирсэн; 3) эдүгээ Си Жиньпин XXI зууны “хятад мөрөөдөл”-ийг оройлон явна.
ХКН-ын 100 жилийн ойн энэ өдрүүдэд “Таван үеийн удирдагчид” гэх номлол байдгийг эргэж санахад илүүдэхгүй. Мао тэргүүтэй Хятадын “хувьсгалын эцэг”-үүд (1), дараа нь “Соёлын хувьсгал”-ын тамыг гэтэлгэж Хятадад өөрчлөлт шинэчлэлийн уринг авчирсан Дэн Сяопин тэргүүтэй реформистууд (2), Хятадыг шинэ зуун руу залж 1990-ээд оны амжилтыг дархалсан Зян Зэминь тэргүүтэй хэсэг нөхөд (3),ХХI зууны эхний босгыг давж хөгжлийг хурдасгасан Ху Жинтао нар (4), СиЖиньпин тэргүүтэй одоогийн удирдагчид (5) гэж жагсана.
Яг одоо бол ХКН-ыг удирдаж буй ноён Си Жиньпин рүү анхаарал төвлөрөх цаг үе момент нь мөнөөсөө мөн л дөө. Учир нь нам 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байна, нам алдаа оноогоо түүхчилж, цаашдын зорилтоо дахин оновчтой тодорхойлж байна.
СССР-ийг Хятад орлов
Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засгийнх нь хурд саарч байна, хээл хахуулийн элдэв скандал ХКН-ын нэр хүндэд цөвтэй байна, АНУ “Ази руу эргэж ирэх” номлолоо дахин тунхаглалаа, Энэтхэг-Номхон далайн үзэл санаанаасаа татгалзахгүй байна, харин ч Хятадыг боож хаах, ардчилал-хүний эрхийн үзэл суртлаар дарамтлахаа Жо Байдены өнгөн дээр зогсоохгүй шинжтэй.
Тэгэхлээр нь Хятадад энэ номлолыг нь Хятадын өсөлтийг тогтоон барих Вашингтоны санаархал төдий гэж үзлээ. “Хүйтэн дайн”-ы үед СССР Америкийг хэрхэн хардаг, хариу өгдөг байсан шиг даян дэлхийг “Хятад ба Америк” гэх хуваагдалд оруулахад дөхсөн байна.
Америкийн ардчилал, либерлизм, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгмийн байгуулал “но” ихтэй, адаглаад л ковидыг яаж ч чадсангүй, хамгийн олон хүний амь АНУ-д, Өрнөд Европт сүйдлээ. Гэтэл нэг коммунист намын хатуу засаглалтай Хятад ковидыг ялж байна, эдийн засаг нь нэмэх үзүүлэлттэй, бүр өсөлттэй яваад байна. Хятадын зөв юм биш үү, тогтолцооны давуу талыг нь нотолж байгаа юм биш үү гэх асуулт ХКН-ын 100 жилийн ойтой давхцан босч иржээ.
Энэ бүхэнд хариу өгөх харизматик лидер нь ХКН-ын удирдагч “Си Дарга” бэлээхэн байж байна. Харизматик гэх универсал үгийг би орчуулах дургүй. Татан дагуулах авьяас бүхий жинхэнэ лидерийг л тэгж нэрлээд байх шиг.
Хятадын их дээд сургуулиудад Си Жиньпиний үзэл санаа гэдэг хичээл орж эхэлсэн нь нэгийг хэлээд байх шиг. Ерөөсөө “Си Жиньпин судлал” гэх нийгмийн ухааны судалгааны салбар дэлхийн шинжлэх ухаанд биш гэлээ гэхэд ялангуяа барууны ертөнцийн улс төр, намтар судлалд газар авах шинжтэй. Манайд ч боломжийн хэрээр судалдаг бол түүнд хувь нэмрээ оруулагчийн нэг нь бичиж байна гээд ойлгочихоорой.
Хэдэн жилийн өмнөх түүх
Хятад мөрөөдөл гэдгийг тодотгохоор ойрхоны түүх рүү түр аялая. 2012 онд ХКН-ын XVIII их хурал хуралдаж байх үед энэ нам дэлхийн хамгийн том улс төрийн нам гэгдэж эгнээндээ 85 сая 127 мянган гишүүнтэй байв. Нэгэн зууныхаа ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд коммунистуудын тоо 91 сая 914 мянга болжээ. Тэгэхлээр элит гэдэг нь энэ 91.9 сая хүн лав биш, намын дээд иерархи байж таарна. Тэр нь ч хэдэн саяар тоологдоно. Эдний дунд цэвэрлэгээ явуулна гэх лут их зориг тэвчээрийг Си Жиньпин үзүүлж иржээ.
Тэрээр 2014 онд тус орны эдийн засгийн “ердийн шинэ байдал”-ын үе шатны тухай концепц гэнэт гаргаж ирдэг юм. XVIII их хурлын шийдвэрийг эргэж харж үзэх нь үү хэмээн гайхаж байв. Эдийн засгийн шинэ үйл явц руу зах зээл, нам, дарга нар, нийгмийг бүхэлд нь бэлтгэхийг тэрээр уриалан дуудлаа. ДНБ-ий арифметик өсөлт бол чухал биш гээд тэрээр заачихлаа. Түүний оронд бүтцийн реформ хийнэ, чанартай ажиллах хүчнийг хөгжүүлнэ. Өсөлт гэдэг бол өнгөрсөн 10 жилийнхээ түвшинд байх албагүй, тийм нөхцөл ч байхгүй, ДНБ-ийг 2020 он гэхэд хоёр дахин өсгөхөд л хангалттай, гол нь дундаж чинээлэг нийгмийг л байгуулсан байя. Ресурс нөөцийг шавхан хөгждөг эдийн засгаас мэдлэгийн, ногоон эдийн засаг руу л шилжсэн байя. Гол нь зорилгодоо хүрч яваа учраас би хэргээр түүх сөхөж байна.
Хятадын нийгэмд дундаж ангийн эзлэх жинг өсгөж, хотжилтыг түргэтгэнэ гэсэн нь худал биш. Бодитой амлалт. Хэдхэн жилийн өмнөх үзүүлэлтээр БНХАУ-д дундаж анги давхарга гэдэг нь хотуудын хүн амын 55-65 хувь, хөдөөдөө 12-17 хувь эзэлж байв. Дундаж анги гээд буй нь хотод бол жилийн орлого нь 9000-16000 ам.доллар ногдох тийм хүмүүний давхарга.
Одоогийн байдлаар бол хятадын хөдөө дэх дундаж анги 30-35 хувь руугаа дөхөж явна. Харин хотын дундаж хүн ам нь жил тутам нэг хувиар өсч байхад л хангалттай гэж үздэг. Ийм өсөлт 2010 оноос ажиглагдсан. Хэрэглээ нь өсөг, чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ аваг, тэр л боллоо. 2012 онд анх удаа Хятад нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох үзүүлэлтээр АНУ-ын гүйцэж түрүүлсэн нь чанартай хүнс тэжээлийн стандарт мөрдсөний шинж тэмдэг байлаа.
Хямд ажиллах хүчний эх үүсвэр нь Хятад, хятад ажилчин авна гэдэг маань өнгөрсөн 10 жилд алга болчих шиг боллоо. Харин Хятад өөрөө гаднаас ажиллах хүч авч эхлээд байна. БНХАУ-ын өрсөлдөх чадварын нэг давуу тал гэдэгт хямд ажиллах хүч гэдэг шалгуур явдаг байсан бол Си Даргын өнгөн дээр тэр статус нь өөрчлөгдлөө. Удахгүй гадаадын мэдлэгийн хямд бүтээгдэхүүний цуглуулга улс болох юм байна, хар үгээр илэрхийлбэл. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын компаниудыг татаад байх нь тэр. Гэхдээ тэр нь үндэснийх нь зах зээлд л эхлээд ашгаа өгнө.
Өсөлтийн үйл явцаас хөгжлийн үйл явц руу гэх номлолын мөн чанарт реформын бүхэл бүтэц цогц төсөл хэрэгжээд явж байна. Зах зээлийг дэмжих, газар ашиглах ба эзэмших эрхийг зааглах, газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар эргэлтэд оруулахыг эрс либералчлах, улсын үйлдвэрийн тогтолцоог шинэчлэх гэх мэт.
“Ердийн шинэ байдал” гэдэг нь цаашаа улс төр дээр шал өмнөө дүр төрхийг буй болгочихлоо. Намын хамтын удирдлагын загвараас лидерийн загвар руу шилжих, тэгэхдээ тэр нь үндэстний шинэ үзэл төлөвшүүлэх, намын удирдан чиглүүлэх үүрэг, ёс суртахууны нэр хүндийг бэхжүүлэхэд чиглэсэн байх, намын удирдлагын механизмыг дээд зэргийн үр ашигтай ажиллуулах, авилгалын эсрэг өргөн хэмжээний фронтоор дайралт хийх, тийм л лидерийн засаглалыг ХКН санал болгоод байх шиг.
ХКН тэмцлийн шинэ замд
Эдийн засгийн толгой эргүүлэм өсөлт ажилтын явцад авилгалын хэргүүд шил дарж, элдэв фракц хоорондын тэмцэл ХКН-ыг нэрмэж байсан нь саяхных. “Оюун санааны гурван хямрал” хэмээн 1990-ээд онд яригдаж, “Нийгэм бузартлаа” гэх шүүмжлэл намдаа өрнүүлж тэмцэж байсан үеийг Си даргын өнгөн дээр дахин хэрэгжүүлж байна. Тэр гурав нь социализмд итгэх итгэлийн хямрал, ирээдүйдээ итгэл үнэмшилгүй байх хямрал, ХКН-д итгэхгүйн хямрал гэж томъёологдож, түүнтэй ширүүн тэмцэл хийж байсныг Си Даргын өнгөн дээр бүр ч ширүүсгээд амжилтад хүрчээ.
Лидерийн засаглал гээд байгаа нь мань “хүн” өөрөө яг биш юм. Намбүх ажлыг удирдана, бас Төрийн Зөвлөл, Ерөнхий сайд, түүний орлогч нарт үүрүүлэх ачааг нэмнэ. Нам голлоно, гэхдээ төр засаг, эдийн засгийн ажилд Засгийн газар бас голлоно. “Удирдах жижиг бүлэг” гэх нэр томъёо гаргаад ирсэн. Энэ нь төрийн стратегийг нийгмийн бусад салбаруудад зохицуулах Ерөнхий сайд, Шадар сайд нараар ахлуулсан ажлын хэсгүүд. Гэхдээ албан тушаалын гэмт хэргээс дээд зэргээр сэргийлнэ, хуулийг дээдлэх концепц газар сайгүй мөрдөнө. Хууль дээдлэнэ гэдэг нь ардчилагдана гэснээс шал өмнөө, иргэдийг улс төрийн амьдралд өргөн эрхтэй чөлөөтэй оролцуулна гэдэг бүр ч биш, нийгмийн эрх зүйн соёлыг түгээнэ гэсэн үг болж таарна.
Нам, төрийн удирдлагын ухаан гэх өмнөх ойлголт Хятадад шинэчлэгдэн буй. “Жэньминь жибао” сонинд бичсэнээр бол, хэн ямар өндөр алба хашиж байсан, тэр албаа хэр удаан хашсан нь чухал биш, намын сахилга, төрийн хуулийг намын бүх кадрууд хатуу чанд сахиж мөрдөх ёстой аж. Ард түмэн намыг шүүмжилж болно, нам хариуд нь нийгмээ дарамталж болохгүй хэмээн Си Дарга үздэг. Гэхдээ энэ нь шүүмжлэлийн эрх чөлөө биш, төр урьдын адил интернэтэд хяналт тавина, сэтгүүлчдийг хянана, сөрөг хүчний блоггеруудтай тэмцэнэ, Хонконгод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхгүй, Шинжааны салан тусгаарлагчдыг өршөөхгүй гэнэ. Энэ бүхнийг хүний эрх, эрх чөлөөтэй холбохгүй.
Хүчтэй удирдагчийн имиж өнөөгийн Хятадад бүрдүүлж буй хэлбэр нь ихээхэн сонирхол татахуйц юм. Улс үндэстний амжилтад хүчтэй лидер маш чухал, тэгэхдээ нам, улс, төрийн албанд нэгдүгээр хүн хэзээ ч байгаагүй Дэн Сяопины лидерийн загвар чухал гэнэ. Гэхдээ л тэрээр яг нэгдүгээр хүн байсан шүү дээ. “Нэгдүгээр хүн бол түлхүүр юм”, “Галт тэрэг хурдан давхих, удаан сажлах нь локомотивоосоо шалтгаалдаг”– иймэрхүү томъёолол Си Даргын чухал эшлэл болж Хятадад яригддаг. Харизматик лидер болохоо тэрээр алхам тутамдаа харуулсаар ирсэн. Тээр жил, тус улсын Дэд дарга байхдаа АНУ-д айлчилж Барак Обаматай хамт америкийн сагсан бөмбөгийн тэмцээн сонирхон анхны имижээ гадаадад бүрдүүлж байв. Си Даргын гэргий нэрт дуучин Пэн Лиюань чухам Тэргүүн хатагтайн имижийг шинээр бүрдүүлж байна. Тэрээр дуучны авьяасаа буяны, өглөгийн, халамжийн тоглолтуудад харамгүй зориулна.
“Хятадын мөрөөдөл” гэдэг нь ч шинэ удирдагчийн сэтгэлгээний илэрхийлэл юм. Нам ба нийгмийг цоо шинэ үзэл суртлаар зэвсэглэх гэсэн арга тактик нь. Энэ бол ихээхэн амбицтай уриа дуудлага. 1992 онд ХКН-ын XIV их хурлын индрээс Зян Зэминь “Хятад улссоциализмын анхан шатны нийгмийг байгуулж байна, энэ нь 100 жилийн уйгагүй хөдөлмөр шаардана” хэмээн уриа тунхаглал дэвшүүлж, хожим нь тэр 100 жилээ XXI зууны дунд үе болгон бүдүүвчилснийг бодохул “Хятадын мөрөөдөл” барьцтай юм. ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тэмдэглэж буй энэ 2021 онд Хятад нь дундаж чинээлэг нийгмийг ямар нэгэн хэлбэрээр байгуулаад байна, БНХАУ байгуулагдсаны 100 жилийг ой тэмдэглэж байх 2049 онд Хятад нь баян, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эвсэл зохицолтой, орчин үеийн социалист төр улсаа байгуулсан байя хэмээн Си Дарга уриалдаг.
Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн томъёоллоороо Дэн Сяопин нийгмийн ямар байгуулал байх нь Хятадад гол биш гэж үзээд тэрбум хүнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болгох лут том зорилтыг шийдсэн бол Си Жиньпин Хятадад либераль атлаа эрс шийдэмгий шинэчлэл явуулсаар явуулсаар 2049 он гэхэд АНУ-тай зэрэгцүүлээд ирэх үү? Цаг хугацааны асуудал!
-o0o-