Хятад дахь буддын эрх чөлөө
Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг.
Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг. Над мэтийн атеист (шашингүйн үзэлт) хүний хувийн үзэл бодол шүү дээ. Уншигчид санал нийлэхгүй байж болно.
Манайхан, миний үеийнхэн хийсэн бүтээснээ (ихэвчлэн буруу гараар) цайруулах гэж шарын шашны сүм хийд, лам, бөө рүү явцгаадаг. Баахан ариусал, амь ба хөрөнгийн даатгал хийлгээд, хийморийн сан мянга тавиулаад нэмэр байдаггүй. Ядуу дорой иргэд нь мухар сүсэг, эсвэл ямар нэг олзны төлөө шарын шашин барааддаг. Энэ худал биш. Гөрдлөг биш.
Тэгвэл коммунист ганц нам засагласан, тэгээд тэр коммунист замналаа өнөөгийн Хятадад цорын ганц зөв зам, өөрөөр байх аргагүй гэж нотлодог, ядуурал гуйланчлалтайгаа тэмцээд бараг арилгаад дуусч байгаа, дундчуудын нийгмийг байгуулж буй Хятадад шарын шашны төлөө ингэж их маань мэгзэм болж хүж арц май тавих нь нэг талаас ойлгомжгүй, нөгөө талаас харин ч судалж тодруулбал чухам таарах үзэгдэл санж.
Тийм нэгэн үзэгдэлтэй Жэзянь мужийн Путошань уулын Гуанин Будда гэх дарь эхийн хөшөөний дэргэд монголын төлөөлөгчид бид саатсанаа толилуулж байна. Энэ бол Хятадын дорнод тэнгисийн Жоушань арал дээр орших шашны том цогцолбор-мөргөлийн газар Жужяньжян, Путо гэх хоёр ч уулан дээр сүндэрлэн байх аж.
Энэ арал руу Нинбо хотоос 2 цаг давхиж, бас далайгаар аялаж хүрнэ. Ер нь Хятадад буддын шашны дөрвөн ариун уул гэж байх ба манайхан Утайг гүмбэн гэдгээр нь андахгүй. Уулс дээр ариун дагшин сүм босгож мөргөлчдийг татан дагуулахын сацуу гадаадын жуулчлалаар арвин их ашиг олж байдаг газрууд. Манайханд туршлага болох ажил сэдэл.
Тэр дөрөв бол Шаньси муж дахь Утайшань - 3058 метр өндөрт, Сычуань мужийн Эмэйшань - 3099 метр, Аньхуй мужийн Зюхуашань - 1341 метр, энэ бидний зочилсон 284 метр өндөрт өргөгдсөн Путошань болно.