-Улс төрч гэж хэн бэ?

-Тэд бол дор бүрнээ төрийн эрх мэдлийн чинад оргилд хүрч, тэрхүү оргилоос төрийг удирдах зорилго өвөртөлсөн хувь хүн. 

-УИХ-ын гишүүн гэж хэн бэ?

-Тэд бол Монгол Улсын төрийн эрх дээд байгууллагын бие бүрэлдэхүүн бөгөөд хувь хүний амбиц, эрх ашгаа хойш тавьж, нийт эх орон, иргэд сонгогчдынхоо сайн сайхны төлөө үүрэг хүлээсэн, УИХ-ын сонгуулийн ялалтаар баталгаажсан ард түмний элч төлөөлөгч. 

Энэ бол УИХ-ын гишүүн болоод улс төрчдийг ялгаж ойлгох тод ялгарал, эрхэм зорилгын хэм хэмжүүр. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд энэ үүрэг өөр хоорондоо холилдон хутгалдаж, улс төрчдийн хэн байх нь УИХ-ын гишүүн байхаас огт ялгаагүй мэт ойлгогдож ирсэн. Ойлгогдож ч гэж ер нь бол буй төрх, зорилгод нь ялгаа байсангүй гэсэн үг. Үүний учир шалтгаан нь УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцооны алдаа. 

“Тойргоо услах” хууль ёсны эрх

Уг алдааны улмаас УИХ популист улс төрчдийн хийрхэл, тойргоо усалж, ирэх сонгуулийн ялалтаа баталгаажуулахын тулд төсвийн халаас ухаж суудаг хувь улс төрчдийн индэр болж хувирсан. Түүндээ нийцсэн “тойргоо услах нь” гэдэг албан ёсны гэмээр гаж буруу нэр томьёотой ч болсон. Ингэснээр төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчныг зөв зүйтэйгээр “бүтээн босгох” ёстой УИХ бүтэн нэг жилийн бараг тал хувийг УИХ-ын гишүүдийн тойргийн төсөв, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, боловсон 00, эмнэлгийн барилга, сумын төвийн засвар, зам талбайн тохижилт ярьж өнгөрүүлдэг болсон. Энэ үед тухайн нэг гишүүний бус нийт гишүүдийн эрх ашиг бүрэн хангагдаж, тойрогтоо очих нүүртэй болох хэмжээний төсөв батлагдах хүртэл УИХ дахь дотоодын тэмцэл өрнөдөг. Зөвхөн 2021 онд гэхэд энэ жишгээр УИХ-ын гишүүдийн тойрогт дөрвөн тэрбум төгрөг хуваарилах албан бус хэлцэл хөшигний цаана өрнөсөн бөгөөд тэдний тойрог услах төсөв нь 10 их наяд төгрөгт хүрэх тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа задарсан. Энэ нь анхны тохиолдол биш. 

Хөгжлийн бодлогын эрэл

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн тус бүр дээр энэ төсөв 500 сая төгрөгөөс тэрбумд хүрч байсан. Гол нь, жил бүр. Тэгвэл цаашид УИХ-ын гишүүдийг улсын төсвийн мөнгөөр тойргоо усалдаг, сонгогчдынхоо хүсэлтийг, орон нутгийн эрэлтийг гүйцэлдүүлдэг хууль тогтоох засаглалын бирд мэт байлгах нь зөв үү. Төсвийг ингэж багаар бодоход 76, цаашлаад Монгол Улсын сум тус бүрээр, цаашилбал багийн төвөөр хуваагаад байх нь зөв үү. Хэрэв зөв юм бол хөгжлийн бодлогыг хаанаас санхүүжүүлж, стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг хэн гаргах вэ. Наанадаж, тэг зогсолтод ойрхон байгаа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг хэрхэн эрчимжүүлэх вэ. 

Холимог тогтолцооны жишиг

УИХ төрийн бодлого тодорхойлдог, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, дархалдаг, баталгаажуулдаг, онц чухал стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэчлэл, эрх зүйн өөрчлөлт, хүн амын бодлого, нийгмийн алдаа дутагдлыг “эмнэх” Үндсэн хуулиар баталгаажуулсан үүрэг хариуцлага дээрээ зогсох ёстой. 30 жил гажуудаж алхсан энэ системийг засахгүйгээр цаашид Монгол Улсын хөгжлийг ч, УИХ-ын төлөвшлийг ч ярих боломжгүй болно. 

УИХ-ын гишүүд хуулиа баталж, улс орныг бүтнээр нь харах үүргээ гүйцэтгэх ёстой.

Энэ бол хүний тухай бус системийн тухай, УИХ-ын бүрэн бүтэн үүрэг хариуцлагын шинэчлэл юм. Улс төр судлаачид шинэчлэлийн гол гарц нь Үндсэн хуулийн шинэчлэл болоод сонгуулийн холимог тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай гэдгийг олон жилийн турш ярьж, хэлж, анхааруулсан. Үндсэн хуулийн 2019 оны шинэчлэлийг эцэслэх үед ч энэ талаар олонтоо тайлбарласан. Дэлхийн 190 гаруй орны 60 орчим хувь нь хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байгааг ч мэдээлсэн. Герман, Франц, Япон, Солонгос зэрэг улс төрийн тогтвортой хөгжилд хүрсэн улс орнууд хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулснаар ямар өөрчлөлт гарсныг ч тайлбарласан. Гэсэн ч 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хийгдээгүй. 

УИХ-ын гишүүдийг тойргоос чөлөөлье

УИХ-ын сонгуульд нийт насанд хүрсэн хүн амын бус, ердөө санал өгсөн сонгогчдын 44 орчим хувийн саналыг авсан улс төрийн хүчин 76 суудлын 62-ыг нь авдаг систем удаан үргэлжилж болохгүй нь. Улсын Дээд шүүхийн мэдээллээс харахад Монгол Улсын хэмжээнд 34 нам үйл ажиллагаа явуулж бий. Гэсэн ч ялалт зөвхөн хоёр туйлд хуваагддаг. Харин 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор зохион байгуулснаар УИХ-д улс төрийн олон өнгө, сонгогчдын төлөөлөл олж ирэх боломж бүрдсэн. Үр дүнд нь УИХ мэтгэлцээний талбар болсон. Асуудлыг хэлэлцдэг ярьдаг, цаашлаад иргэдийн хяналт тавих хүсэл сонирхол ч нэмэгдсэн. 

Нийт 76 гишүүний 28 нь тойрог услах УИХ-ын гишүүний гажуудсан үүргээс чөлөөлөгдсөн. Цаашид, 2012 оны УИХ-ын сонгуулийг нэг жишиг болгон хэрэгжүүлж чадвал УИХ-ын одоогийн үүрэг өөрчлөгдөнө. Наанадаж, 76 тойрогт хуваагдаж, тасарсны улмаас хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал шинэчлэн батлагдана. УИХ бүрэн дүүрэн ард түмнийг, Монгол Улсын бүрэн төлөөлдөг болно. Эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт хийгдэнэ. Тал тал руу тастаж, цацсан төсвийн зарлага тодорхой зорилгод төвлөрч, хуваагдал үүсэхээс сэргийлнэ. Гэхдээ үүний тулд Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог эцэслэн хуульчлах хэрэгтэй. Эс бөгөөс хувь улс төрчдийн амбицад УИХ үрэгдэж, тэр хэрээр улс орны эрх ашиг зөрчигдсөн хэвээр үргэлжилнэ. 30 жил үргэлжилсэн энэ гажуудал бид эс хүсвэл, тэд эс хүсвэл цаашид хэдэн жил үргэлжлэхийг Та бид таашгүй, мөн арилшгүй. 


Сэтгүүлч Г.ОТГОНЖАРГАЛ