- Амар амгалан, уур хилэн хоёр ертөнц дээр зэрэгцэн оршдог

Сошиалд бичсэн нэг сэтгэгдэл (news.mn) хувь тавилангийн үргэлжлэлийн сэдлийг өглөө. Тэнд ингэж бичжээ:–Жаахан хөдөлмөрлөөд мөнгөтэй болсон нэгнээ элдвээр дайрч доромжлоод л, олгархи энэ тэр гээд л үзэн ядаад адилхан гуйлгачин байлгах санаатай бид ч дээ, социализм сайхан байсан гэхээс өөр юм мэдэхгүй, гадагшаа яваад улс орон яаж хөгжсөнийг ч ойлгохгүй, тэтгэмж нэхсэн залхуу юмнууд л өсөн бойжиж байна гэжээ.

Монголчуудад нэг супер чанар байнаа. Ажиглагдаад байна. Эргэн тойрон, бүр найз нөхдийн дунд ч ажиглагдаад байна. Амьдрал ахуй нь нурчихаар эргэн тойрноо, бүхнийг, бүр амьдралыг хүртэл үзэн ядчихдаг. Амьдрал нойл заалаа, эрүүл мэнд сайнгүй, хүссэн зүйл нь (ихэнхдээ шагнал!) ирдэггүй, хүссэнийг Төр, засаг, яам нь гүйцэлдүүлдэггүй, хаашаа харж үхэхээ мэдэхгүй бөөн хонзон гомдлын үүр уурхай болчихоод яваад байдаг. Өөрөөс нь сайн яваа бүх хүнд, тэр ч бүү хэл найз нөхөддөө атаархана, үхээсэй гэсэн бодол тээнэ. Амьдрал нь өөрөөс нь болж нойл заачихсан, ерөөсөө амьдралд нэг их дургүй хүн. Найз нөхрийнхөө амжилтанд урамшина, хамт баярлана гэж байхгүй, атаархаж үхчих гээд л, нүүр нүднээс нь илт. Олон сайхан нөхөд маань атаархлаасаа болж эвдрэлцэхийг харлаа даа. 

Ганц чаддаг нь хараал үйлдвэрлэх. Үйлдвэрлэсэн хараалаа шингээх сошиал ертөнц нээлттэй байна. Тийшээ урсгаад байх нь тэр, хараал ерөөлөө. Хөөрхий ойлгож байна, өөрөөp таашаал авах ямар ч хувилбар байхгүй хүн шүү дээ, тэр бол! Миний эргэн тойронд байна, хүний хорвоо юм чинь байж л байг. Би юм бодохгүй.

Харах царайны сэтгэл дундуур, ёозгүй, эцсийн горьдлого нь явж явж Орос-Украины дайн болчихсон нөхөд ч байх юм. Ойр дотны, танилууд дээрээ дахиад авч ярьж байна шүү. Болхиор зүйрлэбэл оросууд Украинд ялж, цаад нөхрийн магнай тэнийх ба тэр үед өөрт нь олддоггүй нөгөө баялагууд нь (өр ширнээс гарах, бөөн мөнгө гарт нь орж ирэх, эсвэл хүссэн цол шагналаа авах, хонзонг нь оросууд тайлж өгч өстөнүүдийг нь цээрлүүлэх, эсвэл хийсэн гэмт хэргээ Путинээр аргалуулах гэх мэт) өөрт нь ирэх юм шиг яваа ганц нэг нөхөр нийгэмд байнаа байна, надтай тааралдаж байна, сошиалд өөрсдөө ч бичиж байна. ТВ-ээр ч ярьж байна. Даян дэлхийн бүх шулан мөлжигч, колоничлогчдын эсрэг Путин ганцаараа тэмцэж байна ч гэх шиг. Би дотроо тэднээс айчихлаа. “1937 он”-ыг яг ийм хонзонтой, дутуугийн комплекстой монголчууд “чекист” нэрээр гүйцэлдүүлсэн гэж бодохлоор одоо ч тийм харгислал үйлдэх монгол хүн цөөнгүй байх шиг санагддаг. 

Улс төрд бас байна. Нэг сэдэв дээр (одоогоор уул уурхай, нүүрсний хулгай, ногоон автобус голлоно) дагнан, удтал улиглаад, байнга анхааралд өртөөд байна гэдэг цаад нөхрийн (сүрэглэсэн хэсэг хүн) эх оронч, элгэн саданч чанар уу, эсвэл тэгж тэгж эцэст нь ямар нэгэн “баялаг”-т хүрэх гэсэн далд хүсэл нь үү, ёстой мэдэхгүй. Эх оронч гэхээсээ шантаажны рэкэт гэдэг юмаар манайхны мэргэжиж буй төрх нь тэр гэлцэх юм.

УИХ-д сонгогдохгүй, УИХ-д суулгахгүй бол яадаг юм, хохь чинь, май харцгаа гэсэн царайтай сүрэг хүн сонгуулиас сонгуулийн хооронд нийгэмд тэлчлэн буй. Бүр улиг болсон үзэгдэл. Тэмцэхгүй сэдэв салбар гэж үгүй боллоо. Арын фон нь сүрлэг агаад өөрсдөө нүүр эгнээд суун чухал царайлан хэвлэлийн хурал хийнэ. Тэр нь уур хилэнгийн үзүүлэн тоглолт. 

Нэг хүнд арай л олон юм заяадаг, заримд нь жөтөөрхүү зангаас өөр юу ч заяахгүй–ийм л хорвоо шүү дээ, хүний хорвоо чинь. Нүүдэлч удамтай монголчуудын туйлшрал хэтэрчихдэг учраас л би улиглан бичээд байгаа хэрэг л дээ. Гэхдээ монгол хүн хэзээ ч ганцаардахгүй. Монгол ёсон гэж бас байна. Ахан дүүсэг, ахай ижийсэг ёсон. Ганц гайгүйгээ зулгааж амьдардаг монгол аж төрөх ёсон үйлчилнэ. Лав нийслэлээр дүүрэн тийм амьдрал буцална.

“Улны иргэд” гэж нэрлээд нэг сайд огцорч байсныг тод санаж байна. Тэр худал гөрдөөгүй. Яг л үнэнийг хэлсэн нь тэр. Өөрсдийнхөө арчаагүйгээс (90% нь өөрсдийнх нь буруу гэж би үздэг) болж ядуурч золбирч, гуйранчлан амьдрагсдыг өөрөөр хэн гэж нэрлэх билээ. Тэдэнд нэг нийтлэг “дутагдал” буй. Өөрөөсөө дээр явааг шууд үзэн яддаг, болж өгвөл үгүй хийж мөнгө, хөрөнгийг нь дээрэмдэхийг хүсдэг. Сайн яваа, сайн бизнес орлоготой нэгнээ хулгайч (өөрөө ариун шударгын туйл, бусад нь бүгд хулгайч) гэж хардаж цоллодог. Бас л нэг туйлшрал юм даа. 

Facebook-т миний нэг шавь ийм пост-тайлбар оруулсан байна билээ:–Таиландад болон Азид амрах, хуримаа хийх нь атаархлын бай болтлоо энэ улс доройтсон байна даа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хүн бүр гадаад пасспорттой болж, аялах эрх амрах эрх нь нээгдсэн. Харамсалтай нь энэ боломж 30 жил өнгөрсөн атал Монголын иргэдийн дийлэнхэд нь “атаархал төрүүлэм тансаглал” хэвээр байгаа нь монголчууд бидний амьдралын чанар ямар муу байгааг, бусад оронд дундаж хэвийн амьдралын нэг хэсэг болсон зүйл Монголд “тансаглал” хэвээр байгаа гэдэгнь зүгээр л бид ядуу улс гэдгийн баталгаа болоод байгаа бус уу? Мянган өндөр байшинтай, Ланд-300, G class-ийн захиалга хэдэн сараар хүлээлгэнд байдаг гэж “онгироод” ядуугийн туйл болсон тосгондоо ганган алхах африкчуудын нэгэн ижил болсон нь улам л тодорхой болж байна гэжээ.

Атаархаж үхэж байна. Яг үнэн. Хүн юм чинь атаархаг л дээ гээд үл анзаарч өнгөрөмгүй байна. Өсөрхөл атаархалаа шударга ёс гээд нэрлэчихсэн 10%гээд миний нэг нийтлэл бий. “Цуст хувьсгал” хүсэгчдийг нь би тэр “10%”-даа оруулсан ухаантай юм. Ухаан нь Таиланд, Вьетнамд амарч, хуримаа хийж яваа монголчуудаа атаархлын бай болгож байгаад л арчиж тасчиж хаях юм биз дээ. ҮАБЗ-ийн ажлын албаны нэг судалгаанд (2017 он байсан санагдана, одоо үүнээсээ бараг дордсон ч байх!) тийм 10% гэсэн дүн тодорч байжээ. Харин тэрхүү 10% ба түүнээс цаашхийг халамжлах гэж Монголын Төр алингаа алдаж байнаа. Би эсрэгээр “Өөрсдийг нь өөрсдөөр нь амьдруулаач ээ!” хэмээн уриалан дуудмаар санагдана. Ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломж, баталгаа, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд орхих хэрэгтэй. Тэгээд араас нь хяна, шалга, албад, тэгээд ажиллуул гэсэн үг л дээ. Төрийн эрхэм үүрэг!

Бас сөргүүлж яримаар аргумент байх юм аа. Монголчуудын юм үзээгүй, олон үеэрээ өлөн явсан, одоо баяжаад хөрсөн дээрээ бууж чадахгүй, тэр нь инээдтэй агаад бас олны зэвүүцэл төрүүлэм үзэгдэл. Баяжжихаараа сагсуураад алга болдог. Тэнгэрээс бууж ирсэн, тэнгэрийн амьтан. Баярхал нь сагсууралтайгаа холилдчихсон. Монгол хүн, Монгол нийгмээ харийн нүдээр (харийн биш, ямар ч юм, их сонин өнцгөөс) хардаг, хямсгар, дээрэлхүү, нэг үгээр овилгогүй зан чанар харагдаад байдаг. Шинэ баяны цээж юу билээ, нэг мэргэн үг байдаг даа.


“Хувь тавилан” сэдвээ үргэлжлүүлээд л олон талаас нь бичээд байгаа хэрэг шүү дээ. Бичвэл мөн ч их юм байна. Ингэсгээд азная. Гэхдээ мал малчид дээр дахин хэлчихмээр үгс байнаа. “Өвөлжилт хүндэрсэн сумдад УИХ-ын дарга ажиллав” ч гэх шиг, “Зудын үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн” ч гэх шиг мэдээ тасрахгүй. Социалист хөдөө ханхлаад л байна. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг, нүүр нүдгүй цасаар шуурдаг гэдгийг тэр аймаг, сум, малчид мэдэхийн цаагуур мэддэг, Төр өмнүүр нь гүйж очоод халамжилдаг, хамаг ажлыг нь шүүрч аваад хийчихдэг гэдгийг ч мэдэхийн цаагуур мэддэг нь худал биш шүү дээ. 

Миний хариулт. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж аймаг, сум нь, малаа 100% хувьчилж авсан малчид нь зун, намартаа юу хийж байсан юм бэ? Өвөлдөө бэлтгэж хэвтэхгүй юу хийж байсан юм бэ?–Төр тэднийг халамжлахгүйгээр өөрсдийг нь өөрсдөөр нь нэг өвөл амьдруулаад үзэхэд л ирэх өвлөөс Төрийн дарамт шууд арилна. Малчдыг бие даалга гэдэг маань энэ шүү дээ. Дахин ам асууя: Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж зун, намар юу хийж байсан юм бэ, хөдөөгийнхөөн?

Бас л сошиалаас (ikon.mn) эшлэе:–Ажил хийж лизингээ төлдөг 20 гаруйхан настайзалуугаас авсан татварыг ажил хийдэггүй залхуу арчаагүй нэгэнд хүнсний талон гээдөгчихөөр яаж хөгжих юм бэ? Нийгмийн идэвхтэй хэсгийн бүтээсэн баялгаас тосидэж торгонд хөлбөрсөн малчны нийгмийн даатгалыг төлчихөөр энэ улс яаж босохюм бэ? Яаж ажиллах хүч олдох юм бэ? Энэ улс нэг л буруу яваад байна гэжээ.

Шавиасаа эшлээд нийтлэлээ дуусгая. Бичжээ:–Вьетнам, Таиландад хуримаа хийх нь бараг Монголд хийхээс хямд тусч байгаа шүү. Хэрэгтэй хэрэггүй олон хүнийг нэг өдөр идэж уулгах ер нь ямар хэрэгтэй юм? Аав ээж ах дүүс гээд ойрын хэдэн хүнээ дагуулаад юм хямд, дулаан нэг орны нэг beach-ресторанд агаарт сайхан баярлахад энэ арлын орнуудад бол “тансаглал” биш, байдаг л зүйл, олон ресторантай, өрсөлдөөн ихтэй байдаг тул үнэ нь манай тансаг газруудаас үнэндээ 10 дахин бага, үйлчилгээ хоол 10 дахин илүү. Хэн ч гэсэн ганц олдох хуримаа тансаг гоё хийхийг бодно, гэхдээ ганц Монголын хил хязгаарт баригдахаа больвол манайхан “Нью-Йоркийн үнэ” нэхэхээ болино. Жилдээ 1-2 удаа иргэд нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр хилийн дээс алхаж, дуртай газраа амарч зугаалах эрхтэй, ийм эрхийг аль болох олон иргэд эдлэх болтугай гэжээ.

Ердөө л энэ шүү дээ. Та нар амьдралаа зөв төлөвлөхөөс эхлэ, үр хүүхдээ сайн хүмүүжүүл, өөрсдөө гэгээр, сур, дадлагаж, эрүүлж, ажлын байран дээрээ бүрэн тэнцэтлээ хөдөлмөрлө. Тархи зүрх гар гурваа зэрэг ажиллуул. Атаархаж үхэхээ боль. Тэгээд л аяндаа болчихно, монголчууд аа!