Хуульгүй Монгол. Хогоо зам талбайд хаяж, шүлсээ байшин хашаа руу нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлийн эсрэг ухаангүй дайрагч нарт шаардлага тавиад үз. Ад болно. Шаардлага тавьсан чамайг өмөөрөх зоригтон нэг ч гарахгүй. Тэд ялагдаж хашраад тэр. Уг нь торгох хууультай шүү дээ. Явган хүний засмалаар урдаас улаан халз дайрсан машинаас герман япон жуулчид бултахдаа шоконд ордог. Бор гэртээ бурхандаа мөргөж суусан чавганц машинд дайруулж үхсэнийг тэд сонсоогүйгээс тэр. Монголд хууль бол уг нь бий. Хуулиа мөрдөхгүй аваас хуульгүйтэй ижил ажээ.

АТГ-аас 2017 оны 8-р сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ.

“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн. Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон”. (“Өдрийн сонин” 2018-ХI-28). 

Ноцтой мэдэгдэл мэдээг АТГ, “Өдрийн сонин” нийтийг мэдтүгэй! гэж сонордуулсан нь лав. Энэ гэмт хэрэг дарагдсан тул сануулъя. Шүлс хаях зөрчил төдий бус, Засгийн эрх хууль бусаар авсан баримт гээд бод. Өөрийгөө тагнасан жүжгийг ТЕГ, АТГ, ЦЕГ нотолсоор атал У.Хүрэлсүх ерөнхий сайд болчихсон. Гэвч ийм том нүгэлд эгдүүцэх ёс зүй маньд алга. Хууль бусыг үл тэвчих мэдрэмжгүй гэхэд Монгол ингэтлээ ялзрах гэж. Засгийн эрх булааснаа сөхөгдөхөөс айж, нам жим өнгөрөхийг залбирч яваа 1,3 тэрбумын асуудалтай ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр зурагтынхаа өмнө үүрэглэсэн өвгөн надад “Шударга бай” гэж аугаа жолоодогчийн зангаргаар сурталдах нь ихэмсэг.

Засгийн эрхийг хууль бусаар булаах шударга ёс мөн үү? Мөн гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх 100 шахам хувийн дэмжлэг авч шилдгийн шилдэг улстөрчөөр бусдаасаа тасархай цойлов. Ингэсэн нөхцөлд түүний урдаас хэн ам ангайх вэ. Ёстой хоншоор дутна. Өөрийгөө тагнуулдаад ерөнхий сайд болсныг сөхвөл ард түмний хайртай 5 гишүүн, 30-40 мянган жагсагч “алах” байлгүй. 950 саяын кноп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулалгүй авч үлдсэнээр жидүүчдийг төрүүлэв гэх “тэсрэх бөмбөг” уугсныг цуурхал хэмээн унтрааж, У.Хүрэлсүхийг шударга ёсыг мандуулагч сэлэмт баатраар өргөмжлөв. “Сэлэмдэх” манан арилж, хонгил нурах дэглэмээр шалгарч, “шанаадах”-ыг үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн менежмент гээд бүр бус, түр амраав уу яав.

“У.Хүрэлсүх” багийн хуйрнан шуугч Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар, баруун зүүн жигүүрээр довтлогч Батзандан, Болд, сэлбэг Энх-Амгалан нар УИХ-ын дарга чуулганаа хаяад зугтчихлаа. Түүнийг олоход ард түмэн минь туслаач гэх түгшүүр зарласан. Нөгөө М.Энхболд нь байнгын хороо, ёс зүйн дэд хорооны хурлыг хүлээгээд сууж байсан юмдаг уу даа. Ямартаа ч манангийн толгойлогч холдсонгүй. Тээврийн компанитай эхнэрээ хайж байна олж өгөөч гэж Батзандан төрийн ордныг цуурайтуулаад байсан олсон уу яасан? Сураггүй. Нийгэм хариу хүлээсээр. Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад, мафын загалмайлсан эцэг оргочихлоо гэж шөнөжин дамжуулсан. Завсар чөлөөгөөр нь нөгөө “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж байна гэж үе үе тодотгоод үзэгчдийг зөрүүтэй мэдээллээр баахан даажигнасан нь худал мэдээ цацсан Аюурсайханыг дөнгөх гэсэн байх. 

Манангийн таглааг авч хаях хамгийн аюултай торгон мөч ирлээ. Ард түмээн, одоо нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн ч нөгөө дайсан өөрт нь зориулж шинээр зохиосон цохих хууль дэгээр захих үгээ хэлээд намдуухан огцров. Анхааруулаад байсан дайн дажин зодоон нүдээн гарсангүй. Оюун-Эрдэнэ “Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдсан нь үнэн байна гэхэд Батзандан “Зэс”-ийн удирдлага шөнө дундуур М.Энхболдтой нууцаар уулзсан нь туйлын үнэн гэж үймүүллээ. Худал хэлэхэд байтугай хувьсгал хийхэд ч хуульгүй гэж Батзандан онолдов. Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Мөнхбат гишүүн бэлтчихээд байна гэж Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат 30 тэрбумыг идсэн гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул уучлалт гуйхгүй 200 алуурч, 30 тэрбум яг үнэн гээд дахин уралцав. Хүлцэнгүй дорой иргэдээ мөн ч гомдмоор даапаалсан даа. Өнгөрснийг яагаад бичив гэвэл та хэдийн хуулиа нулимах, гүжирдэх бузрыг Төрд ойртууламгүй байна. Тиймээс ёс журамтай өөр залуус Төр Засагт манлайтал бичнэ. Мананг манан дийлэх ашиггүй. Мананг шударга хүч ялбал ард олонд өгөөжтэй. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй.

Ц.Нямдорж УИХ-ын даргад “Гишүүдийн чинь тал эсэргүүцээд байхад над шиг огцрооч” гэж сайрхсан. Гэтэл хэрэг дээрээ юу болсон нь тодорлоо: Ц.Нямдорж УИХ-аар баталж ёсчилсон хууль хөнжилдөө засварлаад, түүнийг нь хуулийн байгууллага шалгаж тогтоогоод, Цэц Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд, эцэст нь Чуулганаар 76 гишүүн хэлэлцээд огцруулсан аж. Булайгаа нийт олон олж мэдэх сөгөөгүй юм шиг дүвчигнэдэг ойрхон зальтай өчүүхэн шийр толгой л доо уг нь. Ц.Нямдоржийн тулга тойрсон гүтгэлгийг мөшгөх нэгэн Төр Засагт ч нийгэмд ч тодордоггүй нь Балын үеийн айдсыг санагдуулдаг. Түүний гүжир дайралтууд залуу улстөрчдөд халдварлажээ. Тэдний багш Ц.Нямдорж биз.

МАН-ыг 65 суудал авахад олон жил гацсан Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам, БНХАУ-ын тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээлээр барьж эхлээд зогссон Эгийн УЦС, Таван толгойн ДЦС, нефть үйлдвэр зэрэг том төслүүд хөдлөх нөхцөл бүрдлээ гэж хөөрсөн. Тэгтэл нөгөө МАН нь тэг голоороо, шунал шуналаараа хага үсрээд шившиг болов. Одоо АН-д найдах л үлдлээ. С.Эрдэнэ даргын баг хичээгээсэй. Эх орон чинь хэцүүдлээ. Та нар сайндаа бус өөр дэмжих олигтой нам алга. Онолоо тодорхойлсон чинь маш чухал. Баруун төв үзлийг би дэмждэг. АН-д 2020 оны сонгууль ховорхон боломж шүү. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгийг ямагт санаж, МАН-ын хагарлаас сургамж ав. Захих үг ердөө энэ. АН төр засагт гарахдаа гол бус, Монгол улс өөдлөөсэй гэсэндээ ийм сонголт хийж байна. Улсаа баяжуулах эдийн засагч лидерүүдийг мөрөөднөм.

Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдтэй чинь эвлэрч чадахгүй нь. Гүтгэх гүжирдэх та хэдийн шударга ёс чинь юм уу. Худал хэлээд баригдсан нялх яаж ичдэг билээ. Та хэд худал хэлснээ баригдахад улсхийдэггүй ширэн нүүрээр сонгогчдынхоо саналыг хамах уу? Эрх мэдлийн төлөө улайран зүтгэж буй чинь хувийн шунал болохоос ард түмнээ гэсэн хайр огт биш гэдгийг ойлгосон иргэн олширч байна. Баяжихыг хөөрөгдөж буй ад зэтгэр бол шунал. Яс чанарыг чинь таньсан иргэд та хэдэд нэг юм үзүүлнэ ээ гайгүй. Та хэдийн хувийн шунал, та хэдийн худал үг нийт олонд жигшигдэж удахгүй дүнгээ тавиулна. Жагсагчид минь ухаар. Төр Засаг минь ёс зүйн хувьд ариун дагшин бол. Боловсрол, суурь хүмүүжилтэй залуус эх орноо удирдаасай. Хууль зөрчдөг худлаа хэлдэг та хэд бол таарахгүй. Шинжлэх ухаанч, гэгээрсэн залуус горьдлого төрүүлэх юм. Б.Лхагважав, Б.Бямбасайхан, Отгочулуу, Л.Наранбаатар, Д.Ангар, Э.Долгион гээд. Гэвч өөдөө гарвал Батзандан шиг зэс нь цухуйхыг таах аргагүй. Ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг гадарладаг, тууштай, туршлагатай ахмад үе гэвэл М.Энхсайхан, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, Баабар, С.Баяр гээд сэхээтнүүд санаанд ордог. Эднээс илүү өөр хэн байна нэм. Ачаа даах ид насны Тэмүүжин, Батчимэг, Баатарбилэг, Нарантуяа, Мөнх-Оргил, Тэмүүлин, Цогтбаатар гээд шинжлэх ухаанч идэрчүүд нүдэнд тусдаг. Эд бүгдийн холимог баг эдийн засгийн бодлогоо голлоод, том улстөрөөр пээдийж дэлхийн доог бололгүй даруу атлаа шаргуу алхаасай.

Хил давсан хулгайч айлгах тэнхэлгүй өчүүхэн Монгол хоосон улстөржилтөө ардаа барьж, мөнгөжөхөө өмнөө барь. Дэд бүтцээ эн түрүү амжуул. Ядуусаа дундаж давхаргад дэвшүүлдэг олон улсын туршлага, чинээлэг улс болох оньс болжээ. Энэ туршлагыг эрх баригчид монголчлов. Яасан гээч? Ядуусаа дундчууд болгоно гэж татвар төлөгчдийн мөнгөөр гуравхан хувийн хүүтэй сан байгуулаад өөрсдөө гүзээлжээ. Тэд иргэдээ хоосруулж өөрсдөө баяждаг амины мөрийн хөтөлбөрөө амжуулахдаа гарамгай аж. Буруу гарын бузар олзоор гэдсээ хагартал баяжаад мөнхрөхгүй. Ходоодны багтаамж хэмжээтэй, амьд явах хугацаа охорхон. Үхэл нэг ердийн өдөр олигархи-чамайг багалзуурдна. Чиний эрх мэдэл эд хөрөнгө үхлээс аврахгүй. Энэ агшинд олонд тусалсан ач буянаа чамлаж, эх орноо холгосон мунхаг тархиа шаасаар нүд аньдаг гэх дээдсийн захиас орой руу орно. Үүнээс илүү сургаал олж эзэмших овсгоо мөхөс надад заяасангүй. Шунал-хамгийн ужиг нүгэл. Нүглийн цоож-тэвчээр. Би нүгэл хэмээх ганцхан хуультай харанхуй амьтан. Төр Засгийн эрх хууль бусаар авах нүгэл. Худлаа хэлэх нүгэл, хулгай хийх нүгэл. Хүн гүжирдэх нүгэл. Би ердөө иймхэн боловсрол хүмүүжилтэй өчүүхэн зохиолч. Гэдэс муруйлгүй мөр бүтэн ная хүрлээ. Өөр юу хэрэгтэй юм бэ. 

2019-02-15