Хуульчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг шинээр томилсон УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэв. Харин би хувьдаа хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа Засгийн газрын шийдвэрийг Цэцэд өгөх саналтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн байна.

Ялгаварлан гадуурхаж үл болох шалтгаануудын дотор яс, үндэс, хэл соёл, шашин шүтлэгээс гадна “нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал”-аар ч гэсэн ялгаварлаж болохгүй гээд тодоос тод биччихсэн байгаа биз. Хуулиар хязгаарласнаас бусад (гэмт хэрэг үйлдэж эрхээ хасуулсан гэх мэт) ямар ч тохиолдолд хэний ч эрхийг төр өөрийн дур зоргоор хязгаарлаж, хасч болохгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан “хуулийн өмнө ижил тэгш байх” эрхээ эдлэх үүднээс хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож буй Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгье.

2009 онд УИХ анх Хүний хөгжлийн санг байгуулахдаа “нэгдүгээрт, хүн амын өсөлтийг дэмжих, хоёрдугаарт уул уурхайн баялгаас олсон орлогоосоо иргэн бүртээ хувь хүртээнэ” гэж амлаад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор хууль баталсан билээ. Хүний хөгжил сангаас хувь хүртэхийн тулд “Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, хаягийн зөрчилгүй байх” ёстой. Өөр ямар ч болзол заагаагүй.

Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн МАН-ын Засгийн газар “Эдийн засгийн хямралтай” гэдгээр шалтагнлан хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь хүртэл танасан. Нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог болсон гэсэн үг. Үүний тулд Хөдөлмөрийн яамнаас хэдэн арван тэрбумын зардал гаргаж, айл өрх бүрийн зурагт, хөргөгчийг тоолоод зогсохгүй хөргөгчин доторхийг нь хүртэл шагайж үзсэн билээ. Ингээд “Халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь чиглүүлнэ” гэж хэлээд сая гаруй хүүхдээс 600 мянгад нь л хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Харин одоо үүнийгээ 80 хувьд хүргэх тухай ярьж, өглөгчийн дүрд тоглож байна.

Үнэндээ бол хүүхдийн мөнгө анхнаасаа л хүн амаа өсгөх, уул уурхайн баялгаас иргэн бүртээ хувь хүртээх бодлого байснаас биш, баян ядуугаар нь талцуулж, амьжиргааны түвшингээр нь дээр, доор үзсэн алагчлал байгаагүй. Тиймээс хүүхдийн мөнгийг өгвөл хүүхэд нэг бүрт өгөх ёстой. Өгч чадахгүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нэгэн зэрэг зогсоох ёстой. Хэрвээ “Төсөв хямралтай байгаа учраас” гэдэг шалтаг хэлэх гэж байгаа бол нэг хэсгийг нь хасаад нэгөө хэсэгт нь өгөхийн оронд нийтээр нь хэмжээг нь бууруулаад 10.000-ыг өгнө үү, 15.000-ыг өгнө үү, эрх баригчдын шийдэх хэрэг. Хамгийн гол нь хуваарилалт шударга байх ёстой.

Иргэд ч гэсэн “Би ч гэсэн энэ улсын иргэн учраас, миний хүүхэд энэ улсын бүрэн эрхэт иргэн учраас аль ч талаараа алагчлагдах ёсгүй” гэж толгой дээгүүр хэлж чаддаг байх ёстой. (Ядарсан зүдэрснээ яаж өргөх нь төрийн асуудал, түүний төлөө таны хүүхэд золиос болох ёсгүй л гэх гэсэн хэрэг) Авч байгаа нь ч, авахгүй үлдэж байгаа нь ч хэлэх ёстой. Ийм жижиг зүйл дээр ч гэсэн эрхээ хамгаалж чадахгүй бол илүү том зүйл дээр хэзээ, ямар шударга ёсны тухай ярих вэ? Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хүртэл ялгаварлал гаргаж байгаа Засгийн газрыг хамгийн түрүүнд Үндсэн хуулийн Цэцэд өгье.

inews.mn