ХҮҮ МИНЬ. ОХИН МИНЬ. ААВЫГАА СОНС
ХҮҮ МИНЬ. ОХИН МИНЬ. ААВЫГАА СОНС.
Хүү минь. Охин минь. "Бүх юмс хоосон байдаг. Би-үгүй. Бие-үгүй. Сэтгэл-үгүй. Бүх юмс хоосон байдаг" ... хэмээн "Хутагт Алтангэрэлт" гэдэг судар номонд айлджээ. ...... Тиймээ хүү минь. Түүний яруу төгс сайхан сэтгэлгээ, онч мэргэн ухааныг аав нь хэрхэн яаж гүйцэд тайлаж хэлж чадах билээ. Гэсэн хэдий ч аав нь ингэж бодож байна.
НЭГ: Хүү минь. Охин минь....
Бие, хэл, сэтгэл гурав ариуссан байх ёстой. Ариун байх хэрэгтэй. ...Тийм учраас. Нүглийг аминд тулавч бүү үйлд. Яагаад гэвэл. Нүглийг нүглээр угаадаггүй юм. Энэ мэт. Нүглийг бүү үйлд. Нүгэл хилэнцээс айж яв. Эмээж яваарай хэмээн Бурхан багш зарлиглажээ. ...Юу гэсэн үг вэ? гэвэл.Нүгэл бүү үйлд гэсэн үг. Нүглээс тойрч гар. Зугтаж яв гэсэн үг. ... Гүтгэлэг, доромжлол. Энэ мэт. Үг хэлээр үйлдэгдэх хорон муу үйлийн үрээс айж яв. Муу үг, муухай хэллэг бүү хэрэглэ. Муу үйлийн үрийг таниж мэдэх хэрэгтэй гэсэн үг. ... Гутрал, гуниглал, гомдол, харамсал тэд бүгд хоосон байдаг юм. Тийм учраас. Тэр бүгдийг хэрэглэж сур. Түүнийг хүч чадал, оюун ухааны ундрага болгож чаддаг бай гэсэн үг. ...Амжилт, зүхэлт, атаархал, хорсол тэр хоосон. Ихэрхэл, дарга, цэрэг тэр бас хоосон. Баярхал, бахархал, баян. ядуу бүгд хоосон. Бүх юмс хоосон байдаг юм гэсэн үг. Тийм учраас. Миний хүү чи санаа бүү зов. Битгий их тоо. Урагшаа хараад алх. Бүх юм хоосон байдаг юм.
ХОЁР: Хүү минь. Охин минь."Дээдийн номын ач тус хэмжээс үгүй их. Түүнд хязгаар гэж үгүй. Түүнийг тоолж үл барна. Тэр багташгүй гүн их байдаг" хэмээн эл судар номонд айлджээ. ...Юу гэсэн үг вэ? гэвэл.Орчлонгийн жаргал, зовлон, гачаал, тачаалыг үл хэрэгсэж хэлтрүүлэн үйлд. Тэр мэтэд хоёр сэтгэл гэж үгүй байдаг. Тийм учраас. Бурханы билгүүн дээд номыг чармайн үйлд. Машид ихээр гүйцээж цэнгүүлэн үйлд. ... Бурханы номын их хүчинд итгэж үйлд. Амьтан бүхний тусын тулд хэмээн наминчлан үйлд гэсэн үг. ...Хүү минь. Охин минь. Бусдын үйлдсэн нүглийг хэт их санагалзах хэрэггүй. Эхлээд чи өөрөө өөрийнхөө сэтгэлийн муу хар гэмээс салж хагацаж чадах хэрэгтэй. Муу хар нисваанисыг /Бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл/ номхотгож үйлд. ... Сайн муу алив юмсыг ижил төгс нүдээр харж үйлд. Бодож сэтгэж болгоож үйлдэх тэр ухаанд суралцаж үйлд гэсэн үг. ...Товчлоод хэлбэл: Ухаалаг бай. Уяан хатан бай. Зөөлхөн бай. Зөв үйлдэл хийхийг хичээж бай гэсэн үг. ... Бусдын үгийг буруутгаж битгий хэл. Хэлэх үгээ нам дуугаар хэл. ... Зөв талаас нь бодож хэл. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. ...Доошоо хар. Газар ширт гэсэн үг биш. Хэзээ ярьж эхлэх. Хэдүйд дуу үгүй суухыгаа мэддэг бай гэсэн үг. ...Өөрөөр хэлвэл: Өгөө аваатай ярилц гэсэн үг. ...Ярилцлагыг: Энэ мэт. Өнгө яастай явуул гэсэн үг. ...Хүү минь. Охин минь. Хэтэрхий их хатуу чанга. Бас омог бардам байх хэрэггүй. Яагаад гэвэл. Амьд юмс зөөлхөн уяан хатан байдаг. Үхсэн юм л хатуу ширүүн тэгээд бас тэр хэврэг байдаг юм. Тийм учраас. Хүү минь. Охин минь. Хором бүрт чи хүмүүст хайрын хүч чадлыг мэдрүүлэхийг хичээж бай. ...Яагаад? гэвэл. Уян зөөлхөн байна гэдэг бол сул дорой чанар биш. Амьд амьдралын шинж тэмдэг. Хатуу ширүүн байна гэдэг бол үхсэн юмны шинж тэмдэг. ...Хүү минь. Охин минь. Байгаа байдлаа зөв тооцож ярьж хэлж чаддаг бай. Байгаа байдалд нь тохируулаж хүнд хэлж ойлгуулахыг хичээж бай. Харин чи тэнгэр харж хүнтэй бүү ярь. Энэ бол жинхэнэ ТЭНЭГЛЭЛ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...
ГУРАВ: Хүү минь. Охин минь."Хүнийг аз жаргалтай байлгахыг хичээ. Зовлонгийн үндсийг таслана.Хүмүүсийг хайр энэрэлтэй болгохыг хичээж бай. Бузар үйлийн үндэсийг тасдана." хэмээн эл судар номонд айлджээ.Юу гэсэн үг вэ? гэвэл.Хайраар зугаацах хэрэггүй гэсэн үг. Хайрлаж чаддаг бай гэсэн үг. Бодлоороо сэтгэлээсээ зүрхээрээ хайрла гэсэн үг. ... Тийм хайрын эзэн нь үгүй болсон ч хайрласан хайр нь үлддэг. ... Тэр хайр орчлонгоос тэнгэрт ... оршихуйгаас сүнслэг чанарт очдог гэсэн үг. ... Тэр хайр ердийн нэг юмнаас. ... ер бусын тэр их хэмжээсэнд хүрдэг. ... Тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт газарт ...тэнгис далайн гүн их ёроолд ч сонсогддог юм гэсэн үг. ...Хүү минь. Охин минь. Тийм учраас. Хайрлаж бай. Бие биенээ хайрлаж бай. ... Бусдыг бас хайрлаж бай гэсэн үг. ...Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Батжаргалын Батбаяр.