Хөтлөгч, тайлбарлагчийн характер
Характер гэж юу юм бэ гэж үү? Энгийнээр бол тухайн хүний мэдлэг, мэдээллээ хүргэх онцлог юм.
Телевизийн хөтлөгч болон тайлбарлагчид (зөвхөн спорт биш шүү) олон чухал шаардлага байгаа ч хамгийн энгийн боловч чухал чадвар нь характер юм. Тухайн хүний мэдээллийг хүргэх өөрийн гэсэн характер нь амжилтанд хүрэх гол чанар болдог. Тухайлбал спортын хөтлөгчдөөс С1-ийн Амараа, SPS-ийн Амгалан нар өөрсдийн гэсэн донж буюу хөтлөх характераараа хүмүүсийг маш амархан татаж байлаа. Балжаа ах хурдан од болсон шалтгаан мөн л характер. Сагсан дээр олон сайн тайлбарлагчид байхад дундаас нь маш хурдан амжилттай гарч ирсэн тайлбарлагч нь Төмөрөө. Гэтэл өөр Идэрээ, Ялалт хоёрын дундуур орж ирсэн өөр тайлбарлагч одоо болтол алга. Бөхийн тайлбарлагч Шижирээгийн характер мөн л үзэгчдийг байлдан дагуулдаг. Үндэсний бөх дээр Чанарав гуайн хоолой, характер нь одоо ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд түүний характераар бусад нь тайлбарлаад байгаа учраа олигтой ялгарахгүй байна уу даа гэж харагддаг. Ганбаатар гуайн араас Цогтбаатар, Батнасан гээд мундаг характерууд өөрийн өнгө төрхөө үлдээсээр байна. Гүрбазар гуай өөрийн мундаг характераараа морины уралдааныг чимдэг байлаа. Түүний баян ходоодны хүүхэдтэй уулзах мөч айргийн таваасаа ч дутуугуй үзэгчдийг татдаг байсан гэхээр өвөрмөц характер үзэгчдийг тэмцээний сүүлийн байрыг сонирхтол татдаг байжээ. Түүнээс хойш хэн ч энийг ингэтлээ моод болгоогүй л байна. Харамсалтай нь өвөрмөц характер өөрийн өнгө төрхөө дахиж гарч ирэхээргүй өндөр босго үлдээгээд явчихдаг. Алтантүрүүгээс өөр хүн Танай хоноё хөтлөхөөр нэг л явдаггүй шүү дээ. Гэхдээ өнөөдөр морин уралдааныг Цагаандалай, Оюунбаатар гээд мундаг характерууд бидэнд тайлбарлан хүргэж байна. Манай үндэсний спортын тайлбарлагчид даруухан байна уу эсвэл тэмцээний онцлог нь тийм байна уу, илүү спортын төрлийн эмоц нэмчихмээр санагдах үе бий эсвэл тийм характерийг үгүйлээд байдаг байж магадгүй.
Характер гэж юу юм бэ гэж үү? Энгийнээр бол тухайн хүний мэдлэг, мэдээллээ хүргэх онцлог юм. NBA ток амжилттай явж буй шалтгаан 5 өөр характер бөгөөд бүгд өөр өөрийн дүртэй, үүрэгтэй. Зарим нэвтрүүлэг олон хүнтэй ч, нэг эсвэл хоёр хүн байгаа юм шиг санагддаг бол NBA токт энэ яах бол тэр яах бол гэсээр дуусдаг. Дүр бүр өөрийн гэсэн балиашигтай. Спорт биш дан хэрүүл уруулын чанартай Монгол коммэнт одоог хүртэл оршин тогтноод байгаа нь мэдээлэл хүргэх характер юм. Зариг сайт мөн л нэг характер. Бусад мэдээлэл хүргэдэг сайтуудаас өөр, өөрийн гэсэн арга барилтай, тэр нь "асуудал"-тай ч гэсэн хүмүүс мэдээлэл аваад байдаг нь хүмүүсийг татах чадвар байна гэсэн үг. Гэтэл манай шар мэдээний сайт шиг их юм алга. Мэдээж Осоржамаа бол одоогийн цагийн сонгодог характер.
Эргээд спорт руугаа ороход зөвхөн характераар удаан явахгүй гэдэг нь харагддаг. Характерийг удаан авч явах чадвар нь мэдлэг юм. Мэдлэггүй характер тэгэсгээд л мартагдана эсвэл өөрөө шахагдана. Тэр давгүй хөтлөгч, тайлбарлагч байсан даанч одоо чимээгүй болсон гэдэг үгийг их сонссон байх. Нөгөө талаар маш мундаг мэдлэгтэй ч хүмүүс үздэггүй, ойшоодоггүй хүмүүс байна. Ийм хүмүүст хүмүүсийн сэтгэлд үлдэх, хоногшиж чадах характер нь байхгүй байгаад гол нь бий. Хөтлөгч, тайлбарлагч бусдад таалагдах нь хамгийн эхний шалгуур шүү дээ.
Өнөөдөр хөлбөмбөгт Балжаа ах, бөхийн төрөлд Шижирээ гэж хурц характерууд бий. Ямарч тоглолт гарсан энэ хоёрын тайлбартай үзэхэд уйдна гэж байхгүй. Шижирээгийн хувьд өөрөө бөхийн төрлөөр хичээллэж байсан учраас барилдаанаа мэднэ, дээр нь судлагаа сайн хийдэг учраас мэдлэгтэй. Характер дээр энэ хоёр чадвар нэмэгдэхээр Шижирээ хэдэн ч нас хүрсэн тайлбарлагчийн эгнээсээ шахагдахгүй байх боломжтой. Балжаа ах яг тоглогч байгаагүй ч хувь хүний, хүн таних чадвар нь, тоглогч байгаагүй сул талаа нөхчихдөг. Сагсанбөмбөгийг Идэрээ, Ялалтын тайлбартай үзэх нь анхнаас нь ийм төрлийн характераар тайлбарлаад үзэгчдийг сургачихсанд байгаа юм. Шинэ тайлбарлагч гарч ирэхэд хуучин хэдээ санагалздаг нь, түүний характераар тухайн спортыг хүлээж аваад сурчихсанд байдаг. Дараа нь сагсанбөмбөгт Төмөрөөгийн характер орж ирсэн, үзэхэд бас л урамтай. Бүгд судалгаа сайн хийдэг, мэдлэгтэй. Одоо сагсанбөмбөгт хичнээн мэдлэгтэй байгаад энэ гурвын дундуур гарна гэж байхгүй. Тийм орон зай бөглөгдсөн. Харин өөрийн гэсэн өнгө төрх, характер хэрэгтэй. Анхандаа зарим спортын тайлбарлагчид мэдлэгээр явж байсан тохиолдол бий. Гэхдээ удалгүй мэдлэгтэй характеруудад цохигдсон. Надад бол сагсан дээр шинэ үг хэллэг (ухвал олон гоё монгол үг гарч ирэхээр харагддаг), америк тайлбарлагч шиг эмоц нэмэх боломж харагддаг. Хөлбөмбөг ч адилхан дөө. Оюу-Од, Амгалан гэж хоёр авьяаслаг залуус олон шинэ үг хэллэг, эмоц нэмсэн. Хүмүүс ийм характеруудыг хэзээ ч мартахааргүй болтлоо хоногшижээ. С1 телевизээр хөлбөмбөг гардаг байхад Амараагийн хурц, гоёмсог үг хэллэг, промо, шторкууд нэг хэсэгтээ л хүмүүсийг татсан. Харин энэ дундуур олон шинэ залуус орж гарч, олон сонирхол татам характерууд тодорхой шалтгааны улмаас дурсамж болон үлдэж байна. Мэдлэг, өөртөө бардах, судалгаа хийх чадвар, характер буюу төрөлх авьяасаа тордохгүй, хөгжүүлэхгүй хаях гээд тодорхой шалтгаанууд байна. Үзэгч уйдамхай байдгийг зарим нь мартаж энэ чигээрээ байх юм шиг санасаар чимээгүй болдог нь харамсалтай. Одоо ирээдүйд, тун удахгүй дээ, гадаад хэл гэдэг мэдлэгтэй энэ зэрэгцэх чадвар гарч ирнэ. Энэ давалгаа мэдлэгээр тэнцсэн нөхдүүдийн хувьд том шалгуур болно. Улмаар анхнаасаа л хувь хүний гол шалгуур байсан этик, ёс зүйг үзэгчид улам хурцаар нэхэх болно. Өөрийн багаа дэмжих, дургуйгээ илэрхийлэх зэрэгт үзэгчид улам л нарийн ханддаг болж байна. Мэдлэгийн алдаа "гаргаж болно", ёс зүйн алдаа гаргаж болохгүй гэдэг дүрэм нь уг нь анхнаасаа л байсан, Цаашдаа аль алиныхан шалгуур адилхан болж ирнэ.
Ер нь тэгээд мэдээлэл хүргэх буюу delivery чухал чадвар. Бүгдийг тооцож, уншиж өөрийн болгосон ч эцсийн хүргэх чадвартаа унаж буй жишээг олон харж явлаа. Эсрэгээр бараг юугаа ч мэдэхгүй байж 2 цагийн тэмцээн зогсолтгүй тайлбарласан хүнтэй ч ажиллаж байлаа. Эхний нөхрийг "Уг нь дажгүй юм яриад байх шиг, гэхдээ нэг л төвөгтэй юм" гэж байсан бол хоёр дахь нөхрийг үзээд яг л улс төрчийн ярих чадвар буюу тэмцээний үеэр татагдаад, дараа нь юу ч наалдалгүй хоцрохтой адил мэдрэмжийг үзэгчид авч байв.
Одоогоор монголд спортын аналист гэдэг шинэ характерууд бий болж байна. Аналист бол характер, мэдлэгийн нийлбэр гээд хэлэхэд буруудахгүй. Бүгд өндөр түвшиний мэдлэгтэй ч, характераараа ялгарах эсвэл мэдээлэл боловсруулах чадвараараа ялгарч чадах нь хэмжээнд хүртэл хугацаа байна. Өмнөх циклүүдээс харж, одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд дараагийн 5 жил үүний эхлэл байх болов уу гэж харж байна. Одооноос л хөтлөгч, тайлбарлагч гэж тусдаа салах гэж байна. Өмнө спортын сэтгүүлч, бичнэ, хөтөлнө, тайлбарлана, анализ хийдэг байлаа. Дээр нь бүх спортод хамаагүй орно. 2006 онд С1 телевиз хөтлөгч, тайлбарлагч тусдаа байх эхний алхамыг тавьж байсан юм. Үүнээс хойш 14 жил болж байхад хөтлөгч, тайлбарлагчид гэдэг тусдаа ажил ялгарах шатандаа явж байна. Цаашдаа улам нарийсч хөтлөгч, тайлбарлагч, аналист гэж мэргэших боловч манайх шиг жижиг улс дэлхийн жишгээр шууд явахгүй байх талтай. Үүнийг одоо хэлэхэд эрт байна. Би бөх тайлбарлаж, Шижирээ хөнгөн атлетик тайлбарлаж байсан үе бий. Манайх шиг жижиг улсын онцлог угаасаа ийм болохоор чадаж байвал бусад спорт тайлбарлах боломжууд үргэлж нээлтэй байна гэж бодож байна. Анхны үеэ бодвол жоохон л хумигдсан болохоос Олимп болоход бүгд л төрөл бүрийн спорт тайлбарлахаас өөр аргагүй болдог.
Нэг үеэ бодвол бид спортын тэмцээнийг алгасалгүй үздэг болж, үзэгчдийн мэдлэг хамаагүй нэмэгджээ. Энэ нь спортын хөтлөгч, тайлбарлагчийн шалгуур болж, сайжрахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Ийм өрсөлдөөнөөс сайн хөтлөгч, тайлбарлагчид гарч ирнэ, сайнууд бие биеэ улам хөгжүүлнэ, хурцлана. Бид олон мундаг залуусыг цаашдаа харах байх, энэ урт замд би ч гэсэн бэлэн байх болно.
Гүрээ
Skyfall
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
No no
Зочин
Soyltoi vzegch