Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 10-нд эхлүүлэхээр зарлаж, 6 дугаар сарын 30-нд санал хураахаар товлоод байв. Сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулах баүүнээс 246.1 сая төгрөгийг СЕХ, 32 сая төгрөгийг Улсын бүртгэлийн газар, 8.3 сая төгрөгийг Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөжээ.

5 дугаар сарын 3-нд нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 11 нам батламжаа Сонгуулийн Ерөнхий Хорооноос гардан авлаа. Ингээд сонгууль эхлэх юм бодоод “гар дээрээ 86 суниаж” эхлэж л дээ. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийд ажиллав. МАХН бас ажиллав. Бусад нь “ажиллаж” л байгаа байлгүй дээ. МАН-аас хэн дэвших нь тодорхойгүй байхад АН-ын нэр дэвшигч нь тодрохоос өмнө “хуваагчид” нь тодорч ч байх шиг. Энэ гурван намаас гадна 8 нам нэр дэвшигчээ сойх нь тодорхой болжээ. 

МАН-ын тактик тодорхой. Хэдий нэр хүнд тааруу боловч АН-ын дотоод хагарлыг ашиглаж, саналыг нь жижиглэн хуваагаад өөрийн “бүхэл” саналаар гарна гэж тооцож байна. Сонгуулийн хуулиар хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэж байгаагаас босго заагаагүй. Тиймээс хуваа, захир. 

МАХН бол МАН-д том хуваагч болно. Харин бусад жижиг намууд АН-д, бас МАХН-д ч хуваагч болно. 17,5 мянган сонгогчийг энд дурдсан нөхцлөөр томъёонд орлуулаад бодоход сонгуулийн дүнг таамаглачихаж болохоор байна. 

Бага газар

Л.И.Брежневийн “Бага газар” гэж бэсрэг ном байдагсан. Нөхөн сонгууль бол ер нь бага газрын тулаан л байдаг. Яг цагаан сарын барилдаан аятай намууд “өнгөө үзэх” гэж ордог. 

Харин сонгуулийн өмнө стратеги төлөвлөлт хийхийн тулд тоо бодох шаардлагатай. Хамгийн ихээр хялбаршуулсан томъёо зохиоё л доо! 

Их багын тэмдгийн хоёр талд хоёр том намыг гаргая. Ерөнхий томъёо нь (МАН:МАХН)>АН: (8 жижиг нам+АН-ын бие даагч). Цааш нарийсгая гэвэл хэн дэвших нь их нөлөөтэй. Жишээ нь МАХН-аас С.Ганбаатарыг дэвшүүлбэл МАН том оноо алдана. Ийм үед МАН: [МАХН-(8 жижиг нам:2)]> АН: (АН-ын бие даагч*2)+(8 жижиг нам:2) гэсэн хувилбараар ажиллах болно.Эндээс л магадлал өндөртэй хариу гарна. Учир нь намуудын электораль суурь ихээхэн намсаж, харин “задгай” сонгогчдын тоо ихээхэн нэмэгдсэн. 

Судалгаануудын дунджаар хоёр том нам ойролцоогоор сонгогчдийн 30 орчим хувийг багцална гэж үзвэл цаана нь 70 хувь задгай байна. Өмнө нь тус тойргийн сонгогчдын 80 хувь санал хураалтад оролцож байсан нь өндөр ирцтэй гэсэн үг. Тоймловол (70%-20%)=50% буюу задгай 50 хувь санал хураалтад оролцох нь. Тиймээс 33%-аас дээш саналаар ялагч тодрох магадлалтай. Ингэхийн тулд хоёр том намууд электораль суурин дээрээ нэг дахин олон сонгогчийн дэмжлэг авахаас аргагүй юм.

Гол тэмцэл нэр дэвшигч, тойрогт биш намын төвд болно. Хатуу электораль сууриа хадгалж, санал гээлгүй үлдэх нь хоёр том намын эхний гол зорилт байх болно. Жишээ нь АН-ын дарга С.Эрдэнийн бүлгээ тараасан алдаа нь намын эв нэгдэл, санхүүжилтэд муугаар нөлөөлсөн байна. 

Харин МАН-ын УИХ-ын хоёр гишүүнийг “хөөх” шийдвэр нь мөн л намын электораль суурийг задлахад хүчтэй нөлөөтэй. Тиймээс МАН-ын хяналтын зөвлөл гацаанд орж, шаралхсандаа намаасаа гарах өргөдлөө өгсөн Ш.Раднаасэдийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Сонгуулийн дараа амбаардаад генсектээ тойргийг нь өгчихөж болно, жаахан хүлээ! Харин МАХН УИХ-д 0,5 суудалтай. Нэг гишүүн нь тус болохоосоо гай болдог. Одоо нөхцөл байдлыг нам тус бүрээр нь авч үзье!

МАН

Үнэндээ энэ сонгууль парламент дахь хүчний харьцаанд “түй” ч нөлөөгүй. Ялангуяа МАН 65 байх, 64 байх ямар ч ялгаагүй. Гэхдээ ялалт чухал. Наад зах нь МАН-ын дотоод хагарал 33:32 буюу 49:51 байна. 

МАН-ын нэр хүнд Улаанбаатар хотод “0” заачихаад байна. Ирэх сонгуульд хотоос юм харалтгүй, тиймээс золионыхныг хотод хаяна. Хотын фракцийнхныг жижиг тойргоор оруулаад бүгдийг унагавал хөдөө дэвшигчид намын дээд эрхэнд бэхжих ба ялагдлаар далимдуулж “хотын фракц”-аа цэвэрлэнэ гэж тооцож байгаа нь ажиглагддаг.

Тиймээс МАН найдлагаа орон нутагт тавьж байгаа юм. Жишээ нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар Увсаас, Л.Оюун-Эрдэнэ Хэнтийгээс, С.Бямбацогт Ховдоос, Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар Дорнодоос гэх мэтээр орон нутгаас суудал авах боломжтой. 

У.Хүрэлсүхийн ЗГ-ын нэр хүнд хотод сайнгүй байна. Ялангуяа махны үнийн гэнэтийн өсөлт тус намын нэрийг бул чулуу шиг доош нь татаж байна. Гэхдээ тэр нь орон нутагт яг хот шиг нөлөөлнө гэсэн үг биш. Орон нутагт махны үнэ бага нөлөөтэй, харин шатахууны үнэ бол аюултай байх шүү! 

У.Хүрэлсүхийг дэвшүүлчих хүсэл МАН-ын “5 дугаар цувааныханд” их бий. Дэвшүүлж “чадсан” ч, унагая гэж хүсээд чадахгүй. Учир нь У.Хүрэлсүхийг эсэргүүцэж байгаа МАН-ын фракц нийслэлд хүчтэй боловч орон нутагт хүрч ажиллах чадваргүй юм. Илүү сахилгажсан нам учраас МАН-аас хуваагч-бие даагч тодрох боломжгүй. 

Бас нөхөн сонгуулийг урьдчилж харж болгоомжилж байсан учраас Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар тавьсан ба тус аймагт хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын төслүүд орон нутгийн иргэдийг хүлээлтэнд оруулсан байна. Хүлээлтээ хангахын тулд МАН-ыг сонгохоос өөр замгүй, үнэндээ Д.Гантулгын эзгүйд тус тойргийг Л.Оюун-Эрдэнэ дааж чирч яваа учраас эзгүйдүүлээгүй юм. 

Үүн дээр мөнгөний хүчин зүйлийг тооцвол МАН илт давуу бөгөөд хангалттай тооны сонгогч ”худалдан авах” санхүүгийн нөөцтэй, намын хүчийг дайчлах, төвлөн ажиллах зохион байгуулалтын давуу тал бийн дээр орон нутгийн бүх шатны төрийн удирдлагыг хянаж байгаа билээ. 

Гэхдээ л У.Хүрэлсүх “нөхөөсөнд” дэвших нь юу л бол. Үнэндээ мань эр 2021 оныг харж ажиллаж байгааг тааж ядах юмгүй. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчид дэвших хүн шүү дээ! Тиймээс мань хүн ерөөсөө л Сүх жанжны дүрд л тоглосоор удлаа. Сэлмээ ханандаа аль эрт өлгөсөн. Одоо цэнхэр дээл, шар бүсэндээ орчихсон яваа. Тиймээс Сүхбаатар аймагт л дэвшинэ. Тэр үед аягүй бол “будёновка” асаагаад тууж явах вий...

Түүнээс наана Хэнтийд очиж завсардах ямар ч шаардлагагүй юм. Эрхбиш Ерөнхий сайд учраас аль алинд нь ялах байх л даа, гэхдээ л бандаашнаас дуссан баасан дээр халтирвал төвөг цаашаа. Тиймээс өөр хүн дэвшүүлээд ялалтаа авах нь дээр... 

АН

АН-ын хувьд сонгуульд ялах нь санхүү, үзэл суртлын чухал ач холбогдолтой. Хэрэв ялбал буцаад бүлгээ байгуулна. Үүгээр С.Эрдэнэд алдсан нэр хүндээ эргүүлж авах боломж олдох ба Ж.Батзандан, Лу.Болд хоёрыг эргэж буцалтгүй чөтгөр шулам руу нь илгээхэд хэрэгтэй. С.Эрдэнэ өсөрхүү хүн, түүнээсээ болоод харалган болдогт гол сул тал нь бий. 

Ерөөсөө ялах гол нөхцлөө энэ сул талаасаа болоод л алдаж байна. Мань хүн М.Энхболдыг үхэн хамгаалсныхаа хариуд У.Хүрэлсүхийн араас жин тавиулна гэж тооцож байж мэдэх л хүн. Бас штаб-аппаратын ажилдаа хэт анхаараад олон нийттэй харилцах талаа сул орхидог гэмтэй. Гэхдээ энэ асуудлаа Ц.Элбэгдоржийн багт даатгана гэж тооцож байгаа бололтой. Тэнд туршлагатай ч хүн бий, туршлагагүй онол ярьсан залуучууд ч бий. Тэр залуучууд нь баллаж мэднэ. 

Гэвч хамгийн гол нь өөрийнх нь тарьсан хагарал өөрийг нь боомилж байгааг мэдэрч байгаа. Хэрэв сонгуульд ялагдвал нам дахь эсрэг хүчин нь түүнийг зайлуулахын тулд улайран үзэлцэх болно. Гол нь АН хамгийн олон хуваагчтай. МАН-ынхан хэргээр нь барьцаалж байгаад томоохон хуваагч шидэж чадна. Нэр нөлөөтэй хуваагч бол АН-ыг тэхий голоор нь хагалах тул ялалт алсран одно. Мөн санхүү ба эв нэгдлийн сул талаа хаацайлах ямар ч боломжгүй байна. Ядаж байхад бүлгийн мөнгө ч байхгүй... 

Хамгийн гол нь АН аль ч сонгуульд ялахын тулд заавал Иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийн, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах шаардлагатай боловч энэ аппарат, даргынх нь царайг харвал тэр нь нохойн наадам болох төлөвтэй. Хэрэв тэднийг талдаа татаж чадахгүй л бол яг тэр хүчин хуваагч болж хувираад бумеранг эффект үүсгэж, АН гарцаагүй ялагдах нөхцөлтэй өрөг тавигдчихаад байна. Одоо бол улстөрийн ур ухаан буулт хийх чадвар хэрэгтэй, С.Эрдэнэ хүсвэл чадна гэвч хүсэхгүй байна, тэгээд ч цаг тулчихлаа.

Ийм нөхцөлд эцсийн бооцоогоо Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл дээр түлхээд, ялалтаа тавиад туучих байх даа. Гэвч ялах ганцхан нөхцөл бий, олж чадахыг эсэхийг нь харъя! Ер нь харахгүй л байх шиг. Тиймээс АН нөхөн сонгуулийг шохоорхох нь, эмэгтэйчүүд нь ҮХЦ-ийн гадаа цуглах нь даргыгаа дүүжлүүрт дөхүүлсэнтэй адил даа!

АН ямар нэг азанд сохроор найдаж байгаа бол тийм юм байдаггүй юм аа, 2017 оны ялалт огт “сохор аз” биш байсан юм. Тиймээс гарцаагүй ялах аргаа томъёолж чадахгүй бол сонгуулийг шохоорхолгүй өнгөрөөгөөд одоо байгаа нөхцлөө сайжруулахын төлөө ажилласаар 2020 онтой золгосон нь илүү эрсдэл багатай зам мөр байж ч магадгүй! 

МАХН

МАХН бол МАН-ын цор ганц хуваагч учраас сонгуульд ач холбогдол өгөх хүчин мөн. Гэхдээ энэ нөхөнд нэр дэвшигчийн чанараас асуултын хариу тодорно. Намын дарга Н.Энхбаяр өөрөө дэвших нь маш том эрсдэлтэй. Хэрэв уначихвал 2020 оны намын амжилтаа хийсгэчихнэ гэсэн үг. Үнэндээ Н.Энхбаяр дэвшихгүй, харин фон сурталчилгаанд хөлөө эцтэл явна. Тэгээд яаж ийгээд аль нэгийг нь даваад хоёроор бичигдвэл ялсантай ялгаагүй үр дүнтэй сонгууль болно.

Ерөнхийлөгч байсан хүн нөхөн дэвших ч арай л дор орсон хэрэг. Харин оронд нь С.Ганбаатар орвол эрсдэл буурна. Гэвч С.Ганбаатар бас ялагдах сонгуульд орж хувь эрсдэл хийх нь юу л бол. Уг нь бодлогын хувьд хамгийн тохиромжтой хүн нь тэр. Гэхдээ тэний бодлого, Н.Энхбаяр даргын тооцоог “таашгүй”, зарчим үйлчлэхээс илүүтэй даргын хувийн сонирхол давамгайлаад байдаг золигийн нам л даа! Н.Энхбаяр яг 2017 оных шигээ ажиллаж, өөрөө МАН-аас, нэр дэвшлээ гэхэд С.Ганбаатараар задгайгаас санал татвал айхтар юм болж магадгүй, гэхдээ ялахгүй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ч Ардын хувьсгалын 100 жилээр азаа үзэх санаатай байгаа биз. Тиймээс хүчтэй ч ялахгүй нэр дэвшигч гаргаад рейтингээ үзнэ. “МАХН сул байна, судалгааны рейтинг 15%” гэдэг бол тийм бага юм биш л дээ, угаасаа нөгөө хоёрын электораль суурь ийм л байгаа. Гагцхүү алиных нь суурь хэр бат бөх юм гэхээс... Яаж ч бодсон МАН л хамгийн бөх суурьтай байгаа л даа!

Тиймээс МАХН-ын зорилт бол яаж ийгээд хоёроор орох. Ийм өрөгт МАХН МАН-ын гэхээсээ АН-ын том хуваагч болж хувирах аюултай!

Бусад намууд

Бусад намууд энэ сонгуульд ялах нөхцөл харагдахгүй байна. Хэрэв ялъя гэсэн бол их эртнээс тойргоо додомдож, ажиллаж бүтцээ хийж байх ёстой юм. Жижиг намууд орон нутагт хөл муутай, тиймээс сонгуулийн ажилдаа хуучин намын адлагдсан кадруудыг түшиглэхээс өөр аргагүй байдаг. Туршлагатай сонгуулийн менежер, орон нутгийн иргэдийн санаа бодлын онцлог, орон нутгийн бэрхшээлийг мэдэрдэггүй. Тиймээс “харанхуй” бооцоо тавьж байгаа юм. Ажиглагч, хянагч, ухуулагч хөлслөх мөнгө байхгүй. 

Нөхцөл байдал нэгэнт тодорхой тул тэд аль нэг том намаас мөнгийг нь аваад хуваагчийн дүрд тоглохыг илүүд үзнэ. Хэн илүү өгсөн нь тэднийг худалдаж авна. Одоо байгаа нөхцлөөр тооцвол бүгд АН-ын хуваагч харагдаж байна.

МАН эрт ажиллаж, олон нам дэвшүүлэх хувилбарыг сонгосон бололтой байна. Тэдэн дээр АН-аас бие даагч дэвшвэл аюултай! АН найдваргүй, хариу нь тодорхой сонгууль болно.

Цэц

Сонгууль болохын өмнөхөн нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн нь тус байгууллагыг сонгуулийн бас нэг оролцогч болгож хувиргав. 

Хэрэв цэц Д.Гантулгыг чөлөөлсөн нь “Үндсэн хууль” зөрчсөн гэж үзвэл миний өмнө бичсэн тооцоо ч, намуудын хүсэл ч хий хоосон сүржигнэл болно. 

Чухамдаа Д.Гантулгыг УИХ-аас чөлөөлсөн авч өнөөх нь тэр чөлөөлөлтийн шалтгааныг “хангаж чадахгүй” байгаа юм. Уг нь түүнийг түдгэлзүүлэх ёстой байсан, түдгэлзүүлээд хэргээ шалгуулаад “аль ордонд” орохоо шийдэх хувилбарыг сонгосон бол маргаан гарахгүй байв. Гэтэл түдгэлзүүлэх нь хэт өндөр аван тархсан хэргийг шалгах ажлыг эрчимжүүлж олон нийтийн шахалтанд оруулах, улмаар нөгөө ордон руу “явчих” аюултай учраас нөхөд нь аргалж байгаад бүр УИХ-ын тухай болон дэгийн хууль өөрчилж байгаад чөлөөлөгчихсөн юм. Ингэж байж мань эр “мартагдаж” шоронгоос ч, УИХ-ын танхимаас ч чөлөөлөгдсөн авч эцэстээ Үндсэн хуулийг зөрчиж орхисон байна.

Д.Гантулгын хүчингийн хэрэг шийдэгдээгүй, замхарсан бөгөөд гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байна. Хэрэв шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй бол хүнийг УИХ-аас “шалтгаангүй чөлөөлж” хэлмэгдүүлсэн, гэм буруугүй хүнийг гүтгэж хөөсөн болчих гээд байна. Тэр төрийн тогтвортой байдал энэ тэрийг таг мартъя гэхэд... 

Бүр муугаар бодоход нөхөн сонгуульд 300 шахам саяыг сонгогчдын татвараас, түүнээс хэд дэхин ихийг намуудаас цацуулаад нэг гишүүн сонгогдлоо гэхэд Д.Гантулгыг “Үндсэн хууль”-аас гадуур абортолсон нь тогтоогдвол манай парламент 77 гишүүнтэй болж бүр замарсан юм болно. 

Хэрэв МАН-аас өөр нам ялбал энэ асуудал босож гэмээ нь улстөрийн хурц бөгөөд ужиг хямрал руу гулсан орно. “Нөхөнгийн гишүүнийг гишүүн гэх үү? Хөөгдсөн гишүүнийг гишүүн гэх үү?” гэх ацан шалааны маргаан үргэлжилсээр дараагийн сонгуультай золгоно.

ҮХЦ энэ асуудлаар маргаан үүсэх үндэслэлтэй гэж үзээд цэцийн хуралдааныг нэгэнт зарласан байна. Бас 2016 оны “Сонгуулийн тухай” хуулийг хам хум боловсруулж баталснаас нөхөн сонгуулийн тухай заалтууд бүрхэг тул намууд зөрж маргах нөхцөл алга. Хэрэв цэц “Нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн” гэж дүгнэвэл УИХ бандааштай болно!

Эцсийн дүндээ Д.Гантулгыг гишүүнээс “чөлөөлсөн” шалтгааныг л Үндсэн хуулиар нь ч байна уу, эрүүгийн хуулиар нь ч байна уу, ямар нэг байдлаар баталгаажуулахгүй л бол цаашдаа УИХ хэнийг ч, ямар ч аргаар хамаагүй “чөлөөлж” байдаг, АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “гөлөгнүүдийн” үүр л болно! Тиймээс АН болоод АН-ын дарга энэ хэлсэн зарчмынхаа эсрэг жагсаад байхгүй байлгүй дээ!

Нээрээ мартах шахлаа, тэр Л.Брежневийн “бичсэн” “Бага газар”-ын тулаан болоогүй юм байна билээ шүү! Тэгээд худлаа баатар цол өгснөө хурааж авсан гэдэг.