Хурд
Эдүгээ, яг одоо хэрэв Та өөрийгөө хөгжүүлэхгүй л бол их сургууль төгсгөөд 10 жил хүрэв үү, үгүй юү ажилдаа гологдож, 7-8 жилийн дараа өөр газар бараадсан нь дээр болдог үе иржээ. Ихээхэн хичээл зүтгэл гарга аа гэсэн үг шүү дээ. Монголд ч ялгаагүй тийм болж байна. Ажлын байрны шалгуурт англи хэл, компьютерийн программууд дээр ажиллах, багийн тоглолт гээд биччихсэн байдаг чинь санаандгүй юм биш байна шүү.
Энэ XXI зуун бол хурдны зуун, хурд нь сар жилээр бус цаг, минут, секундээр хэмжигдэж байна. Хөл толгойгүй энэ их хурдан дунд монголчууд хөлөө олж хамт хурдлан, хөгжлөө гэрлийн хурдаар босгогтун хэмээн би мөн ч их бичиж уриалж байна даа. Уншигчдад ерөнхийдөө таалагддаг бололтой. Эсэргүүцэн тэмцэж илээр над руу халдаагүй тул тэгж ойлголоо. Коментоор намайг юу гэж дайрч давшлахыг би үл тооно. Давшлаад хараагаад намайг дийлэхгүй. Энэ сэдвээ олон улсын өнцгөөс дахин хөндлөө.
АНУ-ын улс төрч Сэм Нанн их хурдны ийм аюулыг сэрэмжлүүлж, даяаршлын үзэгдлийгшинжлэх ухааны уран зөгнөл, адал явдалт киноны алин нь ч биш, яг бодитой байгаа үнэн төрх нь хэмээн яг онож нэрлэж байж билээ.
XXI зуун их хурдны зуун гэдгийн бодит жишээ. Хурдаар дэлхийг нягтруулдаг болсон. Газар зүйн алслалт, цагийн зөрүү огтоос бэрхшээл биш болсон. Олон улсын олон талт үйл явцын хурд бол бүр сонгодог жишээ нь. Олон талт үйл явц гэдэг нь хамтын ажиллагаа, харилцан хамаарал, харилцан ажиллагаа, бүх нийтийн нэгдсэн аюул, гинжин хэлхээнд орсон дэлхийн санхүү, үнэ ханш, хувьцаа, арилжаа, нэгдсэн хэл (англи), евро мэтийн нэгдсэн валют гэхчлэн бүгд орно.
Энэ XXI зуун бол мэдлэг мэдээллийн зуун. Мэдээллийн эрин. Мэдээлэл нь дэлхийн ертөнцийг асар хурдтайгаар нэгдэн нягтрууллаа. Ийм нэгдэл нягтралыг даяаршил хэмээн нэрлэх ба дэлхийд хуримтлуулсан, хуримтлуулж буй мэдлэг мэдээллийг хоёр үе шатаар ангилан авч үзнэ.Адамын үеэс дэлхийн II дайн хүртлэх хүн төрөлхтөний хуримтлуулсан олон мянганы тэр мэдлэг (1) мэдээллээс дэлхийн II дайнаас хойшхи 75 жилд хуримтлагдсан мэдлэг мэдээлэл (2) нь илүү их, өргөн, үл өгөөжтэй ажээ.
Дэлхийн хаана ч хүмүүс хэт завгүй болсон нь эдүгээ хурдтай түгж тархаж буй мэдлэг мэдээллийг гүйцэх, үгүйдээ хол хаягдахгүй байх гэсэнтэй нь холбоотой. Мэдлэгийн цар хүрээний насны богиносолт гэж бас байна. Өвөрмөцөөр, маш энгийнээс гаргаж ирж тайлбарлаж болно. Жишээ нь 1960 онд ХААИС төгсчээ гэж бодъё, тэр нөхөр тэтгэвэртээ гаран гартлаа санаа амар ажиллаж амьдраад айх аюулгүй өнгөрдөг байж, саяхныг хүртэл. Манай Монголд бол одоо ч байна. Өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага тулгарахгүй явсаар иржээ гэсэн үг. Учир нь мэдлэгийн цар хүрээ урт настай байснаас (1960 оны дээд боловсрол) тэр юм.
1970 онд техникийн их сургууль төгссөн хүн мөн нэгэн адил өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага гардаггүй байв. Тэтгэвэртээ гартлаа зовлон багатай ажилланаа гэсэн үг. Манайд бол нүднээ ил харагддаг үзэгдэл шүү дээ. 1960-1970-аад оны дээд боловсрол нэр хүндтэй, гол байрыг эзэлсээр байгаа.
Гэтэл дэлхийд 1980-аад оноос мэдлэгийн нас богиносож эхэлжээ. Амьдралын баталгаа 45 нас хүртэл, цаашаа өөрөө өөрийгөө л хөгжүүлэхгүй бол явахгүй болжээ. Их хурдтай хямрал ойртож буйг 1980-аад он хүмүүст мэдрүүлж өгчээ. 1960 оных 60 хүртлээ, 1970 оных 50 хүртлээ, 1980 оных 45 хүртлээ ажиллаж болдог байсан бол 1990 оны мэргэжилтэн хичнээн онц төгсгөөд 5 жил ажиллав уу үгүй юү, өөрийгөө хөгжүүлэх ацан шалааны өмнө тулж очдог болжээ. Олж авсан мэдлэгийн чинь нас огцом богиносчээ гэсэн үг.
Эдүгээ, яг одоо хэрэв Та өөрийгөө хөгжүүлэхгүй л бол их сургууль төгсгөөд 10 жил хүрэв үү, үгүй юү ажилдаа гологдож, 7-8 жилийн дараа өөр газар бараадсан нь дээр болдог үе иржээ. Ихээхэн хичээл зүтгэл гарга аа гэсэн үг шүү дээ. Монголд ч ялгаагүй тийм болж байна. Ажлын байрны шалгуурт англи хэл, компьютерийн программууд дээр ажиллах, багийн тоглолт гээд биччихсэн байдаг чинь санаандгүй юм биш байна шүү.
Одоогийн шаардлага юу билээ гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй. Хэрэв Та нэр төртэй ажил олж хийе л гэвэл их сургуулийн дипломоос гадна гүйлгэн ухаантай, пентиумаас өндөр түвшинд хурдтай сэтгэдэг байх шаардлагатай болж байна. Залуу боловсон хүчин гээд нас заагаад байдаг нь цаанаа учиртай. Мэдлэг мэдээлэл хэт хурдтай хөгжиж буй тул шинэ соргог мэдлэгийг хурдан гүйцэж чадах залуу хүнийг нийтээрээ хүсэмжилдэг болсных юм. Дэлхийн бусад орнуудад одоо 35 нас хүрээ л бол тэтгэвэрт гартлаа яана даа хэмээн зовинодог болсон байна. Манайд арай ч тиймдээ тулаагүй. Хэдий Та бүх чадлаараа сурч хөдөлмөрлөж байгаа ч мэдлэгийн нас дэндүү богино болсон тул шинэ юм сурах гэж гүрийгээд байхаас аргагүй юм байна.
Ингээд дэлхий даяараа насан туршийн боловсролын бүтэц тогтолцоо руу орж явчихлаа. Дээр үед бол тогтсон хугацаанд (залуудаа) боловсрол эзэмшсэн бол хангалттай гэж тооцогдож байсан тэр түүх хуучирлаа. Одоо насан туршдаа сурахаас аргагүй болжээ. Сурснаа байнга шинэчлэн, шат ахиулж, байнга шинийг сурч боловсрохоос өөр замгүй. Сурахад хөгширнө гэж байхгүй.
Мэдлэгийн хувьсгал энэ зууныг нөмөрчихлөө. Ихээхэн хурдтай идэвхтэйгээр эл хувьсгал өрнөлөө. Эл хувьсгал ашиг тусаас гадна аюул дагууллаа. Маш олон хүн энэ хувьсгалд хөлөө, ухаанаа алдлаа. Эл хувьсгал их хурдаар дэлхий ертөнцийг холбож, маш нарийн холбоосоор хүн төрөлхтөнийг боймлож авчээ. Энэ нь дэлхийн ертөнцийг асар хурдтайгаар нэгдэн нягтруулж, дэлхий аажмаар нэгдэн нэгдсээр нэг тогтолцоотой болох ба хүн ард тэр тогтолцооныхоо эрхшээлд улам бүр ороход хүргэнэ. Шашнаар сөргүүлэх гэж оролдох нь бүтэшгүй. Шашны терроризмоор зөвхөн аргацааж цаг нөгцөөж, тодорхой орон зай, цаг хугацаанд түр ялалт олж магад. Механикаар ялалт хангахыг (лалынхны их төрөлт гэх мэт) зорьж болно. Гэвч ирээдүй хойч үе нь тэгж их мунхарсан байх нь юу л бол?
Мэдлэг мэдээлэл нь амьдрал аж төрлийг илүү хялбар дөхөм болгосон боловч илүү түвэгтэй, завгүй, асуудалтай болгожээ. Баригдмал зүйлээс чөлөөтэй болох бус харин ч илүүгээр эрх чөлөөгөө хүлүүлж байна. Даяаршлын хурдны явцад өвчин тахал (энэ коронавирүс) нийтэд нь нэрвэлээ. Хүлүүлж байгаагаас өөр юу юм?
Дэлхийн ертөнцийн тогтолцоо даяаршлын дүнд аажмаар бэхжиж, бие даасан хүрээ хязгаар үгүй болж, бүх хүрээ системүүд холбогдож, түүний хараат болжээ. Системийн бүтцэд ороогүй байгалийн цар хүрээ ч хумигдан хумигдсаар алга болно. Дэлхий ертөнц дэх чөлөөт бие даасан байдал огцом буурлаа. Дэлхийг бүхэлд нь хамарсан ийм тогтолцооны хүрээ улам өргөжсөөр байх хувь тавилан биднийг хүлээж буй.
Эндээс уншигчид өөрсдийн дүгнэлтээ хийх хэрэгтэй. Интернэт монголчуудыг төрөл арилжууллаа хэмээн би олонтаа бичсэн дээ. Тэр л нүднээ бууж байна. Та ердөө өөр дээрээ аваад үз. Гэрт чинь тог тасрахад яадаг билээ. Зурагт байхгүй, компьютер таг, цахилгаан шат таг, ус тасраад, халаалт хөрөөд ер нь хэцүүддэг дээ. Бүх айл өрх, бүх хүн цэнхэр дэлгэц гэх хавтгай өнгөт тэр шилэн хайрцагны өмнө суухгүй л бол болохгүй болчихсон үе шүү дээ.
Их дээд сургууль, коллежийн оюутан, ТМС-ийн сурагч, дунд бага сургууль, цэцэрлэгийн ахлах ангийн бүх хүүхэд компьютер, гар утас гэх чөтгөрийн эдэнд ухаан санаагаа бүрэн алдчихаад байгааг бид харсаар байгаа бус уу? Харин энэ утгаар бол Монгол маань мэдээлийн эриний хөлд дайрагдсан дэлхий дээрхи тоотой хэдэн жижиг улсын дотор толгой цохиж яваа. Мэдээллийн эрингүй байхад баригдмал байжээ. Гэтэл түүнийг чөлөөтэй болгочихлоо.
Мэдээллийн технологийн дарангуйлал гарцаагүй ирлээ гээд түүнийг аж амьдралаа дээшлүүлэх, орлого мөнгө болгох, мөнгө босгох, өөрсдөө хөгжин дэвжих гарц боломжболгож чадахгүй байгаад л өнөөгийн Монголын эмгэнэл орших болов уу. Бүтэн жилийн 365 өдрийн 113 нь буюу бараг гуравны нэг нь монголчуудад амралтын өдөр байдаг гэсэн мэдээ явж байна лээ. Энэ бол амарч цэнгэ, зугаал, наадамла, найрла, эсвэл зүгээр хэвтэж бай, зах лангуу хэс гэсэн үг биш л дээ. Гэтэл монголчуудын олонхи нь “АМРАЛТ” гээд ойлгочихсон. Сэтгэхүй нь тэр. Үүнийг л XXI зууны хурдны эринд халмаар байгаа юм. Шал дэмий юманд амьдралаа зориулж, амьдралынхаа ихэнхи алтан цаг хугацааг сул өнгөрүүлж, бүтээн байгуулах асар их боломж–эрх чөлөөгөө хүлүүлж яваа түг түмэн монгол хүнд хандан анхааруулж байна.
2020/4/23