Хүмүүн заяаны наран дор: Цэрэнпилийн Гомбосүрэн
Бусдын намтрыг бүтээн туурвигч өөрийнхөө намтрыг бичжээ. Өгүүлэгч этгээд 1999 оны сүүлээр “лааз өшиглөх” маягтай алхаж яваад Интепресс компанийн тэр үеийн захирал Л.Энх-Амгалантай таарахад хүмүүсийн дурсамжийг цувралаар гаргая, С.Эрдэнийн Халхын заяат харгуй минь дурсамж нь бэлэн болчихсон гэдэг санал тавьсан юм санжээ. Талууд харилцан тохиролцож цувралаа “Бидний монголчууд” хэмээн нэрлэхээр тогтсон байна. “Бидний монголчууд” цувралаар төрийн тэргүүн асан Ж.Самбуу, Ж.Батмөнх; ерөнхий сайд Д.Содном; Дилав хутагт Жамсранжав; С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав зэрэг Ардын уран зохиолч болон Б.Жаргалсайхан, Д.Ёндон, И.Очирбал нарын дипломатчийн дурсамж, Б.Ринчен, С.Удвал, Э.Оюун, ерөнхий сайд Ш.Гунгаадорж, СнЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн нарын тухай өөрсдийнх нь хууч, учир мэдэх нөхдийнх дурсамжийн эмхэтгэл хэвлэгдсэн. Өдгөө Ц.Гомбосүрэн нарын байгуулсан Хүмүүн хорвоо нийгэмлэгээс “ТЭЦ” буюу “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралыг эрхлэн гаргаж байгаа нь хорь руу дөхөж яваа.
Бусдын намтар, дурсамжийг хэвлэх буяны ажилд амташсан Ц.Гомбосүрэн бусдын ятгалга, зөвлөмжөөр дурсамжаа бичиж хэвлүүлсэн нь бусдад буянтай ажил болжээ. Дунд сургуулийн ширээнээс аваад, Москвагийн Хэвлэлийн дээд сургууль, Улсын хэвлэлийн комбинат, түүнчлэн ном орчуулах, хянаж нягтлах, бичих ба бичилцэх зэргээр амьдарлын нэгэн жаранд номтой ноцолдсон Ц.Гомбосүрэн номоо “дурсамж” гэж тодорхойлжээ. Ерөөс намтар бичлэг хоёр зүйл. Хүний намтар бичих (биографи) болон өөрийнхөө намтрыг бичих (автобиографи) гэж. Бичигч субъект хийгээд бичигчийн арга барилаар эрх биш ялгарах нь тодорхой. Хүн амьдралаа бичихдээ туршлага, мэдрэмж, дурсамжаа шууд илэрхийлэх тул илүү субьектив буюу хувийн шинж чанартай. Гэхдээ тухайн этгээд сонгосон үг, бичлэгийн найруулгаараа дотоод ертөнцөө өөрийн эрхгүй дэлгэчихдэг жамтай.
Дурсамж бодит байдалд тулгуурладаг ч тухайн хүний ой санамж, ойлголтод суурилдаг тул баримтаас хазайх тал бий. Зохиолч үйл явдлыг хэрхэн санаж, мэдэрсэндээ илүү анхаарах учир түүхээс ялгаатай. Ц.Гомбосүрэн номын хүн гэдэг нь бүхэнд тодорхой шигээ дипломатч, эгзэгтэй цаг үед Гадаад хэргийн сайдын албыг найман жил хашсан хүн. Тиймээс ажил мэргэжлийн онцлог, эзэмшсэн дадлаараа дурсамж, баримт хоёрыг урнаар урамтай сайхан сүлжээ. Дурсамж хоёр дэвтэртэйн эхнийхэд Москвагийн Хэвлэлийн дээд сургууль төгсөх хүртэлх үеэ багтаасан бол удаах дэвтэр нь 1. Ардын төрийн наран дор; 2. Нам, засгийн наран дор; 3. Шинэ цагийн наран дор, 4. Хүмүүн хорвоогийн наран дор хэмээх дөрвөн үндсэн бүлэгтэй. Бүлгийн нэрс аль цагийн явдлыг тухай өгүүлснийг хэлээд өгнө. Энэ дэвтэр бүхэлдээ Ц.Гомбосүрэнгийн Гадаад хэргийн сайдын алба хашсан найман жилийн тухай гэхэд хилстэхгүй. Хэд хэдэн уулзалтын протокол багтаасан нь гадаад харилцаа судлагч, сонирхогч хэнд ч чухал сурвалж болно. “Хавсралт”-ын 100 орчим нүүрт зохиогч цаг үеийнхээ чухалд тооцсон үйл явдал, онцлох зүтгэлтэн, дипломат хүрээний явдалд хувийн дүгнэлт хийсэн нь чухалд авууштай болжээ.
Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цэрэнпилийн Гомбосүрэн өөрийн гараар Хүмүүний заяаны наран дор туулсан амьдралаа туурвисныг Нэпко хэвлэлийн газар эрхлэн хэвлүүлж уншигч танд барьж байна.