Хүлцэнгүй нь дэндсэн гэр хороолол
Ямар ч атугай гэр хорооллынхон хүлцэнгүй, тэмцэх чалхгүй байгааг дарга нар андахгүй байна. Тэгээд дорд үзэн дээрэлхэж, боловсролтой эсэхээр нь дайран тавлах ажээ!
Ангийн тэмцлийн он жилүүд монголчуудыг бие биедээ жудаггүй дээрэнгүй ханддаг болгон өөрчилсөн. Социализмын үед дарга нар нь иргэдээ хэлмэгдүүлэх, захиргаадах зэргээр ангич байдлаар дээрэлхдэг байсан бол одоо "саналаа үнэлэгч" гэхээс дээрд үзэлгүй бас л ангич байдлаар ихэрхэн дээрэлхсээр буй. Энэ дээрэлхэл эрх мэдэлтнүүд болон гэр хорооллынхон хоёрын хоорондын харилцаанд бүр их тод харагддаг.
Жишээ нь, саяхан гэр хорооллынхон байгуулсан намаа бүртгүүлэхээр шүүхэд ханджээ. Гэтэл шүүхийнхэн мөнөөх гэр хорооллынхноос боловсролтой эсэхийг нь асуух зэргээр баалаад, бүртгэлгүй буцаав. Үнэхээр дээрэлхэж байгаа биз!
Гэр хорооллынхон "боловсрол"-гүй учраас нам байгуулж болохгүй юм байх. Үндсэн хуульд иргэдээ боловсролоор нь ялгаварлаж болохгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Ер нь тэгээд тэр шүүгчид өөрсдөө боловсрол гэж юу болохыг мэдэж байгаа юм уу? Үндсэн хуулиа мэдэхгүй шүүгчдийг боловсролтой гэх үү?
Үнэндээ тэр шүүгчид боловсролын асуудал тавиад байгаа юм биш, зүгээр л гэр хорооллыг дорд үзэж дээрэлхжээ.
Үндсэн хуулийн Цэц бас ингэж нэг дээрэлхсэн. Гэр хорооллын "зээлжих зэрэглэл"-ийг "ААА" болгохоор батлуулсан хуулийг тэд хүчингүй болгож, зэрэглэлийг "ССС" болгосон юм.
Хүчингүй болгосон үндэслэлийг нь харахад Үндсэн хуулийн Цэц хувийн өмч эдийн засгийн харилцаанд хэрхэн оролцдогийг санаатай мэдэн будилж байна билээ. Мөнгө хөрөнгийн маргаан хуулийн томчуулын хамгийн ашигтай бизнес болохоор түүнийг хадгалах үүднээс тэгсэн биз. Мөн гэр хорооллыг дорд үздэг ангич үзэл нь магад нөлөөлсөн.
Ер нь төр гэр хорооллыг утаа, хөрсний бохирдлын шалтгаан мэтээс илүү цааш хардаггүй. Эхний ээлжид утааг бууруулахад зориулж мөнгө гаргаж байлаа. Харин сүүлдээ энэ асуудал нь томчуулын ашиг олдог бизнесийн "наадгай" болон хувирчээ.
Уг нь төр гэр хорооллыг дорд үзэлгүйгээр, хашааны газар бүр нуугдаж байгаа "капиталын нууцыг" олж харвал Монгол улсын эдийн засгийг олон жил тогтвортой өсөлтөөр хангах потенциал байгаа юм.
Эрнандо де Сотогийн аргачлалыг ашиглан гэр хорооллын хашааны газрын "зээлжих зэрэглэл"-ийг нэмэгдүүлээд, барьцаа орлогыг балансжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлбэл бүтээн байгуулалтын "тэсрэлт" бий болно. Ингэснээр эдийн засгийн нийт эрэлт унасан учраас доройтоод байгаа үндэсний үйлдвэрлэлийг сэргээх боломж бүрдэнэ. Ажилгүйдэл, ядуурал эрчтэй буурмагц эргээд эдийн засгийн өсөлт хурдасна. Урт хугацааны тогтвортой өсөлт бий болно.
Ингэж гэр хорооллын хашаан дахь "капиталын увдис" ид шидээ үзүүлнэ. Хамгийн гол нь төр гэр хорооллыг зөвхөн утаа, хөрсний бохирдол төдийд үзэлгүй, амь орохоо хүлээж байгаа 7,2 орчим тэрбум доллартай тэнцэх актив бүхий хөрөнгийн зах зээл гэдгийг ухаарах хэрэгтэй билээ.
Даанч ухаардаггүй юм. Дээдсийн ихэрхэл, ангич үзэлд хөтлөгдсөн дээрэнгүй бодол, бас тэгээд утаагаар "тоглосон" бизнес нь эрх мэдэлтнүүдийн ухамсрыг эзэлчхээд байгаа юм. Ухамсарт нь эрүүл ухаан орох зайгүй болчихсон этгээд, хайдеггерч маягаар хэлбэл "бусадтай хамт байхуй" гэдгээ ч дотуур тамиртаа тунгаачих чадваргүй мунхаг. Мунхгаас ухаарал горьдоод нэмэргүй.
Тэгэхээр гэр хорооллынхонд өөрсдийнхөө сайн сайхны төлөө өөрсдөө тэмцэх ганц л зам байгаа юм.
Тэр тэмцэл амжилтад хүрвэл гэр хорооллынхон сайхан амьдрах боломжид хүрээд зогсохгүй улсаа эдийн засгийн ужиг хямралаас гаргах болно. Мөн социализмын үеэс өвлөгдөн үлдсэн ангич үзлээс эхтэй, иргэдээ ялгаварласан зүй бус эдийн засгийн тогтолцоог криминалжсан клепократ хэлбэртэй олигарх төртэй нь хамт дампууруулах болно.
Гэтэл гэр хорооллынхон хүлцэнгүй нь дэнджээ! Тэмцэх янзгүй. Байгаа байдалдаа тавгүйрхэж бухимдаад байгаа хэрнээ л тэмцэх янзгүй. Ядарч ядуурч байгаагаараа далайлгаад байгаа атлаа л тэмцэх янзгүй. Цайрсан зарим нэг нь өөрийнхөө сайн сайхны төлөө тэмцэх үйл хэрэгт оролцсоныхоо төлөө хөлс нэхэх маягтай. Сонгуульд саналаа үнэлж байсан шигээ цуглаанд оролцоогоо үнэлэх нь. Өөрсдийгөө байг гэхэд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодмоор! Гээд ч тэмцэх янзгүй.
Энэ хачин үзэгдлийг ойлгоход тун амаргүй. Эрх мэдэлтнүүдэд дорд үзэгдэн дээрэлхүүлсээр байгаад агшиж эр зориг, итгэл найдвараа гээн дорой байдалтайгаа эвлэрсэн юм болов уу? Эсвэл Далай ламд мөргөөд, Сарандаваагийн цуглаанд очиж түрийвчээ даллаад байвал нэг сайхан өдөр ирнэ гэж итгээд байгаа юм уу? Эсвэл онлайнаар баахан үгээр дайрч харааж зүхэж авмагцаа хий нь гарчхаад байгаа юм болов уу?
Ямар ч атугай гэр хорооллынхон хүлцэнгүй, тэмцэх чалхгүй байгааг дарга нар андахгүй байна. Тэгээд дорд үзэн дээрэлхэж, боловсролтой эсэхээр нь дайран тавлах ажээ!
2017.12.19
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Сараа
Зочин
Зочин
Зочин
Б.Энхбаяр Баруун Алтан- Өлгийн 36-р гудамж 607 тоот эдлэн
Ger horoolliin mangar Batuul
ГАВЬЯАТ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин