Саналаа өгөх агшинд хоёр гол намын аль нь “илүүг бүтээв” гэхийн өмнө “аль нь хулгайгаар илүүрхэв” гэж дэнслээд үзэхэд гэмгүй. Сүүлийн найман жилд хулгай гарлуу? Тоймгүй гарсан гэвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гутаасан ялаар тэтгэврийн өвгөнийг торгоод хоосон хонуулчихгүй байгаа. ЖДҮДС-гийн хулгайд орооцолдсон 40-50 гишүүн цөм МАН-ынх. Ждү-д АН-аас хэн хэн гэгч хэдэн хулгайч оролцлоо? Шууд хэлэх тоо ч алга, нэр ч алга иргэн надад. АН-ынхан хоцров л гэж. Гэхдээ МАН-ын дэргэд юу ч биш.

БЗС, ковид, ногоон автобус, нүүрсний гэх мэт бүх хулгай нилдээ 8 жил үнэмлэхүй олонх явсан намынх болж тодров. Энэ гашуун үнэнийг яаж бухах вэ? Сонгуулийн өмнө АН-аас аль болох олон хулгайч илчлэхгүй бол МАН-д эрсдэл нүүрлэв. АН-аас хичнээн ч гишүүн яллаад зөрүү нь дэндүү их. Хулгайчдын тоогоо (нүдээ аниад хүчээр) тэнцүүллээ гэхэд харамсалтай нь МАН-ын хулгайчид цөөрөхгүй, хулгай нь цайрахгүй. 

Улсын нууцаар өнгөлж далдалсан нүүрсний том хулгайгаар нь АН-ынх гээд Х.Баттулгыг гүйцээвэл хам хэргээр ерөнхийлөгч, спикер, ерөнхий сайд гурав ташраараа налах гээд байдаг. ҮАБЗ-ийг хөмрөх нууц хөзөр Женкогийн атганд. Нуман тулгуурт даруулсан гурвын нэг Л.Оюун-Эрдэнэ шаварт унасан шарын эзэн хүчтэй гээд 80 ихнаядын хохирлоо Женкогоор төлүүлнэ гэх баатарлаг дүр эсгэж яваа нь хэрэг дээрээ Женког яаж ч чадахгүйгээ булж, хугацаа хожихоос өөр аргагүйдсаны илрэл бөгөөд хоол болтол шийр зугаа, нохойд барьдаг модоороо юутай ч АН-ын гурван залууг ширэвчхэв. МАН-ын хулгайчийн тоотой тэнцүүлэхэд АН-аас хэд нь сонгуулийн өмнө дээлээ нөмрөх бол. Л.Оюун-Эрдэнэ Та Х.Баттулгын хулгайг шалгуулна гэж ил сүржигнэдэг ч хөшигний ард тэр таны мөрөн дээр сууж чихэнд чинь шивнэдэг итгэгдсэн зөвлөгч, нэг нийтлэлч эмэгтэйн бичсэнээр хуурай ах чинь базарваань. Тиймээс түүнд өөрийн нь үйлдсэн нүглийг үүрүүлэхээс барьцаалагдсан хуулийнхан халгадаг юм биш үү. Үүнийг хэн ч мэддэггүй гэж та нар бардамнаж нийгмээ бүү басаарай.

Сонгууль ойртох тусам хулгайчдынхаа тоогоор АН-тай зэрэгцэх МАН-ын шүдний өвчин шаналааж эхэлсэн нь мэдээж. Үнэмлэхүй олонхоороо азаргалсан найман жилд чинь сөрөг хүчин та нарт олз болохоор хулгай хийж чадаагүй. Тэгэхээр бүрхэг үлдсэн Эрдэнэтийн 49 хувийн хэргийг ухахаар шулуудав уу. Батнайрамдал гэнэ үү Батдружба гэнэ үү МАН-ын нарийн бичгийн дарга гэх онгод нь дүрэлзсэн залуу бөө хөөс захруулж харагдана. Эрдэнэтийн 49 хувь өвгөн миний ой санамжид “хулгай юу шахаачдын булаалт уу” гэх бүдэг эргэлзээ үлдээжээ.

Яасан нотлогддоггүй хулгай вэ. Хууль хүчний бүх байгуулага өргөн фронтоор олон жил ухлаа. Уг нь эхлээд 49-ийн хулгайг яс нотолсон бол хэрүүл үүсээгүй. Нотлоод хулгайчдыг яллаач гэж нийгэм олон жил хүслээ. Нотолдоггүй. Эцэстээ хулгай юу, гүтгэлэг үү гэх эргэлзээ зүй ёсоор үүсэв. Шахаачдын булаалт гэвэл дөхүү юм уу.

49-ийг оруулж ирсэн “Зэс” корпорацийг 400 гаруй сая долларын хулгайд унагах гэж бүх хуулийн байгууллага шат шатандаа шалгаад өнөөг хүртэл тогтоож чадаагүй гээд бодчих. 400 гаруй сая доллар өвсөнд хаясан зүү биш. Булавч бултайна даравч дардайна. Улсын сан хөмрөгт данслаагүй нэг ч төгрөг байх ёсгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол нэхээгүй нь хулгай гарсан эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Шүүх Ю.Цэдэнбалын үеийнх шиг МАН-д (Ц.Нямдоржид) командлуулсангүй. “Зэс” корпорациас хулгайг нь нотолсон-олонд үзүүлэх баримт олоогүй Улсын Дээд Шүүх хуулиа бариад гэдийчхэв. 

Тэгмэгц засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 06-нд нууцаар хуралдаж, УДШ-ийг нулимаад, 16 сайдынхаа гарын үсэгтэй тогтоолоор “Зэс” корпорацийн хувийн өмч-Эрдэнэтийн 49 хувийг шахааныхаа талбар болгохоор шууд дээрэмдэв. Эрдэнэтийн 49-ийг улсад хурааж авсан нь хулгай юу шахаагчдын булаалт уу гэдгийг би олонтаа сөхсөн. Нэгийг зөвтгөж, нөгөөг буруутгах гээгүй. Завааралгүй үнэнийг тогтоогооч гэж шавдуулсан юм. 

МАН төрийн өмчит компаниудаас санхүүждэг нь гэм биш зан. 100 хувь төрд өмчилсөн Эрдэнэтэд үнэмлэхүй ялсан МАН шахаагаа баруун солгойгүй шаах нь мэдээж. МАН-ын популизмээр коммунист үзэл нь амилсан сонгогчид МАН-д дахин ахин ялалт өгөв. Цагаан суварга мэт том ордуудыг МАН нийгэмчлэх гэж зүтгээд буй нь-тэднийг гуд гувших гэж тэр.

Эрдэнэтийн 49 хувийг “Зэс”-ийнхэн Оросоос оруулж ирснээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр урьд гарч байгаагүй хохирол амсав гэх пиар Нямдорж, Оюун-Эрдэнэ, Батзандан, Аюурсайхан, Нямбаатар, Болд нар дэгдээв. Гайхалтай нь 49 хувь нь Оросынх байхад ашигтай ажиллаж байсан Эрдэнэтийн УБҮ, 49 хувь нь Монголын хувийн хэвшлийнх болсноор алдагдалд унасан гээд байгаа. 51 үнээ 100 болсноор сүү яагаад багасдаг билээ? 49 хувийг эзэмшигч хувийн хэвшил “Зэс” корпораци Эрдэнэтийн УБҮ-ийг алдагдалд унагаж буйг мангуу мань мэт нь ойлгоогүй.

Төрийн өмчит компанд олон жил бугласан хур шахааны өмхий гүзээг хувийн хэвшил хүү татна гэх онолтой өвөө л дөө би. Шахааны өмхий гүзээг хүүлэх сонирхол зөвхөн “Зэс” корпорацид байгаа юм бус, ерөөс хувийн хэвшлийн төрөлх мөн чанар тийм. Хувийн хэвшлийг Эрдэнэтээс үсгүй хусахаар тэрбумын шахаач Ц.Нямдоржтон довтолжээ. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэвхцэн бөөлж, дуулиан дэгдээснээ нотолж чадалгүй шинэ хууль зохиов. Хулгайчдыг чихдэж дөнгөсөн бол шинэ хууль зохиож үлийгээ хийх вэ. “Зэс” корпорацийн хулгайг нотолж чадсан бол Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар шинэ хууль зохиож новшрох бүү хэл есөн хар тугаа тойрч, дайснаа дарж дархан цолоо мандуулсан ялалтаа гал цогтой дуурсгах байв. Тэгж чадалгүй орхисон баас нь одоо хэрэг болжээ зайлуул.

АТГ, цагдаа, тагнуулынхан “Зэс”-ийг хөмрөх баталгаатай үнэн баримт олж шүүхэд өгч туслаач. Шүүх засаглал цаана чинь 400 гаруй сая долларын маргааныг яллах баримтгүйдээ лантуудуулаад дуу нь гарахаа больсон. Бас хажууд нь 49 хувийг нийгэмчилсэн нь шахаачдын булаалт гэх хэрүүлчдийн нэхэл барьцаалагдсан хараат шүүхэд гөнөтэй хөндүүр буглуулав. Зүүгээр шивэхэд цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй хойно шүүхчдийн зовлонг нийгэм анзаараагүй. 

49 хувийг хулгайн мөнгөөр авсныг нотолсон юм бол одоо баримтаа үзүүлээч гэж дахин гуйя. Үзүүлэхгүй бол нотлох баримтгүйгээр Эрдэнэтийн 49-ийг намаа санхүүжүүлэхээр хувийн хэвшлээс дээрэмджээ гэх таамаг итгэл болж даамжирна. 49-ийн хулгайг нотолсон баримтаа даруй үзүүлэхгүй бол “шахаачдын булаалт” байжээ гэх хардлага сонгуульд тань нөлөөлөх нь дамжиггүй. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр МАН дахиад ялаасай. Сайндаа бус АН ялаад Женко ерөнхий сайд болохоос айж байна. Дахиад л нөгөө танк их буу, дахиад л нөгөө мухар төмөр замууд, дахиад л нөгөө хорлон сүйтгэгчид. Түүнийг шүтэгч АН-ын гишүүд яасан олон юм бэ. Ганц найдвар нь Женко гэнэ. Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийг хар.

Жич: Газрын баялаг-ард түмний өмч гэж сурталдахад ядуус “Миний өмчийг 30 гэр бүл хулгайлчаагүй бол би тансаглах байж” гээд залхуу анхилгүйгээ зөвтгөж өөрийгөө өмөөрдөг. “Хамаг мөнгөө оффшорчдод алдчаад шараа тайлж чадахгүй тарчилж явна” гэж өвгөнтийн архичид агсардаг. Тэдний энэ гоморхлыг улс төрчид дөрөөлж, газрын баялгийг хулгайчдаас булааж аваад та нарт үнэгүй өгнө гэдэг. Эрдэнэтийн 49 хувийг хулгайч нараас булаамагц гүйж очоод хувиа шууд өвөртлөх юм шиг бөөн хөөр явсан ард цөөнгүй байв. Харамсалтай нь амьдрал дээр тэд юу ч олж долоогоогүй. “Эрдэнэт” УБҮ-ийн хураалгадаг татвар улсын төсвөөр дамжаад иргэдэд дусах учиртай. “Өөрийн чинь өмч гэгдэх газрын баялаг”-аас таны хүртэх суваг ердөө энэ.

“Газрын баялаг миний өмч” гэж бүү онгир. Онгирохоосоо өмнө төр хувийн хэвшил ухаалаг менежментээр хоршиж, намын санхүүжилт гэх дээрэм, тэрбумын шахааг устгаж, төрийн өмчит компаниудын улсад тушаадаг татвар суга өсөөсэй гэж залбир. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчаасай, 49-ийг эзэмшдэг хувийн хэвшил шахаачдын хоншоорыг тас цохиосой гэж мөргө. Шахаанд өөрийн өмчөө өм цөм алддаг хувийн хэвшил гэж байдаггүй. Авилга шахааны үүр-социализмын үлдэгдэл-төрийн өмчит компаниуд хувьд очвол газрын баялгаас иргэдийн хүртэх хувь өсөх учиртай. Хулгайчдын нүдэнд төрийн өмчит компанууд социализм л харагдаж байгаа. Нийтийн, төрийн гэх эзэнгүй өмч оршиж буй цагт гишүүдийн тоогоор үнэмлэхүй олонх болсон нам хулгайчдын тоогоор үнэмлэхүй олонх болдог нь жам. 

2023-11-24