“Хүйтэн дайн”-ы танилцуулга
Ер нь “Хүйтэн дайн” гэж юу байсан бэ, яагаад үүссэн, яаж өрнөсөн, хэзээ дууссан талаар мэдээлэл өгнө үү гэснийг дор тайлна. Тэгэхдээ их л энгийнээр баримт жагсаан тайлбарлахыг зорилоо. Монголын маань оролцоо гэж юу байсныг бас дурдлаа.
Залуус түүх мэдэхгүй байна, сонирхохгүй байна, дэлхийн түүхийн наад захын мэдлэг алга хэмээн их сургуулийн ахмад багш нар үглэж байхыг нэг бус удаа сонсож явлаа. Би өөрөө олон улсын харилцааны түүх Монголд анхлан заасан багш учраас санал нэгтэй байна. Тэр үглээг хуваалцангаа олон хүний асуултад хариулт өгөхөөр шийдлээ. Ер нь “Хүйтэн дайн” гэж юу байсан бэ, яагаад үүссэн, яаж өрнөсөн, хэзээ дууссан талаар мэдээлэл өгнө үү гэснийг дор тайлна. Тэгэхдээ их л энгийнээр баримт жагсаан тайлбарлахыг зорилоо. Монголын маань оролцоо гэж юу байсныг бас дурдлаа.
“Хүйтэн дайн” хэд хэдэн үе шаттай. Эхнийх нь (1) 1947-1953 оныг хамарна. Эртний түүхт Европ дундуураа хуваагдаж төмөр хөшиг татагдлаа хэмээн Британийн Ерөнхий сайд асан Черчилль 1946.03.05-нд АНУ-ын Фултон хотод мэдэгдэл хийснээр “Хүйтэн дайн” эхэлжээ. Дэлхийн II дайн дуусч, Зөвлөлтийн Улаан армийн чөлөөлсөн Дорнод Европтоо Москвагийн тал баримталсан Дорнод блок буй болгосон ба тэнд сталинч дэглэмүүд тогтож, коммунист дарангуйллын урт түүх эхэлдэг. Өрнөд Европыг холбоотны цэрэг чөлөөлсөн ба дайнд сүйдсэн эдийн засгийг нь сэргээхээр Маршаллын төлөвлөгөө (АНУ-ын ТНБД-ын нэрээр нэрлэсэн), Моргентаугийн эдийн засгийн шинэ дэгийг (ОУВС, Дэлхийн Банк, ГАТТ, алт-долларын стандарт гэх мөнгөний систем) нэвтрүүлсэн. Хариу тусгал болгож 1949 онд СССР ба Дорнод Европ СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслах зөвлөлөө (ЭЗХТЗ) байгуулжээ. Грект иргэний дайн дэгдэж коммунистууд засгийн эрх авч, тус улс СССР-ийн блокт ороход нэн ойртсон үед АНУ-ын Ерөнхийлөгч Трумэн номлол дэвшүүлж, зөвлөлтийн түрэмгийллийг хазаарлахыг уриалсан. Баруун Берлин хотыг бүслэн хаах замаар Дорнод эвсэлд уусгах гэсэн Сталины харгис бодлогыг сөрж “Берлиний блокад” гэгчийг өрнөдөөс агаарын гүүр маягаар буй болгосон ба нацизмыг ялсан суурин дээрээ Дорнод эвсэл дотроо зөрчилдөж Тито-Сталины(СССР ба Югослав) зөрчил дээд цэгтээ тулж, Югославыг коммунист эвслээс хөөсөн. Европыг улааны тахлаас аврахаар Трумэны номлолын дагуу НАТО-г бий болгож, Европ дахин зэвсэглэсэж эхэлсэн. АНУ 1945 онд атомын зэвсгээ Японд туршсан бол СССР-т 1949 онд туршиж, дараа нь халуун цөмийн буюу ус төрөгчийн зэвсгээ бүтээжээ. Азид Хятадын ардын хувьсгал ялж, Солонгост дайн дэгдсэн ба дайныг дуусгасан.
Энэ үе ү шатанд БНМАУ дэлхийд өөрийгөө зөвшөөрүүлж эхэлсэн. Дундад Иргэн Улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноор nation-state гэх статустай улс болсон ба гадаад харилцаа огцом тэлсэн. Хойд Солонгос, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар, Москва дахь Элчин яамдаа харилцан ЭСЯ болгосон, 1950.04.06-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 13, 29 дүгээр хурлын тогтоолоо батлаж, уг тогтоолд Ардчилсан Герман Улс, Чехословак, Румын, Болгар, Унгар, Польш улсуудтай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн. Дайны дараахи бүтээн байгуулалт эхэлсэн. Маршал Чойбалсан нас нөгчиж, Чойбалсангийн дараахи хамтын удирдлагын тогтолцоо буй болсон.
“Хүйтэн дайн”-ы дараагийн үе шат нь (2) 1953-1962 он. “Хүйтэн дайн”-ы жинхэнэ автор Сталин нас нөгчлөө, АНУ-д Трумэн улс төрөөс явлаа. Солонгосын дайн дууслаа. СССР-т Сталины дараахи бүлээрэл эхэллээ. Хрущев, Эйзенхауэр нар дэлхийн бодлогыг бичиж эхэллээ. ЗХУКН-ын ХХ их хурал Сталины яргаллыг илчиллээ. Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тунхаглалаа. Гэвч Дорнод эвсэл тайвангүй. Коммунист дарангуйллын эсрэг 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгарт, Польшид удаа дараа эсэргүүцэл, бослого дэгдсэнийг Улаан арми нухчин дарлаа. НАТО-д Өрнөд Герман элссэнийг далимпуулан Варшавын Гэрээний байгууллага гэх (ВГБ) цэргийн эвслийг 1955 онд байгууллаа. Суэцын хямрал дэгдлээ. Вьетнам дахь Францын дайн дууслаа. Америкийн тагнуулын У-2 нисэх онгоцыг Зөвлөлтийн агаарын тэнгэрт сөнөөж, 1961 онд Берлиний хямрал дэгдэн хана босгож,Баруун Берлинийг бүслэлтэд авах гэлээ. Сансарт өрсөлдөөн эхэллээ. СССР өрсөн хиймэл дагуул ба хүн хөлөглөсөн сансрын пуужингаа хөөргөсөн баАНУ араас нь элдэж хөөцөлдлөө. АНУ-д НАСА байгуулагдаж, Ерөнхийлөгч Кеннедийн дэргэд сансрын яам гэхээр алба ажиллаж байв. Кубад хувьсгал дэгдэж, яг Америкийн хамар дор коммунизм байгуулахаар зарласан нь “Хүйтэн дайн”-ы дараагийн үеийн эхлэл болно.
Энэ үед БНМАУ-ын гадаад байдал хэлбэрэлтгүй бэхжиж, НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж, ЭЗХТЗ-д элсэж, нийгэм-улс төрийн байгууламжийг харгалзахгүйгээр энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үүднээс дипломат харилцаа тогтоох нь 1960-аад оноос үлэмж өргөжин тэлжээ. 1959 онд НҮБ-аас 1960 оныг“Африкийн жил” хэмээн зарласны дараа тэр онд Гвиней, Камбож, Кубатай, дараа жил нь Балба, Мали, Алжиртай дипломат харилцаа тогтоож, 1961.07.03 онд МАХН-ын ХIV их хуралд “Одоо БНМАУ хүн төрөлхтний тэн хагасаас илүүг багтааж байгаа дөрвөн тивийн 21 улстай дипломат харилцаатай байна” хэмээн илтгэж байжээ. Гвиней, Малийн Ерөнхийлөгч нарыг урьж айлчлуулан Гвинейн нийслэлд ЭСЯ-аа нээж ажиллуулж байсан нь гадаад бодлогын хэт идэвхийллийг нь илтгэнэ. Дотооддоо СССР дэх бүлээрлийн уур амьсгалыг шууд хуулбарлан, Чойбалсангийн үеийн хэлмэгдүүлэлтийг илчилж, цагаатгах ажлыг эхлүүлж, Монголын хөдөөд хувийн өмчийг үгүй хийж, хөдөө аж ахуйг тэр чигт нь нэгдэлжүүлж, атрыг эзэмшиж, нийслэл Улаанбаатар хот огцом тэлж барилгажиж, Хятадын тусламж цутгаж, хятад загварын барилга байшин, гүүр баригджээ. Ардын ардчилсан гэгдэх социалист орнуудтай харилцаа бат бэхээр төлөвшиж чаджээ.
“Хүйтэн дайн”-ы дараагийн үед шат нь (3) 1962-1979 он болно. Дотор нь хоёр ч үе шат болгон хуваадаг. 1962-1972 ба 1972-1979. Гуравдагч ертөнц бодитой хүч болон дэлхийд буй боллоо. Колонийн дэглэмүүд нурлаа. Африкийн голдуу улс орнууд тусгаар тогтнолоо олж авлаа. Колониализмын эсрэг тэмцэл үндэс угсаа, шашин, улс төр, ашигт малтмалын мөргөлдөөн дагалдууллаа. Конгийн хямрал, НҮБ-ын ЕНБД зэвсэгт мөргөлдөөний хөлд алагдлаа. Латин Америкт хувьсгалын галд дүрэлзлээ. Гватемал, Куба дахь хувьсгал. Карибын хямрал дэгдэж, дэлхийн III дайны аюул бодитой нүүрлэлээ. Азид Энэтхэг-Хятадын хойгийн дайн дүрэлзлээ. Вьетнамын дайнд АНУ татагдан орлоо. Иранд Моссадыкийн Засгийн газрыг ТТГ-ын оролцоотой түлхэн унагаж АНУ Персийн буланд эргэлтгүй ноёллоо. Хятадад “Соёлын хувьсгал” дэгдэж энэ том гүрнийг түймэрдлээ. СССР ба Хятад хоёр маш томоор хагарлаа. Хил дээрээ байлдлаа. Хөгжиж буй ертөнцөд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн буй болж, дэлхийн гурав дахь том хүч (коммунизм, капитализмын эсрэг) болохыг зорилоо. 1968 онд Чехословакийг ВГБ ба Зөвлөлтийн цэргийн хүчээр эзлэн авлаа. АНУ-д Никсон засгийн эрхэнд гарч, Никсоны номлолоо дэвшүүллээ. Вьетнамыг дайныг эцэслүүллээ. 1972 онд Хятад ба СССР-т дуулиантай айлчиллаа. Намжмал байдлыг эхлүүллээ. Пуужинт-цөмийн зэвсгийн салбарт СССР-тай ОСВ-I, OCB-II гэрээнүүдийг байгууллаа. Ойрхи Дорнодод 1967, 1973 оны дайн дэгдэж, адаг сүүлд нь АНУ зуучлан мөнгөөр хахуульдан байж энх тайвныг тогтоотол Иранд хувьсгал дэгдэж Америкийн тал баримтлагч Шахын дэглэм нурлаа. 1973 оны Израиль-Арабын дайны дараа дэлхий нефтийн эхний шоокоо амслаа. Алт-долларын стандарт хүчгүйтэж, өрнөдийн эдийн засаг хямарсан тул 1975 онд G7 буюу “7-гийн бүлэг” гэгчийг өрнөдийн орнууд буй болголоо.
Энэ үед даян дэлхийн үйл хэргээс БНМАУ хоцроогүй ээ. 1966 оны гэрээгээр Монголд Зөвлөлтийн цэргийг оруулж, Зөвлөлт-Хятадын харилцааны зөрчил дунд СССР-ийг эргэлтгүй дэмжиж, Хятадтай харилцаагаа огцом муутгаж, Хятадын эсрэг дайнд бэлтгэж, НҮБ болон олон улсын тавцанд Москвагийн дуу хоолой болж, олон улсын коммунист хөдөлгөөнд идэвхтэй оролцож, дотооддоо Цэдэнбал засгийн эрхээ бэхжүүлж, оппозиц хүчнээ бүрмөсөн даржээ. ЭЗХТЗ, Зөвлөлтийн өгөөмөр тусламж цутгаж өгчээ. Найрамдлын Дархан, Эрдэнэт хотууд, нийслэлд Зөвлөлтийн тусламжийн хорооллууд сүндэрлэжээ. Брежнев–Цэдэнбалын үеийн Монгол–Зөвлөлтийн харилцаа бол “найрамдал” гэдэг утгандаа бүрэн тохирч байлаа. Зөвлөлт–Оросын ямар ч удирдагч Монголыг Брежнев шиг тэгтлээ ойшоон үзэж, 8-хан жилийн дотор хоёр удаа Улаанбаатарт айлчлаагүй. Хятадтай харилцаагаа хурцатгаснаас үүдэн СССР Азиас шахагдсан нь үнэн бөгөөд тэр бол Монгол–Зөвлөлтийн ах дүүгийн найрамдал хөгжих геополитикийн хөрс нь байсан билээ. Тухайн үед Монголын гадаад бодлого прогрессоор давшсаар. 1963 оныг Монголын гадаад харилцааны түүхийн шинэ үе эхэлсний бэлгэдлийн жил хэмээн үздэг. Өрнөдийн гүрнүүдээс Их Британи, Австри, Финланд, мөн Египет дипломат харилцаа тогтоосон байдаг ба1964 онд Швейцарь, Швед, 1965 онд Франц нь манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоожээ. Энд капиталист ертөнцийн 6 улс, түүний дотор төвийг сахисан 4 улс найрамдлын гараа манайх руу сунгажээ. 1966 онд МАХН-ын ээлжит ХV их хурал хуралдах үед дипломат харилцаатай гадаад улсын тоо 30 хол давсан байлаа. Ердөө 10 жилийн тэртээх зун гэхэд Энэтхэгийг оролцуулаад 13 байсныг бодохул тоо, чанарын хойноос нэн идэвхтэй хөөцөлдсөний үр дүн гэж үзэхээр юм. БНМАУ-ын гадаад харилцаа амжилттай өргөжиж, олон улсын байдал нь бэхжиж, дэлхийн тайзан дээр нэр хүнд нь дээшилж, нийт дөрвөн тивийн 33 улстай дипломат харилцаатай, 20 гаруй оронтой худалдааны харилцаатай болсон байлаа. Дипломат харилцаатай улс орныг нэмэх эл марафон цаашаа үргэлжлэв. 1971 онд МАХН-ын ХVI их хуралд илтгэснээр БНМАУ нийтдээ 20 гаруй улстай нэмж дипломат харилцаа тогтоон 53 улс болгожээ. 1976 онд МАХН-ын ХVII их хурал хуралдах үед манай орон дэлхийн 79 улстай албан ёсны дипломат харилцаа тогтоогоод байжээ.
“Хүйтэн дайн”-ы дараагийн буюу үлэмж хурцхан үе шат болох (4) 1979-1985 онд “Хүйтэн дайн” чинээндээ тултлаа ширүүсчээ. 1979 онд СССР хөрш жижиг Афганистандаа цэрэглэн халдаж, намжмал байдлын ололтуудаа бусниалаа. 1980 оны Москвагийн олимпийг өрнөд боож, анх удаа АНУ, Япон, ХБНГУ-гүйгээр спортын наадам өрнөлөө. 1980 онд АНУ-д Рейган гэх дайнч харцага сонгуулиар Ерөнхийлөгч болсноор дэлхийн коммунизмыг булшлахаа зарлав. Хятад-Вьетнамын хооронд дайн дэгдэж, дэлхийн социалист лагерь эргэж эвлэшгүйгээр хагарлаа. Камбожид Пол Потын гэх үзэшгүй яргачин коммунист дэглэм ноёлж гурван сая хүн ардаа хядсан ба коммунист Вьетнам цэргээр халдан байж тэр дэглэмийг нурааж хөөж гаргаснаар “Кампучийн асуудал” дэлхийд дэгджээ. Еврокоммунизмын хямралаар олон улсын коммунист хөдөлгөөний задрал эхэлжээ. Дэлхийн коммунист блок дотроосоо ялзарч эхэллээ. Польшид цэргийн дэглэмээр нийгмийн байгууллыг нь түр аварч тогтоолоо. АНУ-д Рейган таахалзаж байтал СССР-ийн өвгөжөөр өвчтэй удирдагч, намжмалын байдлын уран барилгач гэгдэх Брежнев 1982 онд тэнгэрт халилаа. Намжмал байдал түүнтэй цуг замхарлаа. Орыг нь залгасан Андропов харилцааны эрэг шургийг улам чангалан “Хүйтэн дайн”-ы шинэ халуурлыг эхлүүллээ. Европын пуужингийн хямрал, 1983 онд өмнөд солонгосын иргэний агаарын тээврийн хөлгийг сөнөөсөн зэргээс үүдэн дэлхий шинэ дайны амсар дээр ирсэн байдалтай дэнжигнэж байв. Брежневийн халааг авсан хатуу гарт Андропов өвчнөө ялж чадсангүй 1984 он гаргаад тэнгэрт халилаа. Түүнийг халааг бүр илүү өвчтэй хэвтрийн өвгөн Черненкод өгсөн ч ганц жил болоод өмнөхүүдийнхээ араас явлаа. Хятадад хачин хачин түүх өрнөлөө. Мао нас барсан хийгээд түүнийг залгамжлагч “Дөрвөн хүний бүлэг” гэгчийг бутцохисноор “Соёлын их хувьсгал” гэгч 10 жилийн самууныг дуусгалаа. Дэн Сяопины аугаа их реформ эхэллээ. Зүүний коммунист Хятад барууны капиталист эдийн засгийн туршилтыг хэрэгжүүлэх талбар болж амжилттай давшлаа.
Энэ цаг үед Монгол ямар байв. Португалд фашист дэглэм нурж, колониуд нь социалист чиг баримжааг сонгож, феодализмаас капитализмыг алгасан социализмд дэвшсэн Монголын туршлагыг Африк, Латин Америк, Афганистанд түгээх ариун үйлс БНМАУ-ын гадаад бодлогын тэргүүлэх нэг чиглэл боллоо. Дотооддоо Цэдэнбалын тахин шүтлэг оргилдоо тулж 1984 онд зөвлөлтүүд түүнийг хүчээр албадаж буулган, Москвад цөллөө. Зөвлөлт-Хятадын харилцааны гол саад,“Хүйтэн дайн”-ы хэнээтэн Цэдэнбалгүйгээр Кремль Хятадтай харилцах юм гэнээ. БНМАУ-ын гадаад харилцаа тэлсээр л. 1981 онд МАХН-ын ХVIII их хурал БНМАУ-ын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, олон улсын үйл ажиллагаанд манай улс улам бүр бүтээлтэй оролцох болсон, манай орон дэлхийн 91 улстай дипломат харилцаатай бөгөөд олон улсын нэр хүндтэй олон байгууллагын гишүүн байгааг тэмдэглэжээ. 1986 онд МАХН-ын XIX хурал гэхэд дээрхи тоо дэлхийн 99 улсад хүрчээ.
“Хүйтэн дайн”-ы төгсгөл үе шат бол (5) 1985-1991 оныг хамарна. Бидэнд хамгийн ойр, хамгийн сайн мэдэх нь СССР-т өрнөсөн перестройка гэх үйлс байна. Зөвлөлтийн өвгөжөөр өвчтэй гурван ч ЕНБД шил шилээ харан ертөнцөөс явжээ. Москвад улс төрийн том ваакум үлджээ. Өвчтэй өндөр настнаас СССР даяар, өрнөдөд айдаг болчихсон цаг үе. Яг энэ үед Горбачев гэх цэл залуухан реформист, бие эрүүл улс төрч гарч ирэн даян дэлхийг гийгүүлэв ээ. Дотооддоо ч ширүүхэн тэмцэлдээд яллаа. Авилга, архидалт, “хөгшрөлт”-тэй зэрэг тэмцлээ. Тэмцэл нь хэтрээд генералитет ба цэрэг-аж үйлдвэрийн хамсал руугаа орлоо. Перестройка нь ил тод байдал, улс төрийн шинэ сэтгэлгээ гэх үйлсийг дагууллаа. Шинэ шинэ өндөрлөгүүдийг хуучин кадруудын хүчээр авахгүй гэсэн зарчмаа зарлалаа. Түүхэн үнэнийг сэргээж Сталины яргаллыг илчиллээ гэсэн нь явж явж өөрийнх нь коммунист нам, гол сургааль болох марксизм-ленинизм рүү, Ленин рүү нь эргэлээ. Коммунист намынхаа XXII, XXVII их хурлаас дэвшүүлсэн коммунизм байгуулах утопизмоос татгалзах, ерөөсөө дэлхийн хувьсгалын тухай үзэл баримтлалыг таягдан хаях сэтгэлийн тэнхээг тэрээр хайлаа. Хүн төрөлхтөн капитализмаас коммунизм руу нийтээрээ шилжихгүй, капиталист бус хөгжлийн зам гэж байхгүй, коммунист–ажилчны хөдөлгөөн гэж байхгүй гэдгийг дэлхийд анх түрүүн зөвшөөрснөөрөө Горбачев түүхэнд үлдэх цорын ганц коммунист болжээ. Гадаад бодлогодоо зарласан улс төрийн шинэ сэтгэлгээ нь дунд болон ойрын зайн тусгалын пуужингийн хэлэлцээнд буулт хийх, Афганистанаас цэргээ гаргах, Хятадад буулт хийж, “Гурван харш саад” гэгчээ арилгах, Вьетнамын цэргийг Кампучиас гаргуулах зам руу түлхлээ. Горбачев Дорнод Европт дэгдсэн хувьсгал, сонгуулиудыг 1953, 1956, 1968, 1980 оныхоо (БНАГУ, Унгар, Чехословак, Польшийг хэлэв) хуучин нүдээр харахыг хүссэнгүй. БНХАУ-д түүхт айлчлалаа хийж, Монголоос цэргээ гаргахаар товложээ. 1989 оны эцэс гэхэд Европт социализмын сүүлчийн голомт Румынд ардчилал ялжээ. Горбачев бүгдийг нь дэмжлээ. Одоо Зөвлөлтийн нөлөөний хүрээ, социалист интернационализмын тухайд нэгэнтээ оройтжээ. Монголд ч мөн ялгаагүй. Дэлхийн II дайны дараа олон улсын харилцаанд хоёр туйлт ертөнцийн бүтэц үүссэн бөгөөд түүнийг Ялтад Сталин, Рузвельт, Черчилль гурав тохиролцсон бол тэр тогтолцоог 1989 оны 12 дугаар сард Мальтад Горбачев, Буш нар эцэс болгожээ. “Ялтаас-Мальта хүртэл” гэх томъёоллоор“Хүйтэн дайн” ийнхүү төгсгөл болов оо!
Мальтын саммитаас хойшхи нь ойлгомжтой. Монголд “Цагаан морин жил”-ийн хувьсгал ялсан. Чөлөөт сонгууль явагдаж олон намын төлөөлөл бүхий парламентаризмын зам сонголоо.
Харин СССР-т Орос–Зөвлөлтийн түүхэнд хэзээ ч байгаагүй, уламжлал ч байхгүй Ерөнхийлөгчийн засаглалыг Горбачев сонголоо. Олон мандаттай ил сонгууль явуулж, Ардын депутатуудын их хурал байгуулж, түүнээс байнгын ажиллагаа бүхий парламент төрүүлэв. Энэ бол хожуухан ч гэсэн зөв алхам боллоо. Гэвч СССР гүрний задралыг сааруулж чадсангүй. Тарах нь тодорхой болсон үед Горбачев холбооны нэгдсэн улсаа Бүрэн эрхт улсуудын холбоо болгох санаачилга гаргаж, зарим бүгд найрамдах улсуудын дэмжлэг авчээ. Хамгийн ойрын дэмжигч нь Ельцин, Назарбаев, Кравчук, Шушкевич нар байсан ба эдний гурав нь хожим ЗСНБХУ-ын хойтохыг уншсанаар “Хүйтэн дайн”-ы түүх бүрмөсөн өндөрлөжээ!
Элчин сайд Л.Хангайн бүтээл хэвлэгдэн уншигч Таны гарт очиж байна. Эл бүтээл номын худалдаанд тун удахгүй тавигдана. Эдүгээ даяаршсан ертөнцөд эх газарт түгжигдсэн, далайд гарцгүй, газар зүйн олон хөршгүй Монголын хувьд хоёр хөрш гүрэнтэй харилцах, харилцах харилцахдаа Монголынхоо эрх ашгийг урьтал болгож, хоёр хөршийнхөө сонирхлыг харгалзан, Монголд түүнийг нь оруулж ирэн гурвалан хөгжихөөс өөр замгүй гэдгийг Хангай маань бүтээлдээ буулгахыг хичээжээ. Гурван улсын эдийн засгийн коридорыг шат ахиулах, үүний тулд ямар ямар салбарт хамтрах, хорших, эсвэл хоёр их хөрш Монголоор дайруулан ямар салбарт хамтран ажиллах талаар юм юм бодогдлуулсан, төр засагт санаа сэдэл өгөх, шавдуулах асуудлыг энэхүү бүтээлд хөнджээ. Хангайн дэвшүүлсэн санал санаачилга, гаргалгаа, дүгнэлт, баримт сэлттэй нэгд нэгэнгүй танилцахыг уншигч, хэрэглэгч монголчууддаа уриалмаар байна.